2023
“Амар амгалангаа Би та нарт өгнө”
2023 оны 3-р сар


“Амар амгалангаа Би та нарт өгнө,” Лиахона, 2023 оны 3-р сар.

“Амар амгалангаа Би та нарт өгнө”

Тэр нэгэн шуургатай шөнө Галилын тэнгист хэлсэн шигээ Есүс бидний амьдралд шуурга шуурах үед “Чимээгүй. Намд” гэж хэлдэг.

Зураг
Далай дээгүүр бороо орж байна

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Манай гэр бүлийн болон миний хувьд 1944 оны хүйтэн өвөл айдас, тодорхойгүй байдлаар дүүрэн цаг үе байлаа. Аав маань холын хол баруун фронтод алба хааж, Чехословак дахь гэрт маань дайны аюул нүүрлэх үед ээжид минь хүүхдүүдээ хооллож, дулаан байлгах нь хүндрэлтэй байв.

Өдөр ирэх тутам аюул ойртсоор байсан юм. Эцэст нь миний ээж зүүн Герман дахь эцэг эх рүүгээ зугтахаар шийдэв. Тэр яаж ийгээд биднийг баруун зүгийг чиглэсэн дүрвэгчдийн сүүлчийн галт тэргэнд суулгаж чадсан. Ойролцоо болж байсан дэлбэрэлтүүд, сэтгэл зовнисон царай, хоосон ходоод нь галт тэргэнд сууж байсан бүх хүнд бид дайны бүсээр явж байгааг сануулж байлаа.

Нэг шөнө манай галт тэргийг хангамжийн зүйлс авахаар зогсох үед ээж минь хоол хайхаар яаравчлан буув. Түүнийг буцаж ирэхэд зүрх палхийм зүйл тохиолдсон нь хүүхдүүдийг нь тээвэрлэж явсан галт тэрэг алга болсон байлаа!

Тэр айж сандран, Бурханд хандан цөхрөнгөө баран залбирч, галт тэрэгний харанхуй буудлыг галзуурсан мэт нэгжиж эхэлжээ. Тэр замаас зам руу, галт тэрэгнээс галт тэрэг рүү гүйхээрээ хайв. Хэрэв галт тэрэг түүнийг хүүхдүүдээ олохоос нь өмнө хөдөлбөл бидэнтэй дахиж хэзээ ч уулзахгүй байж магадгүй гэдгийг тэр мэдэж байсан.

Бидний амьдрал дахь шуурга

Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үеэр Түүний шавь нар Христийг бидний амьдрал дахь шуургыг намдааж чаддаг гэдгийг ойлгосон. Тэнгисийн эрэг дээр бүтэн өдөр заасныхаа дараа Их Эзэн шавь нартаа Галилын тэнгисийн “нөгөө тал руу явцгаа[хыг]” санал болгов (Марк 4:35).

Эргээс хөдөлсний дараа Есүс завин дээр амрах газар олоод, тэндээ унтсан байв. Удалгүй тэнгэр харанхуйлж, “Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ” (Марк 4:37–38-ыг үзнэ үү).

Шавь нар шуурган дунд завиа живүүлэхгүй гэж хэр удаан зүдэрснийг бид мэдэхгүй ч эцэст нь тэдний тэвчээр алдарчээ. Айж тэвдсэн тэд “Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” хэмээн хашхирав (Марк 4:38).

Бид бүхний амьдралд гэнэт шуурга гарч ирдэг. Бэрхшээл, сорилтоор дүүрэн мөнх бус амьдралдаа бид шаналж, шантарч, урам хугарч болно. Зүрх маань өөрсдийнхөө болоод хайрладаг хүмүүсийнхээ төлөө эмтэрнэ. Бид санаа зовж, айж, заримдаа итгэл найдвараа алдана. Ийм үед бид мөн “Багш аа, миний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” гэж хашхирч болох юм.

Би өсвөр насандаа “Багш аа, энд шуурга догширч байна” хэмээх дуулалд дуртай байв.1 Би “хаялах давлагаа өндөр” байх үед өөрийгөө завин дотор байгаагаар төсөөлдөг байлаа. Дууллын хамгийн ач холбогдолтой бөгөөд сайхан хэсэг нь “Давлагаа, салхи ч хүслийг Тань дагана. Нам гүм бай” гэсэн хэсэг юм. Дараа нь “Тэнгэр, далай, газрын Эзэний амрах Тэрхүү завийг ус хөмрүүлж үл чадна” гэсэн чухал захиасыг өгүүлдэг.

