2014
Онцгой гэрчүүд амьд Христийн тухай гэрчилж байна
дөрөвдүгээр 2014


Онцгой гэрчүүд амьд Христийн тухай гэрчилж байна

Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүд бол “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд” (С ба Г 107:23) болох өнөө үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчид юм. Иймээс тэд дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ болон түүний зорилгын бурханлаг мөн чанарын тухай гэрчлэх үүрэг хариуцлагатай билээ.

Эдгээр сонгогдсон бөгөөд итгэмжлэл хүлээсэн эрэгтэйчүүд Аврагчийн Цагаатгал, амилалтыг мөн Тэрбээр амьд гэдэг нь үнэн бодитой тухай гэрчлэлээ доорх эшлэлүүдээр хуваалцаж байна.

Есүс бол бидний Гэтэлгэгч

Зураг
Ерөнхийлөгч Томас С. Монсон

“Бурхан амьд гэдгийг миний бие онцгой гэрчийн хувьд бүх зүрх сэтгэл, оюун санааныхаа эрч хүчээр дуу хоолойгоо өргөн гэрчилж байна. Есүс бол Түүний Хүү, махан биеэр төрсөн Эцэгийн Ганц Хүү мөн. Тэр бол бидний Гэтэлгэгч; Тэнгэрлэг Эцэгийн өмнө бидний Зууч билээ. Тэрээр бидний гэм нүглийг цагаатгахын төлөө загалмай дээр амьсгал хураасан юм. Тэрбээр амилалтын анхны үр жимс болсон. Тэр амиа өргөсөн учраас бүх хүн дахин амьдрах болно. ‘Би Гэтэлгэгч амьдыг мэднэ’ гэсэн энэ өгүүлбэр надад ямар агуу баяр баяслыг бэлэглэдэг гээч!” [“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 38].

Ерөнхийлөгч Toмас С.Moнсон, “Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ!” Лиахона, 2007 оны 5-р сар, 25..

Би бол гэрч

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б. Айринг

“Би тэр нэгэн үдэш хоёр шавийнх нь Еммау дахь гэрт тэдэнтэй хамт байсан мэт Их Эзэний амилалтыг баттайгаар гэрчилж байна. Тэр нэгэн хурц нартай өглөө Иосеф Смит Палмира дахь ойн төгөлд Эцэг, Хүү хоёрыг гэрэлт баганад харахдаа Түүнийг амьд гэж мэдэж авсан шиг Тэр амьд гэдгийг би баттайгаар мэднэ. …

“… Иймээс бидний амилсан Аврагч ба Гэтэлгэгчийн гэрчийн хувиар би гэрчилж байна.”

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, “Надад ирэгтүн,” Лиахона, 2013 оны 5-р сар, 25.

Цагаатгал ба аврал

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф

“Бурхан Эцэг бол сайн мэдээний зохиогч; энэ бол Бурханы авралын төлөвлөгөөний эсвээс гэтэлгэлийн төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм. Есүс Христийн Цагаатгал гэтэлгэл ба авралыг боломжтой болгосон учраас үүнийг Есүс Христийн сайн мэдээ гэдэг. Бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд биеийн үхлээс аливаа болзолгүйгээр гэтэлгэгдэх бөгөөд Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, дуулгавартай дагасан нөхцөлд бүх хүмүүс нүглээсээ гэтэлгэгдэх болно … .

“Энэ тухай би бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа гэрчилж байна.”

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф, “Бидэнд баярлах шалтгаан байхгүй гэж үү?” Лиахона, 2007 оны 11-р сар, 19, 21.

Есүс бол Христ

Зураг
Ерөнхийлөгч Боид К. Пакэр

“Бурхан бол бидний Эцэг гэдгийг би мэднэ. Тэрбээр Өөрийн Хүү Есүс Христийг Иосеф Смитэд танилцуулсан юм. Есүс бол Христ гэдгийг би мэднэ гэдгээ та бүхэнд тунхаглаж байна. Тэр амьдыг би мэднэ. Тэрбээр цагийн голчид мэндэлсэн билээ. Түүнийг Өөрийн сайн мэдээг заасных нь төлөө шүүсэн юм. Тэр гашуунаар зовон шаналж, цовдлогдоод гурав дахь өдрөө амилсан. Тэрбээр Эцэгийнхээ адил мах, ясан биетэй. Тэрбээр Өөрийн Цагаатгалыг хийсэн. Түүний тухай гэрчлэлээ би хэллээ. Би бол Түүний гэрч.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр, “Арванхоёр,” Лиахона, 2008 оны 5-р сар, 87.

