2008
Есүс Христэд Итгэх Итгэл
2008 оны гуравдугаар сарын сар


Есүс Христэд Итгэх Итгэл

Зураг
Elder Russell M. Nelson

Анагаах ухааны эмч болох урт зам маань зөвхөн эхлэл төдий байсан юм. Үүний дараагаар би эмнэлэгт ажиллаж, судалгаа шинжилгээ хийн, мэргэшсэн чиглэлээрээ суралцаж, мөн зэрэг ахиулах шалгалтуудыг өгч олон жилийг өнгөрөөв. Ийнхүү олон жил суралцан үйлчилж мөн шинээр бий болж байсан зүрхний нээлттэй мэс заслын салбарт ажиллаж байсан минь хожим нь надад хүний биеийн бүтэц хийгээд үйл ажиллагааг хүндэтгэн бишрэх сэтгэлийг бий болгосон билээ. Энэхүү бүтээл нь үнэхээр тэнгэрлэг юм гэдэгт би итгэсэн.

Хүний гайхамшигтай бие

Хүний биеийн үүслийн талаар бодоод үзье. Энэ нь нэг нь эхээс ирэх, харин нөгөө нь эцгээс ирэх хоёр нөхөн үржхүйн эсийн нэгдлээс бий болдог. Эдгээр хоёр эс нь хоёул шинээр бий болох хүний бүхий л удамшлын мэдээллүүдийг энгийн нүдэнд үл харагдах маш өчүүхэн зайд хадгалж байдаг. Эцэг эх тус бүрээс хорин гурван хромосом ирж нэг эсэд нийлнэ. Эдгээр хромосомууд нь төрөх хүүхдийн биеийн шинж чанарыг тодорхойлох мянга мянган генүүдийг агуулж байдаг. Ойролцоогоор 22 өдрийн дараа тэдгээр эсүүд нэгдэж нэгэн бяцхан зүрх цохилж эхэлнэ. Харин 26 өдөр болоход цус эргэлдэж эхэлдэг. Эсүүд нь олширч мөн хуваагдана. Тэдгээрийн зарим нь харах нүд болж, харин зарим нь сонсох чих болон мэдрэх хуруу болон хөгждөг.

Эрхтэн бүхэн бол гайхамшигтай бүтээл мөн. Нүд гэхэд өөрийн гэсэн фокусын линзтэй байдаг. Мэдрэлүүд болон булчингууд нь хоёр нүдэнд гурван хэмжээст дүрсийг харах боломжийг олгодог байна. Чих гэхэд дууны долгионыг хөрвүүлж тархинд мэдэгдэх дууны өнгө болгодог жишээтэй.

Зүрх нь цусны эргэлтийг хянах дөрвөн тусгай хавхлагаас бүрддэг. Тэдгээр нь өдөрт 100,000-аас илүү , жилд 36 саяас илүү удаа нээгдэж мөн хаагдаж байдаг. Өвчин л тусахгүй бол тэдгээр нь энэ ачааллыг тэсвэрлэсээр л байх болно. Хүний хийж чадах ямар ч материал үүн шиг удаан хугацаанд эвдрэхгүйгээр хэлбэлзэлд орж чадахгүй. Өдөр болгон насанд хүрсэн хүний зүрх 2,000 галлон (7,570 л) савыг дүүргэхүйц хэмжээний шингэнийг юүлж байдаг. Зүрхний дээд талд орших хэсэг нь эрчим хүчний эх үүсвэр бөгөөд мянга мянган булчингийн судлуудад нөлөөлж, энергийг тусгай судлаар доош дамжуулж хөдөлгөөнийг бий болгодог.

Биеийн нөөц системийг бодоод үз. Хос эрхтэн бүрийг нөгөө ижил эрхтэн нь хормын хугацаанд орлож, дэмжлэг үзүүлэх боломжтой байдаг. Тархи, зүрх, элэг гэх мэт ганц байх эрхтнүүд нь хоёр чиглэлд урсах цусан хангамжаар тэжээгдэж байдаг. Энэ нь хэрэв цусны эргэлт зогслоо гэж үзвэл эрхтэнг нөгөө урсгалын цусаар хангах явдал юм.

Биеийн өөрийгөө хамгаалах чадварын талаар авч үзье. Өөрийгөө аюул, гэмтлээс хамгаалахын тулд бие эрхтэн маань өвдөлтийг мэдэрдэг. Халдварын нян таарвал бие дархлаажуулалтыг бий болгодог. Тэдгээр нь зөвхөн нянг устгах бус мөн ирээдүйд тулгарах халдварын нянг эсэргүүцэхээр хөгжиж байдаг.

