2014
Бусдыг Христэд итгэх итгэлтэй болоход нь туслах нь
2014 оны арванхоёрдугаар сар


БусдыгХристэд итгэх итгэлтэй болоход туслах нь

2011 оны 3-р сарын 6-ны Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх цугларалт дээр хандаж хэлсэн “Бид хамгийн агуу үеийнхэн байсан” үгнээс хэсэгчлэн авав. Бүрэн эхээр үзэх бол cesdevotionals.lds.org хаягаар орж үзнэ үү.

Би оюун санааны амар амгалан, бодит аз жаргалд зайлшгүй шаардлагатай Христэд итгэх итгэлд болон хүчирхэг шашны үндэс сууринд эргэн ирэхэд нь Бурханы хүүхдүүдэд туслахад та бүхнийг уриалж байна.

Зураг
Jesus Christ on a knee with a hand outstreched as people behind him look on.

Дэвид Линдси, Эдгээгч гавар,

“Ромын пап лам XVI Бенедикт Европ, Австрали болон Нэгдсэн Улс дахь Христийн сүмүүдийн доройтолд харамсан гашуудахдаа: ‘Бурхан, тэр бүү хэл Христ хэрэгтэй гэсэн баталгаа байхгүй болжээ” гээд, “уламжлалт сүмүүд гэж нэрлэгддэг сүмүүд мөхөж байна’” гэж хэлсэн байна.1

Бид уламжлалт сүсэг бишрэлээс холдон хөндийрчээ. Олон хүн өөрсдийгөө сүсэгтэй гэхээсээ илүүтэй, сүнслэг гэж хэлдэг болж. Хэрэв сургаал тэдний амьдралын хэв маягт нийцвэл тэд үүнийг хүлээн авч, үүнийг өөрсдийн итгэл үнэмшлийн хэсэг болгон хөгжүүлдэг. Хэрэв энэ нь нийцэхгүй бол хүн өөрийн итгэл үнэмшлийг хөгжүүлдэг. Итгэл ба сүнслэг байдлыг одоо хэрэглээний бүтээгдэхүүн мэтээр үзэж байна. Материализм буюу материаллаг үзэл давамгайлж, Бурханыг орлох боллоо.

Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд хүн төрөлхтний итгэлийг устгах зорилготой эдгээр аюултай хандлагын эсрэг үзэл бодлоо илэрхийлдэг байх ёстой. Мормоны Ном бидэнд Бурханд итгэх итгэлээ удаан үргэлжилдэггүй зүйлсээр солих вий хэмээн дахин дахин сэрэмжлүүлдэг. Мормон олон нифай үндэстэн итгэлээсээ туугдаж байгаа цаг үеийг дүрслэн хэлэхдээ “Харин өөрсдийн агуу баялгуудын улмаас сэтгэлдээ хөөрсний учир тэд бардам болжээ; тиймийн тул өөрсдийн нүдэнд тэд баян болж, мөн Бурханы өмнө зөв шударгаар алхуулах тэдний бошиглогчдын үгсэд анхаарал тавихгүй байлаа” (Aлмa 45:24) гэжээ.

Та нийгэмд Христэд итгэх итгэл доройтож байгааг харах үед таны итгэл илүү бат бөх, илүү аюулгүй болох ёстой. Хиламан: “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12) хэмээн тунхагласан билээ.

Нифай бидэнд:

“Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд … [мөн] Христэд байх тэрхүү амьдралыг харуулдаж болохын тулд … ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” гэж сануулдаг.

“… Өөрөөр хэлбэл зөв зам гэдэг нь Христэд итгэх юм” (2 Нифай 25:26–28).

Ийм шаардлагыг хангах үндэс суурь бидэнд бий юү?

Христийн золиослолын бэлгэдлүүд

Зураг
An angel appearing to Adam and Eve as they prepare to offer a lamb as a burnt offering. The illustration depicts the angel explaining to Adam and Eve that the animal sacrifice was symbolic of the sacrifice to be made by Jesus Christ.

