2023
Амьдрал минь харанхуйлсан үед би Христ рүү хандсан
2023 оны 3-р сар


“Амьдрал харанхуйлсан үед би Христ рүү хандсан,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Залуучуудад зориулав

Амьдрал минь харанхуйлсан үед би Христ рүү хандсан

Миний эргэн тойронд маш олон хар бараан зүйл тохиолдож байхад би Христ дээр сууриа тавих гэдэг юу гэсэн үг болохыг сайн мэдэхгүй байсан.

Зураг
Гэрэл рүү харж буй эмэгтэй

Загвар өмсөгчдийн оролцоотой авсан гэрэл зургийг Getty Images-ээс авав

Саяхны Ерөнхий чуулган дээр Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг дэлхийд тохиож буй аюулт цаг үеийн тухай “Төлөөлөгч Паул ‘Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав’ (2 Тимот 3:1) гэж Тимотод хандан бичиж байв.

… Тиймээс Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын тулд байгуулж, дагавал зохих гэрээнүүдээ хүндэтгэх нь амар биш, харин илүү хэцүү байх болно”1 хэмээн хэлсэн.

Эдгээр үгийг сонсоход надад түгшүүр төрөв. Би Венесуэлд өөрийнхөө гэр оронд байхдаа олон сорилттой тулгарч байна. Гэтэл “Дэлхий улам харанхуй болж байхад би яаж өөдрөг байх юм бэ?” “Ийм хар бараанаар дүүрэн одоо цагт яаж ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харах вэ?” гэсэн асуултууд зүрхний минь гүнд байв.

Харин ерөнхийлөгч Айринг шийдэл санал болгосон юм. Тэрээр “Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан” дээр сууриа тавих тухай өгүүлдэг Хиламан 5:12-оос эш татжээ.

Би энэ судрыг үнэн гэдэгт үргэлж итгэдэг байсан ч Аврагч дээр сууриа тавина гэдэг нь хэлэхэд амар, хийхэд хэцүү санагдаж байв. Гэсэн хэдий ч би Христтэй ойртох тусам, итгэлээ Түүн дээр бат бөх тавих үед бүх зүйл миний сайн сайхны төлөө ажилладгийг харсан (Сургаал ба Гэрээ 90:24-ийг үзнэ үү).

Орхигдсон мэт санагдах

Хоёр сарын өмнө би гэр бүлээсээ сэтгэл зовоосон нэгэн мэдээ сонссон юм. Амьдрал маань миний өмнө нурж унах шиг болов. Бие минь бүхэлдээ мэдээгүй болох шиг болж, будилж, түгшсэндээ бие маань өвдөв.

Би итгэлтэй байх гэж хичээж байхдаа, яагаад ийм зовлон зүдгүүр тохиолдоод байгааг ойлгосонгүй. Би ямар нэг буруу зүйл хийсэн юм болов уу гэж гайхаж эхлэв. Ирээдүй бүрхэг харагдаж, би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хаягдсан мэт санагдаж байлаа.

Ийм хэцүү үеийг туулж байхдаа би сайн найзтайгаа ярилцсан юм. “Энэ нөхцөл байдал бол Их Эзэнтэй харилцах хувийн харилцааныхаа талаар тунгаан бодох сайхан боломж гэж би бодож байна. Юу ч болсон хамаагүй Түүнд хандаж тусламж хүсэх нь чамаас шалтгаална. Хэрэв тэгвэл Тэр чамд яг одоо хэрэгтэй байгаа хайр, тусламжийг өгөх болно” гэж миний хэзээ ч мартахааргүй зүйлийг хэлсэн билээ.

Түүний үг миний харах өнцгийг өөрчилсөн. Би нөхцөл байдлаасаа болж уурлаж, гомдож, эргэлзэж байсан ч надад сонголт байв. Бид юу ч туулж, ямар ч айдас, бэрхшээлтэй тулгарч байсан, Есүс Христ үргэлж бидний хажууд байдаг. Бидэнд Түүний зүг итгэлтэйгээр эргэж, бэрхшээлтэй цаг үед Түүнээс холдохгүй байх сонголт бий.

Ингэснээр бид Түүнд итгэх итгэлийнхээ суурийг бэхжүүлж, дэлхий дээрх зовлон бэрхшээлийг даван туулдаг. Түүнийг сонгосноор.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Энэ цэвэршүүлэгчийн гал дунд Бурханд уурлахын оронд Түүнд ойрт. Хүүгийн нэрээр Эцэгийг дууд. Өдөр бүр Тэдэнтэй хамт Сүнсэнд алх. Цаг хугацаа өнгөрөх тусам Өөрсдийн үнэн мөн чанарыг танд гэрчлэх боломжийг Тэдэнд олго. Тэднийг танихаар мөн өөрийгөө мэдэхээр ирэгтүн”2 гэж заасан.

Христ намайг Өөрт нь хандаж тусламж гуйгаасай гэж хүлээж байсан. Энэ нь Тэр миний бүх бэрхшээлийг арилгаж эсвэл миний амьдрал, гэр бүл дэх зүйлсийг даруй засна гэсэн үг биш, харин Тэр намайг илүү сайн болж, баяр баясгаланг олж, улам хүчирхэг болоход тусалсан юм.

Мөн цаг хугацаа өнгөрөхөд би Аврагчийг залбирал, судар судлал, итгэлээр дамжуулан эрэлхийлэхэд Тэр надад гэр бүлийн гишүүдээ уучилж, хэдий зарим сорилт дуусаагүй байгаа ч гэсэн амьдралдаа дахин баяр баясгаланг урихад тусалсан.

Аюулгүй байх амлалт

Эдгээр эцсийн өдөр аюултай байх нь дамжиггүй. Бид дайн, дайны цуурхал, тахал, байгалийн гамшгийн тухай сонсдог бөгөөд цаашид улам хүнд хэцүү үе ирнэ гэж би боддог. Гэсэн ч бидний хад болох Есүс Христ дээр суурилан барьж босгон, Түүнд найдах нь бид юу ч туулж байсан бай амар амгалан, баяр баясгаланг бидэнд үргэлж өгөх болно. Ерөнхийлөгч Айрингийн зааснаар, “Өөртөө болон хайртай хүмүүстээ сэтгэл зовниж буй хүмүүс ирж буй шуурганаас хоргодох аюулгүй газрын талаарх Бурханы амлалтаас итгэл найдвар олж болно.”3

Ямар гайхалтай, хүчирхэг амлалт вэ. Би энэ амлалт миний амьдралд биелэхийг харсан. Энэ бол Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ бөгөөд Тэр бээр бүх адислалын эх сурвалж гэдгийг би мэднэ. Тэр бол гэрэл, бидний Аврагч, бид бол Түүний хоньд. Түүнийг болон итгэлийг сонгоцгооё.

Зохиогч Венесуэлийн Зүлиа хотод амьдардаг.