2015
Флора бид хоёр: Их Эзэний ажил дахь эн тэнцүү хамтрагчид
нэгдүгээр 2015


Флора бид хоёр-: Их Эзэний ажил дахь эн тэнцүү хамтрагчид

Бид ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоныг эхнэр Флора нь хэрхэн дэмжиж, тэд хайраар хэрхэн хамтран ажилладаг байсныг мэдсэнээр түүний үйлчлэлийн талаар илүү гүнзгий ойлголттой болж чадна.

Зураг
"President Ezra Taft Benson and Sister Flora Smith Amussen Benson riding in a car that says ""Just Married 50 Years"" on the door."

Хэрэв бид анхааралтай сонсох юм бол богинохон нийлэмж үг хүртэл зарим үед номлол шиг хүчтэй байж болно. Ийм тохиолдол 1985 оны 11-р сарын 11-нд болсон юм. Тэрхүү нийлэмж үг нь “Флора бид хоёр” гэсэн гуравхан үг байв.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) энэ гурван үгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо маргааш нь сонины сурвалжлагчдад зориулан бэлдсэн мэдэгдлийнхээ нэг хэсэг болгон уншсан юм. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) нас барахаасаа 6 хоногийн өмнө ерөнхийлөгч Бэнсоныг ахлах төлөөлөгчөөр томилсон ажээ.

Ерөнхийлөгч Кимбаллын нас барсан тухай мэдээг сонсох үедээ ерөнхийлөгч Бэнсон эхнэр Флорагийнхаа хамт байсан бөгөөд тэд “тэр даруй өвдөг сөгдөн залбирав.”1 Энэ удаад ч гэсэн дэлхий даяар нийтлэгдэх мэдэгдлийнхээ эхний догол мөрөнд тэрээр эхнэр Флорагийнхаа дэмжлэгийг дахин дурдсан байдаг. Тэрээр хэлэхдээ: “Энэ өдөр бол миний төсөөлж байгаагүй өдөр байв. Миний эхнэр Флора бид хоёр ерөнхийлөгч Кимбаллын өдрүүдийг энэ дэлхий дээр уртасгаж болохын тулд, мөн өөр нэгэн гайхамшгийг түүний өмнөөс гүйцэтгэж болохын тулд үргэлжлүүлэн залбирч байсан юм. Нэгэнт Их Эзэн ярьсан учир бид дэлхий дээрх энэ ажлыг урагшлуулахын тулд түүний удирдлаган дор чадах бүхнээ хийх болно” гэжээ.2

Гэрлээд 59 жил болсныхоо дараа ч ерөнхийлөгч Бэнсон “Флора бид хоёр” гэж хэлдэг хэвээр байв. Тэрээр “Бид дэлхий дээрх энэ ажлыг урагшлуулахын тулд түүний удирдлаган дор чадах бүхнээ хийх болно” гэж хэлэхдээ хэдийгээр тэрээр бусад ерөнхий эрх мэдэлтэнтэй эв нэгдэлтэй ажиллах нь тодорхой байсан ч тэр өөрийгөө болон тэднийг төлөөлөхөд бид гэдэг үгийг ашиглаагүй юм. Энэхүү мэдэгдэлдээ Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч нь Их Эзэний ажилд эхнэртэйгээ нэгдмэл байх талаар хэлсэн билээ.

Яагаад тэр ингэж мэдэгдэхгүй байх билээ? Флора тэр хоёр Их Эзэний ажилд бараг 60 жилийн турш нэгдмэл байсан ажээ. Жил ирэх тусам тэдний амьдралын олон хүчин зүйл өөрчлөгдсөөр байсан ч тэдний хамтын ажиллагаа хоёулангийнх нь хувьд хүч чадлын байнгын эх ундарга хэвээр байлаа.

Энэ жил Халамжийн Нийгэмлэгийн эгч нарын болон Мелкизедик санваартан ах нарын суралцах материалд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны тухай судлах боломж оруулсан байгаа. Та нар сургаалуудыг нь судалснаар түүний зан чанарын талаар суралцахаар сүнслэгээр өдөөгдөж болох юм. Энэхүү өгүүлэлд эхнэр Флора Эмүссэн Бэнсонтой нь холбоотой түүний амьдрал, үйлчлэлийн талаар цухас дурдах болно. Энэ өгүүлэл дэх бүх бүлэг ба хуудасны тоо нь Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson номыг төлөөлнө.

