2023
Айдастай, тодорхой бус ирээдүйтэй нүүр тулах үед өгөх зарим зөвлөгөө
2023 оны 3-р сар


Залуучуудад зориулав

Айдастай, тодорхой бус ирээдүйтэй нүүр тулах үед өгөх зарим зөвлөгөө

Хувийн болон мэргэжлийн амьдралдаа би маш олон эргэлзээтэй нүүр тулж, Тэнгэрлэг Эцэг үүнийг даван туулахад маань хэрхэн тусалж болохыг олж мэдсэн.

Зураг
Боксын бээлий

Намайг бага байхад манай гэр бүл Тонгагаас АНУ руу цагаачилсан юм. Аав маань биднийг Тонгад амьдарч байхад боксчин байсан бөгөөд биднийг АНУ-д ирснээс хойш намайг боксоор дасгалжуулж эхлэв. Түүнд намайг хэзээ нэгэн цагт дэлхийн хүнд жингийн аварга болгоно гэдэг хэтийн төлөвлөгөө байсан юм. Тэр надад айхгүй байхыг заасан. Хэрэв чи амжилтад хүрэхийг хүсэж байвал боксын дэвжээн дээр айж болохгүй. Аав маань тухайн үед Сүмд идэвхтэй байгаагүй ч гэсэн надад бэрхшээлийг даван туулах, айдастайгаа нүүр тулахад зоригтой байх талаар маш их зүйлийг заасан.

Боксоор хичээллэх нь онцгой арга замаар намайг ажил мэргэжилд минь бэлтгэсэн билээ. Би Бригам Янгийн Их Сургуульд америк хөл бөмбөгийн авьяас чадвараараа онцгойрсон тул тэтгэлэг аван, элссэн. Эсрэг талын багийн цөлсөн бөмбөгийг барьж авах зэрэг америк хөл бөмбөгийн талбай дээр хийх хамгийн аймшигтай зүйл гэж ихэнх хүний үздэг зүйлийг хийхдээ хүртэл би тайван байдаг байв. Ер нь надад айдас байдаггүй байсан. Үнэндээ, америк хөл бөмбөг тоглоход тулгардаг бэрхшээлд би дуртай байлаа.

Аав маань намайг мэргэжлийн спортоор хичээллэнэ гэж бодож байсан ба энэ нь бокс биш, харин америк хөл бөмбөг болж таарсан юм. Гэхдээ миний сургуулилт надад тодорхой бус байдалд итгэлтэй байж, итгэл найдвараар урагшаа харахад тусалсан гэж би боддог.

Зураг
Вай Сикахэмагийн аав Вайг талбайд оноо авсныг тэмдэглэж байна

Вайгийн аав Вайг талбайд оноо авсныг тэмдэглэж байна.

Гэрэл зургийг Марк Филбрик / БЯИС © БЯИС Фото

Залуу насанд хүрэгчийн хувьд та боловсрол, ажил мэргэжил, гэрлэлт, гэр бүлийн тухай шийдвэр гаргах зэрэг хувийн асуудлуудын олон хэцүү, айдас бүхий зүйлтэй нүүр тулдаг. Мөн та эдийн засгийн хямрал, нийгмийн уруу таталт, улс төрийн үймээн самуун, тэр ч байтугай дайн зэрэг илүү өргөн хүрээтэй асуудлуудтай тулгардаг. Гэхдээ амьдралынхаа туршлагаас харахад, намайг Их Эзэнийг амьдралдаа нэгдүгээрт тавихаар сонгосон үед Тэр үргэлж биднийг энэ бүхнийг даван туулахад чиглүүлж байдаг гэдгийг би мэднэ.

Сайн найзууд ба сайн хүмүүсийн нөлөө

Номлолоосоо гэртээ ирэхэд надад сайн найзуудтай болох аз завшаан тохиосон. Номлолд бэлтгэх төвд танилцсан найз маань намайг хожим эхнэр болох эмэгтэйтэй маань танилцуулсан юм. Таны амьдрал дахь амжилт, бүтэлгүйтлийг ихэвчлэн найзууд тань тодорхойлдог гэдэгтэй би санал нийлдэг. Найз нөхөд, зөвлөж чиглүүлэгчид тань таныг Бурханд ойртуулах эсвэл түүнээс холдуулах шийдвэр гаргахад тусалж чадна.

Үндэсний америк хөл бөмбөгийн лигт байхдаа би, тус лигт орохоосоо өмнө БЯИС-д тоглож, эцэст нь спортын хөтлөгч, дараа нь Далын ерөнхий эрх мэдэлтэн болсон Гиффорд Нийлсэнийг үлгэрлэн дагадаг байсан. Би түүнтэй нэг өдөр гольфын талбай дээр тааралдсан бөгөөд түүний өгсөн зөвлөгөө миний мэргэжлийн замналын нэг хэсгийг өөрчилсөн юм.

