2008
Бид Есүс Христийг гэрчилдэг
2008 оны гуравдугаар сарын сар


ТЭРГҮҮН ЗӨВЛӨЛИЙН ЗАХИАС БИЧИГ

Бид Есүс Христийг гэрчилдэг

Зураг
President Gordon B. Hinckley

2000-аад жилийн өмнө Иудейн Бетлехемд хүн төрөлхтний Гэтэлгэгч мэндэлсэн юм. Түүнийг бүр бага балчир байхад нь Иерусалем дахь ариун сүмд аваачжээ. Тэнд Мариа, Иосеф хоёр бяцхан хүүгээ ертөнцийн Аврагч болохоор заяагдсан хэмээх гайхалтай бошиглолыг Симеон, Анна нараас сонссон ажээ.

Тэрээр Галилын Назар хотод хүүхэд насаа өнгөрөөсөн бөгөөд Түүнийг 12 настай байхад нь дахин ариун сүмд аваачжээ. Мариа Иосеф хоёр Хүүгээ мэргэн хүмүүстэй ярилцаж байхыг олж харав, “мөн тэд түүнийг сонсож мөн түүнээс асуултууд асууж байв.” (Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:46).

Есүс эрийн цээнд хүрч мөн “бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ” (Лук 2:52). Тэрээр “бүхий л шударга байдлыг гүйцэлдүүлэхийн тулд” (Матай 3:15) Иордан голд Иоханаас баптисм хүртсэн юм. Тэрээр олон түмний дунд тохинууллаа эхлэхээс өмнө 40 шөнө, 40 өдөр мацаг барьж, Сатаны уруу таталтыг хүлцэн тэвчсэн юм. Тийнхүү Тэрээр сургаалаа айлдаж, эдгээж мөн адислахаар аян замд гарсан билээ.

Агуу Иехова

Чухамхүү Есүс Хуучин Гэрээний агуу Иехова байсан бөгөөд Тэрээр дээр оршигч Эцэгийнхээ тэнгэрлэг оршихуйгаас, дэндүү даруухнаар бяцхан хүү болж дэлхийд ирэхийг зөвшөөрсөн юм. Зуу зуун жилийн тэртээ хүүгийн төрөлтийг Исаиа зөгнөн хэлсэн ажээ. Тэрээр бошиглон хэлэхдээ “Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” (Исаиа 9:6) хэмээжээ.

Бидний чин сэтгэлээсээ гэрчилдэг Есүс Христ бол Илчлэгч Иоханы тунхагласнаар “итгэмжит гэрч ба үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч” юм. Тэрээр “Биднийг хайрладаг бөгөөд Өөрийн цусаар биднийг нүглээс чөлөөлж биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай” (Илчлэл 1:5–6).

Дэлхийн Аврагч

Тэрээр бүхнийг чадагч Бурханы Хүү нь байсан бөгөөд байсаар ч байгаа. Тэрээр дэлхий дээрх цорын ганц төгс хүн байсан юм. Тэрбээр өвчтөнийг эдгээж, доголонг алхуулж, сохрыг харуулж, мөн дүлийг сонсдог болгож байсан. Тэрээр мөн үхсэнийг амилуулж байсан хэдий ч хязгааргүй цагаатгалыг өөр дээрээ авч амиа өгсөн билээ.

Түүний шаналал агуу их байсныг Лук бичиглэхдээ, “Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв” (Лук 22:44) хэмээжээ. Үүнд тайлбарласан бодит үнэнийг Мормоны Ном болон Сургаал ба Гэрээнд хоёуланд нь үзүүлжээ (Мозая 3:7; С ба Г 19:18). Хаан Бенжамины хэлснээр “үхэхээс бусад” биеийн хийгээд сүнсний “уруу таталт, … өвчин шаналал, … өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг, бүр хүний тэвчиж чадахаас илүүг” (Мозая 3:7) амссан тэрхүү тарчлал нь Гетсемани болон Гетсеманигаас хэдхэн зуун метрийн цаана орших Калварын загалмай дээр тохиожээ.

Гетсеманид шаналсныхаа дараа Тэрээр баривчлагдаж, зовж зүдрэн шийтгүүлж, мөн загалмай дээр үгээр тайлбарлашгүй тэр их тарчлалыг үзэн нас барсныхаа дараа Иосефийн бунханд авчрагдаж, Амилан гарч ирснээр Тэрээр ялалтыг байгуулсан юм. Хоёр мянган жилийн тэртээх Бетлехемийн өчүүхэн хөвгүүн тоост орчлон дээр хөл тавьж, Бүхнийг Чадагч Их Эзэн, Хаадын Хаан хийгээд бүгдэд авралыг Өгөгч болсон юм. Түүний амьдралын гайхамшиг, үхлийн сүр хүч, хийгээд бүх дэлхийн хүн төрөлхтөнд өгсөн бэлгийг хэн ч бүрэн дүүрнээр нь ойлгож чадахгүй билээ. Христийг нас барах үед “энэ хүн бол үнэхээр Бурханы Хүү байсан юм” (Марк 15:39) хэмээн хэлсэн зуутын дарга лугаа адил ямар ч эргэлзээгүйгээр бид тунхаглаж байна.

