2023
Бурханлаг мөн чанар хаана байх, хэн болоход хэрхэн нөлөөлдөг тухай
2023 оны 3-р сар


“Бурханлаг мөн чанар хаана байх, хэн болоход хэрхэн нөлөөлдөг тухай,” Лиахона, 2023 оны 3-р сар

Бурханлаг мөн чанар хаана байх, хэн болоход хэрхэн нөлөөлдөг тухай

Бид Бурхантай харилцах харилцаагаа мөн Есүс Христийн шавь байхаа эн тэргүүнд тавьбал бид бурханлаг мөн чанартаа баяр хөөрийг олж, харьяалагдах үүрдийн мэдрэмжийг авч, эцэст нь бурханлаг чадавхдаа хүрэх болно.

Зураг
Янз бүрийн хүмүүсээс бүрдсэн бүлэг

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг харьяалагдах гэдгийг “аливаа бүлэгт хүлээн зөвшөөрөгдөж, дэмжигдэх мэдрэмж” гэж тодорхойлсон байдаг.1

Харамсалтай нь хүн бүр харьяалагдах мэдрэмжийг мэдэрдэггүй ба заримдаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрсдийгөө өөрчилдөг. Их Британийн сэтгэл судлаач эмч Жоанна Кэннон “Бид бүгдээрээ нийцтэй байхыг хүсдэг. Ингэхийн тулд бид орчин тойрон, ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаасаа хамааран хэн гэдгээ бага зэрэг ялгаатай байдлаар харуулах нь элбэг байдаг. Бид ажил дээрээ, гэртээ, эсвэл бүр онлайн орчинд ч олон тооны ‘хувилбар’-тай байж магадгүй юм”2 гэж тайлбарласан.

Нийцтэй байх, харьяалагдах хоёрын хооронд ялгаа бий гэдгийг анхаарах нь чухал юм. Америкийн судлаач, зохиолч Бринэ Браун “Нийцтэй байх, харьяалагдах хоёр нь ижил зүйл биш юм. Үнэн хэрэгтээ, нийцтэй байх нь харьяалагдахад саад болдог хамгийн том асуудлуудын нэг. Нийцтэй байх нь нөхцөл байдлыг үнэлж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хэн болох ёстой тийм хүн болно гэсэн үг. Нөгөөтээгүүр, харьяалагдах нь биднээс хэн нэгэн болж өөрчлөгдөхийг бус харин өөрөөрөө байхыг шаарддаг”3 гэж дүгнэсэн.

Бурханлаг мөн чанараа мэдэх нь бидэнд утга учиртайгаар харьяалагдахад зайлшгүй шаардлагатай, эс бөгөөс мөнхийн шинж чанарыг маань хүндэтгэдэггүй эсвэл үүнтэй нийцдэггүй хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрсдийгөө тааруулж тохируулахаар цаг хугацаа, хүчин чармайлтаа зарцуулна гэсэн үг юм. Түүгээр ч зогсохгүй бид харьяалагдахыг сонгосон бүлгийнхээ хэм хэмжээ, жишгийг дагадаг тул энэ нь биднийг үнэт зүйл, зан үйлдээ өөрчлөлт оруулахад хүргэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам хаана харьяалагдах маань бидний хэн болоход нөлөөлдөг.

Товчхондоо, бурханлаг мөн чанараа ойлгож, хүлээн зөвшөөрөх нь бидний хаана харьяалагдахыг хүсэж буйд нөлөөлдөг ба сонгосон газар маань эцэстээ биднийг хэн болоход хөтөлдөг.

Бурханлаг мөн чанар

Бид бүгд мөнх бус байдлын өмнөх амьдралд Бурхантай хамт амьдарч байсан (Сургаал ба Гэрээ 93:29; 138:55–56-г үзнэ үү). Биднийг Түүний дүр төрхөөр, эр эмээр нь бүтээсэн (Эхлэл 1:27-г үзнэ үү). Тэр бидэнд зориулан Өөртэй адил болох төлөвлөгөөг бэлтгэсэн (Сургаал ба Гэрээ 132:19–20, 23–24-ийг үзнэ үү). Түүний аз жаргалын төлөвлөгөөний дагуу бид дэлхийд ирж бие махбодтой болж, мэдлэгийг олж аван, эцэст нь Түүнтэй хамт мөнхөд баяр хөөртэйгөөр амьдрахын тулд тэнгэрлэг гэр лүүгээ буцаж очих ёстой болсон (2 Нифай 2; 9; Абрахам 3:26-г үзнэ үү). “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39) хэмээн Бурхан илчилсэн билээ. Гайхалтай нь, бид бол Түүний ажил мөн алдар суу юм! Энэ нь бид Түүний хувьд асар их утга учиртай, үнэ цэнтэй талаар хэлж байна.