Хэрэв Амар амгалангийн Ханхүү болох Есүс Христийг завин дээрээ байлгавал бидэнд айх хэрэг үгүй. Бидний дотор болон эргэн тойронд дэгдэж буй шуурган дунд амар амгаланг олж чадна гэдгийг бид мэдэх болно. Шавь нарыг тусламж гуйн хашхирсны дараа Есүс “сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов” (Марк 4:39).

Тэр нэгэн шуургатай шөнө Галилын тэнгист хэлсэн шигээ Есүс бидний амьдралд шуурга шуурах үед “Чимээгүй. Намд” гэж хэлдэг.

“Ертөнцийн өгдгөөс өөрийг”

Шавь нарын адилаар бид “Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байгаа юм бол оо?” (Марк 4:41) гэж магадгүй.

Есүс бусадтай адил хүн биш. Бурханы Хүүгийн хувиар Тэр бусдын биелүүлж чадахгүй даалгаврыг гүйцэлдүүлэхээр дуудагдсан.

Аврагч Цагаатгалаараа дамжуулан, бидний ухамсарлаж чадахгүй арга замаар Өөр дээрээ “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” (Алма 7:11) мөн “бүх мөнх бус нүглийн нийт жинг”2 авсан билээ.

Тэрээр шударга ёсны өмнө ямар ч өргүй хэдий ч “шударга ёсны шаардлаг[а бүрийн]” (Алма 34:16) төлөө зовж шаналсан. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) хэлснээр, “Тэр ямар ч буруу зүйл үйлдээгүй. Гэсэн хэдий ч Тэр бидний мэдэх бүх гэм нүгэл, гуниг харуусал, өвчин зовлон, ичгүүр, биеийн болон оюун ухааны бүх зовлонг туулсан” хэмээн тайлбарлажээ.3 Тэр тэдгээрийг бүгдийг нь даван туулсан билээ.

Аврагч “үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Алма 7:12) гэдгийг Алма бошиглосон.

Шатам тарчлалаас төрсөн тэнгэрлэг хишиг, биднийг хайрлах хайрынхаа улмаас Есүс Христ биднийг гэтэлгэж, хүчирхэгжүүлэн, аврахын тулд төлөөс төлсөн юм. Гагцхүү Цагаатгалаар дамжуулан бид энэ амьдралд асар их хүсэмжилдэг, мөн бидэнд хэрэгцээтэй байгаа тэрхүү амар амгалангаа олж чадна. Аврагч “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иoхан 14:27) хэмээн амласан.

Зураг
Есүс Христийн хөрөг

Хэрэв бид Түүнд хандвал Есүс Христийн амьдрал болон сургаал Түүний амар амгаланг мэдрэх арга замыг бидэнд өгдөг.

Христийн дүр төрх, Хайнрих Хофманн

Амар амгаланд хүрэх арга зам

Элементүүдийг захирдаг Есүс Христ бидний ачаа дарамтыг хөнгөлж чадна. Түүнд хувь хүмүүсийг болоод үндэстнүүдийг эдгээх чадал бий. Тэрээр “Энхийн Жонон” (Исаиа 9:6) тул бидэнд жинхэнэ амар амгаланг үзүүлж ирсэн. Хэрэв Бурханы хүүхдүүдэд үүнийг гүйцэлдүүлэх боломж олговол Аврагчийн өгдөг амар амгалан хүмүүний бүх оршихуйг хувиргаж чадна. Хэрэв бид Түүнд хандвал Түүний амьдрал болон сургаал Түүний амар амгаланг мэдрэх арга замаар биднийг хангана.

Тэрээр “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” (Сургаал ба Гэрээ 19:23) хэмээн хэлсэн.

Зүрх сэтгэлээ залбиралд өргөж, Түүний амьдрал, сургаалаас суралцаж, ариун сүм зэрэг “ариун газруудад зогс[ох]” үедээ (Сургаал ба Гэрээ 87:8; 45:32-ыг мөн үзнэ үү) бид Түүнээс суралцдаг. Их Эзэний өргөөнд чадах чинээгээрээ ойр ойрхон оч. Ариун сүм бол өдгөө улам ширүүсэж буй шуурганаас ангид байх амар тайван хоргодох газар мөн.

