2009
Хүлээхийн үнэ цэнэ
2009 оны аравдугаар сар


Хүлээхийн үнэ цэнэ

Би тойргийнхоо хэсэг залуустай Аргентины Буэнос Айресын Ариун сүмд нас барагсдын өмнөөс баптисм хийлгэхийн өмнө хүлээлгийн өрөөнд нь хэдэн минут сууж билээ. Тэгтэл ариун сүмийн ажилтнууд биднийг доошоо танхим уруу очно уу гэв. Тэнд бас л хүлээв.

Тэр өдөр бямба гараг байсан учир Аргентины өнцөг булан бүрээс олон хүн ирсэн байлаа. Бид хоёр цаг гаруй хүлээхдээ зүгээр л чимээгүй сууж байв. “Ямар удаан хүлээлгэдэг юм?” гэсэн таагүй бодол санаанд минь орж ирээд байлаа. Би ядарч, ер нь ирээгүй нь ч дээр байсан юм биш үү гэсэн бодол төрлөө. Яагаад гэвэл энэ чинь цаг дэмий үрж байна шүү дээ.

Тэгээд босч, танхим уруу доошоо буулаа. Удалгүй ариун сүмийн ажилчдын нэг нь гарч ирээд: “Залуучууд аа, тэвчээртэй байгаарай. Та нар удаан хүлээж байгааг би ойлгож байна. Харин та нар нэг зүйлийг мэдэх үү? Сүнсний дэлхийд сая сая хүмүүс энэ агшныг олон зуун жилээр хүлээж байгаа шүү дээ. Тэд өөрсдийнхөө ээлж ирэхийг тэсч ядан хүлээж байгааг би та нарт батлан хэлж чадна. Ах нар баптисм хүртээж, гишүүнээр баталсаар байна. Тэд одоогийнхоосоо илүү ихийг хийж чадахгүй шүү дээ” гэв.

Түүнийг ингэж хэлэхэд би ичлээ. Би тийм удаан хугацаагаар хүлээж байгаа, над шиг үнэн Сүмийн тухай сонсож, дэлхий дээр баптисм хүртэх боломжгүй байсан хүмүүст цаг гаргаж өгөхийг хүсээгүй учраас амин хувиа хичээснээ ойлгосон.

Нөгөөх ажилтан буцаж ирээд манай тойргийн гишүүдийн нэрсийг дуудаж эхлэв. Нэг эгч бидэнд цагаан хувцас авчирч өгсөн нь яг таг биш ч гэсэн таарав. Тэрээр биднийг хувцасласны дараа бидний үсийг цагаан туузаар боов.

Тэгээд бид баптисмын сан дахь вандан сандлууд уруу хөл нүцгэн явж орлоо. Хивс нь маш зөөлхөн үс нь өндөр учраас бид чинь газар дээгүүр явж байгаа бил үү гэж санагдмаар байж билээ.

Миний ээлж болоход, өөрийнхөө баптисмыг хийлгэсэн тэр өдөр шиг л сандарч байлаа. Ариун сүмийн ажилтнууд туйлын эелдэг уриалгахан байж, бидний хүн нэг бүрд илт мэдэгдэхүйц тэвчээртэй хандаж байлаа.

Намайг баптисмын сангаас гарч ирэхэд нэг эгч том цагаан алчуур барьж, яралзтал инээмсэглэн хүлээж байв. Би хувцсаа солиод нэг өрөө рүү орж тэнд гишүүнээр батлуулав. Надад алчуур өгсөн нөгөөх эгч надтай хамт явж Их Эзэний ажлыг хийх хүсэлтэй байсны төлөө надад талархал илэрхийлэв.

Би гарахдаа ариун сүмд орсон нь миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан туршлагуудын нэг болохыг ойлгож билээ. Ариун сүм бол ариун нандин газар бөгөөд Их Эзэний Сүнс Түүний ажлыг чиглүүлэн тэнд оршдог. Хүлээлтээс ашиг тус ирэх нь ч байдаг.

Зураг чимэглэлийг Жон Замудио