Бүхий л үеийн түүхэнд хамгийн сайн бичигдсэн баримт бол дэлхий дээрх Их Эзэн Есүс Христийн төрөлт болон зорилгын тухай шастир юм. Түүний зорилго бидний анхны эцэг эхийн өдрүүдээс эхлэн бошиглогдсон билээ. Бид Мосегийн номноос:

“Мөн Адам түүний эхнэр Ева Их Эзэний нэрийг дуудав, мөн тэдэнд хандан өгүүлэх Их Эзэний дуу хоолойг Еденийн Цэцэрлэг уруу хөтлөх замаас тэд сонсов, мөн тэд түүнийг харсангүй, учир нь тэд түүний оршихуйгаас таслагдсан байлаа.

“Мөн тэд өөрсдийн Бурхан Их Эзэнийг шүтэх ёстой, мөн мал сүргийнхээ ууган төлүүдийг Их Эзэнд барих өргөлийн тулд өргөж байх ёстой хэмээх зарлигуудыг тэрбээр тэдэнд өгчээ. Мөн Адам Их Эзэний зарлигуудад дуулгавартай байв.

“Мөн олон өдрийн дараа Их Эзэний тэнгэр элч Адам дээр хүрч ирэн хэлэв: Чи яагаад Их Эзэнд тахил өргөх болов? Мөн Адам түүнд хэлэв: Их Эзэн зарлигласнаас өөрийг би мэдэх нь үгүй.

“Мөн тэгээд тэрхүү тэнгэр элч ярьж, хэлэв: Энэ зүйл бол ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн болох Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй бөлгөө.

“Иймийн тул, чи өөрийн хийх бүхнийг чи Хүүгийн нэрээр хийх ёстой, мөн чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой” (Moсе 5:1, 4–8) гэж уншдаг.

Энэхүү золиослол нь дэлхий дээр санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдэж, дэлхийн нүглүүдийн төлөө амиа өгөх Хүний Хүүгийн золиослолыг төлөөлөх сайн мэдээний ёслол болон тогтсон юм.

Ёслолын хэв маяг нь цаг хугацааны голчид ирэх Их Эзэний золиослолын онцгой шинж тэмдгийг тодорхой үзүүлдэг билээ. Жишээ нь, хожим нь Дээгүүр өнгөрөх баярын өргөл нь гэм зэмгүй бөгөөд өө сэвгүй ууган эр хургыг өргөл болгон сонгохыг шаарддаг болсон. Цусыг нь юүлэн, нэг ч ясыг гэмтээхгүй байхыг анхаарах зан үйл нь Аврагчийн үхлийг бүхий л бэлгэдлээр төлөөлдөг байна.

Адамын үеэс Аврагчийн үе хүртэл тахил өргөх ёслол үргэлжилсэн нь гайхалтай санагддаг. Израилийн хүүхдүүд олон үеийн турш урвалтад орж байсан ч Төрсөн Ганц Хүү хүн төрөлхтний нүглүүдийг цагаатгаж, мөн Түүний цагаатгагч цус мөнх амьдралыг боломжтой болгоно гэсэн итгэл найдвар олон хүний зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

Тахил өргөх ёслол нь ерөнхийдөө Аврагчийн Цагаатгалын дараа төгсгөл болсон билээ. Тэрбээр дэлхий дээр байж, дэлхий дээрх тохинууллаа гүйцэлдүүлснийг сануулахын тулд ариун ёслолыг дагалдагчдадаа зориулж, шинээр тогтоосон билээ. Бид Лукийн номонд:

“Тэр талх авч, талархал өргөөд тэдэнд хуваан өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.

Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, Энэ нь та нарын төлөө асгарах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм” (Лук 22:19–20) гэж уншдаг.

Энэ сануулга урвалтын харанхуй үед ч, мөн олон зууны турш олон хэлбэр, олон арга замаар хийгдэж, сайн мэдээ болон санваарын хүч сэргээгдэж авралын ариун ёслолуудыг гүйцэтгэгдэх хүртэл байсаар ирсэн нь намайг гайхшируулдаг билээ.

Бид тэмдэглэгдэн үлдсэн түүхийн бүх үеийн турш Аврагчийнхаа зорилгын тухай байнгын сануулгуудыг олдог. Тэр дэлхийд Бурханы болон хүмүүний гэсэн давхар харьяалалтай нэгэн болж ирсэн юм. Энэ нь Түүнд Цагаатгалаар дамжуулан бүх зүйлийн төлөө агуу өргөмжлөх золиослол хийх боломжийг бидэнд олгосон билээ. Дэлхийн эрин үеүдийн турш Түүний илчилсэн авралын сургаалуудыг судалж, тэдгээрийн дагуу амьдрахаас илүү Есүс бол Христ, дэлхийн Аврагч гэсэн ямар ч хүчирхэг нотолгоо байж чадахгүй биз ээ. Биднийг дэлхий дээр түр хугацаагаар амьдрах үед Тэрбээр удирдан чиглүүлэх сайн мэдээгээ бидэнд өгсөн билээ.