Бие хэрхэн өөрийгөө нөхөн сэргээдэг талаар бодоод үзье. Хугарсан яс бороолж, дахин бат бэх болдог. Арьс шалбарсан үед өөрийгөө эмчилдэг. Цусны судсанд гарсан нүх өөрийгөө нөхдөг ажээ. Бие нь хуучин эд эсээ шинэчилдэг.

Бие нь өөрийн нэн чухал бүрэлдэхүүн хэсгүүдээ зохицуулж байдаг. Шаардлагатай элементүүд болон бүрэлдэхүүний түвшингүүдийг бие нь цаг ямагт тохируулж байдаг. Орчны температурын хэлбэлзлээс үл хамааран биеийн температур нь нарийн хязгаарлалтын дотор хянагдаж байдаг.

Олон жилийн туршлага дээрээ үндэслэн энэ биетэй холбоотой бүхий л хууль дүрмүүдийг ёсчлон биелүүлсэн цагт л биеийн эдгээлт бий болдгийг би мэдэж авсан1. Биеийн бүтэц хийгээд үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагддаг аж. Энэ талаар судрын нэгэн шүлэг ийнхүү хэлжээ: “Хаант улс болгонд хууль өгөгдсөн бөгөөд хууль болгонд тодорхой хил хязгаар хийгээд нөхцөлүүд бий.”2

Олон янзын шинжлэх ухааны салбар дахь эрдэмтэд далайн талаарх таавар, сарны хөдөлгөөн, хийгээд тэнгэр дэх оддын байршлын талаар ижил төсөөтэй хууль ба дэг жаягийг баримталдаг. Иймэрхүү хууль хийгээд дэг жаягууд нь бүхий л бүтээлийн үндэс суурь болдог төдийгүй эдгээр хуулиудыг нээж, тодорхойлж болно. Тэдгээрийн үр дагаврууд нь хэмжигдэх боломжтой. Ийм зохион байгуулалт нь Бүхний Дээд Бүтээгчийг гэрчилдэг юм.3

Нөгөөтэйгүүр итгэлийн зүйлсийг хэмжиж болдоггүй. Гэвч Бурханд итгэх итгэл хийгээд ертөнцийн хууль ёсны хоорондох хамаарлыг сударт илчилсэн байдаг:

“[Бурхан] бүхий л зүйлсүүдэд хуулийг өгсөн бөгөөд тэрхүү хуулийн дагуу тэдгээр нь өөрсдийн цаг үед, мөн өөрсдийн шалтгаанаар хөдөлдөг;

“Мөн тэдгээрийн замналууд нь тогтоогдсон бөгөөд дэлхий хийгээд бүхий л огторгуйг багтаах тэнгэрүүдийн болоод газар дэлхийн замналууд бөлгөө…

“Болгоогтун, эдгээр бүгд нь хаант улс бөгөөд, хэрэв хэн нэг нь тэдгээрийн аль нэгийг эсвэл бүр өчүүхнийг нь ч болтугай харвал Бурхан тэдгээрийг өөрийн сүр мөн хүчээр хөдөлгөдгийг харсан ажгуу.”4

Бүтээлтийн тэнгэрлэг шинж чанар

Тэнгэр, газар хийгээд дэлхий дээрх бүхий л зүйлс нь тэнгэрлэгээр бүтээгдсэн хэмээн судрууд тунхагладаг.5 Бүтээлтэнд Бурхан болон Түүний Хүү Есүс Христ хамтран оролцсон талаар илүү их зүйлийг сурахад судрууд бидэнд тусалдаг. Библийн эхний хэсэгт: “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ,”6 тэгээд “Бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээж, … Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.”7 гэж гардаг. Абрахамын номонд: “Бурхад өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээхээр доош явж, Бурхадын дүр төрхөөр тэднийг бий болгов, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тэд бүтээв”8 гэж сургадаг.

Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн Хайрт Хүү болон бүхий л хүн төрөлхтний төлөөх сэтгэгдлийг сударт ийнхүү бичиглэжээ: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”9

Иоханы ном дараах тунхаглалаар эхэлдэг:

“Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан.

“Энэ нэгэн эхэнд Бурхантай хамт байсан.

“Бүх юм түүгээр бий болсон. Бий болсон юмнаас түүнгүйгээр бий болсон нэг ч юмс үгүй.”10

Энэхүү судар нь Бурханы Үгс11 гэдэг бол энэ огторгуй ертөнц хийгээд бүхий л амьдралын Бүтээлийг захирах Бурханы хувийн элч болох Есүс Христ юм гэсэн утгыг илэрхийлдэг.

Энэхүү баримт нь Тэнгэрлэг Эцэгийн Мосед хэлсэн дараах үгсээр батлагдсан юм:

“Мөн Би өөрийн хүч чадлын үгээр тэдгээрийг [дэлхий хийгээд үүн дээр оршигчид] бүтээв, тэрхүү үг нь миний Цорын Ганц Хүү бөгөөд Тэрээр ач ивээл болон үнэнээр дүүрэн бөлгөө.