Дэлхий дээр олон тэрбум хүн амьдардаг тул Бурхан биднийг нэг бүрчлэн тус тусад нь анхаардаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зарим хүнд хэцүү байж болох юм. Тэр бидний хүн нэг бүрийг мэддэг бөгөөд бидний юу хийж, хаана байгааг, тэр ч байтугай “[бидний] зүрхний бодлууд хийгээд санааг” (Алма 18:32) мэддэг гэдгийг би гэрчилж байна. Бид зөвхөн Бурханд “тоологд[оод]” (Мосе 1:35) зогсохгүй Түүгээр төгс хайрлагдсан (1 Нифай 11:17-г үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэг биднийг төгс хайрладаг учир Өөрт байгаа бүхнээ бидэнтэй хуваалцахыг хүсдэг (Сургаал ба Гэрээ 84:38-ыг үзнэ үү). Эцсийн эцэст, бид Түүний охид, хөвгүүд юм. Тэр биднийг Өөртэй адил болж, хийдэг зүйлсийг нь хийж, өгдөг баяр хөөрийг нь мэдрээсэй хэмээн хүсдэг. Бид энэхүү үнэнд зүрх сэтгэл, оюун ухаанаа нээх үед “биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол Бурханы өв залгамжлагчид нь ч бас мөн” (Ром 8:16–17).

Мөнх бус байдлын ялгаа

Мөнх бус байдлын өмнөх амьдралд бид Бурхантай хамт алхаж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний хайрыг мэдэрсэн билээ. Түүний дараа бид марталтын хөшгөөр гарч, мөнх бус байдалд ирсэн. Бидэнд өмнөх амьдралын маань талаарх төгс ой санамж байхгүй болсон. Энэхүү мөнх бус орчны нөхцөл байдал нь бурханлаг мөн чанараа мөн тэнгэрлэг гэртээ мэдэрч байсан харьяаллын баяр хөөрт мэдрэмжийг мэдрэхэд саад учруулдаг.

Жишээлбэл: Бид генетикийн болон орчны ялгаан дээр хэт их анхаарал хандуулах нь Бурхантай холбогдоход саад болж болзошгүй юм. Дайсан эдгээр ялгааг ашиглан биднийг бурханлаг гарал үүслээс маань холдуулах гэж оролддог. Бид бусдын өгсөн нэр шошгыг хүлээн авч, заримдаа бүр өөрсдийгөө тийн үнэлэх нь бий. Дэлхийн шинж чанар дээр үндэслэн бусадтай харьцуулж өөрийгөө тодорхойлоход буруу зүйл байхгүй. Харин ч бидний олонх маань адил төстэй зан чанар, туршлагатай хүмүүсээс баяр хөөр, дэмжлэгийг олж авдаг. Харин бид Бурханы хүүхдүүд гэсэн үндсэн мөн чанараа мартах үед өөрөөсөө ялгаатай хүмүүсээс айж, үл итгэн эсвэл илүү гэдгээ мэдэрч эхэлдэг. Эдгээр хандлага нь ихэвчлэн хуваагдал, ялгаварлан гадуурхалт, бүр сүйрэлд хүргэдэг (Мосе 7:32–33, 36-г үзнэ үү).

Биднийг бурханлаг өвөө санах үед ялгаатай байдал маань бидний амьдралд гоо үзэсгэлэн, элбэг дэлбэг байдлыг авчирдаг. Бид өөр хоорондоо ялгаатай ч гэсэн өөрсдийгөө ах, эгч, дүү гэж үздэг. Бид бие биеэ хүндэлж, суралцдаг. Бусдын шинж чанар, туршлага биднийхээс ялгаатай үед бид тэднийг харьяалагдаж болох ээлтэй газраар хангахыг хичээдэг. Бид Бурханы олон янзын бүтээлд талархдаг.4

Бидний генетик, орчны нөлөө мөнх бус амьдрал дахь туршлагад нөлөөлдөг ч биднийг тодорхойлдоггүй. Бид Бурханы, Өөртэй нь адил болох боломжтой хүүхдүүд юм.

