2015
Нууц зэвсэг
нэгдүгээр 2015


Нууц зэвсэг

Зохиогч нь АНУ-ын Аризонад амьдардаг.

Хүн бүр Айвигийн чадварыг дутуу үнэлж байв.

“Хүн бүрд өгч чадах зүйл байдаг” Children’s Songbook 236).

“Айвиг авахгүй шүү! Тэр чинь охин” гэж Брадэн Адамын араас шивнэв.

Гэвч Адам тэр өдөр бөмбөгнөөс бултдаг тоглоомын (дожболлын) багийн ахлагч болжээ. Тиймээс тэр сонголтоо хийчихсэн байв. “Би Айвиг авлаа” гэж тэр нэлээн чанга давтан хэлэв. Нөгөө багийн ахлагч Тайлер ёжтой инээмсэглэв. Дасгалжуулагч Гарсиа ч гэсэн Адамын хоёр дахь сонголтод гайхсан янзтай байлаа.

Айви ч бас гайхсан харагдаж байв. Дараа нь тэр ичингүйрхэн урагш алхав. Брадэн урамгүйхэн санаа алдлаа.

Айви зүгээр нэг охин биш, ангидаа хамгийн жижиг биетэй нь байв. Тэр хурдан гүйж чадах юм шиг харагддаггүй, бөмбөг хүртэл түүнээс том мэт санагдаж байлаа. Айвиг урагш алхах зуур “Тэр бараг бөмбөгөө ч өргөж дийлэхгүй байх даа” гэж Брадэн хэлэв.

“Тэр магадгүй бидний нууц зэвсэг болж мэдэх юм” гэж Адам сонсогдохоор хэллээ. Гэвч энэ нь түүнийг сонгосон шалтгаан биш байлаа. Айви өөрийг нь хамгийн сүүлд сонгодог учраас спортоор хичээллэх дургүй гэж Адамд нэг удаа хэлж байжээ. Хөвгүүд Айвигаар даажигнадаг байсан ч Адамын аав, ээж нь хөвгүүд охидод хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж захидаг байв. Тиймээс тэр Айвиг сонгожээ. Тайлерыг ангийнхаа хамгийн том биетэй эрэгтэй хүүхдийг сонгохыг хараад, Адам зөв шийдвэр гаргасандаа итгэлтэй байв

Баг бүрдсэний дараа дасгалжуулагч Гарсия шүгэлдэхэд, багууд өрсөлдөхөөр заалны зах руу гүйв. Дасгалжуулагч Гарсия бөмбөгийг Тайлерт дамжуулж өгөхөд Тайлер Айвид анхаарлаа хандуулахаасаа өмнө Адамын багийнхныг гүйлгэн харав. Тэр гараа буцаан татаад, бөмбөгөө шидэв.

Хараач! Бөмбөг газар цохиж, хэнийг ч онолгүй буцаад ойв. Адам харсан зүйлдээ итгэсэнгүй. Айви ч яг цагаа олж бултаж байв. Эргэн тойрных нь хүн бүр гайхсан харагдаж байв. Харин Адам инээмсэглэж байлаа. Айвиг сонгосон нь зөв байжээ.

Тоглолт үргэлжилсээр. Тайлер Айвиг бөмбөгөөр цохихыг хичээж байсан ч тэр замаас нь зайлж, бултсаар байв. Хэн ч түүнийг бөмбөгөөр цохиж чадсангүй. Тайлер болон багийнх нь зарим гишүүн Айвиг гаргах гэж хичээгээд маш завгүй байсан учир өөр хэн нэгнийг цохиход их цаг зарцуулсангүй. Айвигийн жижигхэн биетэй мөн хурдан байгаа нь түүнийг цохихыг илүү хэцүү болгож байсан учир жижигхэн бие нь түүнийг дожболл тоглоход илүү сайн болгож байгааг хараад, Адам инээмсэглэж байлаа

Сүүлд нь Адамын баг тоглолтод хожсон юм. “Нууц зэвсэг зөв байжээ. Айви маш сайн байна” гэж Брадэн хэлэв.

“Тийм байна” гэж Тайлер хэллээ. “Дараагийн удаа тэр манай багт тоглоно. Бид заавал хожно!” Айви анги руугаа явахдаа багийнхнаараа хүрээлүүлэн, инээмсэглэж байв.

Адам бүлгийнхээ хүүхдүүдийг дагаж явахдаа инээхгүй байж чадсангүй. Тэр Айвид сайн хандаж, хөвгүүдэд охидыг жаахан ч гэсэн хүндлэхэд нь тусалсан байв. Хамгийн нууц зэвсэг нь ямар ч нууц зүйл байгаагүй, харин энэ нь зөвхөн сайхан сэтгэл байсан юм.