2009
Залбирлаар эхэл
2009 оны аравдугаар сар


Залбирлаар эхэл

Хариуг эрэлхийлэхүй? Канадын Оттавын өсвөр насныхан залбирал бол эхлэх цэг хэмээн хэлж байна.

15 настай Женни залбиралдаа хариу хүлээн авах нь уучлал гуйхаас эхэлдэг гэж ярилаа. Бараг жил шахам тогтмол залбирч байгаагүйдээ тэр харамсдаг ажээ. Түүний амьдралд тохиолдож байгаа юмс хичээл сурлаганд нь ч, найз нарынх нь хувьд ч, тэр ч байтугай сүм дээр ч тааламжгүй байлаа.

Женнид нэг орой кино үзмээр санагдсан гэнэ. Түүнийг хамгийн доод талын номын тавиур дээрх киног харахаар доош тонгойтол саявтархан эмгэнэлтэйгээр талийгаач болсон авга ахынх нь зураг нүдэнд нь туссан аж. Харамсан бодсон юм бүхнийхээ улмаас гэнэт түүнд уйлмаар санагджээ. “Яг энэ үед залбирах ёстойгоо би мэдсэн шүү” гэж Женни хэлэв. Тэр өвдөг сөгдөж, залбирчээ.

Женни хариу авснаа тайлбарлахдаа: “Залбирч дуусангуутаа би хариу авсан. Юм бүхэн дахин хэвийн болсныг би мэдэрсэн. Юм бүхэн сайн болох болно. Авга ахын минь хувьд ч юм бүхэн сайн байх болно. Би сургуульдаа, найз нартаа хайртайгаа мэдэв. Мөн сүм надад хэрэгтэй учраас би сүмд явах ёстойгоо ойлголоо. Надад нэг л аятайхан дулаан мэдрэмж төрснийг би мэдрэв. Тэнгэрлэг Эцэг минь надад хайртайг мөн Тэрээр бэрхшээл тохиолдоход надад тусална гэдгийг би мэднэ.”

Женнигийн хувьд энэ залбирал нь түүний ямар нэг юм хэлэх гэсэн боловч яагаад ч юм чадаагүй тэр зүйл байв. Одоо тэр энэ тухай бодоход л мөн Их Эзэнээс хүлээн авсан хариултын ижил баталгаа, тэр тайвшралыг бас дахин авдаг.

Женни Холт бол Оттава голын модтой эрэг дээр баригдсан Канадын үзэсгэлэнт сайхан нийслэл хот болох Оттавад амьдардаг юм. Тэрээр Оттавын Онтариа Гадасны найзуудтайгаа хамт залбирал амьдралд нь хэрхэн нөлөөлсөн тухай ярилцаж байна.

Залбирлын хариу хаанаас ирдэг вэ?

Оттавын өсвөр үеийнхний ярьсан хамгийн сонирхолтой зүйлсийн нэг бол тэдний залбирал хэрхэн хариулагддаг тухай юм. Хамгийн түрүүнд Сюзан Брүүк: “Та хариу авахыг хүсч байгаа бол, анхааралтай сонсох хэрэгтэй.

Заримдаа судар уншсанаар хариу ирдэг” гэж хэллээ. Тэрээр нэг сайн жишээ татаж хэлсэн нь: “Нэг өдөр би бүр ядарчихаад, хэнд ч хэрэггүй болсон шиг санагдаж билээ. Үг дуугарах ч хүсэлгүй болсон байлаа. ‘Даруу бай’ гэж сударт уншсанаа саналаа. Яг хаана ингэж өгүүлдгийг санаагүй ч гэсэн үүнийгби гэнэт ойлгох нь тэр. Тэр бол миний хариу байлаа.” (С ба Г 112:10-ыг үз.)

Ариана Кейт сүмийн цуглаануудын яриаг анхааралтай сонсдог аж. “Бидний залбирлуудаас олон нь сүм дээр үг хэлэгчдээр хариулагддаг гэж би боддог” гэж тэр хэллээ. “Би нэг удаа патриархын адислалаа авахыг хүсэв. Үүнээс долоо хоногийн өмнө патриархын адислалаа авахаар төлөвлөж байтал манай гадасны патриарх манай тойрогт ирж үг хэлж билээ. Би энэ тухайд шаргуу залбирч, түүний үгийг сонсох нь тун сайхан байж билээ.”

