2008
Цагаатгалын Биелэлт
2008 оны гуравдугаар сарын сар


Цагаатгалын Биелэлт

Хүүд минь зориулсан төлөвлөгөө Их Эзэнд байдаг гэдгийг би мэдэж байсан хэдий ч хүү маань миний хүсээгүй замаар орсон юм. Түүнийг энэ замаас яаж гаргахаа би мэдэхгүй байлаа.

Би Нидерланд улсад 1992 онд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн юм. Гэсэн хэдий ч нөхөр маань Сүмд нэгдээгүй бөгөөд бидний хүүхдүүд болох Алекс, Петра (нэрсийг өөрчлөв) хоёрыг ч мөн баптисм хүртэхийг зөвшөөрөөгүй юм. Тэгсэн ч гэлээ бид гурав сүмд явж, гэр бүлийн үдшээ тогтмол хийдэг байлаа.

Алекс 13 хүрч, Сүмд цаашид явахыг эсвэл, гэр бүлийн үдэш хийхийг хүсэхгүй байна гэж хэлэх хүртэл хэдэн жил бүх зүйл сайхан байлаа. Тэрээр томрох тусмаа улам л хэцүү болж байв. Миний хувьд Алекстай ойр байхад хүндрэлтэй байсан юм. Учир нь тэрээр архи ууж, тамхи татаад зогсохгүй мөн өөрийнхөө тухай худал хэлдэг байв. Энэ нь зүрх сэтгэлийг минь эмтэлж би олон ч удаа нулимсаа урсгаж, хүүд минь туслаач гэж Тэнгэрлэг Эцэгээс гуйн ахин дахин залбирч билээ.

Тийнхүү нэгэн үдэш би ариун сүмд чимээгүйхэн сууж байтал бодолд минь нэгэн дүр зураг орж ирсэн юм. Энэ бол ариун ёслолыг түгээж буй нэгэн залуу эрэгтэй байлаа. Энэ нь Их Эзэн надад Өөрийнхөө Цагаатгалын бодит байдал хийгээд хүч чадлыг сануулж буй мэт санагдаж, хүүгээ хайрлаж, түүнтэй ойр бай гэж намайг зоригжуулж байлаа.

Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал маань улам хэцүү болж байлаа. Нөхөр бид хоёр салсаны дараа Алекс үнэхээр их сэтгэлээр унасан байв. Түүнд миний тус хэрэгтэйг би мэдэж байсан хэдий ч намайг түүнтэй ярихыг оролдох бүрийд тэрээр намайг сонсдоггүй байлаа.

Нэгэн шөнө салбарын ерөнхийлөгч маань ирж, Алекстай ярилцмаар байна гэдгээ хэлсэн юм. Алекс уцаарлаж байсан хэдий ч ярилцахыг зөвшөөрсөн юм. Уулзалтын дараа түүнийг номлолд явах санал тавьсных нь төлөө салбарын ерөнхийлөгчид уурлаж, “Хэрвээ салбарын ерөнхийлөгч үнэхээр л Бурханы хүн байсан юм бол арай илүү зүйлийг ярих байсан юм. Тэр намайг номлолд явахад зохисгүйг мэдэж баймаар л юм—тэгээд яагаад намайг зүгээр байлгахгүй байгаа юм бол?” хэмээн хэлж байлаа. Тэр үед Их Эзэнд нэгэн төлөвлөгөө байгаа гэдгийг би мэдэж байлаа.

Намайг орон нутгийн цагдаагийн газраас нэгэн дуудлагыг хүлээн авсан тэр үед өнөөх төлөвлөгөө таамаглахын аргагүй арга замаар эхэлсэн юм. Алекс баривчлагдсан байлаа. Би шинэ нөхөртэйгөө цуваа нөмрөн гарч, шөнө дундад Алексыг цагдаагийн газраас авчирсан юм. Бид сүр бадраалгүй харин ч Алексын хойд эцэг бид хоёр цөөн үг л цухуйлгасан юм.

Бид гэртээ ирэх үед Алекс бидэнд болсон явдлыг ярьсан юм. Тэрээр найз нартайгаа моторт дугуй хулгайлсан байлаа. Тэрээр хийсэн зүйлийнхээ төлөө уучлал гуйж байсан юм. Би түүний анх удаа гэмшиж буйг нь харсан билээ.

Ийнхүү баривчлагдсан нь Алексыг өөрчилж, тэрээр хийсэн үйлсийнхээ хор уршгийг ухаарч, ямар замд орж явснаа ойлгож эхэлсэн юм. Тэр өдрөөс хойш маш олон адислалууд бидэнд ирж эхэлсэн билээ.