Бид гольфын тэргэн дээр сууж байлаа. Тэнд бид хоёулхнаа байсан бөгөөд би түүнд америк хөл бөмбөгөөс зодог тайлсны дараа яг түүний адилаар телевизийн салбарт орох төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Тэр намайг ням гаргийн тоглолтууд дээр байх шаардлагатай ажил хийхгүй байхыг зөвлөсөн билээ. Ингэснээр би ням гараг бүр дуудлагат ажлаа хийж, Сүмд үйлчлэх боломжтой болох байсан.

Энэ нь энгийн боловч миний бодож үзээгүй зөвлөгөө байсан ба амьдралын маань нэг хэсгийг өөрчилсөн юм.

Итгэдэг зүйлийнхээ төлөө зогсох

Үндэсний америк хөл бөмбөгийн лиг дэх замналын ихэнх нь айдастай, тодорхойгүй байсан. Их сургуулийн америк хөл бөмбөгийн багийн хоёрхон хувь нь л тус лигт ордог ба хэдий элсэн орсон ч хасагдах эрсдэл өндөр байдаг байв. Над шиг удаан хугацаанд үлдэх нь их адислал байсан ч унахгүй үлдэнэ гэдэг хэцүү байлаа. Энэ нь маш их итгэл шаардсан.

АХБҮЛ-т байх нь багаас багт, жил дамнан, улсаа тойрон явахыг шаарддаг. Энэ нь гайхалтай санагддаг ч хүмүүс цаана нь болдог үйл явдлыг мэддэггүй. Лигийн тоглогчийн амьдралын хэмнэл амаргүй. Энэ нь эхнэр нөхрийн харилцаанд ч төвөг учруулдаг тул мэргэжлийн тамирчдын салалтын хувь өндөр байдаг нь үүнтэй холбоотой.

Надад тусалсан зүйл нь би хаана буйгаа мэддэг байсан явдал юм. Би Христ дээр бат бөх сууриа тавьсан бөгөөд би Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй ойр байхад минь тусалдаг тэдгээр зүйлийг тогтмол хийдэг байсан.

Таны ажил мэргэжлийн замнал маш их дарамт шахалт, уруу таталтаар дүүрэн биш байж болох ч миний хувьд мэргэжлийн тамирчин байсан нь намайг дассанаас маань тэс өөр амьдралын хэв маягт оруулсан. Жишээ нь: Бид том хотуудад ирээд, аялах үед багийнхан маань тэр даруй гарч, сайн мэдээний жишигт үл нийцэх янз бүрийн үйл ажиллагаанд оролцохыг хүсдэг байсан бөгөөд би Сион, Вавилоны хооронд дэнжгэнэж чадахгүй гэдгээ тэр үед мэдсэн. Тэдний санааг амраахын тулд “би бодож үзье” гэж хэлж болохгүй байсан. Үүний оронд, би итгэлдээ бат зогсож, яагаад тэдэнтэй хамт явж болохгүй байгаагаа тайлбарлах хэрэгтэй болсон юм.

Зураг
Сикахэмагийнхан хуримын өдрөөрөө

Вай эхнэр Кэалатайгаа хуримын өдрөөрөө

Гэр бүлийн гэрэл зургуудыг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Их сургуульд сурч байхдаа гэрлэсэн минь азтай зүйл болсон юм. Намайг АХБҮЛ-т орох үед би эхнэр, зургаан сартай хүүхдийнхээ хамт амьдардаг байлаа. Бид ариун сүмд гэрлэсэн ба би тэдгээр гэрээ нь миний хувьд ямар утга учиртай мөн надаас юу шаарддагийг мэдэж байсан. Тиймээс би багийнхандаа “Үгүй ээ, би ийм зүйл хийдэггүй” гэж хэлдэг байв. Тэгээд тэднийг дахин шалгааж эхлэхэд би “Эхнэр бид хоёр Их Эзэний өргөөнд гэрлэсэн, тэнд бид ариун нандин гэрээнүүд байгуулсан. Эдгээр нь миний хувьд юу юунаас илүү чухал” гэж хариулдаг байв.

Хамгийн хачирхалтай нь, тэд надаас асууж, намайг ямар хүн бэ гэдгийг тодорхой мэддэг болсноосоо хойш багийнхан маань намайг хамгаалж, миний жишиг, гэрээг хүндэтгэж эхэлсэн юм. Итгэж, эрхэмлэдэг зүйлийнхээ төлөө зогсох нь зориг шаарддаг.