Миний залбирлууд ихэнхдээ гэр бүлээр минь дамжин хариулагддаг гэж Маккензи Лофтус ярилаа. Тэрээр гэр бүлийн нэгэн шийдвэрийн талаар залбирсан аж. Тэгэхэд “Бидний гаргасан шийдвэр зөв гэдгийг мэдэж байсан учир би Сүнсийг тэр даруйд мэдэрсэн.”

Заримдаа хүсэн хүлээсэн хариу шууд ирдэг. Томас Францис болон түүний гэр бүл Оттава уруу шилжиж ирэхэд тэр шинэ сургууль дээрээ шинэ найз нартай болох хэрэгтэй болжээ. Сайн найзуудтай болохын тулд тэр залбирсан гэнэ. “Нэг өдөр энэ хүн манай ангид орж ирээд, ‘чи миний найзуудтай танилцахгүй юу?’ гэж билээ. Тэр цагаас хойш бид найзууд болсон юм. Энэ нь надад их тус болсон шүү.”

Доосон Либберт залбирлын хариуны талаар нэлээд чухал нэг зүйлийг ярив. “Заримдаа та хүсэн хүлээсэн хариугаа авахгүй. Харин өөрт чинь хэрэгтэй хариу авах болно” гэж тэр хэлэв. Зарим үед та хариуг тэр даруйд олж харахгүй байж мэднэ. Харин үйл явдлыг эргэн харж цэгнэн үзвэл хариуг олж харж болно.

Ярилцах хүн бий

Өсвөр үеийнхнээс нэлээд хэд нь хамтдаа залбирдаг гэр бүлтэй байх нь хэчнээн сайхан тухай ярилаа. Куффин де Сауза ялангуяа гэр бүлээрээ орой бүр залбирдагт баяртай байдаг ажээ. “Бид залбирлаа хуваарьтайгаар ээлжилж хийдэг. Би гэрээсээ хол байгаа үед гэрийнхэн маань миний төлөө залбирч байгааг мэддэг учраас Сүнсийг мэдэрдэг.

Бенедикте Белизайре өглөө бүр аав ээжтэйгээ хамт залбирах дуртай. “Би аав ээжийнхээ өрөөнд ороод хамтдаа залбирдаг” гэж тэр хэллээ. “Ариун Сүнс миний дотор оршдог гэсэн гэрчлэл надад байдаг. Хэрэв надад Түүний тусламж хэрэгтэй болбол би Тэнгэрлэг Эцэгээсээ асуух болно.

“Бид залбирал хэлэх үедээ Тэнгэрлэг Эцэг сонсож байгаа шүү гэдгийг мэдэх нь үнэхээр чухал” гэж түүний найз Рут Декейди ярилаа. Тэр үнэхээр чиний төлөө байдаг.”

Залбирал түүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг нь Кати Камеронд таалагддаг аж. “Их Эзэнтэй ярилцах үед үнэхээр нэг хүн надтай ярилцаж байгаа юм шиг санагддаг. Би Түүнд хандан юуг ч ярьж болно гэдгийг мэддэг.

Бусдын төлөөх залбирлууд

Залуу хүмүүс ялангуяа Ронан Филамонт, Фред Кинг, Доосон, Давин Либберт нар шиг санваартны насны залуус тойрог буюу салбарын гишүүдийнхээ төлөө ариун ёслолын цуглааны залбирал хийхийн ач холбогдол болон энэ нь тэдний ариун үүрэг болох тухай ярьж байв.

“Ариун ёслолын залбирал хийх нь үүний ач холбогдлын талаар улам гүнзгий бодоход хүргэдэг” гэж Доосон хэллээ. Санваарын энэхүү эрх мэдэл надад байдаг. Үүнийг буруугаар ашиглаж болохгүйг би мэднэ.”

Фред анх пристээр томилогдоод ариун ёслолын залбирал хэлснээ санадаг аж: “Их хэцүү байсан шүү. Бас алдаа ч гаргаж л байсан. Нэг удаа би залбирлаа дахин дахин эхэлж байж билээ. Гэвч хэчнээн удаа оролдсон нь хамаагүй, эцсийн эцэст би зөв залбирлыг олох болно гэдгийг Сүнс надад шивнэсэн юм. Энэ их сайхан мэдрэмж байж билээ.”

