2009
Гэр бүл Бурханаас томилогдсон гэдэгт бид итгэдэг
2009 оны аравдугаар сар


Хуваалцах цаг

Гэр бүл Бурханаас томилогдсон гэдэгт бид итгэдэг

“Гэр бүл нь Бурханаас заяадаг бөгөөд Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь тавилангийн төлөө бүтээсэн Бурханы айлдварын төвд багтдаг” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).

Амаликая ёс бус хүн байлаа. Тэрээр нифайчууд өөрийг нь хаан болгох юм бол тэдэнд олон зүйлийг өгнө хэмээн амлажээ. Олон хүмүүс түүнд итгэж зөв шударга ёсноос эргэж байв.

Моронай нифайчуудын цэргийн жанжин байв. Тэр зөв шударга хүн байсан бөгөөд Есүс Христэд итгэдэг байв. Амаликая олон хүнийг буруу замд оруулж байгааг Моронай сонсоод түүнд уур нь хүрчээ. Хүмүүс эрх чөлөөгөө алдах аюултай тулгарч байгааг тэр мэдэж байв.

Моронай нөмрөгөө урж, тасархай дээр нь, “Бурханы минь, бидний шашин шүтлэгийн, мөн эрх чөлөөний, бидний энх амгалангийн, эхнэр мөн хүүхдийн минь тухай санамж болгоё” (Алма 46:12) хэмээн бичжээ. Тэрээр үүнийг савааны үзүүрт утсаар уяж, эрх чөлөөний туг хэмээн нэрлэжээ. Дараа нь тэр хүмүүсийн төлөө залбирч тэдэн дээр очин, эрх чөлөөний тугаараа даллаж, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө өөртэйгөө нэгдэхийг нифайчуудад уриалжээ. (Алма 46:1–21-ийг үз.)

Биднийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахаас гажуудуулахыг хүсдэг Амаликая шиг хүмүүс байгаа үед та нар аж төрж байна. Тэрхүү төлөвлөгөөний хамгийн чухал нэг хэсэг бол гэр бүл юм.

Тэнгэрлэг Эцэг гэр бүлд зориулсан өөрийнхөө төлөвлөгөөг ойлгохыг Сүмийн гишүүдээс хүсдэг. Бид гэр бүлийн талаар юунд итгэдгийг тунхаглахын тулд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг бичсэн юм. Уг тунхаг нь эрх чөлөөний тугийн адил бид юуг санаж, юунд итгэдгийг тайлбарлахад бидэнд урам дэм өгдөг билээ.

Үйл ажиллагаа

Хуудас Н4-ийг салган авч зузаан цаасан дээр хад. Тунхгийг гэрийнхэндээ харагдах газарт өлгөж, бие биеэ бэхжүүлэхийн ач холбогдлыг сана.

Хуваалцах цагийн санаанууд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх Тунхаг” бол өнөө үеийн илчлэлт мөн. Итгэлийн найм дахь тунхгийг хүүхдүүд хамтдаа давтан хэлэх үед “илчлэх,” “илчлэгдсэн” гэсэн үгсийг хэдэн удаа сонссоныг нь хэлүүл. Бурхан Өөрийн хүслийг хүүхдүүддээ илчилсээр байгааг заа. Бурханаас ирдэг энэхүү харилцааг илчлэлт гэдэг. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх Тунхаг”-ийг хүүхэд бүрд өгч, энэ тунхаг бол өнөө үед Бурханы сонгогдсон үйлчлэгчдээр дамжуулан өгөгдсөн илчлэлт юм гэдгийг тайлбарла. Гэр бүлийн тунхгаас зарим үгийг нь хассан өөр өөр өгүүлбэр буюу нийлэмж үгсийг анги бүрд өг. Хоосон зайг тохирох үгсээр бөглөхөд хүүхдүүдийг хамтран ажиллуул. Жишээ нь: “ нь өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь тавилангийн төлөө бүтээсэн Бурханы айлдварын төвд багтдаг.” Бөглөсөн нийлэмж үг буюу өгүүлбэрийг анги бүрээр хэлүүл. “Гэр бүл Бурханых” дууны эхний бадгийг дуул (Лиахона, 2008 оны 10-р сар, Н12–Н13). Гэр бүлийн тунхаг нь Бурханаас ирсэн илчлэлт бөгөөд бид сургаалыг нь ойлгож, үүгээр амьдрах хэрэгтэй гэдгийг тодотго. Тарааж өгсөн тунхгуудыг хурааж ав. Та эдгээрийг гурван долоо хоногийн дараа дахин ашиглах болно.

  2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” гэрлэлтийн ач холбогдлыг заадаг. Бишоп буюу салбарын ерөнхийлөгчийн зөвшөөрсөн, тойрог буюу салбарын хэдэн гишүүнийг гэрлэлтийн ач холбогдлын тухай хамтын ярилцлаганд урь (“Panel Discussions,” Teaching, No Greater Call [1999], 175–76-г үз). Өөрийнхөө асуух асуултуудыг тэдэнд урьдчилан өг. Жишээ нь: Тэнгэрлэг Эцэг таныг болон таны ханийг тань хэрхэн адисалсан бэ? Сайн эхнэр (эсвэл сайн нөхөр) байхад өөрт чинь тусалсан сайн мэдээний сургаалын тухай та хуваалцаж болох уу? Хүүхдүүд хэзээ нэгэн цагт гэрлэхэд бэлтгэхийн тулд одоо юу хийж болох вэ? “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх Тунхаг”-ийг нэгтгэн дүгнэхийг та оролцогчдод санал болгож болно. Хүүхдүүдээр асуултыг ээлжээр сонгуулж, уншуул. Хамтын ярилцлагын гишүүдээр хариуг нь сайн дураар нь хэлүүл. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлтийн ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалц.

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер