2009
Ариун сүмд тогтмол очдог хүмүүс
2009 оны аравдугаар сар


Ариун сүмд тогтмол очдог хүмүүс

Гэр бүлийн түүх, нөхөрлөл, нас барагсдын өмнөөс хийх баптисм нь насанд хүрсэн гишүүдийг ариун сүмийн хишгээ авахад сүнслэгээр нөлөөлдөг.

Гари Такер, Женнифер Такер хоёр мөрөөдөл нэгтэй байжээ. Тэд мөнхийн гэр бүлтэй болохыг хүсдэг байв. Гэвч Женнифер бараг л найдвараа алдаад байв. Тэрхүү мөрөөдөл биелэгдэх зам нь ариун сүм уруу хөтөлсөн аж. Гэвч Гари үүнд бэлэн байсангүй.

Тэгтэл бишоп нь Такерынханд болон Боземан Монтана гадасны Трий Форкс тойргийн гишүүдэд мөнхийн гэр бүлтэй болох мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалсан нэг санаагаар сүнслэг нөлөө үзүүлсэн аж. Хэдэн жилийн өмнө бишоп Аарон Бакзак гадасныхаа бишопууд болон шинээр хөрвөгчдийн цуглаанд оролцож байжээ. Цуглаан дээр тэргүүлж байсан Бүсийн Дал, “Та ариун сүмд нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэж үзсэн үү?” гэж нэг шинэ гишүүнээс асуусан гэнэ. Тэр нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэж байсан ажээ.

Бишоп Бакзак ариун сүмийн хишиг хүртээгүй насанд хүрэгчдийг ариун сүм уруу авч очих хэрэгтэйг ерөөсөө анхаарч байгаагүй аж. Дараагийн долоо хоногт тойргийнхоо насанд хүрэгчдийн өмнөөс Монтанагийн Биллингс Ариун сүмтэй цаг тохирч нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэх болжээ. Энэ ажил амжилттай болж, дараагийн саруудад тойргийн ахлагчид болон дээд санваартнууд ариун сүмийн хишиг хүртээгүй насанд хүрэгчидтэй ариун сүмд очив. “Энэ нь тэдний хувьд ариун сүмийн хишгээ хүлээн авах хүслийг нь бодит ажил хэрэг болгоход нэн чухал сүнслэг туршлага болсон юм” гэж бишоп Бакзак хэлэв.

Бэлтгэх нь

Насанд хүрсэн гишүүд ариун сүмд орохуйц зохистой болохын тулд бэлтгэлээ хангахаар бишоптойгоо хамтран ажилладаг ажээ. Дараа нь тэд ариун сүмд бэлтгэх хичээлд суудаг байна. Тэд нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэсний дараа хичээлд суух сонирхол нь эрс нэмэгдсэн аж. Хичээл дээр ариун сүмийн тухай ярилцах нэг хэрэг, харин ариун сүм дээр Их Эзэний Сүнсийг жинхэнэ мэдрэх нь өөр хэрэг юм байна гэдгийг тэд мэдэрсэн ажээ.

“Ариун сүм дээр хийгддэг нэмэлт гэрээнүүдэд хангалттай бэлтгэгдээгүй хүнийг ариун сүм уруу авч очих магадлал байж болох ч, ёслолуудад оролцох нь чухал туршлага хэвээр байна” гэж бишоп Бакзак ярив. “Энэ нь ‘Ариун Сүмд морилон ирэгтүн’ гэсэн нэртэй ариун сүмийн бэлтгэлийн товхимлын илэрхийлсэн санаа нь Сүмийн бодлоготой нийцэж байгаа юм.’”1

Трий Форкс тойргийн ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч Давид Боид “Баптисм гүйцэтгэхийн тулд ариун сүмд орох нь биелэгдэх боломжтой бодит зорилго юм. Гишүүд өөрсдийнхөө хишгийг хүлээж авах боломжтой юм байна гэдгийг харж эхэлдэг. Тэдний олон нь ариун сүмийн талбайд ерөөсөө хөл тавьж үзээгүй байдаг. Иймээс насанд хүрэгчдийн баптисмын аялал нь гишүүдэд ийм боломжийг олгож байна.”

Тус тойргийн саяхан идэвхтэй болсон гишүүд өөрсдийн хишгийг хүлээн авахаасаа өмнө нас барагсдын өмнөөс баптисм гүйцэтгэж байна. “Ийм баптисм зохистой байдлын асуудалд холбогдолгүй. “Ийм баптисмд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зарим гишүүд баптисм хийлгэхэд зохистой бөгөөд бэлтгэлтэй атлаа ариун сүмийн хишиг хүртэх гэрээ хийхэд оюун санаа болон сүнслэг байдлын хувьд бэлтгэгдээгүй байдаг” гэж бишоп Бакзак ярив. Ийм эрчүүдийн хувьд энэ нь бас Мелкизедек санваар авахад бэлтгэх цаг байдаг.

Гэр бүлийн түүхийн ажил бас ариун сүмийн ажлыг урагш ахиулдаг. Ларри Айзом, Каролин Айзом гэх мэт тойргийн гишүүд хэдэн зуун гэр бүлийн нэрсийг бэлэн болгохын тулд тойргийнхоо гэр бүлийн түүхийн төвд ажиллаж байна. Ариун сүмийн бэлтгэлийн хичээл, гэр бүлийн түүх, ариун сүм дэх сүсэглэл гэсэн гурван төрлийн үйл ажиллагаа нэгдэн үр дүнд хүрдэг. Гэр бүлийн түүхийн ажилтнууд ариун сүмд явагчдыг нэрсээр хангадагтаа сэтгэл хангалуун байдаг. Ариун сүмд явдаг гишүүд өөрсдийнхөө өвөг дээдсийн төлөө бас тойргийнхоо гишүүн нөхдийнхөө төлөө ариун сүмийн ажлыг хийдэгтээ сэтгэл догдолдог. Гишүүд Ариун сүмд орсноор дахин ариун сүм уруу ирэх хүсэлтэй болдог.

Өнгөрсөн цөөхөн жилд Трий Форкс тойргийн 22 гишүүн ариун сүмийн бэлтгэлийн хичээлд сууж, 14 нь ариун сүмд тогтмол очиж нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэдэг болжээ. Улмаар хичээлийг дуусгаад нөгөөх 14-өөс 13 нь хишгээ хүлээн авчээ. Тэдний зарим нь ганц бие буюу бэлэвсэн хүмүүс байсан мөн Гари Такер, Женнифер Такер нар шиг гэр бүлээрээ лацдан холбуулсан хүмүүс ч байгаа ажээ.

Нөхөрлөл

Гари 1992 онд, Женнифер тэр хоёр гэрлэхээс хоёр сарын өмнө Сүмд элссэн ажээ. Женнифер аль эрт гишүүн болсон байв. Гэвч олон цаг ажилладаг болон муу хүмүүстэй найзалдаг байснаас Сүмд идэвхтэй байх нь Гарид хэцүү байлаа. Бүр эхнэр нь түүнийг дэмждэг байсан ч гэсэн тэр шүү. Олон жилийг тамхи зажилж, бүдүүлэг үг ярьж өнгөрөөсөн дөө гэж тэр ярилаа.

Такер эгч охин Кодигоо сүмд дагуул ан явж, сайн мэдээгээр хүмүүжүүлэхийг чармайж байлаа. Гэтэл Такер ах Сүмийн ямар ч материалыг гэр орондоо байлгахыг хүсдэггүй байв. Тэрээр гэр бүлээ сүмд явахыг нь дэмждэг байсан ч өөрөө явдаггүй байлаа. Кодиг найм хүрэхэд аав нь биш харин нэг номлогч түүнд баптисм хүртээжээ. “Би охиныхоо баптисмд очсондоо их баяртай байлаа. Гэвч үүнд оролцохын оронд хараад зогсож байсандаа их харамссан шүү” гэж Такер ах ярив.

Дараагийн жилүүдэд Гариг Сүмд дахин идэвхтэй болоход нөхөрлөл тусалсан аж. Женнифер тойргийнхоо гишүүд болон номлогчдыг хоолонд урьвал тэд Гаритай ярилцах боломжтой байх болно гэдгийг мэддэг байв. Гарид сайн нөлөө үзүүлсэн гишүүд болон номлогчдод тэрээр баярлаж явдаг ажээ.