Залбиралд бэлтгэл шаардлагатай

Өсвөр насныхнаас нэлээд хэд нь залбирахаар бэлтгэх үедээ хийх ёстой чухал зүйлсийн тухай ярилаа. Матт Ларсон унтлагын өрөөнийхөө хананд Сургаал ба Гэрээ 78:19 дэх судрын эшлэлийг хадсан аж: “Бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдоно; мөн энэ дэлхийн зүйлүүд, тийм ээ, бүр зуу дахин түүнд нэмэгдэх болно.” Энэ нь түүнд Их Эзэний өгсөн зүйлсийн төлөө талархалтай байхыг сануулдаг ажээ. Тэр талархал илэрхийлэх нь түүний залбирлын хэсэг байх ёстойг мэддэг.

Ник Мүүленбек хэлсэн нь, “Буурь суурьтайгаар бодож, залбирлыг зүрх сэтгэл, санаа бодолдоо төвлөрүүлэхгүй бол үр дүнтэй болж чадахгүй.”

Залбирлын гайхамшигтай хүч

Сиерра Либбертэд залбирлын тухай нэгэн агуу түүх байдаг гэнэ. Түүнийг хоёртой байхад гар дээр нь морь гишгэчихжээ. Эрхий хуруу нь тасарч, бусад хуруунууд нь няцарсан байв. Аав ээж хоёр нь хуруунуудыг нийлүүлж мэс засал хийлгэхийн төлөө нэг эмнэлгээс нөгөө рүү баахан харайлгажээ. “Нэг эмч аав, ээж хоёрт нь хагалгаа амжилттай болно гэдэгт их найдвар тавиад хэрэггүй шүү гэж хэлсэн байна. Ээж түүнд Тэнгэрлэг Эцэг бүгдийг чадна энэ ганц хүний залбирал биш бүх дэлхий түүний төлөө залбирах болно гэж хэлжээ. Ээж маань ариун сүм уруу утасдаж, залбиралд нь миний нэрийг нэмж оруулсан” хэмээн тэр ярилаа.

Одоо Сиерра 13 настай түүнийг гар хэвийн ажиллагаатай. Түүний эрхий хуруу одоо зүгээр гээд тойргийнхоо охидод өргөн үзүүлжээ. Тэд энэ түүхийг өмнө нь огт сонсоогүй аж. Сиеррагийн эрхий хурууны угаар сайн ажиглах юм бол үл мэдэг нарийхан сорви байгааг харжээ. Мэс заслын үр дүн нь үнэхээр гайхамшигтай байлаа.

Залбирал миний төлөө юу хийж чаддагийг мэдэх нь надад сайхан байдаг. Энэ бол миний амьдрал дахь гайхамшиг юм” гэж Сиерра хэлэв.

“Залбирал бол эзэмшвэл зохих агуу зуршил мөн” хэмээн Кейл Лофтусын хэлсэнтэй хүн бүхэн санал нэг байлаа.

Дээд талд: Бриджитт Легер, Женни Холт, Доосон Либберт, Дейна Конвей, Ребека Вагонер, Александр Ричер-Брюл нар (зүүн талд) залбирлын ачаар Тэнгэрлэг Эцэгээс тусламж ирдгийг Оттавагийн Онтарио Гадасны бусад залуучууд ч мэддэг ажээ.

Дээд талд, дээрээс: Фред Кинг, Ронан Фила Монт нар ариун ёслолын залбирал бол ариун нандин зүйл учраас хүндэтгэлтэйгээр хэлэх ёстой гэв. Куффин де Сауза гэр бүлийнхээ залбиралд талархалтай байдаг аж.

Оттавагийн залуучууд хүнд үед тайтгарлын төлөө, хичээл сурлага болон найз нарынхаа төлөө, хүссэн адислалынхаа төлөө залбирдаг ажээ. Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулдгийг тэд мэднэ. “Зарим үед та хүсэн хүлээсэн хариугаа авахгүй. Харин өөрт чинь хэрэгтэй хариуг авах болно” гэж Доосон Либберт хэлэв.

Дээд талд: Матт Ларсон залбирахынхаа өмнө ханан дээр хадсан судрыг уншдаг бол, залбирал хүч чармайлт шаарддаг хэмээн Ник Мүүленбек хэлэв.

Дээд талд, зүүнээс: Рут Декейди, Катя Галлант, Бенедикте Белизайре нар Ариун сүнсийг илгээхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйх нь агуу санаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Доод талд: Кати Камерон, Каролин Алберс, Сиерра Либберт нар залбирах үед төрсөн мэдрэмжиндээ хайртай.

Сонссон нь, Майкл Жарвис Нелсон

Жанет Томасын гэрэл зургууд