“Мөн Бибээр тоо томшгүй олон ертөнцийг бүтээсэн; ба тэдгээрийг Би мөн өөрийн хувийн зорилгоор бүтээсэн бөгөөд өөрийн Цорын Ганц Хүүгээрээ бүтээлгэсэн бөлгөө.”12

Өөр олон судрууд Эцэгийн заавар дор Есүс Христ бол Бүтээгч гэдгийг нотолдог.13 Хамгийн гайхамшигтай тод жишээнүүдийн нэг нь Түүний өөрийн гэрчлэл юм: “Болгоогтун, Би бол Бурханы Хүү Есүс Христ бөлгөө. Би тэнгэр, газрыг мөн тэдний дээр буй бүх зүйлийг бүтээсэн билээ. Би эхлэлээс Эцэгтэй хамт байсан.”14

Есүс Христэд итгэх итгэлийн өсч өөрчлөгдөх үйл явц

Хэн нэгний хувьд дээрх ойлголтыг хүлээн зөвшөөрөхөд хүчтэй итгэлтэй байхыг шаардана. Итгэл нь хувийн гэрчлэлийн үндэс суурь нь болж байдаг. Сайн мэдээний анхны зарчим нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр эхэлдэг.15 Үүний талаар Паул хэлэхдээ: “итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн”16 хэмээв. Тэрээр мөн нэмж “ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор үндэслэж суурилаад, … Христийн хайрын гүн болохыг ойлгох болтугай”17 гэв. Мөн Паул биднээс “Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн хийгээд итгэлийн нэгдэлд ирцгээ”18 хэмээн хүссэн билээ.

Мормоны Номоос “өөрсдийн итгэлийн учир бид Христээр амьд болгогдсон… . Мөн бид Христийн тухай ярих, бид Христэд баясах, бид Христийн талаар номлох, бид Христийн тухай бошиглох, мөн бид өөрсдийн бошиглолуудын дагуу бичих, бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар уг сурвалжийг хайж болохыг мэдэж болох хэмээхийн тулд болой.”19 гэдгийг бид сурдаг.

Түүнд итгэх итгэлээс урсан ирэх адислалууд нь мөн Мормоны Номонд илчлэгдсэн байдаг. Тэндээс бид “Та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнхийн амьдрал байх болно.”20 Энэ бол “Бурханаас ирэх бүхий л бэлгүүдээс хамгийн агуу нь”21 болохыг уншдаг.

Их Эзэнд итгэх хүчирхэг итгэл нь бүрэн хөрвүүлэлт хийгээд Түүний ариун үйлсэд зүрх сэтгэлээ зориулахад чиглүүлдэг. Бид гэрээний хүүхдүүд хийгээд Бурханы хүүхдүүд болдог. Үүнийг судар ийнхүү нотлон өгүүлэв: “Мөн эдүгээ, та нарын хийсэн тэр гэрээний учир та нар Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдсэн байх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг оюун санаагаар чинь төрүүлсэн; тодруулбал та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэлэх; тиймийн тул, та нар түүнээс төрсөн мөн түүний хөвгүүд мөн охид болсон бөлгөө.”22

Их Эзэнд итгэх хүчирхэг итгэл нь хөрвүүлэлт, зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлт,23 хийгээд бодлын өөрчлөлтийг дэлхийн замаас Бурханлаг байдлын замд авчирдаг. Энэ нь хүнийг “зүрх сэтгэлийн бүрэн зорилготойгоор”24 наманчлахад хүргэдэг. Үүний сацуу Алма хэлрүүн, “Тэдэнд наманчлал, мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг номло; тэдэнд өөрсдийгөө даруусгаж мөн зүрх сэтгэлдээ даруу мөн номхон байхыг заа. Тэдэнд чөтгөрийн уруу таталт болгоныг, Их Эзэн Есүс Христэд итгэх өөрсдийн итгэлээр сөрөн зогсохыг заа.”25

Мормоны Ном нь Иудейчүүд болон Харийнханд Есүс бол Христ, мөнхийн Бурхан гэдгийг итгүүлэхийн тулд оршин тогтнодог.26 Мормоны Номыг уншиж, хэрэв энэ нь үнэн эсэхийг итгэлтэйгээр асуух тэдгээр нь энэхүү номын үнэний гэрчлэлийг авах болно. Мөн тэдгээр нь “Есүс Христ бол дэлхийн Аврагч, мөн Иосеф Смит бол энэ хожмын үед түүний илчлэгч хийгээд бошиглогч мөн гэдгийг мэдэх болно”27

Есүс Христэд Итгэх Итгэл Аврал хийгээд Өргөмжлөлд Нэн Чухал

Есүс Христэд итгэх итгэл нь зөвхөн энэ амьдралд адислалыг авчирдаг бус, мөн бидний мөнхийн аврал хийгээд өргөмжлөлд нэн чухал юм. Сударт өгүүлснээр “Бүхий л хүмүүс наманчилж, Есүс Христийн нэрэнд итгэн, түүний нэрээр Эцэгийг шүтэн биширч, мөн Түүний нэрээр эцсийг хүртэл итгэлтэйгээр тэвчих ёстой, эс бөгөөс тэд Бурханы хаант улсад аврагдаж чадах нь үгүй”28 хэмээжээ. Мөн Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ “амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэлийг”29 заах хариуцлагыг өгсөн билээ.