“Би фермчинтэй гэрлэмээр байна”

1920 оны намар 21 настай Эзра Тафт Бэнсон өөрийн төрсөн нутаг АНУ-ын Айдахо мужийн Витни дэх фермийн аж ахуйгаасаа явж, Ютагийн Логан хотод ирэв. Тэрээр тэнд Ютагийн Хөдөө Аж Ахуйн Коллежид (одоо Юта мужийн их сургууль) элсэн оржээ. Нэгэн өдөр түүнийг сургуулийнхаа байранд хэдэн найзтайгаа хамт байх үед нэг залуухан эмэгтэй анхаарлыг нь татсан байна. Тэрээр хожим нь дурсан ярихдаа:

“Дур булаам, гоо үзэсгэлэнтэй нэгэн залуу эмэгтэй сүү худалдан авахаар жижигхэн машинаа жолоодон хажуугаар өнгөрөх үед бид сүүний мухлагийн гадаа зогсож байв. Хөвгүүдийг түүн рүү гараараа даллахад тэр эмэгтэй мөн хариу даллалаа. “Тэр охин хэн бэ?” гэж намайг асуухад тэд “Тэр бол Флора Эмүссэн” гэж хариулав.

“‘Аан гээч. Түүнтэй гэрлэх хэрэгтэй гэсэн бодол надад сая төрлөө’ гэж би тэдэнд хэлэв.”

Эзрагийн найзууд түүний хэлсэн үгэнд гайхаж байлаа. Найзууд нь “Тэр бол фермийн хөвгүүдийн дунд цуутай охин шүү дээ” гэхэд Эзра “Тэгэх тусмаа бүр сонирхолтой байна”3 гэжээ.

Флора Эмүссэний талаарх Эзрагийн найзуудын бодол буруу байсан ажээ. Тэр өсвөр байхаасаа л газартай ажилладаг эрчүүдээс ямар нэг онцгой зүйл олж хардаг байв. Нэг өдөр ээж Барбара нь түүнд “Чи селестиел гэрлэлтгүйгээр хамгийн дээд алдар суугийн зэргийг хүлээн авч чадахгүй шүү дээ” гэжээ. Флора гэнэн цайлган ч өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлэн, ‘Би материаллаг аж байдлын хувьд ядуу ч, сүнслэг байдлаараа баян хүнтэй гэрлэмээр байна. Тэгвэл бид хамтдаа эд баялагтай болж чадна’ гээд, түр бодолхийлснээ ‘Би фермчинтэй гэрлэмээр байна’ гэж хэлсэн гэдэг.”4

Флора, Эзра хоёр 1920 оны сүүлээр танилцжээ. Тэдний нөхөрлөл удалгүй дотно үерхэл болон хувирав. Флора өөрийнхөө маш их үнэлж хүндэлдэг тэрхүү сүнслэг баялгуудыг хуримтлуулж эхэлсэн нэгэн залуу эрийг Эзра Тафт Бэнсоны дотроос олж харсан байна. Флорагийн хүлээлт ёсоор Эзрагийн сүнслэг хүч чадлын үндэс суурь нь түүний гэр бүлийн фермчин гарлаас улбаатай байв.

Эзра Тафт Бэнсоны зан чанаруудыг бий болгосон фермийн амьдралын талаар унших бол Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson, 2–5-р хуудсыг үзнэ үү.