Дараа өдөр нь Алекс бидэнд та хоёр надад хайртай гэдгийг би мэдсэн учраас тэр цагдаад та хоёр луу утасдаад өгөөч гэж гуйснаа хэлсэн юм. Тэр мөн биднийг хичнээн их зовоож байснаа ухаарч, биднийг хүлцэнгүй байсанд талархаж байлаа.

Алекст туслах сүмийн хэд хэдэн гишүүн найзууд байсан юм. Тэдний нэг нь түүнийг Сүмийн үйл ажиллагаанд урьж, харин нөгөө нэг нь түүнд Мормоны Ном өгч, үүнийг уншаарай хэмээн түүнийг урамшуулж байсан билээ. Түүний нүдний өвчин нь хөдлөөгүй л бол тэрээр номоо байнга уншиж байхыг би харах болов.

Хэрвээ би адислалуудаа үнэхээр тоолдог байсан бол дараагийн адислал нь түүний сүмд явахаар шийдсэн учраас косьтюм аваад өг хэмээн биднээс асуусан явдал юм. Би түүнийг зөвхөн Зул сар болж байгаа учраас ингэж шийдсэн байх гэж бодтол тэрээр бүр баяруудын дараа ч гэсэн сүмд явсаар байсан билээ.

Дараагийн адислал нь миний төсөөлснөөс ч илүү байлаа. Алекс баптисм хүртэх гэж байгаагаа хэлсэн юм. Тэрээр надаас ямар ч туслалцаа авалгүй бүгдийг өөрөө найз нартайгаа болон түүнд хичээл зааж байсан номлогч нарынхаа хамтаар зохион байгуулсан юм. Тэр өдөр ирэхэд би нүдэндээ ч итгэж чадахгүй байлаа. Хүү маань цагаан хувцас өмсөн нандин гэрээнүүдийг хийж байхыг би харлаа.

Хожим нь түүний хөвүүлгийн түүхийг сонсоход сэтгэлийн эмзэглэл нь хүнд байсан хэдий ч тэдгээр нь түүнд өвдөг сөгдөн сууж, туслалцаа гуйхад хангалттай даруухан болоход нь тусалсан байлаа. Алекс бидэнд ийнхүү тайлбарлан хэлсэн юм. “Нэг орой зовлон минь дааж дийлдэшгүй мэт санагдахад би нэгэн сайн найзынхаа хэлсэн тусламж гуйн үргэлж залбирч бай гэснийг нь саналаа. Тэр орой би залбирахаар шийдсэн юм. Надад өөр ямар ч арга зам байгаагүй бөгөөд ээж минь надад хэрхэн залбирахыг заасан болохоор би өвдөг сөгдөн нүдээ анилаа. Тусламж гуйн залбирч эхлэхэд хамгийн гайхалтай мэдрэмж над дээр ирсэн юм. Би тэр мэдрэмжийг хэзээ ч мартахгүй бөгөөд би Христийн цэвэр хайрыг мэдэрсэн билээ. Асуудлууд маань надаас авагдсан мэт сэтгэгдэл надад төрж байв. Түүнээс хойш би ахин гутралыг мэдрээгүй бөгөөд би Есүс Христийн гэрчлэлээр адислагдсан билээ. Зүрх сэтгэл маань өөрчлөгдөж би Есүс Христийг дагахаар шийдсэн билээ.”

Түүний баптисм, гишүүний баталгаа болон санваарын томилолтын дараа Алекс Аврагчийн золиослолын нандин бэлэгдэл болох ариун ёслолыг түгээхээр дуудагдсан юм. Тэр л үед маш олон жилийн өмнө миний ариун сүмд харсан зүйл яг өмнө минь биеллээ олсон билээ. Тохиолдсон зүйлсийнхээ төлөө би чимээгүйхэн дотроо Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байлаа. Энэ бол миний хувьд ариун мөч байсан юм.

Түүх маань энд хүрээд зогсож болох байсан ч азаар тэгсэнгүй. Үүнээс хойш хүүгийн маань амьдралд Цагаатгал үргэлжлүүлэн гүйцэлдсээр байсныг би харсан. Бидний сүнслэг салбарын ерөнхийлөгчийг санаж байгаа биз дээ? Хүүгийн маань гэрчлэл өсөн тэлсээр салбарын ерөнхийлөгчийн маань уриалга бодит болсон юм. Алекс саяхан бүрэн цагийн номлолд үйлчлээд ирсэн бөгөөд тэрээр Их Эзэн өөрт нь тусалсан шиг бусдад гар сунган тусалж, хоёр жилийг өнгөрөөсөн билээ.

Би Алексын ээж байгаадаа баяртай байдаг бөгөөд бид бүхний амьдралд биеллээ олдог Есүс Христийн Цагаатгалд бүр их баярлаж байна.