2015
Есүс Христ яагаад миний амьдралд чухал байр суурь эзэлдэг вэ?
нэгдүгээр 2015


Есүс Христ яагаад миний амьдралд чухал байр суурь эзэлдэг вэ?

Бид өөрсдийнхөө төлөө Аврагчийн хийдэг бүх зүйлийг ойлгосон үед Тэр бидний амьдралд хамгийн чухал хүн болдог.

Зураг
Photograph of actor portraying Jesus Christ in the Bible Videos.

Аврагч өөрийнх нь өдөр тутмын амьдралд хэрхэн чухал байр суурь эзэлдэг тухай нэг зохиогчийн блог дээр тавигдсан өгүүллийг би саяхан уншсан юм. Би түүнийг санал бодлоо хуваалцах хүсэлтэй байсанд нь баяртай байсан ч өөр нэг уншигчийн “Тэр миний амьдралд хэзээ ч чухал байгаагүй, одоо ч, цаашид ч гэсэн чухал болохгүй” гэсэн хариулт намайг гуниглуулсан юм.

Тэр уншигчийн буруу ч гэж юу байхав дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний хүн нэг бүрд Аврагч хэрэгтэй болно. Бид өөрсдөө засаж чадахгүй алдаа дутагдал гаргаж, нөхөж чадахгүй гарз хохирол үзэн; өвчин зовлон, хавчлага дарамт, гай гамшиг, ачаа дарамт хийгээд ганцаараа даван гарч чадахгүй урам хугаралттай тулгарах болно.

Бид эдгээрийг ганцаараа даван туулахгүй гэдэг нь сайн мэдээ юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Бид сул дорой байдлаасаа болж “Ийм хүнд ачааг хэн ч мэдэхгүй, хэн ч ойлгохгүй шүү дээ” хэмээн дуу алдан хашгирч мэднэ. Харин Бурханы Хүү төгс мэдэж, төгс ойлгодог, учир нь Тэр бидний хүн нэг бүрийн ачааг мэдэрч, үүрсэн юм. Тэр Өөрийн хязгааргүй хийгээд мөнхийн золиослолын улмаас (Aлма 34:14-ийг үзнэ үү) сэтгэл санааны зовлонг төгс ойлгодог бөгөөд бидэнд нигүүлслийн мутраа сунгаж чадна” гэж хэлжээ.1

Биднийг Есүст болон Түүний Эцэгт эргэн очих үед Тэр Өөрийн Цагаатгал, сургаалууд, найдвар, амар амгалан, үлгэр жишээгээрээ дамжуулан бидэнд амьдралаа өөрчилж, зовлон бэрхшээлтэй тулгарахад болон итгэлтэй урагшлахад тусалдаг учраас Тэр бидний амьдралд чухал байр суурь эзэлдэг.

Есүс наманчлалыг боломжтой болгосон

Есүс Өөрийг нь дагахаар чин сэтгэлээсээ хичээж буй хүмүүсийн хувьд чухал байгаа шалтгаануудын нэг нь бид бүгд унасан бөгөөд бидний хүн нэг бүрд Цагаатгалаар дамжуулан санал болгосон наманчлалын бэлэг хэрэгтэй байдаг явдал юм.

Биднийг бүдэрч, унах үед Сатан биднийг босож, зөв зам дээрээ эргэн гарах зохисгүй гэж бодуулахыг хүсдэг. Тэр биднийг сайн мэдээ бол “наманчлалын сайн мэдээ” (С ба Г C 13:1; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэдгийг мартаасай гэж хүсдэг. Гэвч “Нүглээ наманчлагч нүгэлтнийг өршөөж, цэвэршүүлдэг Христийн ач ивээл үнэн бодитойг бид мэднэ.”2

Есүс Христийн Цагаатгалын хүч нь бидний хүн нэг бүрд боломжтой хэдий ч бид үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд сонголт хийх ёстой. Найздаа нэгэн онцгой бэлэг—түүнд үнэхээр их хэрэгтэй ямар нэгэн зүйлийг, золиослол гарган бэлдсэн ямар нэгэн зүйлээ өгч байна гээд бод л доо. Тэгтэл найз чинь “Баярлалаа, гэхдээ би үнэхээр чиний бэлгийг авахыг хүсэхгүй байна” гэж хариулжээ гэж төсөөлөн бод. Танд ямар санагдах байсан бэ?

Бид наманчлалаар дамжуулан цэвэр болохдоо Есүсийг бидэнд туслахыг уриагүй бол бид түүний бэлгээс татгалзаж байгаатай адил юм.

