2014
Асуултуудад хариулахын тулд авралын төлөвлөгөөг ашиглах нь
дөрөвдүгээр 2014


Асуултуудад хариулахын тулд авралын төлөвлөгөөг ашиглах нь

Бидэнд эсвэл бусад хүмүүст Есүс Христийн сайн мэдээний тухай асуулт байгаа үед хариултаа хаанаас олохыг бид мэддэг үү?

Бид сэтгэл догдлом цаг үед аж төрж байна. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ “тодорхой бус байдлаас” (С ба Г 1:30) гарч ирлээ. Үүний ачаар манай сүмийн гишүүн биш, Тэнгэрлэг Эцэгийн илүү олон хүүхэд “мормончуудын” тухай сонсож байна. Тэдний зарим нь хачирхалтай, төөрөлдөж мэдэх зүйлсийг сонсож байгаа бол бусад нь танил бөгөөд тайтгарлыг мэдрүүлдэг зүйлсийг сонсож байна. Энэ хоёр бүлгийн хүмүүс аль аль нь асуултуудынхаа хариултыг олохын тулд бидэн дээр ирж болно. Олон хариултыг “аз жаргалын агуу төлөвлөгөө” (Aлма 42:8) хэмээн нэрлэгддэг авралын төлөвлөгөөнөөс олж болно.

“Би хаанаас ирсэн бэ?” “Яагаад би энэ дэлхий дээр байгаа вэ?” “Би энэ амьдралын дараа хаашаа явах вэ?” гэсэн асуултууд бол хүмүүс хамгийн их асуудаг асуулт юм. Эдгээр бүх асуултуудад авралын төлөвлөгөөн дэх үнэнүүдээр хариулж болно. Энэ өгүүлэл эдгээр асуултуудад судруудаас болон бидний бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсоны өгсөн хариултуудын заримаас хуваалцаж байна.

Би хаанаас ирсэн бэ?

Бид бол мөнхийн хүмүүс. Энэ амьдралаас өмнө бид Бурханы сүнсэн хүүхдүүдийн хувьд Түүнтэй хамт амьдарч байсан. “Төлөөлөгч Паул ‘бид Бурханы үр удам’ [Үйлс 17:29]” хэмээн [заасан] бол, ерөнхийлөгч Монсон “бидний бие мөнх бус эцэг эхийн маань үр удам гэдгийг мэддэг болохоор Паулын үгс ямар учиртайг судалж мэдэх ёстой. Их Эзэн ‘сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө’ [С ба Г 88:15] хэмээн тунхагласан юм’ хэмээн хэлжээ. Тийнхүү энэ нь Бурханы үр удам болох сүнс юм. Еврей номыг бичигч Түүнийг ‘сүнснүүдийн Эцэг’ [Еврей 12:9]” гэж нэрлэсэн байдаг.1

Яагаад би энэ дэлхий дээр байгаа вэ?

Дэлхий дээрх бидний амьдралын тухай ерөнхийлөгч Монсон хэлэхдээ “Мэргэн ухаант Бүтээгч дэлхийг бүтээж, түүн дээр биднийг байрлуулан, өмнөх оршихуйн тухай марталтын хөшгийг бидэнд бий болгож, сорилтын хугацааг туулан, Бурханаас бидэнд зориулан бэлтгэсэн бүхнийг хүлээн авахад тэнцэхээр байж, өөрсдийгөө нотлон харуулах боломжийг бидэнд олгосонд бид баярлан талархах ёстой.

“Дэлхий дээр ирэх бидний үндсэн зорилго бол яс, махан биетэй болох явдал гэдэг нь тодорхой юм. Бидэнд бас сонгох эрхийн бэлэг өгөгдсөн билээ. Өөрийнхөө төлөө үй түмэн арга замаар сонгох онцгой боломж бидэнд бий. Энд бид хувийн адармаатай туршлагуудаас суралцаж, сайныг муугаас ялган таньдаг. Бид хорон муу зүйлийг сайн сайхан зүйлээс ялган таньж, бидний үйлдлүүд ямар үр дагаварт хүргэдгийг мэддэг болно” гэжээ.2

Би энэ амьдралын дараа хаашаа явах вэ?

