2008
Гэтэлгэгч Маань Амьд Гэдгийг Би Мэднэ
2008 оны гуравдугаар сарын сар


Гэтэлгэгч Маань Амьд Гэдгийг Би Мэднэ

Би Айдахогийн Бригам Янгийн Их Сургуульд (хуучнаар Рикс коллеж) анх ороод гэрээ маш их санаж билээ. Гэвч хэдэн сарын дараа гэхэд би коллежийн амьдралд дасаж, бүх зүйл сайхан болж байлаа. Гэтэл нэгэн өдөр утас дуугарахад би өрөөндөө хичээлээ хийгээд сууж байлаа.

“Кристи, чамд дуулгах муу мэдээ байна” гэж ээж минь хэлээд хоолой зангируулан “Аав чинь өнгөрсөн шөнө зүрхний шигдээсээс болоод нас барчихлаа” гэж хэлсэн юм.

Ээжийн юу гэж хэлсэнд итгэж ядан, сэтгэлийн гүн цочролд би орсон байв. Би аавтайгаа хэдхэн өдрийн өмнө уулзсан байсан ч үүнийг сүүлчийн удаа байх юм чинээ санасангүй. Эцгийн маань үхэл манай гэр бүл төдийгүй хэсгийнхэнд маань гэнэтийн цочрол болсон юм. Аав маань дөнгөж 53 настай байсан бөгөөд хэсэгтээ бишопоор үйлчилж байсан юм.

Үүний дараа хамаатнууд, найз нөхөд, хэсгийн гишүүд болон хөршүүд утсаар ярьж, мөн айлчилсан өдрүүд өнгөрөв. Бид тэдгээр хүмүүсээс агуу их хайрыг мэдэрч байлаа. Аавын оршуулгын ёслол дээр манай гэр бүлийнхэн түүнтэй өнгөрүүлсэн дурсгалтай мөчүүдээ хуваалцаж, авралын төлөвлөгөө болон үхлийн дараах амьдралын талаар гэрчилсэн юм.

Аав маань итгэлт нөхөр, өөрийгөө зориулсан Хожмын үеийн Гэгээнтэн, Скаутын зүтгэлтэн хийгээд гайхалтай эцэг байсан юм. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралаар олон хүмүүс адислагдсан юм. Оршуулгын ёслолын дараа хамгийн том ах маань булшийг онцгойлон адислаж, бид гэр бүлээрээ зогсоод “Би Бурханы Хүүхэд” (58-р дуулал)-г дуулж мэгшин уйлж байсан билээ.

Оршуулгын маргааш нь би сургууль руугаа буцан явсан юм. Би тийшээ буцаж явмааргүй байсан ч амьдралын жамаар явж, үүрэг хариуцлагаа биелүүлэх хэрэгтэйг ойлгосон юм. Зарим өдөр бусдаасаа илүү амархан өнгөрч байв. Би аавынхаа талаар бодон олон хоног өдрийг өнгөрүүлэн авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг болон Есүс Христэд итгэх итгэл маань аливаа бэрхшээлүүд болон асуултуудтай тулгарахад туслах болно гэдэгт найдаж байв.

Аавыгаа нас барснаас хойш хоёр долоо хоногийн дараа би оюутны хотхон дахь сүмийн байрандаа тэмдэглэлийн дэвтрээ авч очин аавын маань үхлийн эргэн тойронд болсон үйл явдлууд хийгээд өөрийнхөө сэтгэгдлийг тэмдэглэн авч байлаа. Би тийнхүү бичиж байхдаа Сүнсийг маш ихээр мэдэрч, Тэнгэрлэг Эцэг надад хайртай, Түүнд надад онцгойлон зориулсан төлөвлөгөө бий, мөн би хэзээ ч ганцаар бус гэсэн хүчтэй сэтгэгдлийг мэдэрсэн юм. Намайг тэмдэглэлээ бичиж дуусах үед оюутнуудын хотхоны дээрээс хонх дуугарах мэт чимээ гарч, “Би Гэтэлгэгч Амьдыг Мэднэ” (38-р дуулал) дуулал сонсдож байлаа. Тэр дууллын үгс нь агшин зуур миний оюун бодолд орж ирсэн юм:

Би Гэтэлгэгч амьдыг мэднэ.

Энэ нь намайг их тайвшруулж байна!

Тэр амьд, тэр үхээд амилсан.

Тэр амьд, миний Эзэн тэр амьд….

Тэр амьд, айдсыг минь арилгана.

Тэр нулимсыг арчихаар амьд.

Тэр зовсон сэтгэлийг тайвшруулж

Тэр бүхнийг адислахаар амьд.

Би Гэтэлгэгчээ амьдыг болон Тэрээр надад хайртайг мэднэ. Тэрээр үхлээс амилсан учраас биднээс өмнө энэ хорвоог орхисон аав минь болон бусад хайртай бүх хүмүүс маань дахин амьдрах болно гэдгийг би мэднэ. Эдгээр үнэнүүдийг мэдэх нь ямар их тайвшрал билээ.