Есүс үнэнийг заадаг

Нэг удаа, олон хүн Есүстэй цаашид хамт явахаас татгалзсаны дараа Тэрээр 12 дагалдагчаасаа “Та нар бас явахыг хүсэж байна уу?” гэж асуухад Петр Түүнд “Эзэн, бид хэн рүү явах юм бэ” (Иохан 6:67–68) гэж хариулжээ.

Та нар Аврагчийн “мөнх амьдралын үгсийг” судруудаас, Түүний амьд бошиглогчдын сургаал, Ариун Сүнсний шивнээнүүдээс олж болно. Тэдгээр нь “энэ амьдралд аз жаргалыг, ирэх дэлхийд мөнх амьдралын”3 үндсийг санал болгодог бөгөөд Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид аюулгүй эргэн очиход биднийг удирддаг юм.

Аврагчийн заасан агуу үнэнүүдийн зарим нь юу вэ? Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Дийтр Ф.Угдорф саяхан Ерөнхий чуулган дээр үг хэлэхдээ 4 зүйлийг дурдсан юм:

  • “Бидний Эцэг аз жаргалын төлөвлөгөөг хүүхдүүддээ өгсөн билээ.”

  • “Цагаатгалаар дамжуулан … бид хайртай хүмүүстэйгээ үүрд хамт амьдарч чадна.”

  • “Бид өвчинд эсвэл эмгэг согогт автахгүй алдар суутай, төгс, үхэшгүй бие махбодтой болно.”

  • “Бидний гуниг ба хагацлын нулимс элбэг дэлбэг аз жаргал, баяр баяслаар солигдох болно.”4

Есүс найдвар төрүүлдэг

Бид ноцтой сорилт бэрхшээлүүдтэй тулгарах үедээ Их Эзэнд итгэх нь хэцүү гэж боддог. Гэвч Түүнд итгэх нь сорилт бэрхшээлүүдээ даван туулахад хэрэгтэй итгэл найдварыг бидэнд авчирдаг.

Энэ нь Жийн А.Стивэнс эгчийн тойрогт амьдардаг Гатреллийн гэр бүлийн гишүүдэд тохиолдсон зүйл юм. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Стивэнс эгч хэлэхдээ: Гатрелл ахыг хавдартай гэж оношлогдсоны дараа ч тэр гэр бүл сайн мэдээнд болон ариун сүмийн гэрээнүүддээ үнэнч байв. Үүнийг хийснээр тэд энэ амьдралын дараа дахин хамт амьдрах болно гэсэн Бурханы амлалтуудад найдах найдварыг олсон юм гэжээ.

Нөхрөө өөд болохоос өмнөх тэр хүндхэн өдрүүдэд Гатрелл эгч: “Их Эзэн биднийг харж хандаж байсныг би мэдэж байсан. Бид Их Эзэнд итгэж найдвал амьдралын ямар ч бэрхшээлийг даван гарч чадна”5 гэж хэлжээ.

Цагаатгалын бэлэг нь бидэнд мөнх амьдралын итгэл найдварыг болон зовлон бэрхшээл тохиолдох эсвэл хайртай нэгнээсээ хагацах үед бидэнд хэрэгтэй ямар нэгэн зүйлийг өгдөг билээ.

“Гэсэн хэдий ч бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийн Хайрт Хүү, Есүс Христ, бидний Аврагчийг бэлэг болгон өгсөн. Есүс Христийн Цагаатгалын агуу бэлэг ба адислалыг бүх хүнд боломжтой болгодог өв нь амилуулалтын амлалтыг болон мөнх амьдралыг төрөх бүх хүмүүнд боломжтой болгодог билээ” гэж Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Хэнри Б.Айринг хэлжээ.6

Есүс амар амгаланг өгдөг

Зураг

Та нар байгалийн гамшигт өртөж, хорон санаат хов живэнд орооцолдож, амьдралыг тань өөрчилсөн сорилт бэрхшээлтэй тулгаран, найз нөхөдтэйгөө маргалдаж, эсвэл зөв зүйлийн төлөө зогсож үзсэн бол Аврагчийн амар амгалан хэрэгтэйг мэднэ. “Аврагчийн амар амгалан дэлхийн хуйларч буй хар салхийг ялан дийлдэг” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн хэлжээ.7

