2009
Дуулгавартай байснаар хүч чадлыг олсон нь
2009 оны аравдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Дуулгавартай байснаар хүч чадлыг олох нь

Зураг
President Thomas S. Monson

Өнөө үед дэлхий дахинд залуучууд дээр анхаарал төвлөрч байна. Хүн бүр залуухан харагдаж, залуу байхыг хүсч байна. Тиймээс жил бүр залуухан харагдах гэсэн хүмүүст зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд асар их мөнгө зарцуулж байна. Залуу болохыг мөрөөдөх нь “манай өнөө үед, өнөө үеийнхэнд шинэ зүйл үү?” хэмээн бид өөрсдөөсөө асууж болно. Хариултыг олохын тулд бид түүхийн хуудсуудыг эргүүлж үзэх хэрэгтэй.

Хэдэн зууны тэртээ шинжлэх ухааны агуу эрин зуунд шинжилгээ судалгааны ажлуудыг төлөвлөж, материалаар ханган, адал явдлыг эрэлхийлэгч, өөртөө итгэлтэй далайн хөлгийн багийнхан газрын зурагт тэмдэглэгдээгүй далай тэнгисүүдээр хөвж, мөнхийн залуу насыг эрэлхийлж байсан билээ. “Холын холд” хаа нэгтээ хамгийн цэвэр устай шидэт усан оргилуур байдаг бөгөөд энэ усан оргилуурын уснаас уусан хүн бүр залуужиж, мөнхийн залуу болдог гэсэн нэгэн домог байжээ.

Колумбтай хамт Флоридад ирсэн испанийн анхны шинжээч Понсе де Леон (1460–1521) залуужуулагч шидэт шингэний тухай домогт бүрэн итгэн, шингэнийг хайсаар дараагийнхаа аяныг Багамын арлууд болон Карибын тэнгисийн нутгаар аялжээ. Түүний чармайлт бусад олон хүмүүсийн адил талаар болсон юм. Учир нь Бурханы тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу бид мөнх бус байдалд залуу насыг нэг л удаа биеэр үзэж туулдаг билээ.

Үнэний усан оргилуур

Залуужуулагч усан оргилуур байхгүй ч бид ухаалгаар эрэлхийлэх юм бол илүү үнэ цэнэтэй ус, бүр мөнх амийн усыг агуулдаг өөр усан оргилуур байдаг. Энэ бол үнэний усан оргилуур юм.

Нэгэн яруу найрагч дараах гандан бууршгүй мөрүүдийг бичихдээ үнэний төлөөх эрлийн жинхэнэ утга учрыг илэрхийлсэн юм.

Үнэн гэж юу вэ? Үнэн гэж та юуг хэлэх вэ? Энэ бол хамгийн агуу зүйл

Үхэлт хүмүүн ч Бурхад ч үүнийг эгээрэн хүсдэг.

Худал хуурмагийн гүнээс,

эсвээс дээд тэнгэр өөд тэмүүлж үнэнийг эрэлхийлэгтүн.

Энэ бол ариун нандин хүсэл эрмэлзэл. …

Тэгээд дараа нь, үнэн гэж та юуг хэлэх вэ? Энэ бол эцсийнх бөгөөд эхнийх нь.

Учир нь үнэн, цаг хугацаанаас хамаарч өөрчлөгддөггүй.

Тэнгэр бүрхэж, газар үерт автлаа ч,

Үнэн адгийн мууг ялан дийлнэ,

Үнэн мөнхийн, үл өөрчлөгдөх, үүрдийнх юм.1

1833 оны тавдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн илчлэлтэд Их Эзэн тунхагласан нь:

“Мөн үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм …

“Үнэний Сүнс бол Бурханых юм… Тэрээр [Есүс] үнэний бүрэн байдлыг хүлээн авсан юм … ;

“Мөн түүний зарлигуудыг сахихаас бусдаар, хүмүүн бүрэн байдлыг хүлээн авах нь үгүй.