Хүмүүний гэр бүлийн бүх гишүүдэд үхэл ирдэг. Харин “хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?” (Иoв 14:14). Ерөнхийлөгч Монсон: “Үхэл бол төгсгөл биш гэдгийг бид мэднэ. Энэхүү үнэнийг амьд бошиглогчид бүх эрин зуунуудын туршид заасаар ирсэн юм. Энэ нь бас ариун судруудад бичигдсэн юм. Бид Мормоны Номоос дараах онцгой тайтгаруулагч үгсийг уншдаг билээ:

‘Эдүгээ, үхэл хийгээд амилуулалтын хоорондох сүнсний байдлын талаар—Болгоогтун, бүх хүмүүний сүнс энэ зуурдын биеийг орхимогцоо, тийм ээ, бүх хүмүүний сүнс, сайн эсвэл муу байлаа ч өөрсдөд нь амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигддаг нь надад нэгэн тэнгэр элчээр мэдүүлэгдсэн билээ.

‘Мөнхүү тэгээд улиран тохиох дор, зөв шударга тэдний сүнс тэд өөрсдийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно’ [Aлма 40:11–12].”3

Бид амилуулагдсаныхаа дараа нар лугаа адил алдар суутай селестиел хаант улс, сар лугаа адил алдар суутай террестриел хаант улс, одод лугаа адил алдар суутай телестиел хаант улсын аль нэгэнд эсвэл гадаад харанхуй руу очно (С ба Г 76-р хэсгийг үзнэ үү).

Бурхан үнэхээр байдаг уу? Сатан бодитой юу?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон Сатан бүгдээрээ биднийг төрөхөөс өмнө тэнгэрт болсон их зөвлөгөөнд оролцсон юм. Тэнгэрлэг Эцэг авралын төлөвлөгөөний хэсэг болж, дэлхийд очин, бидний нүглийг цагаатгах нэг хүн хэрэгтэй байгааг хэлээд “Хэнийг илгээх вэ, би? гэхэд мөн Хүний Хүүтэй адил нэгэн [Есүс Христ] хариулав: Би энд байна, намайг илгээгтүн. Мөн өөр нэг нь [Сатан] хариулж мөн хэлэв: Би энд байна, намайг илгээгтүн. Мөн Их Эзэн хэлэв: Эхнийхийг би илгээх болно.

“Мөн хоёр дахь нь [Сатан] ууртай байв, мөн өөрийн анхны байдлыг хадгалсан нь үгүй мөн тэр өдөр олон нь түүний араас дагав” (Aбрахам 3:27–28; мөн С ба Г 29:36–37; Moсе 4:1–4-ийг үзнэ үү).

Сатаны уруу таталтуудыг эсэргүүцэх хүч бидэнд байдаг уу?

Тэнгэрт болсон зөвлөгөөний дараа Сатаныг дагахаар сонгосон сүнснүүдийн гуравны нэг нь түүнтэй хамт тэнгэрээс хөөгдсөн билээ. Тэд болон Сатан биегүй сүнснүүд хэвээр үлдсэн юм. “Бие махбодтой бүх хүмүүс бие махбодгүй тэднийг захирах хүчтэй байдаг”4 хэмээн бошиглогч Иосеф Смит сургажээ. Тиймээс Сатан биднийг уруу татаж чадах ч, түүнийг эсэргүүцэх хүч бидэнд байдаг.

Тэнгэрлэг Эцэг яагаад зарим үед залбиралд маань хариулахгүй байгаа юм шиг санагддаг юм бол?

