2015
Үргэлж хамтдаа зөвлөлд: Хосуудад зориулсан гэр бүлийн зөвлөгөө
нэгдүгээр 2015


Үргэлж хамтдаа зөвлөлд: Хосуудад зориулсан гэр бүлийн зөвлөгөө

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Гэр бүлүүдэд олон сорилт бэрхшээл, шийдвэрлэх асуудал тулгардаг. Ханьтайгаа зөвлөлдөхөд эдгээр 6 зарчим тусалж чадна.

Зураг
Ben and Rachel Neilson - young married couple. Walking outdoors

Сүм дэх зөвлөлүүд нь Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас эхлээд гадас, тойрог, салбар, чуулга болон удирдлагын бусад зөвлөл хүртэлх түвшин бүрдээ тэнгэрлэг загварыг баримталдаг. “Гэр бүлээрээ зөвлөлдөх нь Сүмийн хамгийн чухал зөвлөл юм” гэж ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) хэлжээ.1

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард заахдаа “гэр бүлээрээ зөвлөлдөх нь үр дүнтэй харилцааг бий болгох хамгийн тохиромжтой хэлэлцэх газар юм” гэжээ.2 Эдгээр нь “гэр бүл болон гэр бүлийн гишүүдийн хэрэгцээний талаар ярилцах, … асуудлуудаа шийдвэрлэх, гэр бүлийн шийдвэрээ гаргах, өдөр тутмын болон урт хугацааны гэр бүлийн үйл ажиллагаа, зорилгуудаа төлөвлөх цаг юм” гэж тэрээр тайлбарласан байна.3

Хэрэв та нар гэр бүлээрээ зөвлөлдөж байгаагүй бол өнөөдрөөс эхэлж болно. Хэрэв та хүүхдүүдтэй бол тэднийг оролцуулж болно. Гэсэн хэдий ч эхнэр, нөхрүүд гэр бүлийн болон хувийн асуудлуудаа хоёулхнаа ярилцах хэрэгтэй бол гэр бүлийн зөвлөгөөнөө тусдаа хийх нь бас чухал байдаг.

Эхнэр, нөхөр хоёр хоёулхнаа зөвлөлдөх үед хэрэгжүүлж болох зарим зарчим, санал, зөвлөмжийг санал болгож байна.

Залбирлаар эхэл

Зураг
A family during a prayer.

”Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаа тасрах үед, эхнэр нөхрийн хоорондын харилцаа ч бас тасардаг.”4

Их Эзэн та нарын гэрлэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэгч болж чадна. Та нар залбиралдаа ханийхаа төлөө болон олон адислалынхаа төлөө талархлаа илэрхийлж, ярилцах үед Сүнсээ илгээхийг Түүнээс гуйж болно. Түүний Сүнс та нарын ярилцлагыг удирдаж, сайхан мэдрэмж, сайн харилцааг дэмжин, тусалж чадна.

Хамтдаа шийд

“Их Эзэний тусламжийг авах урьдчилсан нөхцөл болох эв нэгдлийг хангахын тулд залбирч, харилцан ярилцсаны үндсэн дээр зөвлөлийн гишүүд зөвшилцөлд хүрэх ёстой.”5

Та болон гэр бүлийн тань хүн ажлын санал хүлээн авах, аль сургуульд элсэн орох, хэзээ хүүхдээ төрүүлэх, эсвэл гэрийн ажлаа хэрхэн хувааж хийх зэрэг чухал шийдвэр гаргах хэрэгтэй байж болно. Эхнэр, нөхрүүд асуудлыг шийдвэрлэхийн тулд аль болох боломжит шийдвэрийг санал болгож тэдгээрийн талаар ярилцаж ч болно. Эхнэрийнхээ эсвэл нөхрийнхөө санаа бодлыг даруухнаар сонс. Энэ нь санал бодлыг өөр өнцгөөс ойлгоход танд тусалж, ханийн тань санаа бодол танд үнэ цэнэтэй болохыг сануулах болно.

