2023
Ерөнхий чуулганаас ирэх тусламж ба найдвар
2023 оны 3-р сар


“Ерөнхий чуулганаас ирэх тусламж ба найдвар, ” Лиахона, 2023 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Ерөнхий чуулганаас ирэх тусламж ба найдвар

Яг миний туулж байгаа зүйлсийн тухай бүхэл бүтэн захиасыг Ерөнхий чуулганы үеэр сонсоно гэж би бодож байгаагүй.

Зураг
Гал тогооны өрөөндөө хамтдаа хооллож буй гэр бүл

Зохиогчийн болон түүний гэр бүлийн гэрэл зургийг Көүди Бэлл

Би анхны хүүхдээ төрүүлснийхээ дараа төрсний дараах сэтгэл гутралд орсон юм. Хүүтэй болсон нь амьдралын минь сайхан үе байсан ч сэтгэл гутралд орсон болохоор би хүүхэдтэй болохын жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч чадахгүй байв.

Энэ хүнд хэцүү үед би Тэнгэрлэг Эцэгтээ маш их залбирсан. Би Түүнээс энэ хүнд сорилтыг даван туулахад туслахыг гуйсан. Намрын Ерөнхий чуулган ойртож байсан тэр үед би бас Сүмийн удирдагчдын хэлсэн үгээс тайтгарал олж авахын тулд залбирсан.

Чуулганы анхны хуралдааны үеэр хэлсэн үгийг сонсоод л би тайвширч эхлэв. Дараа нь хоёр дахь хуралдааны үеэр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд сэтгэл гутралын талаар ярьсан. Тэрээр сэтгэл гутрал биднийг “хагарсан сав шиг”1 (Дуулал 31:12) мэдрүүлж болно гэж хэлсэн. Яг миний туулж байгаа зүйлсийн тухай бүхэл бүтэн захиасыг чуулганы үеэр сонсоно гэж би хэзээ ч бодож байгаагүй юм.

Энэ бол миний хувьд онцгой мөч байсан. Энэхүү захиас нь Тэнгэрлэг Эцэг надад хайртай, Тэр намайг мэддэг гэдгийг ойлгоход тусалсан. Тэр миний юу туулж байгааг ойлгож байсан. Тэр надад тусалж, найдвар өгөхийг хүсэж байв. Тэнгэрлэг Эцэг үүнийгээ ахлагч Холландын үгээр дамжуулан гүйцэлдүүлсэн билээ.

Эх сурвалж

  1. Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49.