Миний хайрт найз ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018): “Бид [сүмд] очиж, тэнд байгуулсан гэрээнүүдээ санаснаар, аливаа зовлон зүдгүүр, уруу таталт бүрийг даван туулах хүч чадалтай байх болно. Ариун сүм бидний амьдралыг зорилготой болгодог. Энэ нь бидний зүрх сэтгэлд хүмүүний өгч чадахгүй амар амгаланг, Бурханы Хүүгийн амласан амар амгаланг өгдөг”4 гэж заасан.

Биднийг ариун судрууд дахь Түүний сургаалд, амьд бошиглогчдынх нь үгс дэх сургаалд нь анхаарлаа хандуулж, Түүний үлгэр жишээг даган дуурайж, бие биетэйгээ нөхөрлөж, нэг нэгэндээ зааж, Бурханы сайн үгээр тэжээгддэг газар болох Түүний Сүмд ирэх үед бид Түүний үгсийг сонсдог.

Түүнтэй адил хайрлаж, уучилж, наманчлан, өөрсдийн гэр орныг Түүний Ариун Сүнсийг мэдрэх боломжтой газар болгох үедээ бид Түүний Сүнсний дөлгөөн байдалд алхдаг. Бид бусдад тусалж, Бурханд баяр баясгалантайгаар үйлчилж, “амгалан дөлгөөн дагалдагчид” (Моронай 7:3) болохын тулд хичээх үедээ мөн Түүний Сүнсний дөлгөөн байдалд алхдаг.

Итгэл, үйлдлийн эдгээр алхам нь зөвт байдал руу хөтөлж, шавь болох аянд маань биднийг адисалж, мөнхийн амар амгалан, зорилгыг авчирдаг.

“Миний дотор та нар амар амгалан байг”

Олон жилийн өмнө галт тэрэгний харанхуй буудал дээр ээж минь сонголт хийх хэрэгтэй болсон. Түүнд хүүхдүүдээ алдсан эмгэнэлт уй гашуундаа автан суух эсвэл итгэл найдвараа ажил хэрэг болгох гэсэн сонголтууд байв. Ээжийн минь итгэл айдсыг даван туулж, найдвар нь цөхрөлийг нь ялсанд би талархдаг.

Эцэст нь галт тэрэгний буудлын алслагдсан хэсгээс бидний суусан галт тэрэг олдсон. Тэгж бид эргэн уулзсан юм. Тэр шөнө, мөн ирэх олон шуургатай өдөр, шөнө ээжийн минь итгэлээ ажил хэрэг болгодог үлгэр жишээ биднийг гэрэлт ирээдүйд найдаж, хичээн зүтгэхэд дэмжлэг үзүүлсэн.

Өдгөө Бурханы олон хүүхэд галт тэрэг нь хөдөлсөн нөхцөл байдалд ордог. Тэдний ирээдүйд итгэх итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг дайн, тахал, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, боловсролын боломж, хайртай хүмүүсээ алдах зэрэг зүйлс үгүй хийжээ. Тэд сэтгэлээр унасан, ганцаардсан, хаягдсан.

Ах, эгч нар аа, хайрт найзууд аа, бид аюултай цаг үед амьдарч байна. Үндэстнүүд ээдрээтэй байдалд орж, газар дээр шүүлт явагдаж, дэлхийгээс амар амгаланг холдуулжээ (Сургаал ба Гэрээ 1:35; 88:79-ийг үзнэ үү). Бид зовж зүдэрч, гашуудан, Их Эзэнийг хүлээх хэрэгтэй болсон ч амар амгалан зүрх сэтгэлээс холдон алга болох шаардлага үгүй.

Есүс Христ, Түүний Цагаатгалын ачаар бидний залбирал хариулагдана. Цаг хугацаа Бурханых хэдий ч хэрэв бид наманчлал гэх тэнгэрлэг бэлгийг ашиглаж, итгэлтэй хэвээр үлдэж чадвал бидний зөв шударга хүсэл хэзээ нэгэн цагт биелж, алдсан бүх зүйлийг маань нөхөх болно гэдгийг би гэрчилж байна.5

Биднийг бие махбод, сүнслэг байдлын хувьд эдгээнэ.

Бид шүүлтийн тавцангийн өмнө цэвэр, ариун зогсож,

гайхалтайгаар амилуулагдаж, хайртай хүмүүстэйгээ дахин уулзах болно.

Эдгээр амлалт гүйцэлдэх хооронд бид “Миний дотор та нар амар амгалан байг” (Иохан 16:33) хэмээх Аврагчийн амлалтад найдаж, улмаар тайтгаруулагдан, урамшуулагдах болтугай.