Хүмүүний гэр бүлийн төлөөх төлөөс

Зураг
Ахлагч Л. Том Пэрри

“[Есүс Христ] бол Эцэгийн мөнхийн төлөвлөгөөний төвд байдаг бөгөөд хүн төрөлхтний өмнөөс нүглийн төлөөсийг нь төлсөн Аврагч юм. Бурхан Адам, Ева хоёрын уналтыг ялахын тулд хайртай хүүгээ илгээсэн билээ. Тэрбээр бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч байхаар дэлхийд ирсэн. Тэр Өөрийн амийг бидний төлөө өгснөөр бие махбодын үхлийн саад тотгорыг даван туулсан юм. Түүнийг загалмай дээр амьсгалаа хураахад Түүний сүнс биеэс нь салсан. Гурав дахь өдөр нь Түүний сүнс, бие хоёр дахин хэзээ ч салахгүйгээр үүрд эргэн нэгдсэн юм.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Л. Том Пэрри, “Авралын төлөвлөгөө,” Лиахона, 2006 оны 11-р сар, 71.

Хүн төрөлхтний түүхийн гол үйл явдал

Зураг
Ахлагч Рассэлл М. Нэлсон

“Түүний хөлс нь цусны дусал мэт дусалж байсан Гетсеманид (Лук 22:44), түүнчлэн “гавлын газар” буюу үхэл гэсэн утгатай Голгота (эсвэл Калвари) дээр Түүний бие загалмай дээр өргөгдсөнөөр [Аврагчийн] Цагаатгал хийгдсэн юм (Maрк 15:22; Maтай 27:33; мөн 3 Нифай 27:14-ийг үзнэ үү). Энэхүү хязгааргүй Цагаатгал төгсгөлгүй үхлээс хүмүүнийг чөлөөлсөн юм (2 Нифай 9:7-г үзнэ үү). Аврагчийн Цагаатгал амилалт ба мөнх амьдралыг бүх хүмүүст боломжтой болгосон билээ. Түүний Цагаатгал бүх хүн төрөлхтний түүхэнд гол үйл явдал болсон юм.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон, “Аврагч амьд гэдгийг мэдэхээс ирдэг амар амгалан ба баяр баясгалан,” Лиахона, 2011 оны 12-р сар, 22.

Нүглийн төлөөх золиослол

Зураг
Ахлагч Даллин Х. Өүкс

“Есүс Христ бүх хүмүүсийн нүглийн төлөө Өөрийгөө золиослохын тулд ойлгохын аргагүй зовлон шаналлыг амссан билээ. Энэхүү золиослол нь сайн сайхны дээд оргил болсон өө сэвгүй цэвэр Хургыг хилэнцийн дээд хэмжүүр болох бүх дэлхийн нүглийн төлөө өргөл болгосон юм. …

“Энэхүү золиослол—Есүс Христийн Цагаатгал авралын төлөвлөгөөний төвд байдаг билээ. …

“Есүс Христ бол Мөнхийн Эцэг Бурханы Төрсөн Ганц Хүү гэдгийг би мэднэ. Түүний цагаатгагч золиослолын ачаар бидэнд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралын боломж баталгаатай байдаг билээ. Тэр бол бидний Их Эзэн, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс, “Золиослол,” Лиахона, 2012 оны 5-р сар, 19, 22.

