2014
Үйлчлэхэд бэлтгэж, бэлтгэхийн тулд үйлчлэх нь
дөрөвдүгээр 2014


Үйлчлэхэд бэлтгэж, бэлтгэхийн тулд үйлчлэх нь

Зураг
Дэвид Л. Бэк

Одоо болон ирээдүйд Бурханд та нараар хийлгэх ажил байгаа учраас Тэрээр та нарт Аароны санваарыг өгсөн.

Зураг
A man and young man talking to a woman who is walking a dog.

Зураг чимэглэлийг Тая Морли

Жонатан бол дөрвөн жилийн өмнө сүмд нэгдсэн миний нэг найз билээ. Тэрээр гэр бүлээсээ ганцаархнаа сүмийн гишүүн юм. Аароны санваар хүлээн авсныхаа дараа тэр урьдынхаасаа илүү ихээр бусдад үйлчилж эхлэв. Үйлчлэхийн тулд их зүйл сурах хэрэгтэй гэдгээ Жонатан мэдэж байлаа. Түүнчлэн зохистой хийгээд илүү найдвар хүлээхүйц байхыг хүссэн учраас тэрээр сайн мэдээг судлан, залбирч, ням гаргийн цуглаануудад мөн семинарт оролцож байв. Зарлигуудыг болон сүмийн жишгүүдийг дагахаар тэр ихэд хичээж байлаа. Гэрийн агуу багш байх зэрэг санваарын үүргүүдээ ч тэрээр хичээнгүйлэн гүйцэтгэж байв. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь ном нь түүнд тэдгээр үүргүүдийг ойлгож мөн хэрхэн гүйцэтгэхэд нь тусалсан юм.

Жонатаны энэхүү итгэлтэй санваарын үйлчлэл нь түүнд сүнслэг хүч чадлыг өгсөн юм. Энэ нь түүнийг хилэнцэт нөлөөнөөс хамгаалж байв. Мөн тэрээр ирээдүйдээ бэлтгэн, үйлчилж байхдаа үлэмж их өсөж хөгжсөн юм. Өнгөрсөн жил тэрээр Мелкизедек санваар болон ариун сүмийн хишгээ хүлээн авсан билээ. Тэр одоо Бразилд бүрэн цагийн номлолд үйлчилж байна.

Аароны санваарыг ихэвчлэн “бэлтгэл санваар” хэмээн нэрлэдэг. Одоо болон ирээдүйд Бурханд та нараар хийлгэх ажил байгаа учраас Тэрээр та нарт Аароны санваарыг өгсөн. Аароны санваар дахь итгэлтэй үйлчлэл тань ирээдүйд үйлчлэх илүү агуу боломжуудад та нарыг бэлтгэдэг. Яг л Жонатан шиг та нар “Мелкизедек санваар болон ариун сүмийн адислалуудыг хүлээн авч, бүрэн цагийн номлолд үйлчлэн, хайраар дүүрэн эцэг, эх байж мөн Их Эзэнд амьдралынхаа туршид үйлчлэх”-д бэлтгэж байгаа билээ (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 4).

Та нар Тэнгэрлэг Эцэгийн та нарт зориулан бэлтгэсэн гайхамшигт боломжуудыг нэг бүрчлэн мэдэхгүй байж болно, гэхдээ Аароны санваартны хувьд та нар хийх дараах зүйлсээ санаж явбал эдгээртэй тулгарахдаа бэлтгэгдсэн байх болно гэдэгт би итгэлтэй байна.

Есүс Христийг дага

Санваартны хувьд та Есүс Христийн төлөөлөгч билээ. Энэ нь танаас Түүнийг дагаж, Түүний хийх зүйлсийг хийхийг хүссэн гэсэн үг юм. Тэр юу хийх байсан бэ? Нөхцөл байдал бүрд Тэрээр Өөрийн амьдралыг үйлчлэхэд болон бусдыг адислахад зориулсан юм. Та ч бас тийн үйлдэх хэрэгтэй. Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул, тэгээд өсч мөн хөгж, тэгснээр танд өөрөөсөө өгөх зүйл нэмэгдэнэ! Есүс өсвөр насандаа хэрхэн өссөнийг санагтун: Түүний “бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ.” (Лук 2:52).

Аврагчийг дагахын нэгээхэн хэсэг нь өсвөр насандаа мэргэн ухаан болон бие махбодын хувьд эрүүл чийрэг болох явдал юм. Энэ нь та нараас шаргуу ажиллаж, үргэлж өөрсдийн чадлын хэрээр хийхийг шаарддаг (С ба Г 4:2-ыг үзнэ үү). Та нар өдөр бүр залбирч, сайн мэдээнээс суралцан, дуулгавартай байдал болон үйлчлэлээр дамжуулан Бурханд ойртож, Түүний тааллыг олдог. Та нар гэр бүлдээ найрсаг хандаж мөн үнэнч байж, Христтэй адил бүх хүмүүстэй найз байснаар мөн бусдын ач тусыг олж авдаг.