Есүс Христээр дамжин ирэх харьяалал

Биднийг мөнх бус амьдралд томоохон сорилтуудтай тулгарах болно гэдгийг мэдээд Бурхан эдгээр саад бэрхшээлийг даван туулахад туслуулахаар Өөрийн Хүү Есүс Христийг бэлтгэж мөн илгээсэн. Христ бидэнд мөнх бус байдлын өмнөх амьдралд Бурхантай тогтоосон дотно харилцаагаа сэргээхэд туслахыг санал болгодог. Христ “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6; мөн Иохан 3:16–17-г үзнэ үү) хэмээн тайлбарласан.

Христ бидэнд туслахыг үргэлж хүсдэг. Бид Түүнд харьяалагддаг (1 Коринт 6:20-ийг үзнэ үү) бөгөөд Тэр биднийг Өөрт нь ирэхийг хүсэн хүлээдэг. Аврагч Өөрийн үгээр “зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирэгтүн, мөн би чамайг хүлээн авах болно” (3 Нифай 12:24) хэмээн амласан.

Тэгэхээр бид хэрхэн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр Христэд ирэх вэ?

Нэгдүгээрт, бид Түүнийг өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч гэж хүлээн зөвшөөрдөг. Бид Бурханы агуу байдал, өөрсдийн төөрөлдсөн мөн унасан байдалд, аврагдахын тулд Есүс Христээс туйлын хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бид Түүний нэрээр нэрлэгдэхийг (Мозая 5:7–8-ыг үзнэ үү) мөн “үлдсэн бүх өдрүүддээ” (Мозая 5:5) Түүний шавь байхыг хүсдэг.

Хоёрдугаарт, бид Бурхантай ариун гэрээ байгуулж, сахиснаар зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр Христэд ирдэг (Исаиа 55:3-ыг үзнэ үү). Гэрээнүүд нь Есүс Христийн сайн мэдээний аврал мөн өргөмжлөлийн ёслолуудаар дамжин санваарын эрх мэдлээр хийгддэг.

Зураг
Гишүүдэд ариун ёслолыг түгээж буй залуу эрэгтэй

Гэрээ байгуулж, сахих нь биднийг Бурхантай мөн Түүний Хүүтэй холбоод зогсохгүй бие биетэй маань холбодог. Хэдэн жилийн өмнө би гэр бүлийнхэнтэйгээ Коста Рикад айлчлахдаа Сүмийн орон нутгийн нэгжийн ариун ёслолын цуглаанд оролцсон юм. Биднийг ороход хэд хэдэн гишүүн халуун дотноор угтан авлаа. Цуглааны үеэр бид ариун ёслолын дууллыг цөөн тооны цугларагсадтай хамт дуулсан. Бид санваартнуудыг ариун ёслолыг бэлтгэхийг харж, дараа нь ариун ёслолын залбирлыг хэлэхийг сонсов. Бидэнд талх, усыг хүртээх мөчид тэрхүү гэрээ сахигч ах дүүсийнхээ хүн нэг бүрийг хайрлах Бурханы хайраар би дүүргэгдсэн. Тэр цуглааны өмнө би тэдний хэнтэй нь ч уулзаж байгаагүй атал бид бүгдээрээ Бурханд ижил амлалт өгч, тэдгээрийг биелүүлэхийг хичээж байсан учраас эв нэгдэл, холбоо хэлхээг мэдэрсэн.

Бид Бурхантай ариун нандин гэрээнүүдийг байгуулж, тэдгээрийг сахихыг хичээх үедээ, дэлхийн болон түр зуурын аль ч бүлэгт харьяалагдаад олж авч чадахаас илүү их харьяалагдах мэдрэмжийг мэдэрч эхэлдэг.5 Бид “цаашид гаднынхан болон ирмэл хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм (Ефес 2:19).

Мөнх бус байдлын нөхцөл байдлынхаа улмаас бидний зарим нь энэ амьдралд ёслол бүрийг хүлээн авч, гэрээ бүрийг хийх боломжгүй гэдгийг би ойлгож байна.6 Ийм тохиолдлуудад Бурхан биднээс боломжтой гэрээнүүдийг хийж, сахихын тулд “чадах бүхн[ээ]” (2 Нифай 25:23) хийхийг хүсдэг. Дараа нь Тэрээр үлдсэн аливаа ёслол, гэрээнүүдийг дараагийн амьдралд хүлээн авах боломжийг бидэнд олгохоо амласан (Сургаал ба Гэрээ 138:54, 58-ыг үзнэ үү). Тэрээр Өөрийн хүүхдүүдэд зориулсан адислал бүрийг хүлээн авах боломжийг бидэнд олгоно (Мозая 2:41-ийг үзнэ үү).