Бурханыг нэгдүгээрт тавихын тулд хамтран ажилласан нь

Эзра, Флора хоёр бие биендээ дотносож эхлэхдээ 2 жилийн турш тусдаа байна гэдгээ мэдэж байлаа. Эзра Английн номлолд үйлчлэх дуудлага хүлээн авав. Флора тэр хоёр үйлчлэх боломжиндоо талархалтай байсан юм. Бас тэд “өөрсдийнхөө харилцааны талаар ярилцав.” Тэд харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байсан ч Эзраг чин үнэнч номлогч байх хэрэгтэйг хүлээн зөвшөөрч байв. ‘Намайг явахаас өмнө, Флора бид хоёр бие биендээ сард зөвхөн нэг л удаа захиа бичиж байхаар шийдэцгээсэн.’ ‘Бид бас бие биенээ мөн өөртөө итгэх итгэлийг урамшуулан дэмжсэн, шинэ сонин дуулгасан захиа бичиж байна гэж шийдэцгээсэн. Бид зөвхөн үүнийгээ л хийсэн’ гэж тэр хэлжээ.”5

Тэд номлолын дуудлагаа ийм байдлаар хүлээн авснаар хожим нь Эзрагийн олон жилийн турш гэгээнтнүүдэд заах үнэнийг үлгэр жишээгээрээ харуулсан юм. “Бид Их Эзэнийг нэгдүгээрт тавьснаар бусад бүх зүйл зохих байрандаа ордог, эсвэл бидний амьдралаас алга болдог. Их Эзэнээ хайрлах бидний хайр нь бусдыг энэрэх болон шаардагдах цаг хугацаа, өөрсдийн сонирхдог зүйлсийг оролдох, эн тэргүүнд анхаарах ёстой зүйлсийн дэс дарааг тогтоох зэргийг зохицуулах болно.6

Эзраг номлолоо дуусгах үеэр Флора тэр хоёр бие биетэйгээ уулзахыг тэсч ядан хүлээж байв. Гэхдээ Флора “түүнтэй хамт цагаа өнгөрүүлэх ойрын төлөвлөгөөнөөс илүү чухал зүйлийг хийсэн юм. Тэр үнэндээ түүний ирээдүйг болон чадавхыг харж байв. … Эзра Айдахогийн Витни дэх гэр бүлийнхээ ферм дээр суурьших хүсэлтэй байгаад нь Флора баяртай байлаа. Гэсэн хэдий ч Эзра эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй гэсэн мэдрэмж Флорад төржээ.”7 Сургуулиа төгсөхөд нь түүнд чармайж тусалснаараа тэрээр Бурханыг нэгдүгээрт тавихад Эзратай нэгдсэн юм. Эзраг номлолоосоо буугаад жил хүрэхгүй хугацаа өнгөрсний дараа Флора өөрөө номлолд үйлчлэх гэж байгаагаа түүнд хэлж, түүнийг гайхшируулсан байна. Түүний шийдвэрийн талаар илүү тодорхой мэдэхийг хүсвэл 10–11-р хуудсыг үзнэ үү.

Эзра Тафт Бэнсоны бүрэн цагийн номлолын үйлчлэлийн талаарх түүхүүдийн бүрэн эхийг уншъя гэвэл 9–10-р хуудсыг үзнэ үү. –Дэлхийн II дайны дараахан төлөөлөгч байхдаа хийсэн үйлчлэлийнх нь талаар унших бол 17–21, 54–55, 69–70, 264, 268-р хуудсуудыг үзнэ үү.

Гаднаа эгэл боргилхон ч дотроо өөлөх юмгүй өв тэгш хүн

Флора, Эзра хоёр 1926 оны 9-р сарын 10-нд Солт Лэйкийн ариун сүмд лацдан холбогджээ. Эзра төрөлхийн сайн сайхан зан чанартай бас сургуульд амжилттай сурдаг байсан ч “зарим хүн Флорагийн шийдвэрт гайхан эргэлздэг байв.” Ийм боловсролтой, чадварлаг, бэл хөрөнгөтэй, олны танил хүн яагаад энгийн нэгэн фермчинг сонгосныг тэд ойлгодоггүй байлаа. Гэвч “Флора фермчинтэй гэрлэхийг үргэлж хүсдэг байснаа байнга ярьдаг байв. Эзраг ‘туршлагатай, хэрсүү, хүчтэй байсан’ гэж тэр хэлдэг байв. Мөн Флора ‘түүнийг эцэг эхийнхээ сайхан хүү нь байсныг ажигласан бөгөөд тэр эцэг эхээ хүндэлдэг бол өөрийг нь ч гэсэн хүндэлнэ гэдгийг мэдэж байлаа.’ Флора түүнийг ‘Гаднаа эгэл боргилхон ч дотроо өөлөх юмгүй өв тэгш хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг байсан ба зөвхөн цөөхөн хүнтэй энэ хамт олонд төдийгүй бүх дэлхийд танигдаж, сайн үйлсийн төлөө зүтгэхэд нь түүнд туслахын тулд бүх хүч чадлаараа хичээх болно’”8 гэж хэлсэн юм.