Саяхны нэгэн Ерөнхий чуулган дээр ахлагч Андэрсэн уламжлалт гэрлэлтийн талаарх итгэл үнэмшлийнхээ төлөө зогссоноосоо болж шоолуулж, нэр хоч авсан Лоорэлын насны нэг охины талаар хуваалцсан юм. Доог дохуу нь заримдаа “Бурханд болон Түүний амьд бошиглогчдын сургаалуудад үнэнч байх”-ын төлөөс болдгийг тэр мэджээ.8

Гэвч зогсоно гэдэг нь ганцаараа зогсоно гэсэн үг биш юм. Бидэнд ганцаардсан эсвэл цөхөрсөн, гуньсан эсвэл санаа зовсон, айсан эсвэл үнэ цэнэгүй юм шиг мэдрэмж төрөх үед бид үргэлж Энх амгалангийн Ханхүүд хандаж болно. Бид дараах зүйлсийг хийснээр үүнийг хийж болно:

  • Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахын төлөө Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирснаар

  • Судруудаар болон амьд бошиглогчдоор илчлэгдсэн Их Эзэний үгсийг уншсанаар

  • Ариун сүмд орсноор

  • Сүм болон семинар дээр Аврагчийн амьдралыг судалснаар

  • Нүглээ наманчилж, Түүний Цагаатгалыг хэрэгжүүлснээр

  • Түүний талаарх гэрчлэлээ хуваалцсанаар

Бид Аврагчийн амар амгаланг мэдрэх үед бидний зүрх сэтгэл шаналах юм уу айх хэрэггүй болно (Иохан 14:26–27-г үзнэ үү).

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Зөвхөн бидний Эзэн л бидний сорилт, өвчин шаналал, зовлон бэрхшээлийн хүнд хүчрийг мэддэг. Зөвхөн Тэр л бидэнд гай зовлонгийн дунд мөнхийн амар амгаланг өгч чадна. Зөвхөн Тэр л бидний шаналж буй зүрх сэтгэлийг тайтгарлын үгсээр тайвшруулж чадна”9 гэж хэлжээ.

Есүс үлгэр жишээ үзүүлдэг

Зураг

Есүс тохинууллынхаа туршид зөвхөн аз жаргалд хүрэх замыг заасан төдийгүй мөн тэр зам руу удирдсан билээ. Тэрээр Цагаатгалаараа дамжуулан биднийг хайрлахад удирдсан юм. Тэрээр Өөрийн сургаалуудаар дамжуулан биднийг мөнхийн үнэнүүд рүү удирдсан билээ. Тэрээр Өөрийн төгс амьдралаар дамжуулан биднийг дуулгавартай байдлын зам руу удирдсан юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт “Энэ дэлхий дээр оршиж байсан хамгийн агуу үлгэр жишээ бол бидний Аврагч Есүс Христ юм. Түүний мөнх бус тохинуулал бусдад зааж, үйлчилж, хайрлаж байсан” гэж хэлжээ. Тэр цааш нь “Аврагч биднийг Өөрийн төгс үлгэр жишээг дагахад урьдаг билээ” хэмээн хэлсэн юм.10

Аврагч наманчлал, амилуулалтыг боломжтой болгож, чухал үнэнүүдийг заан, найдварыг болон амар амгаланг санал болгож, мөн төгс үлгэр жишээ үзүүлснийг бид ойлгосон үед Тэр бидний амьдралд чухал байр суурь эзэлдэг. Бидний найзын хувьд Түүнтэй хамт бид айдсаа зайлуулж, итгэлтэй урагшлах зоригтой байдаг билээ.

Эшлэлүүд

  1. Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Лиахона, 2014 оны 5-р сар, 105.

  2. Д. Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” Лиахона, 2014 оны 5-р сар, 132.

  3. “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3.

  4. Дийтр Ф.Угдорф, “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь,” Лиахона, 2014 оны 5-р сар, 90.

  5. Жийн A.Стивэнс, “Бүү айгтун; Учир нь Би чамтай хамт байна,” Лиахона, 2014 оны 5-р сар, 98.

  6. Хэнри Б.Айринг, “Үнэлж баршгүй найдварын өв,” Лиахона, 2014 оны 5-р сар, 37.

  7. Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Лиахона, 2014 оны 5-р сар, 32.

  8. Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” 19–20-ыг үзнэ үү.

  9. Томас С.Монсон, “Би чамайг хаяхгүй мөн орхихгүй” Лиахона, 2013 оны 11-р сар, 87

  10. Ричард Г.Скотт, “Би та нарт жишээ үзүүлсэн юм,” Лиахона, 2014 оны 5-р сар, 50.