Бид гэр бүлээрээ зөвлөлдөж байхдаа “харилцан буулт хийснээр биш, харин тэнгэрлэг зөвшилцлөөр”6 чухал шийдвэрээ гаргах ёстой. Асуудал болгон дээр тэр даруй нэгдмэл байдалд хүрэх нь та нарт боломжгүй байж болох юм. Ингэхийн тулд хэд хэдэн удаа зөвлөлдөж, тухайн асуудал дээр санал нэгдэхийн тулд ганцаараа болон ханьтайгаа хамт чин сэтгэлээсээ залбирч болно. Гэвч “та зөвлөлдөж байхдаа танаас хүсэн хүлээдэг шиг бусдадаа боломж олгох юм бол Бурхан танд тулгарч буй асуудлын тань шийдлийг өгөх болно.”7

Гэр бүлээрээ зөвлөлдөх сэдвээ урьдчилан шийдэх нь тустай байж болно. Энэ нь та өөрөө болон эхнэр, нөхөр тань санал бодлоо илэрхийлэхдээ илүү бэлтгэлтэй байж болохын тулд тухайн сэдвийг тунгаан бодох цагийг танд өгнө.

Өөртөө үнэлэлт дүгнэлт өг

“Мөн чи яагаад ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг болгоодог хэрнээ өөрийнхөө нүдэн дэх дүнзийг анзаардаггүй билээ?” (Матай 7:3).

Та ердөө ганцхан хүнийг, өөрийгөө л өөрчлөх хүч чадалтай. Та гэр бүлээрээ зөвлөлдөх цагаа эхнэр эсвэл нөхрөө шүүмжлэхэд ашиглахаар уруу татагдаж болох юм. Үүний оронд өөрийгөө сайжруулах хүслээр гэр бүлийн зөвлөгөөнд ханд. Өөрийнхөө үг ярианд юм уу, зан авирт эхнэр эсвэл нөхрийн тань санааг зовоодог ямар нэгэн асуудал бий эсэхийг, эсвэл санаа зовоосон ямар нэг зүйлийг эхнэр, нөхөр тань ажигласан эсэхийг асуу. Хувийн өсөлт хөгжлийн зорилго тавьж, өөрчлөгдөхөөр хичээх үедээ ханийнхаа тусламжийг хүсэж, биелүүлэхийг хүсэж байгаа ямар ч зорилгыг нь урамшуулан дэмж.

Хүнд асуудлуудынхаа талаар ярилц

“Бүх гэр бүлд асуудал, бэрхшээлүүд тохиолддог. Гэвч амжилттай гэр бүлүүд нь шүүмжлэл болон хэрүүл маргаан үүсгэхийн оронд шийдлийг олохоор хамтран ажиллахыг хичээдэг.”8

Хүчирхэг гэр бүлүүд сорилт бэрхшээлийг үл тоомсорлосноор, эсвэл тэдгээрээс зайлсхийснээр биш, харин тэднийг даван туулснаар бий болдог. Хэлэлцэх шаардлагатай ноцтой асуудал бий болж болно. Жишээ нь, та гэм нүглийн болон наманчлалын асуудлыг хэлэлцэх, эсвэл санхүүгийн ачаа дарамттай тэмцэх хэрэгтэй байж болох ч гэр бүлээрээ зөвлөлдөх үед илэн далангүй, чин үнэнч харилцаа нь хүчтэй мэдрэмжийг зөөллөхөд тусалж чадна. Гэр бүлээрээ зөвлөлдөх нь асуудлыг гаргаж ирэх, эсвэл тусламж хүсэх тохиромжтой бас ая тухтай хэлэлцүүлгийн үүрэг гүйцэтгэдэг.

Асуудлуудын боломжтой шийдэлд хүч, анхаарлаа төвлөрүүлж, хэрүүл маргаан, зөрчилдөөнөөс зайлсхий. Даруу бай. Ханьдаа хайраа илэрхийлж, аз жаргалтай мөнхийн гэрлэлт, гэр бүлийг байгуулахаар хамтдаа ажиллаж байгаа гэдгээ бие биедээ сануул.