“Түүний зарлигуудыг сахьдаг тэрээр, үнэнд тэрээр алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой.2

Бидэнд сайн мэдээний бүрэн байдал сэргээгдсэн эрин зуунд үнэний усан оргилуурын эрэлд газрын зурагт тэмдэглэгдээгүй далай тэнгисээр хөвөх юм уу мэдэгдээгүй замаар аялах шаардлага байхгүй. Учир нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг бидний замыг тэмдэглэж, төөрч будилах аргагүй—дуулгавартай байдлын газрын зургийг өгсөн юм!

Түүний илчилсэн үгсэд нүгэл, алдсын хориглосон замаар замнагчид үнэн сэтгэлээсээ гэмшиж, харууссан тохиолдолд дуулгавартай байдлаас ирдэг адислалуудыг хүрдгийг тод томруунаар дүрсэлдэг билээ. Мал амьтнаар тахил өргөх уламжлалд автагдсан үеийнхэнд хандаж Самуел, “Дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү” хэмээн зоригтойгоор тунхагласан юм.3

Эртний болон орчин үеийн бошиглогчид дуулгавартай байдлаар дамжин ирдэг хүч чадлыг үргэлж мэддэг байсан, одоо ч мэддэг билээ. “Би явж, Их Эзэний зарлиг болгосон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” хэмээн хэлсэн Нифайн тухай бод.4 Эсвээс Мозаягийн хөвгүүдийн эзэмшсэн хүч чадлыг Мормон урнаар дүрсэлсэн байдаг:

“Тэд үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; учир нь тэд зөв ойлголттой хүмүүс, мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

“Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа, мөн тэд Бурханаас хүлээн авсан хүч болон эрх мэдэлтэйгээр зааж байв.”5

Зарлигуудыг сахь

Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970), нэг ерөнхий чуулган дээр Сүмийн гишүүдэд хандсан захиасуудынхаа нэгэнд, өнөө үеийнхэнд зориулж энгийн атлаа хүчтэйгээр: “Бурханы зарлигуудыг сахь” хэмээх удирдамжийг өгсөн билээ.6

Учир нь миний гараас адислал хүлээн авахыг хүсэх тэд бүгд тэрхүү адислалын тулд өгөгдсөн хуулийг мөн үүний нөхцлүүдийг, дэлхийн сууринаас өмнө үндэслэгдэн бий болсноор нь баримтлах ёстой” гэсэн нь Аврагчийн захиасын мөн чанар нь байв.”7

Эзэний бодит үйлдлүүд Түүний үгсийг итгэл үнэмшилтэй болгодог. Тэрээр төгс амьдралтай байж, ариун үүрэг зорилгодоо хүндэтгэлтэй ханддаг байснаар Бурханы жинхэнэ хайрыг харуулсан. Тэр хэзээ ч ихэмсэг зан гаргаж байсангүй. Тэр хэзээ ч бардамнаж байсангүй. Тэр хэзээ ч итгэл эвдэж байсангүй. Тэр ямагт төлөв даруу байсан. Тэр аливаад чин сэтгэлээсээ ханддаг байв. Тэр ямагт үнэнч шударга байсан.

Тэрбээр худал хуурмагийн эзэн, бүр тэр чөтгөрөөр уруу татагдсан ч Тэрбээр 40 өдөр, 40 шөнө мацаг барьсны “эцэст өлссөн ч” бас хилэнцэт нэгэн хамгийн ихээр уруу татагч саналыг Есүст тавьсан ч, зөв гэдгийг нь Өөрөө мэдэж байсан зүйлээс гажуулах гэсэн оролдлогыг няцааснаар дуулгавартай байдлын бурханлиг үлгэр дуурайллыг харуулсан билээ.8