Флора нөхрийнхөө чадавхыг ийнхүү олж харснаар тэд хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангах болон Сүм, хамт олон, улс үндэстэндээ үйлчлэх хэрэгтэй болсон үед тэр хаашаа ч гэсэн баяртай явдаг байв. Энэ нь дассан амьдралаасаа илүү энгийн амьдрахыг түүнээс шаарддаг байсан ч тэрээр энэхүү боломжийг бүрэн дүүрэн хүлээн авсан юм.

Жишээ нь, тэдний хуримын өдөр “ердөө ганцхан ёслол … болсон нь гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө зориулсан өглөөний хоол байв. Өглөөний хоолны дараа шинэхэн хос Т Форд загварын пикап машиндаа суугаад Эзрагийн хөдөө аж ахуйн эдийн засгаар магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байсан Айовагийн Эймс рүү тэр даруй хөдөлжээ. Тэд замдаа 8 шөнийг дусаал гоождог майханд өнгөрүүлсэн байна. Тэд Эймсд ирээд, коллежийн оюутны хотхонд нэг сууц түрээслэв. Байр нь маш жижигхэнээс гадна Бэнсоных тэр байраа жоомны нэгэн том гэр бүлтэй хуваалцдаг байлаа. Гэвч Эзра ‘энэ нь удалгүй хэний ч төсөөлж чадахгүй хамгийн тохь тухтай тийм л жижигхэн байшин шиг харагддаг болсон юм’ гэжээ.”9

Эзра гаднаа эгэл боргилхон ч дотроо өөлөх юмгүй өв тэгш болсон үедээ гэрээсээ гадуурх үйлчлэлд оролцох нь улам ихсэж байлаа. Энэ нь бас Флораг төгөлдөржүүлэх үйл явц руу хөтөлсөн юм. Тэр нөхрөө эзгүй үед заримдаа ганцаардал, цөхрөлтэй тэмцдэг байлаа. Гэвч тэр эхнэр, эх хүн болсондоо дуртай байж, нөхрийнхөө сайхан сэтгэлд болон гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдагт нь талархал илэрхийлдэг байв. Флора, Эзра хоёрын гэрлэлтийн эхэн үе болон эцэг эх болсон талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл 12–15-р хуудсыг үзнэ үү.

Зураг
President Ezra Taft Benson driving a vehicle with his wife Sister Flora Smith Amussen Benson, and their six children riding with him.

Амьдралыг нь өөрчилсөн хоёр утасны дуудлага

1943 оны 7-р сарын 27-нд Флора руу нөхөр нь утасджээ. Тэрээр Ютагийн Солт Лэйк хот руу ажлаар хүү Рийдтэйгээ хамт аялаад, буцаж ирэхээр бэлтгэж байлаа. Флора 3200 км-ийн зайтай Колумб дүүргийн Вашингтоны ойролцоох гэртээ байв. Түүнийг шөнөжингөө залбирч, уйлж, нойргүй өнгөрүүлсэн тэр шөнийн маргааш нь Эзра Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчлэхээр өмнөх өдөр нь дуудагдсанаа эхнэртээ мэдэгдэхээр утасдсан байна.

Энэ мэдээ түүнийг гайхшируулсангүй. Нөхрийнх нь аяллын үеэр маш чухал нэг зүйл түүнд тохиолдох болно гэсэн маш хүчтэй мэдрэмж Флорад төрсөн байжээ.10 Тэрээр Эзрад итгэдгээ илэрхийлсэн бөгөөд эхнэрийнх нь үгс түүнийг тайвшруулсан байна. Тэрээр дараа нь энэ тухайгаа дурсан ярихдаа: “Эхнэртэйгээ ярьсан нь намайг тайвшруулсан юм. Тэр надад өөртөө итгэдгээс минь ч илүү их итгэл найдвар төрүүлдэг”11 гэжээ.