Эерэг уур амьсгалаар хий

Хэрэв та гэр бүлийн зөвлөгөөнийг “сэтгэлийн дарамттай үед … хэзээ ч [гэр бүлийн гишүүдээ] хүлээн зөвшөөрч эсвэл магтаж урамшуулж мөн тэдэнд хайраа харуулахгүй нөхцөлд хийх юм бол гэр бүлийн гишүүд тань гэр бүлээрээ зөвлөлдөхөөс гэрэвшдэг болно.”9

Гэр бүлийн бүх хурал нь асуудал бэрхшээлд юм уу, шийдвэр гаргахад төвлөрөх шаардлагагүй. Та ханийнхаа талаар ямар нэгэн сайн зүйлийг, эсвэл амьдралынхаа адислалуудыг хуваалцах боломж болгон үүнийг ашиглаж болно. Та нэгнийхээ гаргасан ололт амжилтыг тэмдэглэж, гэрлэлт ба гэр бүлээ сүнслэгээр өсгөн төлөвшүүлэх арга замуудыг хэлэлцэн, зорилгоо хамтран гаргаж, ханийнхаа хүчирхэг зан чанарт болон үйлчлэл хийж байгаад нь талархал илэрхийлж болно. Гэр бүлийн зөвлөгөөнийг “ноцтой, хэцүү асуудал үүссэн үед [та болон эхнэр эсвэл нөхөр тань] найдаж болох өвөрмөц харилцаа, харилцан хүндэтгэлийг бий болгон хэвшүүлэхдээ” ашигла.10

Шаргуу тэмц

“Өдөр бүр хамгийн сайнаараа хийж, сайжрахаар хичээцгээе. Бид өөрсдөөсөө алдаа дутагдал олж харсан үедээ тэдгээрийг засахаар хичээж чадна. Бид өөрсдөдөө болон хайртай хүмүүстээ байдаг алдаа дутагдалд илүү уучламтгай хандаж чадна.”11

Эцэст нь, муу харилцааны зуршлыг эерэг загвараар солиход цаг хугацаа болон дадал хэвшил шаардана гэдгийг сана. Танай гэр бүлийн анхны зөвлөгөөн эвгүй эсвэл цочирдмоор байж болно. Гэвч бие биетэйгээ даруухан харилцахаар хичээж, гаргах шийдвэртээ Их Эзэнийг оролцуулснаар та гэр бүлээрээ зөвлөлдсөнөөс ирэх тэрхүү адислалуудыг илүү сайн ойлгох болно.

Их Эзэн биднийг гэр орондоо болон өөр хоорондын харилцаандаа дөлгөөн тайван байгаасай гэж хүсдэг. Тэр биднийг бүтэлгүйтэх үед бидэнд тусалж, бидний хичээл зүтгэлийг адисалдаг. Бид Түүний тусламжтайгаар ерөнхийлөгч Томас С.Монсоны амласанчлан гэр орноо “газар дэлхий дээрх тэнгэрийн нэг хэсэг”12 болгодог “хүндэтгэл, ойлголт, эв нэгдлийн уур амьсгалыг” бүрэлдүүлж чадна.”13

Эшлэлүүд

  1. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 211.

  2. M. Рассэлл Баллард, Counseling with Our Councils: Learning to Minister Together in the Church and in the Family (1997), 18–19.

  3. M. Рассэлл Баллард, “Family Councils: A Conversation with Elder and Sister Ballard,” Лиахона, 2003 оны 6-р сар, 14.

  4. M. Рассэлл Баллард, “Family Councils,” Лиахона, 17.

  5. Роналд И.Полмэн, “Priesthood Councils: Key to Meeting Temporal and Spiritual Needs,” Ensign, 1980 оны 5-р сар, 91.

  6. Роналд И.Полмэн, “Priesthood Councils,” 91.

  7. Стивэн Л Ричардс, Conference Report, 1953 оны 10-р сар, 86.

  8. Эзра Тафт Бэнсон, “Counsel to the Saints,” Ensign, 1984 оны 5-р сар, 6.

  9. When Thou Art Converted, Strengthen Thy Brethren (Melchizedek Priesthood study guide, 1974), 168.

  10. “Family Councils: A Heavenly Pattern,” Follow Me: Relief Society Personal Study Guide (1989), 171.

  11. Рассэлл М.Нэлсон “Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 88.

  12. “Working Together in Family Councils,” Ensign, 1985 оны 2-р сар, 31.

  13. Томас С.Монсон, “Hallmarks of a Happy Home,” Ensign, 1988 оны 11-р сар, 69.