Зураг
Есүсийг хүүхдүүдтэй хамт дүрсэлсэн зураг

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болох

Биднийг Өөрт нь, мөн Хүүд нь мөн Өөрсдийг дагагч хүмүүст харьяалагддаг гэсэн гүн гүнзгий мэдрэмжээс ирдэг хайр, эв нэгдэл, хүч чадлыг мэдрэх үед Бурхан баярладаг. Гэсэн хэдий ч Түүнд та нарт зориулсан хавьгүй том төлөвлөгөө байгаа! Тэр биднийг байгаагаараа ирэхийг урихын зэрэгцээ биднийг Түүнтэй адил болохыг чин сэтгэлээсээ хүсдэг.

Гэрээ байгуулж, сахих нь биднийг Бурхан болон Христэд харьяалагдахад туслаад зогсохгүй Тэдэнтэй адил болох хүчийг бидэнд олгодог (Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг үзнэ үү). Бид сайн мэдээний аврал мөн өргөмжлөлийн ёслолуудтай холбоотой гэрээнүүдийг сахиснаар Бурханы хүч бидний амьдралд урсан орж ирж чадна. Бид гэрээний замыг нэг төрлийн бурханлаг дагалдан суралцах хөтөлбөр гэж үзэж болно. Бид Бурхантай гэрээ хийж, сахих үедээ Түүний адил бодох, биеэ авч явах, хайрлах дадлага хийдэг. Түүний тусламж, хүчээр бид бага багаар Түүнтэй адил болох боломжтой болдог.

Бурхан биднийг Өөртэй нь мөн Хүүтэй нь нэгдэж “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”(Мосе 1:39)-ыг хүсэн хүлээдэг. Тэрээр бидний хүн нэг бүрд энэ дэлхий дээр өнгөрүүлэх цаг хугацаа, сүнслэг бэлгүүд, тэдгээрийг бусдын үйлчлэлд зориулах сонгох эрхийг өгсөн. Бид Түүний охид, хөвгүүд бөгөөд Түүнд биднээр хийлгэх чухал ажил бий (Мосе 1:4, 6-г үзнэ үү).

Түүний ажилд үр дүнтэй оролцохын тулд бид гадагшаа хандаж, Бурханыг нэгдүгээрт тавьж, бусдын хэрэгцээг өөрсдийнхөөсөө дээгүүр үзэж сурах хэрэгтэй. Өөрөөсөө бусдад анхаарал хандуулах нь хувийн золиослол шаарддаг (Сургаал ба Гэрээ 138:12–13-ыг үзнэ үү) ба бидний амьдралд илүү их утга учрыг авчирч, агуу баяр баясгаланг өгдөг (Алма 36:24–26-г үзнэ үү).

Бид Бурханы ажилд оролцохдоо зүгээр нэг бүлгийн гишүүний хувиар харьяалагдах бус харин ч Бурхантай мөн Түүний Хүү Есүс Христтэй жинхэнэ хамтрагчид болдог. Бурхан бидэнд, биднээр дамжуулан бусдад мөнх амьдралыг авчрахуйц хэмжээнд хангалттай их итгэдэг гэдгийг мэдэхээс илүү сайхан мэдрэмж гэж үгүй билээ.

Зураг
Бүлэг дэх янз бүрийн хүн хоорондоо харилцаж байгаа нь

Гурван урилга

Төгсгөлд нь би мөн чанар хийгээд харьяаллын баяр хөөртэй, үүрдийн мэдрэмжийг олж авахад мөн бурханлаг чадавхдаа хүрэхэд бидэнд туслах гурван урилгыг өгье.

1. Би хүн бүрийг Бурханы охид, хөвгүүдийн хувьд өөрсдийн бурханлаг мөн чанарыг эн тэргүүнд тавихыг урьж байна. Энэ нь бид өөрсдийн үнэ цэнийг бурханлаг гарал үүсэл дээрээ тулгуурлана гэсэн үг юм. Бид залбирал, судар судлах, Хүндэтгэлийн өдрийг сахих, ариун сүмд шүтэн бишрэх, мөн Ариун Сүнсийг амьдралд маань авчирдаг, Түүнтэй тогтоосон холбоог маань хүчирхэгжүүлдэг аливаа үйл ажиллагаагаар дамжуулан Бурхантай харилцаагаа хөгжүүлэхийг эрэлхийлдэг. Бид амьдралдаа Бурханыг ялуулахыг зөвшөөрдөг.7

2. Би хүн бүрийг Есүс Христ бол бидний Аврагч хэмээн хүлээн зөвшөөрч, Түүний шавь гэдгээ бусад бүх зүйлээс дээгүүр тавихыг урьж байна. Энэ нь бид өөрсдөдөө Түүний нэрийг авч, Түүний дагалдагчид хэмээн нэрлэгдэхийг хүсдэг гэсэн үг юм. Бид өдөр бүр Түүний өршөөл, хүч чадлаас хүртэхээр эрэлхийлдэг. Бид гэрээ байгуулж, тэдгээрийг сахидаг. Бид Түүнтэй адилхан болохыг эрмэлздэг.