Жишээ нь Дейл Прайз Женниферийн ээжид гэрээр зааснаас гадна Гари, Женнифер хоёрыг ч мэддэг болжээ. Прайз ах Такер ахтай анх удаа уулзахдаа сайн мэдээний талаар дурсаагүй гэнэ. Тэр хоёр ангийн тухай ярилцсан гэнэ. Прайзынхан бас тойргийн үйл ажиллагаанууд дээр Такерынхантай хамт суухдаа Такер ахыг ажилгүй байгаа үед тэдэнд гэрийнхээ нөөцнөөс хоол хүнс, өөрсдийнхөө үржүүлдэг зөгийний балыг авчирч өгдөг гэнэ. Такерынхан талхан дээр зөгийн бал түрхэж идэх их дуртай аж. Энэхүү жижигхэн бэлэг Прайз ахын дүрсэлснээр “тэдний харилцааг сайжруулсан” аж.

Өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийснээр

Гадасны ерөнхийлөгчийнх нь зөвлөгөө Такерынханд бас тусалсан байна. Ерөнхийлөгч Давид Хийп гадасныхаа гишүүдээс дараах “өчүүхэн бөгөөд энгийн долоон зүйлийг” хийхийг хүсчээ: (1) хувиараа судруудыг өдөр бүр унших; (2) гэр бүлээрээ судруудыг долоо хоногт наад тал нь таван өдөр унших; (3) өглөө, орой бүрт хувийн залбирал хийх; (4) гэр бүлээрээ өглөө орой бүр залбирч байх; (5) ням гараг бүр гэр бүлээрээ сүмд явдаг байх; (6) даваа гарагийн орой бүр гэр бүлийн үдшээ хийж байх; (7) сар бүр ариун сүмд орж байх.

Гэр бүлээрээ залбирч, судруудыг судлан, гэр бүлийн үдшийг хийх нь гэр бүлийг нь улам ойртуулан нягтруулдгийг Гари харсан учраас эдгээр зүйлсийг хийх болжээ. Энэхүү хүч чармайлт нь бишопынхоо урилгыг хүлээн авч ариун сүмд явах бэлтгэлийг хангахад Гарид тусалсан ажээ.

2006 оны нэгдүгээр сард Такерынхан бишопын гэрт болсон галын дэргэдэх ярилцлагад оролцов. Бишоп Бакзак Гаритай тусгайлан уулзаж, ариун сүмийн тухай ярьжээ. Тэр үед Гари зажилдаг тамхи нь цаашид түүнд уруу таталт болохгүйн тулд тамхиныхаа хайрцгийг бишоптоо өгсөн гэнэ. Тэрээр бишопоосоо олон асуулт асууж, дараа нь ярилцлаганд орсон аж. Бишоп Гарид Сүнсийг хамтрагчаа болгохуйц зохистой байхын тулд баптисмын үеэр хийсэн гэрээнүүдээрээ амьдрахыг онцгойлон захижээ.

Такерынхан ариун сүмийн бэлтгэлийн хичээлд сууж, Женнифер нас барагсдыг аврахаар сар бүр тойргийнхоо гишүүдтэй ариун сүмд явах болсон гэнэ. Гари зохистой болохын төлөө ажиллаж байв. Охин Коди нь тэр үед 11-тэй байв. Тэрээр удалгүй ариун сүмд явж, нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэх боломжтой болно гээд сэтгэл догдлон байжээ. Гари охиноо 12 хүрэхэд ариун сүмд орохоор зохистой болсон байв. Аав охин хоёр анх удаа ариун сүмд орсон аж.

Коди хэлэхдээ: “Энэ үнэхээр гайхамшигтай сайхан байна. Тэнд ер бусын амар амгалан байлаа. Аав минь хамт явсан болохоор маш сайхан байсан шүү.” “Итгэх аргагүй тийм их амар амгалан, баяр баяслыг анх удаа” мэдэрсэн шүү хэмээн Гари хэллээ.

