Судрын түүхүүд
Алма Мормоны усанд


“Алма Мормоны усанд,” Мормоны Номын түүхүүд (2023)

Мозая 18; 23

Алма Мормоны усанд

Бурханы хүмүүс болох нь

Зураг
Ус руу харж буй Алма

Алма Ноа гэдэг хааны санваартан байжээ. Алма Абинадай хэмээх Бурханы бошиглогчийг Ноад хөнөөгдөхөөс өмнө аврахыг оролдсон юм. Гэвч Ноа Алмад уурлаж, Алмаг ч бас хөнөөхийг хүссэн юм. Алма Ноагаас зугтан аюулгүй үлджээ. Өдөр нь Алма Мормоны ус гэх газрын ойролцоо нуугддаг байлаа.

Мозая 17:2–4; 18:4–5, 8

Зураг
Алма усны дэргэд өвдөг сөгдөн залбирч байгаа нь

Алма Есүс Христийн тухай заасан Абинадайд итгэсэн аж. Тэр Бурханаас өөрийнхөө гэм нүгэл, алдаануудыг өршөөхийг хүсэв.

Мозая 18:1–2

Зураг
Шөнийн цагаар хотод Алма байгаа нь

Алма хүмүүстэй нууцаар уулзаж тэдэнд Есүсийн талаар зааж байв. Тэр өөрийг нь сонсох бүгдэд заажээ.

Мозая 18:1–3

Зураг
Усны дэргэд зааж байгаа Алмаг хүмүүс сонсож байгаа нь

Олон хүн Алмад итгэжээ. Тэд Алмагийн зааж буйг сонсохоор Мормоны ус руу явцгаав.

Мозая 18:3–8, 31

Зураг
Алма газарт суун усны дэргэд зааж байгаа нь

Итгэгчид Бурханы хүмүүс гэж дуудагдан, тусламж хэрэгтэй хүмүүст туслан, бусдад Бурханы талаар ярихыг хүсэж байлаа. Тиймээс Алма тэднийг баптисм хүртэхэд урив. Баптисм хүртсэнээр тэд Бурханд үйлчилж, Түүний зарлигуудыг дагана хэмээн Түүнтэй гэрээ байгуулах буюу амлалт өгөх болно. Хариуд нь Бурхан тэднийг Өөрийн Сүнсээр адислах юм.

Мозая 18:8–10, 13

Зураг
Усанд Алма нэгэн эмэгтэйд баптисм хүртээж байгаа нь

Хүмүүс маш их баяртай байв. Тэд алгаа ташиж, баптисм хүртэхийг хүсэж байгаагаа хэллээ. Алма тэдний нэг бүрийг Мормоны усанд баптисм хүртээв. Тэд бүгд Бурханы Сүнсээр бялхан тэднийг гэх хайрыг мэдэрчээ. Тэд Христийн сүмийн гишүүд болов.

Мозая 18:11–17, 30

Зураг
Ноа хаан уурлан хуруугаараа зааж байгаа нь

Ноа зарим хүмүүсээ нутгийг нь орхин явж байгааг харсан аж. Тэр тэднийг ажигла хэмээн зарц нараа илгээв. Хүмүүс Алмагийн сургаалыг сонсохоор Мормоны нутаг руу явахыг зарц нар нь харжээ. Ноа маш их уурлав. Тэр Алма болон Алмагийн зааж буй хүмүүсийг хөнөөхөөр армиа илгээлээ.

Мозая 18:31–33

Зураг
Алма ба түүний хүмүүс холын аянд гарч байгаа нь

Бурхан Алмад уг армийн талаар анхааруулжээ. Бурханы тусламжтайгаар Алма ба түүний хүмүүс тэр нутгийг аюулгүйгээр орхин гарав. Өнөөх арми тэднийг барьж чадсангүй. Тэд найман өдрийн турш аглаг буйдаар алхаж нэгэн үзэсгэлэнт газар ирэв. Тэнд тэд шинэ гэрээ барьжээ. Алма хүмүүст зааж, тэд Бурханд өгсөн амлалтаа биелүүлэв.

Мозая 18:34–35; 23:1–20