Тэрээр Гетсеманид амь тэмцэн зовж, хөлс нь газарт цус болон дуслан шаналах үедээ, “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол, энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус харин Таны хүсэл биелэг” гэж хэлэн дуулгавартай Хүүгийн үлгэр жишээг харуулсан юм.9

Есүс Галилын Петрт “Намайг дага” хэмээн хэлсэн. “Намайг дага” гэсэн мөнхүү эл заавар Филипт ирсэн юм. Татвар хураагч Левиг татвараа авч суухад нь “Намайг дага” гэсэн энэхүү уриалагч дуудлага ирсэн юм. Тэр ч байтугай түүний араас ирэгч бөгөөд агуу эзэмшлүүдтэй түүнд ч бас “Намайг дага” гэсэн үгс ирсэн юм.10 Мөн та нарт ч, надад ч мөнөөх л дуу хоолой, мөн л “Намайг дага” хэмээн хэлдэг. Дуулгавартай дагах хүсэл бидэнд байдаг уу?

Дуулгавартай байдал бол бошиглогчдын ялгарах онцлог юм. Гэвч энэ нь өнөөдөр бидэнд боломжтой байгаа хүч чадлын эх сурвалж болох ёстой.

Орчин үеийн жишээ

Дуулгавартай байдалд сайн суралцсан, үнэний усан оргилуурыг олсон нэгэн хүн нинжин сэтгэлтэй, чин үнэнч, бүх талаараа даруу байлаа. Тэрээр Европт Сүмд элсэн, хичээнгүйлэн мөнгө хадгалж, золиослол хийснээр өөр хэл, соёл заншилтай, Хойд Америкт цагаачлан ирсэн ч өөрийн итгэж, дуулгавартай дагадаг яг адил Их Эзэний Сүмдээ ирсэн юм. Тэрээр хүмүүс нь найрсаг бус хотод хэцүү байдалд байсан Гэгээнтнүүдийн салбарын ерөнхийлөгч болжээ. Гишүүд нь цөөхөн, хийх ажил их байсан ч тэрээр Сүмийн хөтөлбөрийг баримталдаг байлаа. Тэр салбарынхаа гишүүдэд жинхэнэ Христийнх шиг үлгэр жишээг харуулдаг байсан ч тэд хайраар хандах нь ховор байлаа.

Тэрээр худалдааны ажил эрхэлж амь зуулгаа олдог байв. Багаахан орлоготой байсан ч аравны нэгээ үргэлж бүрэн төлж, улам илүү ихийг хандивладаг байлаа. Тэрээр жижигхэн салбартаа номлолын сан бий болгожээ. Тэгээд хэдэн сарын турш цорын ганц хандивлагч нь өөрөө байсан гэдэг. Хотод нь номлогчид ирэхэд тэднийг хооллодог байсан ба номлогчид хэзээ ч ажил төрөл, сайн сайхан байдалд бодит хувь нэмэр оруулахгүйгээр явдаггүй байжээ. Хол газраас түүний хотыг дамжин өнгөрдөг байсан Сүмийн гишүүд салбар дээр нь очиж найрсаг зочломтгой байдал, халуун элгэн сэтгэлийг мэдэрдэг байсан бөгөөд тэд нэгэн ер бусын эрхэм, Их Эзэний дуулгавартай үйлчлэгчдийн нэгэнтэй танилцаад цааш явдаг байжээ.

Түүнийг удирддаг байсан хүмүүс түүний онцгой хүндэтгэл, ер бусын онцгой анхаарал халамжийг хүлээн авдаг байжээ. Тэд бол түүний хувьд Их Эзэний элчин сайд нар байв. Тэрээр хүмүүсийн амар тайван, сайн сайхан байдлынх нь төлөө үргэлж залбирч онцгой халамж хайраар санаа тавьдаг байв. Хэсэг удирдагчид нэг Хүндэтгэлийн өдрөөр салбарт нь ирэхдээ янз бүрийн цуглаан болон гишүүдтэй уулзах үеэр түүнтэй хамт арван хоёр удаа залбирсан аж. Удирдагчид өдөржингөө түүнтэй хамт байхдаа сүнслэг байдлын хөхүүн баяртай мэдрэмжээр дүүрэн байсан төдийгүй бас хөхөө өвлийн хүйтэнд дөрвөн цаг машинаар явахад ч энэ мэдрэмж хэвээр байжээ. Олон жилийн дараа тэр өдрийг дурсан санахад тэрхүү зүрх сэтгэлд хоногшим дулаан мэдрэмж дахин төрдөг билээ.

