2009
Амар амгалангийн газар
2009 оны аравдугаар сар


Амар амгалангийн газар

Бүгд Найрамдах Доминикан Улсын хоёр залуу эмэгтэй иргэний хувьд ариун сүм бол зөвхөн үзэсгэлэнт барилга биш юм. Энэ бол бас тэдний хамгийн эрхэм дотно найдвар болон мөрөөдлийнх нь амьд сануулагч юм.

16 настай Дилсиа Сото өөрийнх нь төрсөн хот Бүгд Найрамдах Домникан Улсын Санто Домингод ариун сүм онцгойлон адислагдсан өдрийг мартдаггүй ээ. “Тэгэхэд би дөнгөж 9-тэй байсан. ‘Ариун сүмтэй болсон нь! Мөн ч гоё байсан шүү!’Хүмүүс лацдан холбуулах болон гэрээнүүд хийхийн тулд бусад орнууд уруу явдаг байсныг би хардаг байлаа. ‘Харин одоо манайхан болон би өөр орон уруу явах шаардлагагүй. Учир нь манай хотод ойрхон ариун сүм байна шүү дээ’ гэж боддог байв.’”

Өнөөдөр манай нийслэлд ариун сүм үзэсгэлэнтэйгээр сүндэрлэн байна. Шовх орой, сайхан цэвэр цэмцгэр энэ газрын хажуугаар өнгөрсөн хүмүүс “энэ бол сүм дуган байх ёстой” гэж боддог биз. Ариун сүм бол үүнээс ч илүү ариун нандин зүйл гэдгийг Дилсиа тайлбарлахдаа баяртай байдаг аж. Түм түжигнэж, бум бужигнасан хотын гудамж, худалдааны газруудаас ариун сүмийн орчин эрс ялгаатай нь энд нам гүмхэн, хүндэтгэлийн сүнс оршдог.

Амар амгалангийн энэхүү газарт Дилсиа 14 настай өөрийн найз Келсиа Ст.Гардиентай хамт саяхан очжээ. Тэр хоёр Бүгд Найрамдах Доминикан Улсын Санто Домингогийн Мирадор тойргийн гишүүн юм. Тэд өмнө нь нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэхээр ариун сүмд орсон аж. Гэвч энэ өдөр тэр хоёр зүгээр л цэцэрлэг дотуур явж, ярилцан ариун сүмийн дотор байдаг Сүнсийг гаднаас нь мэдрэхээр ирсэн гэнэ.

Дилсиагийн хүсэл

“Би Их Эзэнд маш их хайртай. Миний амьдралд Түүний хийсэн зүйлийн төлөө би туйлын их баярлаж явдаг” гэж Дилсиа ярилаа. “Манай гэрийнхэн Сүмийн гишүүд. Харин миний авга, нагац, үеэлүүд гишүүн биш. Тэднийг манайд ирэхэд би Мормоны Номоо үргэлж бэлэн байлгадаг. Учир нь энэ үеэр сайн мэдээг тэдэнтэй хуваалцах боломж гарч мэднэ. Тэр бас сайн мэдээг найз нартайгаа мөн “үнэхээр сонирхож байгаа, уулзсан ямар ч хүнтэй” хуваалцдаг ажээ. Ингэх бүрдээ тэрээр: “Би Сүнсийг их хүчтэй мэдэрдэг. Гэрчлэлээ хуваалцах бүрдээ би Сүм үнэнийг дахин мэдэрдэг” гэжээ.

Тэрээр авралын төлөвлөгөөний тухай семинарын хичээлийг санадаг. “Энэ дэлхийгээс өмнө бид Тэнгэрт болсон агуу Зөвлөгөөнд оролцож, Тэнгэрлэг Эцэгээ дагахаар сонгон, бидний төлөө Есүс Христ золиослол хийх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм” хэмээн тэр ярилаа. “Тэр үед бид Тэнгэрлэг Эцэгээ дуулгавартай дагасан учраас одоо яс, махан биетэйгээр дэлхий дээр байгаа юм гэдгийг манай багш тайлбарласан юм. Тэрээр үүнийг ярихад энэ нь үнэн гэдгийг би мэдэж байв. Тэр орой би чин сэтгэлийн, хүчтэй залбирлаараа энэхүү мэдлэгийн төлөө Бурханд талархал илэрхийлсэн.

“Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?” хэмээн Дилсиа 1 Коринт 3:16-г эш татав. “Хэрэв би ариун сүм юм бол” “ариун сүм шиг цэвэр, гоё сайхан байх хэрэгтэй шүү дээ. Энэ Сүмийн гишүүн байх нь, ариун журамт залуу эмэгтэй байх нь хэчнээн гайхамшигтай адислал билээ!”

Түүний хамгийн агуу хүсэл бол нэгэн цагт Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрах явдал гэнэ. “Түүнд буцаж очиход бидэнд хэрэгтэй бүхнийг ариун сүмийг Тэрээр бидэнд өгсний төлөө би маш их баяртай явдаг. “Түүнд талархал илэрхийлэх хамгийн сайн хэлбэр бол Тэрээр биднээс хүсдэг тэр байдлаар амьдрах явдал мөн.”