Аврагч өнөөдөр Өөрийн сүмийг удирддаг

Зураг
Ахлагч М. Рассэлл Баллард

“Есүс Христийн Цагаатгал нь бидний авралын төлөө дэлхий дээр Түүний Хүүгийн гүйцэтгэх үүргийн талаарх бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байлаа. Бидний Тэнгэрлэг Эцэг зуучийн үүрэг гүйцэтгээгүйн төлөө, тэрчлэн эцэг хүний зөн совингоороо Хайртай Хүүгээ авраагүйн төлөө бид хэчнээн их талархалтай байх ёстой билээ. Тэрбээр та нарыг болон намайг мөнхийн хайраар хайрладаг учраас бидний Гэтэлгэгч байх урьдчилан томилогдсон үүргээ гүйцэлдүүлэх боломжийг Есүст олгосон билээ. …

“Бүх хүн төрөлхтөний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ амьд юм. Бурханы амилсан Хүү амьд—Тэрбээр амьд гэдгийг би гэрчилж байна. Мөн Тэрбээр өнөөдөр Өөрийн сүмийн ажил хэргийг удирддаг билээ.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М.Рассэлл Баллард, “Цагаатгал ба нэг бодгалийн үнэ цэнэ,” Лиахона, 2004 оны 5-р сар, 85, 86.

Бидний найдвар, бидний Зууч мөн бидний Гэтэлгэгч

Зураг
Ахлагч Ричард Г. Скотт

“Бидний аюулгүй байдал [бидний Тэнгэрлэг Эцэг], түүний Хайрт Хүү Есүс Христ хоёрын гарт байдаг билээ. Аврагч та нарт хайртайг би мэднэ. Та нарын гэрчлэл амьдралд тань сайн сайхан зүйлсийг авчрагч төгс хүч, тодорхой бус байдлын энэ цаг үед амар амгаланг ба итгэл найдварыг өөрт тань өгөгч хүч байхын төлөө гэрчлэлээ хүчирхэгжүүлэх таны хичээл зүтгэлийг Тэрбээр батлах болно.

“Түүний тухай гэрчлэх эрх мэдэл олгогдсон Түүний Төлөөлөгчдийн нэг миний бие Аврагч амьд гэдгийг, Тэр бол амилж, алдар сууг олсон, төгс хайраар дүүрэн хүн гэдгийг мэднэ гэдгээ би хүндтэйгээр гэрчилж байна. Тэр бол бидний найдвар, бидний Зууч мөн бидний Гэтэлгэгч.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт, “Бат бөх гэрчлэлийн хүч,” Ensign, 2001 оны 11-р сар, 89; Лиахона, 2002 оны 1-р сар, 103.

Гашуун аяганаас уусан нь

Зураг
Ахлагч Робэрт Д. Хэйлс

“Гетсеманий цэцэрлэгт бидний Аврагч мөн Гэтэлгэгч Цагаатгалын гашуун аяганаас уухаас ухарч няцаагүй юм [С ба Г 19:16–19-ийг үзнэ үү]. Мөн Тэрээр Эцэгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд эцэс сүүлд нь “Энэ нь төгслөө” [Иохан 19:30] гэж хэлэх хүртлээ загалмай дээр дахин зовсон юм. Тэр эцсээ хүртэл тэвчсэн билээ. Аврагчийн бат зогсож байсан төгс дуулгавартай байдлын хариуд Тэнгэрлэг Эцэг маань Түүнийг ‘Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг, би өөрийнхөө нэрийг алдаршуулсан түүнийг болгоогтун’ [3 Нифай 11:7] хэмээн тунхагласан.

“… Бүгдээрээ Аврагч Есүс Христтэй хамт бат зогсож, Бурханы нэрийг алдаршуулцгаая. Тэр амьд гэдгийг би онцгойлон гэрчилж байна.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс, “Ариун газруудад бат зогсоцгооё,” Лиахона, 2013 оны 5-р сар, 51.

Бурханы цорын Ганц төгс Хүү

Зураг
Ахлагч Жэффри Р. Холланд

“Бурхан бол ямар ч цаг үе, ямар ч газарт мөн ямар ч нөхцөл байдалд биднийг хайрлагч, биднийг өршөөгч Тэнгэр дэх Эцэг минь юм гэдгийг би мэддэг. Эцэг ба Хүүгийн хүслийн дагуу төгс бус биднийг аврахаар сайн дураараа харамгүйгээр амиа өгсөн Есүс бол Бурханы цорын ганц төгс хүү байсан гэдгийг би мэднэ. Тэрээр үхээд дахин амьдрахын тулд амилсан бөгөөд Тэр үүнийг хийсэн учраас та ч мөн бид ч амилах болно гэдгийг би мэднэ.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Лиахона, 2013 оны 5-р сар, 95.