Дэлхийн эрдэм боловсролтой, туршлагатай хүмүүс Бурханы энэхүү даруухан боловч боловсролгүй хүн уруу тэмүүлж, түүнтэй хамт ганц боловч цагийг өнгөрүүлбэл өөрсдийгөө азтайд тооцдог байжээ. Түүний гадаад төрх байдал эгэл жирийн байлаа. Түүний англи хэл хазгай муруй, ойлгоход хэцүү байв. Гэр орон нь эгэл жирийн байлаа. Түүнд машин, телевизор ч байсангүй. Тэрбээр ном бичдэггүй, өнгө зассан номлол айлддаггүй байв. Дэлхий шохоорхон хөөцөлддөг юмсын аль нь ч түүнд байсангүй. Гэвч итгэлтнүүд түүний гэрийн зүг зам гаргасан юм. Яагаад?” Яагаад гэвэл тэд түүний үнэний усан оргилуураас ундаалахыг хүсдэг байлаа. Хүмүүс түүний хэлснийг, түүний хийснийг, түүний номлолын мөн чанарыг биш, харин амьдралынх нь хүч чадлыг үнэлдэг байсан юм.

Сайхь ядуу хүн орлогынхоо наад тал нь хорин хувийг Их Эзэнд зохих журмын дагуу, баяртайгаар өргөдөг байсан нь аравны нэгийн жинхэнэ утга учрыг хүнд тодорхой ойлгуулж чадна. Тэрээр өлссөнд үйлчилж, харь хүнийг гэртээ аваачдгийг харсан хүн тэр үүнийг Эзэнд үйлдэхийн адил хийдгийг нь мэдэх болно. Түүнтэй хамт залбирч, бурханлаг нөлөө болон итгэлийг нь мэдрэх нь хүний харилцаанд шинэ туршлага болдог байлаа.

Тэрээр анхны болон агуу зарлигийг, мөн хоёр дахийг ч адил сахьдаг байлаа.11 Зүрх сэтгэл нь бүх хүмүүнд чиглэсэн энэрлээр дүүрэн, санаа бодлыг нь ариун журам зогсолтгүй чимдэг байжээ. Иймээс түүний өөртөө итгэх итгэл Бурханы оршихуйд хүчтэй болж өсөн нэмэгдсэн юм.12

Энэ хүний нинжин сэтгэл, зөв шударга ёс тод томруун харагддаг байлаа. Түүний хүч чадал дуулгавартай байдлаас ирдэг байв.

Үргэлж хувьсан өөрчлөгдөж байгаа ээдрээтэй дэлхийн сорилт бэрхшээлүүдийг даван туулахын тулд бид сэтгэлийн хат, шийдэмгий зоригтойгоор Иошуатай хамт зогсон “би болон манай гэрийнхэн Их Эзэнд үйлчилнэ” хэмээн тунхаглахад чин сэтгэлээсээ эрэлхийлж буй хүч чадал биднийх болох болно.13

Зүүн талд: Маттью Рейерийн гэрэл зураг; Христийн дүр төрх, Хейнрих Хофманн, C. Harrison Conroy Компанийн зөвшөөрлөөр нийтлэв; баруун талд: зураг чимэглэлийг Жерри Томпсон

Христ Петр, Андрей нарыг дуудсан нь, зургийн хэсгээс, Жеймс Тейлор Хейвүүд, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв.