2009
Бошиглогчийн хайр
2009 оны аравдугаар сар


Бошиглогчийн дуу хоолойг сонсоцгоо

Бошиглогчийн хайр

2008 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

Зураг
President Dieter F. Uchtdorf

Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч Томас С.Монсон Германы Гамбургт бүсийн чуулганд ирэхэд түүнийг дагалдан явах аз завшаан тохиосон билээ.

Ерөнхийлөгч Монсон Герман дахь Сүмийн нэн бат бөх итгэлтэй анхдагч гишүүдийн нэг гадасны ерөнхийлөгч асан Майкл Панитш ахын тухай сураглав. Панитш ах хүнд өвчтэй, хэвтэрт байгаа учраас цуглаанд ирж чадаагүйг хэллээ.

Бид түүнтэй очиж уулзаж болох уу гэж Ерөнхийлөгч Монсон асуув.

Ерөнхийлөгч Монсон Гамбург уруу ирэхээсээ өмнөхөн хөлөндөө мэс засал хийлгэсэн болохоор явахад нь хөл нь өвдөж байсныг би мэдэж байсан болохоор Панитш ах цахилгаан шатгүй байшингийн тав дугаар давхарт амьдардгийг хэллээ. Бид түүнтэй уулзахын тулд олон шатаар өгсөх хэрэгтэй болно.

Гэвч Ерөнхийлөгч Монсон шавдуулсаар байв. Тиймээс бид явлаа.

Олон шатаар өгсөх нь Ерөнхийлөгч Монсонд хэчнээн хэцүү байсныг би санаж байна. Тэр хэдхэн гишгүүр өгсөөд л зогсож амарч байлаа. Тэр гомдоллосон ганц ч үг хэлсэнгүй. Бас ухарч няцсан ч үгүй. Уг барилга өндөр таазтай болохоор довжоо нь дуусашгүй олон юм шиг санагдсан ч, тавдугаар давхарт иртэл Ерөнхийлөгч Монсон хөгжилтэй сэргэлэн байлаа.

Панитш ахынд мөн ч сайхан байж билээ. Ерөнхийлөгч Монсон, бие сэтгэлээ зориулсан үйчлэлийнх нь төлөө түүнд талархал илэрхийлж, инээмсэглэлээрээ урам хайрлав. Биднийг явахаас өмнө тэрээр санваарын гайхалтай адислал өгөв.

Ерөнхийлөгч Монсон удаан үргэлжилсэн цуглаануудын хооронд амарч болох байсан. Тэрээр Гамбургийн түүх соёлын гайхамшигтай дурсгалт газруудын заримаар нь орохыг хүсч болох байсан. Тус хотын түүх соёлын дурсгалт газрууд хэчнээн гайхамшигтай байсан ч тэрээр өвчтэй, сул дорой Сүмийн нэгэн гишүүнтэй очиж уулзахыг илүүтэйд үзсэн гайхамшигтай явдлын тухай би байнга боддог юм.

Ерөнхийлөгч Монсон тус орны хүмүүст зааж, тэднийг адислахын тулд Гамбургт ирсэн юм. Бас үүний зэрэгцээ тэр нэг хувь хүн дээр анхаарлаа төвлөрүүлсэн юм.

Төлөөлөгч Петр Есүсийн тухай ярихдаа дараах энгийн дүрслэлийг ашигласан байдаг: [Тэрээр] сайныг үйлдэж явсан юм (Үйлс 10:38). Үүнийг бид Бурханы бошиглогчоор дэмжин баталсан хүний тухайд хэлж болно.

Зүүн ба баруун дээд талд: зураг чимэглэлийг Бет М.Виттакер; баруун талд; зураг чимэглэлийг Сам Лоолор