2015
Мөнхийн гэр бүлд хүргэх зам
нэгдүгээр 2015


Бидний гэр орон, гэр бүлүүд

Мөнхийн гэр бүлд хүргэх зам

Зохиогчид нь АНУ-ын Аляскийнх бөгөөд тэд Тонгад номлолд үйлчилж байна.

Акауолагийн гэр бүлийнхэн хөрвөгдсөн учраас тэднийг ариун сүмд явуулахаар тодорхойлсон юм.

Зураг
The Road to a Forever Family

Зураг чимэглэлийг Жэймс Л.Жонсон; гэрэл зургийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр нийтлэв

Тонгагийн Сайпи Акауола шөнийн ихэнх цагийг найзуудтайгаа согтууруулах ундаа болон кава ууж өнгөрүүлсний дараа нэгэн ням гаргийн өглөө, гэр рүүгээ харих замдаа ням гаргийн хамгийн сайхан хувцсаа өмссөн нэгэн гэр бүлийг олж харжээ. Тэд хамт алхангаа инээлдэн, ярилцаж байлаа. Сайпи тэднийг юу ийм аз жаргалтай болгосныг гайхаж байлаа. Тиймээс тэр тэдний хаашаа явж байгааг мэдэхээр тэднийг даган явав.

Сайпи тэр гэр бүлийг хожмын үеийн гэгээнтнүүдийн Сүмийн байр руу орохыг харжээ. Тэр бусад хүний ирэхийг цонхоор харж байв. Гэр бүлүүд хамтдаа сууж, сүсэг бишрэлийн дуугаа дуулах үед тэдний нүүрнээс баяр баясгалан гэрэлтэж байлаа.

Сайпи эхнэр Люгийнхээ тухай бодож эхлэв. Тэднийг анх гэрлэж байх үеийн тэрхүү хайр бүдгэрэн сарниж байлаа. Сайпи тэрхүү хайраа эргүүлэн олж авахыг хүсэж байв. Тэр гэртээ яаран очиж, гэр бүлийг нь амжилтад хүрэхэд туслах арга замыг олсноо эхнэртээ хэлжээ. Тэд Сүмд орох хэрэгтэй байлаа.

Тэр өдөр Сайпи тосгоныхоо бишопынд очив. Бишоп Сайпиг гудамжинд согтуу байхыг харж байсан учир түүнийг таньжээ. Сайпи бишоптой ярилцаж байхдаа бишопын царайнд эргэлзээ төрөхийг олж харсан ч шийдвэртээ баттай итгэж байлаа. Тэр баптисм хүртэхийг хүсэж байгаагаа бишопт зоригтой хэлсэн байна. Бишоп түр бодолхийлснээ Сайпиг орохыг урьж, түүнд Есүс Христийн сайн мэдээг зааж эхэлжээ.

Лю эхэндээ дурамжхан байсан ч нөхөр нь аажмаар сайжран өөрчлөгдөж байгааг ажиглажээ. Сайпи хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, үйлдлээрээ дамжуулан эхнэртээ болон гэр бүлдээ хайраа илүү ихээр харуулж байв. Тиймээс Лю ч бас номлогчдын хичээлийг авч эхлэн, удалгүй тэд хоёулаа баптисм хүртсэн байна.

Тэдний баптисмын нэг жилийн ой ойртоход Акауолагийн гэр бүлийнхэн ариун сүмийн гайхалтай адислалуудын талаар боддог болсон ажээ. Сайпо “Ариун сүмийн адислалууд нь баптисм хүртсэнээр бидний хүлээн авдаг тэдгээр адислалаас илүү агуу юм бол, ариун сүмийн адислалууд ямар байхыг төсөөл дөө” хэмээн хэлжээ. Тэдэнд лацдан холбогдох хүсэл байсан ч, Тонга дахь ариун сүмд засварын ажил хийгдэж байв. Тиймээс тэд ариун сүмд орохын тулд жил гаран хүлээх, эсвэл Шинэ Зеланд юм уу Фижи рүү өндөр өртөгтэй аялал хийх хэрэгтэй болжээ.

Тэд гэр бүлээрээ сайтар тунгаан бодож, юу хийх талаараа залбирав. Эцэст нь тэд багахан зээл авахаар шийджээ. Зээл нь батлагдахыг хүлээж байх үед тэдэнд зээл олгох гэж байсан банк нь галд шатсан байна. Бүх зээл нь дараа жил хүртэл хойшлогдов.