Есүс үргэлж Эцэгийн хүслийг гүйцэлдүүлж байсныг санаарай. Та нар бүх л өдрийн турш үйлчлэл хийхдээ Бурханы хүслийг эрэлхийлж, хүлээн авсан сүнслэг нөлөөллийнхөө дагуу үйлдэхдээ Христийг дагадаг.

Санваарын ёслолуудыг гүйцэтгэ

Санваарын ёслолууд нь Бурханы бүх хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай бөгөөд Түүний хөвгүүд болон охидыг эн тэнцүү адисалдаг. Та дикон болсон тэр мөчөөс эхлэн ариун ёслолыг түгээснээрээ санваарын ёслолыг гүйцэтгэхэд тусалдаг. Мөн та ариун ёслолыг бэлтгэж, адислан, баптисм хүртээж түүнчлэн Аароны санваарын томилгоонд оролцсоноор цаашдаа санваарын ёслолуудыг гүйцэтгэх болно.

Та ариун нандин ёслолуудад оролцохдоо цэвэр ариун байх ёстой. Таны ёс суртахууны цэвэр ариун байдал нь гүйцэтгэх ёслолд тань агуу сүнслэг хүчийг нэмж өгч чадна. Их Эзэний ариун ёслолын ариун савнуудыг авч явахуйц зохистой байхыг бүхий л арга замаар эрэлхийл (С ба Г 38:42-ыг үзнэ үү). Хэрэв үүнийг хийвэл та салбар эсвэл тойргийнхоо өмнө Есүс Христийн үнэн төлөөлөгч болон зогсож чадна. Шинэчлэгдэхэд нь тэдэнд тусалж буй таны гэрээнүүдээ сахих шийдвэр төгс байдал тэднийг адислах болно.

Байнга үйлчил

Аароны санваартны хувьд та үйлчилдэг. Бүхий л цаг үед гэр бүл, найзууд, чуулгын гишүүддээ болон бусдад үйлчлэх боломжуудыг эрэлхийл. Таны санваараар хийдэг бүх зүйл бусдад бие махбодоор болон сүнслэг байдлаар үйлчлэхэд тусална. Жишээ нь, та гэрийн багшаар очдог гэр бүлдээ тусалснаар бишопдоо эсвэл салбарын ерөнхийлөгчдөө мөн тусалдаг ба бусдын хэрэгцээг хэрхэн тодорхойлж, санаа тавих талаар суралцдаг. Түүнчлэн та чуулгынхаа гишүүдийг хүчирхэгжүүлэх, идэвх султай гишүүдийг аврах, ядуу болон гачигдсан хүмүүст зориулж мацгийн өргөл цуглуулах болон өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст биеийн хүчний ажил хийж өгөх мөн Христийн тухай болон Түүний сургаалын талаар зааж, гэрчлэх, цөхөрсөн тэдний ачааг хөнгөвчлөх зэргээр бусдад үйлчилдэг.

Та чуулгынхаа цуглаанд болон гэр бүлийн үдшээр гэр бүлдээ хичээл зааснаар мөн үйлчилдэг. Та гэртээ болон чуулгадаа, сургууль дээрээ болон бүрэн цагийн номлогчидтой хамт байхдаа мөн байгаа газар бүрдээ хүмүүсийг Христэд ирэхийг урьснаар бас бусдад үйлчилж байдаг. (С ба Г 50:29-ийг үзнэ үү)

Таны ирээдүй

Мелкизедек санваартан, номлогч, нөхөр мөн эцэг хүний хувьд ирээдүйд танаас юу шаардагдах талаар эцэг, эхтэйгээ болон зөвлөгчтэйгөө ярилц. Өгөгдсөн зайд эдгээр агуу үүрэг хариуцлагуудаас заримыг мөн Аароны санваарт үйлчлэхдээ тэдгээрт хэрхэн бэлтгэх талаар тэмдэглэл бич. Энэ нь одоохондоо дааж давшгүй мэт санагдаж магадгүй, гэхдээ бэлтгэх хамгийн сайн арга бол зүгээр л Тэнгэрлэг Эцэгийн өнөөдөр танаас хийхийг хүссэн тэр зүйлийг л хийх явдал юм гэдгийг санаарай. Одоо үйлчилж, алдар суут ирээдүйнхээ төлөө бэлтгэхдээ та бүхэн аз жаргалыг олох болтугай.