Флора нөхөртөө итгэдэг байсан ч, нөхрөө ганцаараа дуудлагаа биелүүлж чадахгүйг, түүнд гэр бүлийнх нь дэмжлэг, тэнгэрийн хүч хэрэгтэйг мэддэг байв. Нэгэн Ерөнхий чуулган дээр Сүнсний шивнээгээр ирсэн захиас нь нөхрөө гэсэн Флорагийн хайрыг болон нөхрийнхөө Их Эзэнд найддаг найдварыг ойлгодгийг нь харуулсан байна (48–49-р хуудсыг үзнэ үү).

Флора 1952 оны 11-р сарын 24-нд амьдралыг нь өөрчилсөн өөр нэг утасны дуудлагыг нөхрөөсөө хүлээн авсан байна. Энэ үед Эзра Колумб дүүргийн Вашингтоны бүсэд айлчилж байсан аж. Харин Флора Солт Лэйк хот дахь гэртээ байв. Удахгүй Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн албаа хашиж эхлэх гэж байсан Уайт Д.Эйзенхауэр ахлагч Бэнсонд агуу золиослол, чин үнэнч чанарыг шаардах өндөр албан тушаал—түүний Хөдөө Аж Ахуйн төрийн нарийн бичгийн даргаар ажиллах ажлыг дөнгөж санал болгоод байжээ. Ахлагч Бэнсон Сүмийн ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873–1970) зөвлөснөөр уг албан тушаалыг хүлээн авсан байв.

Ахлагч Бэнсон ерөнхийлөгч Уайт Д.Эйзенхауэрын түүнд албан тушаал санал болгосныг, мөн үүнийг нь хүлээн авснаа Флорад хэлэхэд тэрээр “Би түүнийг санал болгоно гэдгийг мэдэж байсан. Бас чамайг хүлээн авах болно гэдгийг ч бас мэдэж байсан гэж хариулсан байна.” Тэр гэр бүлд нь хэцүү байх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч “Энэ нь Бурханы хүсэл мэт санагдаж байна” гэж нэмж хэлжээ.12

Зураг
President Ezra Taft Benson speaking to men on a porch

Ахлагч Бэнсон Хөдөө Аж Ахуйн төрийн нарийн бичгийн даргаар найман жил үйлчилжээ. Энэ хугацаанд гэр бүл нь тусдаа байх ёстой болж, ахлагч Бэнсон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үе үе гардаг шүүмжлэл, зусардалттай тэмцэх хэрэгтэй болдог байв. Мөн Бэнсоны гэр бүлийнхэнд олон агуу боломж нээгддэг байлаа. Жишээ нь, ахлагч Бэнсон нэг удаа 12 өөр улс оронтой худалдааны харилцаа тогтоохоор ажиллаж байсан газраа Флораг, Бэвэрли, Бонни гэдэг охидоо 4 долоо хоногийн аяллаар авч явж байв (181–82-р хуудсыг үзнэ үү). Мөн сонины нэгэн сурвалжлагчаас ирсэн урилга гэр бүлийнхэнд нь зориулсан онцгой нэгэн номлолын туршлага руу хөтөлсөн байна (24-р хуудсыг үзнэ үү).

Ахлагч Эзра Тафт Бэнсон төлөөлөгчөөр үйлчлэхийн зэрэгцээ Нэгдсэн Улсын Хөдөө Аж Ахуйн төрийн нарийн бичгийн даргаар найман жил үйлчилжээ. Тэрээр эдгээр үүрэгт ажлаа хэрхэн гүйцэтгэдэг байсан тухай уншъя гэвэл 21–25, 47–48-р хуудсуудыг үзнэ үү.

Их Эзэний мутар дахь эн тэнцүү хамтрагчид

Сүмийн бүх ерөнхийлөгчтэй адил Эзра Тафт Бэнсон дуудлагадаа урьдчилан томилогдсон билээ. Гэвч тэр ганцаараа тэрхүү урьдчилсан томилолтыг гүйцэтгэж чадахгүй байх байсан буюу ийм хүч чадлаар үйлчилж чадахгүй байх байсан юм. Мэдээж, өөр хэн ч Флора шиг түүнд нөлөөлж чадахгүй байв. Тэд Сүм дээр болон гэр бүлдээ Их Эзэний хүчирхэг хамтрагчид болж мөр зэрэгцэн ажилласан юм.