Дараагийн ням гарагт болсон ариун сүмийн бэлтгэлийн хичээл дээр Гари огт өөр хүн болсон байлаа. “Тэр үнэхээр Сүнсний нөлөөг мэдэрсэн байсан шүү” хэмээн ариун сүмийн бэлтгэлийн хичээлийг нэлээд хэдэн жил заасан Элна Скоффиелд эгч хэлэв. Гари хичээлийн дараа асуулт асуухаар үлдсэн. Тэрээр ариун Сүм дээр Сүнсийг мэдэрч, тийшээ буцаж очин, зөвхөн нас барагсдын төлөө баптисм үйлдэх төдийгүй өөрийнхөө хишгийг хүлээн авч, гэр бүлтэйгээ лацдан холбуулахыг хүссэн ажээ.

Дараагийн сард нь Такерынхан бишоп болон тойргийнхоо бусад гишүүдтэй ариун сүмд дахин оржээ.

Хүнд сорилтуудыг даван туулсан нь

Такер ах, эгч хоёр хувийнхаа хишгийг хүлээн авч, лацдан холбуулахынхаа өмнөх хэдэн долоо хоногт Сатаны эсэргүүцлийг мэдэрчээ. Гари өсч хөгжиж байсан ч ариун сүмд орох зохистой байдлынхаа талаар эргэлзсэн хэвээр байжээ. Мөнхийн гэр бүл болох тэдний мөрөөдөл биелэх ойртсоор байсан ч, энэ нь нэг л бүтэхгүй юм шиг санагдаж байсан гэнэ. Такерынхан хамтдаа олон удаа залбирч, хүч чадлыг гуйх ёстойг мэдэж байв. “Бүх зүйл Их Эзэний хяналтанд байдагт итгэх баттай итгэл, амар амгалангийн хэлбэрээр бид хүч чадлыг үргэлж хүлээн авдаг байсан” гэж Такер эгч ярилаа. “Биднийг ариун сүмд орох хүртэл Түүний тайвшруулагч Сүнс манай гэрийнхэнд бүгдэд нь байсан шүү.”

Гари, Женнифер хоёр хувийнхаа хишгийг хүлээн авсны дараа лацдан холболтын өрөөнд цагаан хувцас өмссөн Коди, Гаррет нарынхаа хамт өвдөг сөгдөн сууцгаав. Ээжийнхээ уйлж байгааг харсан зургаан настай Гаррет хүү гараа сунган, хацрыг нь даган урсах нулимсыг нь арчив. Гари, Коди хоёр бас баярласандаа уйлж байв. Бүр лацдан холбогч ч гэсэн сэтгэл нь их хөдөлсөн байв.

Одоо гэр бүл нь илүү бат бөх, эв найрамдалтай болсонд Такерынхан баярлаж байлаа. “Бид илүү аз жаргалтай боллоо. Эхнэр бид хоёр улам ойр дотно боллоо. Үүнийг хүүхдүүд маань харж байна” гэж Гари хэлэв. Сүмийн гишүүн биш гэр бүлийн гишүүддээ илүү сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж Гари боддог ажээ. Мөн ариун сүмээр дамжуулан Такерынханд Их Эзэний өгсөн адислалуудыг тойргийнх нь бусад гэр бүлүүд хүлээн авахыг хүсч байгаад тэрээр итгэдэг гэнэ.

Эшлэл

  1. Ариун Сүмд ороход бэлтгэх нь (товхимол 2002), 1-ийг үз.

Зүүн талд: Стийв Бундерсоны авсан Монтанагийн Биллингс Ариун сүмийн гэрэл зураг; Нормон Чайльдын авсан Монтанагийн Биллингс Ариун сүмийн баптисмын сангийн гэрэл зураг; Дрейк Бусатын гэрэл зураг, © Busath Photography

Гари Такер, Женнифер Такер, Коди Такер, Гаррет Такер нар Монтанагийн Биллингс Ариун сүмд лацдан холбуулсандаа баяртай байна.

Трий Форкс тойргийн гишүүд хоёр цаг гаруй машинаар аялан, Монтанагийн Биллингс Ариун сүмд тогтмол үйлчилж байна. Нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэж байгаа насанд хүрэгчдийн нэлээд олон нь өөрсдөө болон эхнэр, нөхрүүдийгээ хувийн хишгүүдээ хүртэж, лацдан холбуулахад бэлтгэж байгаа ажээ.

Такерынхны зөвшөөрлөөр гэрэл зургийг нийтлэв