Аврагч амьдыг би мэднэ

Зураг
Ахлагч Дэвид А. Бэднар

“Би Их Эзэн Есүс Христийн мөнхийн, хязгааргүй золиослолыг гэрчлэн, талархлаа өргөж байна. Аврагч амьдыг би мэднэ. Түүний гэтэлгэгч хүчийг бас Түүний хүч чадал өгөгч хүчийг би биеэрээ үзсэн хүн. Тиймээс би эдгээр хүч үнэн бодитой бөгөөд бид бүгдэд боломжтойг гэрчилж байна. Бид мөнх бус амьдралын аянд урагш тэмүүлэхдээ ‘Их Эзэний хүчээр’ бүх зүйлийг хийж чадна мөн бүх сорилт, бэрхшээлийг даван туулж чадна.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, “Цагаатгал ба мөнх бус амьдралын аян,” Ensign, 2012 оны 4-р сар, 47; Лиахона, 2012 оны 4-р сар, 19.

Христ үүргээ биелүүлсэн

Зураг
Ахлагч Квинтин Л. Күк

“[Аврагч] ‘хүн төрөлхтний нүглүүдийн ачаа дарамтыг’ болон ‘Сатаны учруулж мэдэх … аймшгуудыг’ [Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ, 613] Өөр дээрээ авсан юм. Тэрбээр энэхүү үйл явцад ад зэтгэрийн аргаар зохион бодсон тамлах аргуудыг хийгээд цовдлолт руу хөтөлсөн аймшигт, эмгэнэлт үйл явдлуудыг хүлцэн тэвчсэн билээ. Энэхүү үйл явц Улаан өндөгний баярын ням гарагт Христийн ялгуусан амилалтаар дууссан юм. Ийнхүү Христ Аврагч ба Гэтэлгэгчийн ариун үүргээ биелүүлсэн юм. Бид бас үхлээс амилуулагдаж, бидний сүнс биетэйгээ дахин нэгдэх болно. …

“Есүс Христ амьд, Тэрээр дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн гэдгийг би төлөөлөгчийн хувиар гэрчилж байна. Тэрээр жинхэнэ аз жаргалд хүрэх замыг бэлтгэсэн билээ.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк, “Бид Есүс Христийг дагадаг,” Лиахона, 2010 оны 5-р сар, 83–84, 86.

Аврагч биднийг гэтэлгэсэн

Зураг
Ахлагч Д. Тодд Кристоффэрсон

“Аврагч Гетсеманид болон загалмай дээр зовон шаналснаараа бидэн дээр ирэх шударга ёсны шаардлагуудыг хангаж, биднийг нүглээс гэтэлгэсэн юм. Тэрбээр наманчилдаг хүмүүсийг уучилж, ариусгадаг. Цагаатгал нь бас бусдын буруу үйлдлийн улмаас бидэнд учирсан зовлон зүдгүүрээс биднийг эдгээж, хохирлыг нөхөн барагдуулах шударга ёсны шаардлагыг хангадаг. “Учир нь болгоогтун, тэрээр бүх хүмүүний шаналлыг тэвчинэ, тийм ээ амьдрагч бүхний шаналлыг, Адамын гэр бүлд багтах эр, эм, хүүхэд аль алиных нь болой” (2 Нифай 9:21; мөн Aлма 7:11–12-ыг үзнэ үү). …

“… Төгс гэтэлгэл нь зөвхөн Есүс Христээр, гагцхүү Түүгээр ирсэн юм. Тэрбээр Гэтэлгэгч гэдгийг би даруухнаар мөн талархалтайгаар хүлээн зөвшөөрч байна.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” Лиахона, 2013 оны 5-р сар, 110, 112.

Амилалт ба амь

Зураг
Ахлагч Нийл Л. Андэрсэн

“Бид юуны түрүүнд өөрсдийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христийг тунхагладаг. Бид бүгд одоо ямар байгаагаараа, ирээдүйд ямар байхаараа Түүнд өртэй юм. …

“Түүний дараах үгс зуун зууныг дамжин цуурайтсаар байна:

“‘Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна:

“‘Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй’ (Иoхан 11:25–26).

“Ах эгч нар аа, Тэр амьд. Тэр амилсан. Тэр дэлхий дээрх Өөрийн ариун ажлыг удирддаг.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, “Түүнд ирэгтүн,” Лиахона, 2009 оны 5-р сар, 80.