“Түүний өргөөнд орж, Түүний тухай илүү ихийг мэдэн, үүрд мөнхөд Түүнтэй хамт амьдрах замаа засахаар ажиллахыг Их Эзэн биднээс хүсдэг” хэмээн Дилсиа ярив. Нас барагсдын төлөөх баптисмд оролцох нь түүнд таалагддаг, учир нь “энэ бол хөшигний нөгөө талд хүлээж байгаа хүмүүст туслах, тэд өөрсдийнхөө төлөө өөрсдөө хийж чадахгүй юмыг нь хийж өгөх арга зам юм.”

Келсиагийн амлалтууд

Келсиа ч бас үүнийг зөвшөөрөв. “Бид тэдний төлөө ариун сүмийн ажлыг хийх нь өвөг дээдэст маань хэрэгтэй юм. Үүний төлөө тэд бидэнд талархах болно гэдгийг би мэднэ. “Ялангуяа энэ амьдралд огт хараагүй, мэдэхгүй эмээтэйгээ уулзахыг би тэсч ядан хүлээж байна. Эмээгийнхээ төлөө ариун сүмийн бүх ажлыг хийлгэнэ гэдэгт бид итгэл төгс байна.”

Ариун сүмийн тухай ярилцсан нь Келсиад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн аж. “Би гэр бүлтэйгээ лацдан холбуулахад туслах шийдвэрүүдийг гаргахаар амласан” гэж тэр ярилаа. “Бид сайн мэдээнд хүндэтгэлтэй хандаж, зарлигуудыг сахих ёстой al pie de la letra [яг таг; бичигдсэний дагуу нэгбүрчлэн]” гэж тэр хэлэв. “Бид Тэнгэрлэг Эцэгтээ хайртай учраас үүнийг хийдэг. Иймээс дуулгавартай байдал бол бид талархлаа Түүнд харуулах арга зам мөн.”

Тэднийхэн Гайтигаас Бүгд Найрамдах Доминикан улсад нүүж ирснээс хойш зургаан жилийн дараа 2006 онд Сүмд элсчээ. “Манай хаалгыг тогшсон номлогчдод би их баярладаг. Сүнсийг мэдэрч, бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай мэдсэн нь их аз завшаан байлаа. Сайн мэдээ бидний амьдралд ирсэн цагаас хойш манай гэр бүл бүр их ойр дотно болсон. Бүр хамгийн хүнд үед ч ийм их эв нэгдэлтэй байдаг гэр бүлийг надад өгсөнд би баяртай явдаг. Үүрд мөнхөд лацдан холбуулах онцгой боломж бидэнд байгаа нь бүх адислалуудаас хамгийн агуу нь юм.”

Аав ээж хоёр нь яг одоо ариун сүмийн бэлтгэлийн хичээлд сууж байгаа нь ариун сүмд гэрлэх өдөртөө одооноос бэлтгэхийг нь түүнд сануулж байгаа аж. “Миний ирээдүйн нөхөр бид хоёр бие биедээ, мөнхийн гэр бүлдээ зохистой байх болно гэдэг нь миний гол зорилго юм.”

Амар амгаланг хуваалцах нь

Хоёр найз зөөлөн салхинд сэвэлзэн намирах төрийн далбааг мандуулсан баганын дэргэдүүр явж өнгөрөв. “Ариун сүмийн дэргэд намирах төрийн далбаа хүртэл итгэлтэй байхыг бидэнд сануулах шиг болсон шүү” хэмээн Дилсиа хэлэв. “Төрийн далбаа бол зүгээр нэг өнгөний бэлгэдэл биш. Энэ нь Dios, patria, libertad [Бурхан, эх орон, эрх чөлөө] гэсэн уриаг агуулдаг бөгөөд Христийн загалмай болон Арван зарлигийг харуулдаг. Энэ нь манай улсыг Бурханд итгэдэг хүмүүс үндэслэн байгуулсан бөгөөд Бурхан манай оронд чухал хэвээр байгааг бидэнд сануулдаг.

Тэд бас ариун сүмийн орох хаалганы дэргэдүүр өнгөрөхдөө: Santidad al Señor, la Casa del Señor (Ариун нь Их Эзэнд, Их Эзэний Өргөөнд байх болтугай) гэсэн ариун сүм бүрийн орох хаалганы дээр байдаг үгсийг хардаг.

“Би эдгээр үгсийг унших бүрдээ эдгээр нь үнэн гэдэг хүчирхэг гэрчлэлээр дүүрдэг” гэж Дилсиа ярив. “Би энд нэг удаа Мючелийн бүлэгтэй ариун сүмийн орчныг үзэхээр ирснээ санаж байна. Биднийг үйл ажиллагаагаа дуусгасны дараа ямар санагдав гэж бишоп асуусан. Бид энэ тухай ярилцаад, амар амгалан гэсэн ганцхан үгтэй хариуг олсон юм.”

Келсиа, Дилсиа хоёр тэндээс явахдаа ганцхан үгтэй төгс хариуны … тухай бодож байлаа. Төгс гэсний учир нь … ариун сүм бол амар амгалангийн газар юм.

Ричард М.Ромнийн гэрэл зургууд