3. Би хүн бүрийг бусдадаа Христэд ирж, мөнх амьдралыг олж авахад нь туслах замаар Бурханы ажилд оролцохыг урьж байна. Энэ нь бид бусдад бурханлаг мөн чанараа олж харан, харьяалагдах мэдрэмжийг мэдрэхэд нь тусална гэсэн үг юм. Бид Есүс Христээс болон Түүний сайн мэдээнээс ирдэг баяр баясгаланг харамгүй хуваалцдаг (Алма 36:23–25-ыг үзнэ үү). Бид бусдад Бурхантай ариун нандин гэрээ байгуулж, сахихад нь туслахыг хичээдэг. Бид хэнийг, хэрхэн адислахаа мэдэхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг.

Бид Бурхантай харилцах харилцаагаа, Есүс Христийн шавь байхаа эн тэргүүнд тавих юм бол бурханлаг мөн чанартаа баяр баясгаланг олж, харьяалагдах үүрдийн мэдрэмжийг авч, эцэст нь бурханлаг чадавхдаа хүрнэ гэдгийг би амлаж байна.

2022 оны 5-р сарын 25-нд болсон Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “Divine Identity, Becoming, and Belonging” үгээс авав.

Эх сурвалж

  1. APA Dictionary of Psychology, s.v. “belonging,” dictionary.apa.org.

  2. Жоанна Кэннон, “We All Want to Fit In,” Psychology Today (blog), 2016 оны 7-р сарын 13, psychologytoday.com.

  3. Бринэ Браун, Daring Greatly: How the Courage to Be Vulnerable Transforms the Way We Live, Love, Parent, and Lead (2015), 231–232.

  4. Мормоны Номд хүмүүс хэдийгээр ялгаатай байсан ч Бурханд нэгдмэл байсан цаг үеийн тухай өгүүлдэг (4 Нифай 1:15–17-г үзнэ үү). Дээрх хүмүүс бурханлаг өвөө санаж, Түүнд үнэнч байхыг бүхнээс дээгүүрт тавьж, генетикийн болон орчны ялгааг үл харгалзан бусадтай эв нэгдэл, хайранд амьдардаг байсан.

  5. Мөн Их Эзэний ариун өргөө нь адил тэгш байдал, гэрээнд харьяалагдах орчныг бүрдүүлдэг. Ариун сүм дэх туршлагын талаар дараах зүйлийг анхаарч үз. Бүх хүн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаар бэлтгэж, зөв зохистой байх урилгыг авсан. Бурханы өмнө нэгдмэл цэвэр ариун, адил тэгш байхыг илэрхийлэн бид бүгдээрээ цагаан өнгийн хувцас өмсдөг. Бид бие биеэ ах, эгч гэж дууддаг бөгөөд дэлхий дээр хэрэглэгддэг албаны хэргэм цолыг ашигладаггүй. Бүгдэд нь адилхан суралцах боломж өгөгддөг. Бүх хүнд ижил гэрээ, ёслолуудыг санал болгодог ба бүгд мөнхийн адислалуудыг хүлээн авах боломжтой.

  6. Энэ дэлхий дээр амьдарч байсан 117 тэрбум хүнээс (Тошико Канэда, Карл Хауб, “Дэлхий дээр хэдэн хүн амьдарч байсан бэ?,” Хүн амын тооллогын товчоо, 2021 оны 5-р сарын 18, prb.org/articles/how-many-people-have-ever-lived-on-earth-ыг үзнэ үү) харьцангуй цөөхөн хүн сайн мэдээний бүх аврал, өргөмжлөлийн ёслолыг хүртэх боломжтой байсан. Үүний үр дүнд, Бурханы хүүхдүүдийн дийлэнх олон нь сүнсний ертөнцөд эдгээр ёслолыг хүлээн авах шаардлагатай болно.

  7. Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101-ийг үзнэ үү.