Сайпи, Лю хоёрын урам хугарав. Тэд зочны жижигхэн өрөөндөө хамтдаа суугаад, гайхамшгийн төлөө залбирав. Тэднийг залбирч, хамтдаа зөвлөлдөх үед хариулт нь ирсэн байна. “Би оюун ухаандаа гэр бүлийн ачааны машинаа бидэн рүү инээмсэглэж байгааг харсан бөгөөд энэ бол бидний залбирлын хариулт гэдгийг мэдсэн юм” гэж Сайпи хэлжээ. Тэд маргааш нь тэр машинаа зарж, гэр бүлийнхээ таван хүнд Фижи рүү нисэх онгоцны тасалбар худалдан авах боломжтой болсон байна.

Тэд ядарсан гурван хүүхдийнхээ хамт Сува дахь ариун сүм рүү очих урт замыг туулж, Фижигийн Надид оройтож буув. Лю: “Биднийг Их Эзэний өргөөнд ойртон очихоор хичээх тусам Сатан адислал авахаас маань өмнө зогсоохоор хичээдгийг би мэдэж авсан” гэжээ.

Дараагийн алхмаа тодорхойлохоор онгоцны буудал дээр сууж байхад нь нэгэн эмэгтэй байрлах газраа болон маргааш нь илүү бага зардлаар Сувад хүрэх унаа олоход нь тэдэнд тусалсан байна. Бурхан тэдэнд туслах тэнгэр элчийг илгээсэн гэж тэд боджээ.

Маргааш нь тэд ариун сүмд ирэв. Лю: “Биднийг ариун сүмд орох үед би зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрсэн. ‘Би амьдралдаа хэзээ ч ариун сүмд байсан шиг цэвэр ариун, цагаан зүйлүүдийг харж байгаагүй. Хэрэв ариун сүм нь хүний гараар баригдсан өргөө бөгөөд энэ нь ийм үзэсгэлэнтэй сайхан юм бол, тэгвэл Тэнгэрлэг Эцэгийн бидэнд амладаг тэрхүү гэр орон нь хэчнээн гайхамшигтай байх бол!’ гэсэн бодол надад төрсөн” гэж ярьжээ.

Ариун сүмд олж авсан туршлага нь тэдний амьдралыг өөрчилсөн байна. “Фижид өнгөрүүлсэн бүх цаг мөч нь биднийг гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хайрыг надад мэдрүүлсэн юм. Түүнийг дагахаар сонгох үед Тэр биднийг үнэхээр анхааран халамжилдаг” гэж Лю хэлэв.

Акауолагийн гэр бүлийнхнийг гэртээ эргэн ирсний дараа гайхамшигт адислалууд үргэлжилжээ. Сайпи, Лю хоёр хоёулаа коллежийн тэтгэлэг хүлээн авч, заах аргын зэргээ хамгаалан, Лиахона ахлах сургуульд ажиллахаар болжээ.

Тэд багшилж байх хугацаандаа амьдрах газар хэрэгтэй байсан хүүхдүүдийн талаар мэдэж авчээ. Хүүхдүүд заримдаа нэг нэгээрээ, заримдаа хоёр гурваараа Сайпигийн гэр бүлийн хаалгыг тогшдог болсон байна. Сайпи, Лю хоёр тэднийг гэртээ оруулдаг байв. Тэдний жижигхэн гэр одоо 20 хүнтэй болсон. Тэдэнд коллежэд суралцахаар эсвэл номлолд үйлчлэхээр явсан өөр 5 “өргөмөл” хүүхэд бий.

Зураг
photo of a family standing together in front of chapel

Сайпи, Лю хоёр эдгээр хүүхдийг хайрлаж, тэдэнд урам зориг өгвөл тэд өсөж том болоод, амжилтад хүрэх болно гэдгийг мэддэг. Сүмийн гишүүн биш байсан хүүхдүүд сайн мэдээг хүлээн авсан бөгөөд одоо номлолд үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй болоод байна. Сайпи, Лю хоёр бүх хүүхдээ өөрсдийнхөө хүүхдүүдийг гэж боддог бөгөөд бүх хүүхэд нь Лю, Сайпи хоёрыг аав, ээж гэж дууддаг байна. Акауолагийн гэр бүлийнхэн маш их адислагдсанаа мэддэг бөгөөд эдгээр адислалаа бусадтай хуваалцахдаа баяртай байдаг ажээ.