2008
ТА НАР НАМАЙГ ХЭН ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?
2008 оны гуравдугаар сарын сар


“ТА НАР НАМАЙГ ХЭН ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?”

Энэхүү асуултыг Аврагч шавь нараасаа асуухад Петр: “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” (Матай 16:15–16-г үз) гэв. Үүний адил асуултанд дэлхий нийтийн өсвөр үеийнхэн хийгээд залуу насанд хүрэгчид ийнхүү хариулсан байна:

Есүс Христ миний төлөө маш олон зүйл хийсэн. Тэрээр надад сайн мэдээг болон гэр бүлийг өгсөн. Тэрээр хичээл сургуульд маань тусалдаг. Би хэд хэдэн тэтгэлэгт хамрагдсан бөгөөд үүнийг Түүнээс ирсэн адислал хэмээн итгэдэг. Хэрэв Тэрээр бидэнд хэрхэн амьдрах талаар заахаар ирээгүй байсан бол бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж чадахгүй байх байсан.

Брайн Н., 13 настай, Хондурас

Аврагчийн шаналал, үхэл, болоод Цагаатгалаар дамжуулан бид амилж, мөн сүнслэгээр болон бие мах бодиороо гэтэлгэгдэж чадна гэж би мэднэ. Итгэл болон наманчлалаар бид нүглүүдээсээ өршөөгдөж чадна гэдгийг би мэдэж авсан.

Иоан O., 19 настай, Филиппин

Нилээд хэдэн жилийн өмнө дэлхий дээр нэгэн хүн амьдарч байсан бөгөөд тэрээр үйлс болон үгсээрээ сая сая хүн болон миний зүрх сэтгэлийг эзэмдсэн юм. Тэр бол Есүс Христ юм. Түүний цагаатгалын золиослол нь амьдралд маань нөлөөгөө үзүүлсээр байна. Түүний шархаар дамжуулан бидний шарх эдгээгддэг нь гайхалтай билээ. Яагаад гэвэл би Есүс бол Христ гэдгийг мэднэ, би бүрэн цагийн номлолд үйлчлэн Түүний төгсөшгүй хайрыг мэдэрч амжаагүй дэлхийн хүмүүст Түүний сайн мэдээг түгээхээр бэлдэж байгаа. Тэр бол бодгалийн минь Аврагч хийгээд Гэтэлгэгч юм.

Кристиан M., 24 настай, Хорват

Есүс Христ бидний төлөө хэний ч хийж чадахгүй зүйлсийг хийсэн билээ. Миний хувьд гэвэл Аароны санваарыг хүлээн авсан минь гайхалтай мөч байлаа. Учир нь энэ бол Их Эзэний надаар хийлгэхийг хүссэн зүйл гэдгийг би мэдсэн. Би Түүний үлгэр жишээг дагасан. Тэрээр үргэлжлүүлэн намайг удирдан залж, замыг минь зааж өгөх болно гэдгийг би мэдэж байна.

Лимхи Г ., 17 настай, Мексик

Ээж минь өөд болсны дараа амьдрал маш хэцүү болсон мэт санагдаж байсан. Эцэст нь би зөвлөгөө авах үүднээс бишопдоо хандсан. Түүний юу гэж хэлсэн нь миний төсөөлж байснаас огт өөр байсан хэдий ч амьдралыг минь өөрчилсөн юм. Тэрээр залбирч, судруудыг уншин мөн Аврагч миний төлөө байх болно хэмээн Тэнгэрлэг Эцэгт найдахыг надаас хүссэн. Түүнд ихэд итгэснээр зовлон минь хөнгөрнө гэдгийг тэрээр мөн хэлсэн. Хоёр жил хагасын дараа Аврагч гэж хэн болох, мөн Тэрээр бидний төлөө юу хийсэн зэргээс улбаалан бидэнд үргэлж байнгын амар амгалан байдаг болохыг би мэдэж авсан.

Витний В., 19 настай, Аризона, АНУ

Есүс Христ амьд гэдгийг би мэднэ. Тэрээр надад хайртай бөгөөд миний төлөө Өөрийн амиа өргөсөн. Тэр бол миний анд. Түүний сургаалаар би хэрхэн Түүнтэй адил болохыг сурдаг. Тэр бол шударга, сайхан сэтгэлтэй бөгөөд энэрэнгүй билээ. Тэрээр хүн бүрийн төлөө Гетсеманид тарчилсан. Тэр бол Амьд Христ, миний Аврагч, миний Хад хийгээд Их Эзэн минь гэдгийг би мэднэ.

Клаудиа Р., 25 настай, Мексик

Би бяцхан охин байхаасаа л Сүмд өсөж, Хүүхдийн Хэсэгт явж Есүс Христийн талаар сурч мэдсэн. Түүнээс хойш гэрчлэл маань маш ихээр өссөн. Одоо харин би номлолд үйлчилж буй бөгөөд өдөр болгон сайн мэдээг хуваалцаж, Есүс Христийг гэрчлэх боломжтой байгаа нь надад маш тааламжтай байна.

Би Аврагчийг болон Түүний миний төлөө хийсэн бүгдийн талаар бодох бүрийд Түүнтэй илүү ойр байхыг хүсдэг. Би хүүхэд байхдаа сурсан зүйлсээ одоо л өөрийн болгож байна. Бидний Аврагч Есүс Христийн хайрыг бусад хүмүүст мэдрэхэд нь туслах боломжтой байгаадаа би баярладаг. Энэхүү гэрчлэл нь зүгээр л нэг миний хэлдэг зүйлс биш, харин зүрх сэтгэлийн минь угаас гардаг билээ.

Сьюзана В., 21 настай, Toнга