Бидний Амьд Их Эзэн

Энэ нь Ариун Библи хэмээх Хуучин Ертөнцийн гэрээний гэрч юм. Мөн өөр нэгэн дуу хоолой болох Мормоны Ном хэмээх Шинэ Ертөнцийн гэрээ буй бөлгөө. Энэхүү номонд “Миний хайрт хүүг, миний ихэд таалсан түүнийг, би өөрийнхөө нэрийг алдаршуулсан түүнийг болгоогтун” (3 Нифай 11:7) хэмээн Эцэг өөрийн амилсан Хүүгээ танилцуулсан юм. Энэхүү тэнгэрлэг танилцуулга нь Тэрээр Ирусалемаас тэнгэр өөд явсныхаа дараа Өөрийн “бусад хоньд” (Иохон 10:16)-ын дунд тохинуулсан шастирын эхлэл байсан юм. Мормоны Номонд эхлэлээс төгсгөл хүртэл нь агуулагдсан захиас нь Христийн гэтэлгэх хайраар дамжуулан Бурханы бүхий л охид хөвгүүдэд ирэх мөнхийн адислал хийгээд Есүс Христийн тэнгэрлэг байдлын талаар өгүүлдэг билээ. Мормоны Номын бошиглогчдын үгсээс дурдвал:

“Учир нь бид Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг хүүхдүүдээ мөн түүнчлэн өөрсдийн ах дүүст ятгахын тулд бичихээр хичээнгүйлэн хөдөлмөрлөх, тухайлбал бид ач ивээлээр л бид аврагдах гэдгийг мэдэх, бидний хийж чадах бүхний дараа буюу…

“Мөн бид Христийн тухай ярих, бид Христэд баясах, бид Христийн талаар номлох, бид Христийн тухай бошиглох, мөн бид өөрсдийн бошиглолуудын дагуу бичих, бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тул ямар уг сурвалжийг хайж болохыг мэдэж болох хэмээхийн тул болой”(2 Нифай 25:23, 26).

Эдгээр бүхий л тунхаглалуудад нэмэлт болгож орчин үеийн бошиглогчид ийнхүү бичиглэжээ: “Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!” (С ба Г 76:22). Сургаал ба Гэрээнд Тэрбээр “Би бол Альфа ба Омега, Их Эзэн Христ бөлгөө; тийм ээ, бүр би бол эхлэл ба төгсгөл, дэлхийн Гэтэлгэгч тэрбээр бөлгөө” (C ба Г 19:1) хэмээн тэнгэрлэг үүргээ гэрчилжээ.

Тэрээр бидний Багш, мөн Сайн Хоньчин байгаад зогсохгүй бидэнд агуу Үлгэр Жишээ болсон юм тэрээр бидэнд “Хэрэв чи төгс болохыг хүсэж байвал, … ирээд намайг дагагтун” (Матай 19:21) гэсэн юм.

Шаантаг чулуу

Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх Өөрийнхөө нэртэй Сүмийн шаантаг чулуу нь юм. Бид аврагдаж болох өөр ямар ч нэр хүмүүний дунд өгөгдөөгүй билээ (Үйлс 4:12-ыг үз). Тэр бол бидний авралын Зохиогч бөгөөд мөнх амийг өгөгч юм (Еврей 5:9-г үз). Түүнтэй эн тэнцэх хүн хэзээ ч байгаагүй бөгөөд байх ч үгүй билээ. Биднийг амьдруулж болохын тулд амиа өгч, бидний итгэлийн болон манай Сүмийн хөдөлшгүй шаантаг чулуу болох гол хүн нь болсон хайрт Хүүгээ бэлэглэсэн Бурханд талархагтун.

Бидний итгэлийн гол цөм

Бид амьдралдаа тулгарах тэр болгоныг мэддэггүй. Бид учир битүүлэг ертөнцөд амьдарч буй билээ. Зарим нь агуу их амжилттай байж, харин зарим нь гутралыг амсана. Зарим нь маш их баяр хөөртэй амьдарч, эрүүл энх байж сайхан амьдардаг. Харин зарим нь өвчин зовлон хийгээд уй гашууг туулж байж ч болох юм. Энэ бүхнийг бид мэдэхгүй. Гэвч нэг л зүйлийг бид мэднэ. Ирээдүйд юу ч болж байсан бидний мөнх бус амьдралын зангуу болж, Бурханы Хүү, ертөнцийн Гэтэлгэгч яг л тэнгэрт орших Алтангадас од лугаа адил байх болно. Тэр бол бидний авралын хад, бидний эрч хүч, бидний тайвшрал хийгээд бидний итгэлийн гол цөм юм.

Нартай өдөр ч, харанхуй шөнө ч бид Түүнийг гэдэг бөгөөд Тэрээр биднийг тайвшруулж, бидний дээрээс инээмсэглэхийн тулд байдаг билээ.

Тэрээр бидний сүсэг бишрэлийн төв бөгөөд амьд Бурхан, Эцэгийн Ууган Хүү, махан бод дахь Цор Ганц Хайртай Хүү нь билээ. Тэрээр “үхэгсдээс босч, … нойрсогчдын анхны үр жимс нь болсон юм” (1 Коринт 15:20). Тэрээр “өөрийн хүмүүсийн дээр дэлхийд засаглахаар” (С ба Г 76:63; мөн Мозая 4:7-г үз; Илчлэлт 11:15) дахин ирэх Их Эзэн юм.

Дэлхий дээр хэн ч ингэж агуу амьдраагүй бөгөөд хязгааргүй золиослолыг хийж, хязгааргүй адислалыг олгоогүй билээ. Тэр бол ертөнцийн Аврагч мөн Гэтэлгэгч. Би Түүнд итгэдэг. Би Түүний тэнгэрлэг шинж чанарыг ямар ч эргэлзээгүйгээр тунхаглаж байна. Би Түүнд хайртай. Би хүндэтгэл хийгээд бишрэлээр Есүс Христийн нэрийг өгүүлж байна. Тэр бол бидний Хаан, Их Эзэн, багш хийгээд Эцэгийнхээ баруун гар талд зогсох амьд Христ юм. Тэр амьд! Тэр амьд, амьд Бурханы сүр хүчит, гайхамшигт амьд Хүү нь билээ.