“Залбирал бол Эцэгийн таалал, хүүхдийн хүсэл хоёр хоорондоо уялдан, нэгддэг үйл явц мөн. Залбирлын зорилго нь Бурханы тааллыг өөрчлөх явдал биш” (Bible Dictionary, “Prayer”). Залбирал бол бид өөрсдийн хүслийг Бурханы таалалд нийцүүлэхийн тулд сонгох эрхээ ашиглахаар шийдэхэд бидэнд тусалдаг арга хэрэгсэл юм (Aбрахам 3:25-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд үргэлж хариулдаг ч хариулт нь зөвшөөрсөн, татгалзсан эсвэл цаг нь хараахан болоогүй гэсэн хэлбэрээр ирдэг. Үүнд хугацаа чухал юм.

Намайг сайхан амьдрах гэж хичээх үед яагаад сорилтууд тулгарах хэрэгтэй байдаг вэ?

Сорилтууд бол авралын төлөвлөгөөний хэсэг юм. Биднийг Есүс Христ болон Түүний сайн мэдээнд тулгуурлах үед сорилтууд биднийг хүчирхэг болгож, цэвэршүүлэн, төгөлдөржүүлдэг. Тэнгэрлэг Эцэг сорилт бэрхшээлийн үед биднийг өргөн дэмждэг. Бидэнд тулгарсан хүнд сорилтууд “[бидэнд] туршлага суулгаж, мөн [бидний] сайн сайхны төлөө байх болно” (С ба Г 122:7).

Юу нь зөв, юу нь бурууг би яаж мэдэх вэ?

Бурханы бүх хүүхдүүд Христийн гэрэлтэй төрдөг бөгөөд энэ гэрэл нь “сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд” бидэнд тусалдаг (Moронай 7:16). Түүнээс гадна Ариун Сүнс амар амгалангийн халуун мэдрэмжээр үнэнийг бидний зүрх сэтгэл, оюун ухаанд гэрчилдэг билээ (С ба Г 8:2–3-ыг үзнэ үү).

Би ноцтой нүглүүд үйлдсэн ч гэсэн уучлагдах уу?

Бид бүгдийг зөвийг буруугаас ялган таньж, сонголт хийх явцдаа нүгэл үйлдэх болно гэдгийг Бурхан мэддэг байсан юм.5 Гэвч бүх нүгэл араасаа шийтгэлийг дагуулдаг бөгөөд шударга ёс нь энэхүү шийтгэлийг шаарддаг. Тэнгэрлэг Эцэг Өөрийн нигүүлслээр Есүс Христэд Цагаатгалыг гүйцэтгэж, бид бүгдийн төлөө шударга ёсны шаардлагуудыг биелүүлэх боломжийг олгосон билээ (Aлма 42-р бүлгийг үзнэ үү). Өөрөөр хэлбэл, Христ Гетсеманид зовон шаналж, Голгота дээр амиа өгснөөр бидний бүх нүглийн төлөөсийг төлсөн юм. Гэхдээ бид наманчлан, сайн мэдээний ёслолуудыг хүлээн авч, Христийн Цагаатгалыг ашигласан тохиолдолд энэ нь боломжтой болно. Бидний нүгэл өршөөгдөх болно (С ба Г 1:31–32-ыг үзнэ үү).

Эшлэлүүд

  1. Toмас С.Монсон, “Амьдралын уралдаан,” Лиахона, 2012 оны 5-р сар, 91; мөн Aбрахам 3:22–26-г үзнэ үү.

  2. Toмас С.Монсон, “Амьдралын уралдаан,” 91–92; мөн Aлма 34:32–34-ийг үзнэ үү.

  3. Toмас С.Монсон, “Амьдралын уралдаан,” 93; мөн Сургаал ба Гэрээ 76:59–111-ийг үзнэ үү.

  4. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 211.

  5. Бага насны хүүхдүүд “хариуцлага хүлээж эхлэх хүртлээ” нүгэл үйлдэж чаддаггүй (С ба Г 29:46–47-г үзнэ үү).