2023
Хонхот цамхгаас надад ирсэн сануулга
2023 оны 3-р сар


“Хонхот цамхгаас надад ирсэн сануулга,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Хонхот цамхгаас надад ирсэн сануулга

Хэрэв би сүнслэг өдөөлтийг дагасан бол бидэнд Жүзэппэд сайн мэдээг заах илүү их цаг гарах байсан.

Зураг
Хонхот цамхаг

Нэгэн бэлтгэлийн өдөр би номлолын хамтрагчийнхаа хамт Италийн Парма дахь сүмд зочилж байлаа. Тэнд байх үзэсгэлэнт зургуудыг гайхан бишрэх зуураа би нэгэн лам миний ойролцоо юм уншиж байхыг харав. Би түүнтэй Мормоны Номын талаар ярих сүнслэг өдөөлт хүлээн авсан боловч айж байлаа.

Католик сүмийн лам өөрийнх нь сүм дотор нэг номлогч өөр сургаал зааж байхад яаж ч хүлээж авах вэ дээ? Сүнслэг мэдрэмж дахин төрсөн ч би үүний дагуу үйлдсэнгүй.

Хэдэн долоо хоногийн дараа манай байранд байрладаг нөгөө хоёр ахлагч гудамжинд хүмүүстэй ярьж байхдаа Жүзэппэ хэмээх ламтай уулзсан талаараа хэлэв. Тэднийг түүнд хичээл заасны дараа тэрээр Мормоны Номын нэг хувийг авсан байна.

Номлогчдыг Жүзэппэтэй долоо хоногийн дараа уулзахад тэр номын хэсгээс олныг нь уншсан байлаа. Түүний сэтгэл их хөдөлсөн байв.

Номлогчдыг Жүзэппэтэй дахин уулзахаас өмнө хамтрагч маань солилцоогоор өөр газар луу явсан тул би мөнөөх хоёр ахлагчтай хамтрал болов. Би сүм рүү явж Жүзэппэд заах үедээ, өмнө нь түүнтэй ярих хэрэгтэй гэсэн мэдрэмж авсан ламыг тэнд байсанд гайхсангүй.

Тэр бидэнд Алмагийн номыг төлөөлөгч Паултай адилтган уншсан тухайгаа хэлэв. Бид түүнд хоёр дахь хичээлийг заахаар шийдсэн ба уг хичээлийн төгсгөлд баптисм хүртэх урилга өгөх байсан юм. Хичээл өндөрлөж байхад, Жүзэппэг Есүс Христийн үлгэр жишээг дагаж баптисм хүртэхэд урихын яг өмнөхөн сүмийн хонх дуугарч ,биднийг цочоов.

Жүзэппэ цаг хэд болж байгааг мартсан байсан бөгөөд үдийн залбиралд бусад ламтай нэгдэх хэрэгтэй талаараа бидэнд хэлсэн. Дараа нь тэр хүлцэл өчин, шашныхаа дагуу бясалгах гэж буй тул дараа нь дахиж уулзах боломжгүй талаараа хэллээ. Үүний дараа тэрээр пристээр томилогдох байжээ.

Тэрхүү чухал мөч хэрхэн сарнин алга болсонд бид бүгд гайхлаа. Хэрэв би өмнө нь мэдэрсэн сүнслэг өдөөлтөө дагасан бол бидэнд Жүзэппэд сайн мэдээг заах илүү их цаг гарах байсан. Миний мэдэхээр номлогчид түүнд дахин заагаагүй юм.

Энэхүү үйл явдлын дараа хонхот цамхгийн чимээ бидэнд өгөгдсөн цаг хугацаа ямар ахархан болохыг надад сануулдаг болсон билээ. Номлолынхоо үлдсэн хугацаанд хонхот цамхгийн дуугарах дууг сонсох бүрдээ би сайн мэдээний талаар чадах бүхнээ хэлэх хүсэл эрмэлзэлтэй болсон. Одоо ч би Сүнсний өдөөлтийг дагахыг хичээдэг.