Маш их сорилттой тулгарах нь эхэндээ айдастай байсан ч Тэнгэрлэг Эцэгт найдаж, дарамт шахалттай тулгарах үед гэрээнүүдийнхээ ариун нандин байдал, утга учрыг санах нь надад ажил мэргэжлийнхээ замналын үед гэрээний зам дээр бат зогсоход үргэлж тусалсан. Та амьдрал хэмээх аяллынхаа туршид тохиолдсон ямар ч нөхцөл байдалд ижил зүйлийг хийж чадна.

Бошиглогчийг дага

Өдгөө та залуу насанд хүрэгчийн хувьд ирээдүйн талаар маш их эргэлзээ, айдастай тулгарч байгааг би мэднэ. Мөн та юу хийх, яаж үүнийг даван туулах талаар бодож байж магад. Энгийн хариулт өгөхөд, бошиглогч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны удирдамжийг дага. Бурханы бошиглогч танд тодорхой нэгэн зүйлийг ярьж, зааж өгөх үед энэ нь зөвлөгөөг нь дагахтай адил энгийн зүйл юм.

Ерөнхийлөгч Нэлсон итгэлдээ бат зогсохын тулд бидний хийж чадах зүйлсийн энгийн жагсаалтыг санал болгох дуртайг би анзаарсан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тэрээр Сүмийн гишүүдэд бидний итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хийх таван зүйл, сүнслэг эрч хүчийг нэмэгдүүлэх таван арга зам, шинэ жилийг угтан хийх ёстой гурван зүйлийг болон бусад зүйлийг өгсөн.

Тэрээр хэдэн арван зүйл багтаасан жагсаалт санал болгодоггүй. Зүгээр л энгийн зүйлс. Мөн хэрэв та эдгээр энгийн зүйлийг хийж, шийдэмгий байвал хамгийн энгийн зүйлсийг хийснээр таны амьдрал өөрчлөгдөнө. Дэлхий дээр аймшигтай нөхцөл байдал үүссэн ч таны итгэлийн суурь бат бөх байх болно. Эдгээр зүйлийг хийвэл та зүгээр байна. Та хамгаалагдах болно.

Энэ нь Хуучин Гэрээнд гардаг уяман өвчтэй цэргийн жанжин Нааманы түүхийг санагдуулдаг. Түүнийг эш үзүүлэгч Елиша дээр очиход тэрээр долоон удаа Иордан голд биеэ угаа гэж хэлдэг. Цэргийн жанжин үүнийг тэнэг хэрэг гэж бодсон боловч эргэн тойрных нь хүмүүс түүнийг зөвлөгөөг дагахад урамшуулжээ. Мөн түүнд энгийн болох тэр зүйлийг үйлдэх итгэл байлаа. Тэрээр цэвэр болсон юм. (Хаадын дэд 5:1–15-ыг үзнэ үү.)

Зураг
Сикахэмагийн гэр бүл

Ахлагч Сикахэмагийн гэр бүл

Ирээдүйгээ Тэнгэрлэг Эцэгийн мутарт даатга

Би мэргэжлийн боксын тамирчин болоогүй ч айдастайгаа нүүр тулах талаар зарим зүйлийг сурсан. Залуу хүний хувьд яг одоо танд тулгарч буй бүх шийдвэр, сорилт бэрхшээл байгаа хэдий ч таныг би Сүнсний нөлөөг үргэлж хамт байлгахын тулд чадах бүхнээ хийхийг гуйж байна. Энэ бол түлхүүр нь юм. Ерөнхийлөгч Нэлсон саяхан “Цар тахал, цунами, галт уулын дэлбэрэлт, зэвсэгт дайсагнал зэргээс үүдсэн айдас, тодорхойгүй байдлын дунд сүнслэг эерэг инерц биднийг урагш хөдөлгөсөөр байх болно. Сүнслэг инерц нь дайсны цуцашгүй, хорон муу дайралтыг даван туулахад болон сүнслэг суурийг маань ганхуулах түүний оролдлогыг таслан зогсооход бидэнд тусална”1 хэмээн заасан.

Залуу байхдаа өөр орон руу цагаачлах үед амьдрал бүр ч тодорхой бус санагдаж байсан. Гэхдээ би ажил амьдралынхаа туршид тодорхой бус зүйлтэй нүүр тулахдаа Христийн шавийн хувьд бид замд маань буй ямар ч айдас, бэрхшээлтэй нүүр тулж чадахыг сурсан.

Та сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, итгэл үнэмшилдээ бат зогсон, бошиглогчдыг дагах үед ирээдүй тань тийм ч айдас хүрэм байхгүй. Мөн та айдас, эргэлзээг үл харгалзан итгэлээр урагшлах боломжтой болно. Таныг ирээдүйгээ бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн мутарт даатгах үед Тэр үргэлж таны дэргэд байх болно гэдэгт та нар итгэж болно.