Есүс бол Христ, Амьд Бурханы Хүү гэдгийг би гэрчилж байна. Тэр бол биднийг Бүтээгч, Аврагч мөн Гэтэлгэгч,30 Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч,31 Хамгаалагч,32 хийгээд Хуучин Гэрээний Иехова33 юм. Тэр бол амлагдсан Иммануел,34 адислагдсан Мессиа,35 бөгөөд бидний агуу Үлгэр Жишээ36 бөлгөө. Нэгэн өдөр Тэрээр хаадын Хаан, эздийн Эзэн37 болон эргэн ирж, захирах болно. Эцэст нь, бид бүгд шүүлтийн өдөр Түүний өмнө зогсох болно.38 Бид бүхний итгэл Түүнд зөвшөөрөгдөх болтугай гэж би залбирнам.

Тэмдэглэлүүд

  1. “Бид Бурханаас ямар нэг адислал хүлээн авах үед энэ нь өмнө тогтоогдсон тэрхүү хуульд дуулгавартай байснаар бий болдог” (С ба Г 130:21) хэмээн Их Эзэн хэлснээр энэхүү гол ойлголт нь бий болсон.

  2. С ба Г 88:38.

  3. Алма 30:44-ийг үз

  4. С ба Г 88:42–43, 47.

  5. Колоссай 1:16; Мозая 4:2, 9; 5:15; Алма 18:28; 22:10; Мосе 3:5.

  6. Эхлэл 1:1.

  7. Эхлэл 1:27.

  8. Абрахам 4:27.

  9. Иохан 3:16.

  10. Иохан 1:1–3.

  11. Грек хэлээр, Logos (“үг” гэдэг нь) Христийн бас нэгэн нэр юм.

  12. Мосе 1:32–33; онцлон тэмдэглэлт нэмэгдэв.

  13. Ефес 3:9; Мозая 3:8–11; Хиламан 14:12; Moрмон 9:8–14-ийг үз.

  14. 3 Нифай 9:15. Их Эзэн хожим нь хэлэхдээ, “Болгоогтун, Би бол тэнгэрүүд хийгээд газрыг бүтээсэн Есүс Христ, амьд Бурханы Хүү бөгөөд харанхуйд үл далдлагдах гэрэл бөлгөө” (С ба Г 14:9).

  15. Итгэлийн Тунхаг 1:4-ийг үз.

  16. Еврей 11:1.

  17. Ефес 3:17–19.

  18. Ефес 4:11–13; мөн Галат 3:26–29-ийг үз.

  19. 2 Нифай 25:25–26.

  20. 2 Нифай 31:20; мөн Инос 1:8; Мозая 3:12-ыг үз.

  21. С ба Г 14:7.

  22. Мозая 5:7.

  23. Алма 5:12–14-ийг үз.

  24. 2 Нифай 31:13; мөн Иаков 6:5; Мозая 7:33; 3 Нифай 10:6; 12:24; 18:32-ыг үз.

  25. Алма 37:33; мөн Мормон 9:37; Moронай 7:25–26, 33–34, 38–39-ийг үз.

  26. Мормоны Номын нүүрний хуудсыг үз.

  27. Мормоны Номын удиртгал хэсэг.

  28. С ба Г 20:29.

  29. С ба Г 68:25; мөн Мосе 6:57–62-ыг үз.

  30. Исаиа 49:26; 60:16; 1 Нифай 21:26; 2 Нифай 6:18.

  31. С ба Г 29:5; 110:4-ийг үз.

  32. 2 Самуел 22:2; С ба Г 138:23-ыг үз.

  33. С ба Г 110:3.-ыг үз.

  34. Исаиа 7:14.

  35. 2 Нифай 25:14–19-ийг үз.

  36. Иохан 13:15; 3 Нифай 27:21-ийг үз.

  37. Илчлэл 17:14; 19:16-г үз.

  38. Илчлэл 20:12; 1 Нифай 15:33; 2 Нифай 9:22, 44; 28:23; Алма 5:15; 3 Нифай 27:14; Moрмон 3:20; 9:8–14-ийг үз.