Ерөнхийлөгч Бэнсон, Бэнсон эгч хоёр түүнийг Сүмийг тэргүүлэх болсныг нь мэдээд хамтдаа өвдөг сөгдсөнөөр тэд “дэлхий дээрх ажлыг урагшлуулахын тулд” хамтран ажилласан юм.13 Бэнсон эгч өсвөр насандаа найдан хүлээж байсны дагуу тэд хүссэн зүйлээ хамтдаа олж авсан билээ.14

Ерөнхийлөгч Бэнсон хожмын үеийн гэгээнтнүүдийг дэлхийг болон өөрсдийнхөө амьдралыг Мормоны Номоор дүүргэхийг индэр дээрээс ухуулдаг байв (9–10-р бүлгийг үзнэ үү). Флора өдөр бүр гэртээ түүнд Мормоны Номыг уншиж өгч, тэд уншсан зүйлийнхээ талаар хамтран ярилцдаг байлаа.15 Ерөнхийлөгч Бэнсон ариун сүмд тогтмол үйлчилж, мөн шүтэн бишрэхийг гэгээнтнүүдэд индэр дээрээс уриалдаг байв (13-р бүлгийг үзнэ үү). Флора Бэнсон, Эзра Бэнсон хоёр боломжтой үедээ баасан гаргийн өглөө бүр ариун сүмд ордог байсан юм.16 Ерөнхийлөгч Бэнсон бардамналын нүгэл ба “дэлхийн магтаалын” талаар индэр дээрээс сэрэмжлүүлдэг байв.17 Флора “Бүх л дэлхий түүнийг мэдэхэд амжилттай тусалсан ч”18 тэд “тэнгэрийн чимээгүй магтаалд” хамтдаа сэтгэл хангалуун байдаг байв.19

Зураг
Ezra Taft Benson and his wife getting off an airplane.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Сүмийн төлөөлөгч болон ерөнхийлөгч байхдаа олон зуун номлол сургаалыг хүмүүст хүргэсэн. 1985 оны 11-р сарын 11-нд түүний хэлсэн: “Флора бид хоёр” гэсэн гуравхан үгтэй номлолын нөлөөгүйгээр эдгээр номлолын алийг нь ч төсөөлөхөд хэцүү юм.

Эшлэлүүд

  1. Шэри Л.Дью, Ezra Taft Benson: A Biography (1987), 479.

  2. Дон Л.Сөөрлийн бичсэн “President Ezra Taft Benson Ordained Thirteenth President of the Church,” Ensign, 1985 оны 12-р сар, 5.

  3. Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 7–8.

  4. Дью, Ezra Taft Benson, 74–75.

  5. Teachings: Ezra Taft Benson, 8.

  6. Teachings: Ezra Taft Benson, 40.

  7. Teachings: Ezra Taft Benson, 10.

  8. Teachings: Ezra Taft Benson, 11–12.

  9. Teachings: Ezra Taft Benson, 12.

  10. Дью, Ezra Taft Benson, 176.

  11. Эзра Тафт Бэнсон, in Teachings: Ezra Taft Benson, 16.

  12. Флора Эмүссэн Бэнсон, in Teachings: Ezra Taft Benson, 23.

  13. Эзра Тафт Бэнсон, in Searle, “President Ezra Taft Benson Ordained Thirteenth President of the Church,” 5.

  14. Флора Эмүссэн Бэнсон, in Dew, Ezra Taft Benson, 74–75-ыг үзнэ үү.

  15. Derin Head Rodriguez, “Flora Amussen Benson: Handmaiden of the Lord, Helpmeet of a Prophet, Mother in Zion,” Ensign, 1987 оны 3-р сар, 20-ийг үзнэ үү.

  16. Дью, Ezra Taft Benson, 511-ийг үзнэ үү.

  17. Teachings: Ezra Taft Benson, 229.

  18. Teachings: Ezra Taft Benson, 11–12.

  19. Teachings: Ezra Taft Benson, 229.