Сайн мэдээ бол шийдэл юм

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) хэлэхдээ:

“Дэлхийд тулгарч байгаа асуудлуудыг Есүс Христийн сайн мэдээ шийдвэрлэх болно гэдгийг харуулах хариуцлагыг үүнийг тунхагладаг хүмүүс хүлээдэг. … Есүс Христийн сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар дэлхийн бүх асуудлыг шийдвэрлэж болно … гэдэгт би итгэдэг.

Дэлхийн тулгамдсан асуудлуудын шийдэл нь Есүс Христийн Сүмд байдаг. Өргөн цар хүрээтэй арга хэмжээг зөвхөн хувь хүмүүсийн хэрэгцээг хангахын төлөө бус харин тодорхой нэг улс үндэстэн эсвэл хэсэг бүлэг улс орны хэрэгцээг хангахын тулд хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид өөрсдийгөө агуу мэргэн ухаантай хэмээн дөвийлгөн боддог байж магадгүй, гэвч тийм биш гэдгийг би батлан хэлж чадна. Энэ бол зүгээр л дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд Бурханы төлөвлөгөөг хэрхэн хэрэглэх тухай асуудал юм. Сүмийн түүхэнд урьд нь тохиолдож байгаагүй, дэлхийн түүхийн энэхүү бүтээлч эрин үед санваар атгагч та бүхэнд агуу их үүрэг хариуцлага оногдоод байна. Би үүнийг давтан хэлье. Бид үнэнийг баримталдаг хэмээн баталдаг бол хожмын үеийн гэгээнтэн бүр үүнийхээ дагуу амьдрах үүрэгтэй бөгөөд дэлхийн хүмүүс бидний дуудлагын хариуд жимсийг амтлахаар ирэн, уг жимс эрүүл бөгөөд эрхэм сайхан болохыг мэдэх болно” гэжээ.2

Бид Их Эзэн болон Аврагчийн сайн мэдээ дэлхийд сэргээгдсэн тухай агуу захиасыг дэлхийд хүргэж байна. Түүний Сүм ариун санваарын хүчээр болон алдар суутайгаар дэлхийд дахин байгуулагдсан юм.

Түүний сургаал, ёслол, зарчмууд болон эрх мэдэл нь тэнгэрт байдгийн адилаар дэлхий дээр Түүний төлөөлөгчдөд Түүний нэрээр үйлдэх хүч болон өгөгдсөн юм. Энэ Сүм бол Аврагчийн Сүм. Тэрбээр Өөрийн сүмийн ажил хэргийг Өөрийнхөө сонгосон бошиглогчдоор дамжуулан удирддаг. Бошиглогчид бусдад сайн мэдээг зааж, Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг гэрчилдэг. Өнөө үе буюу энэ эрин зуун нь цаг хугацааны эхэн үеийн бошиглогчдын зөгнөн хэлсэнчлэн, цаг хугацааны бүрэн байдлын эрин үе юм. Энэ бол Их Эзэний бошиглогчдоор яригдаж мөн ариун судруудад бичигдсэн бүх зүйл биелэгдэх цаг үе билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол шинэ сүм биш бөгөөд энэ үед болон энэ эринд дэлхийд сэргээгдсэн Сүм юм.

Та нар бол өнөө үед зориулан Их Эзэний хадгалсан тэр үеийнхэн юм. Та нар хүмүүст дэлхийн замуудаа орхин, Түүнийг дагаж, Түүний сайн мэдээгээр амьдарснаар бидэнд амлагдсан адислалуудыг хүртэж мөн дэлхийн арга замуудаа орхиход нь хүмүүст туслах Түүний төлөөлөгч байхаар, Их Эзэнтэй хийсэн гэрээ болон амлалттайгаар баптисмын уснаас гарч ирсэн хүмүүс билээ. Та нар Их Эзэний хүүхдүүдэд Христэд итгэх итгэлдээ буцан ирж, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, мөн Түүний замуудад эргэн ирэхэд тусалж чадна.

Та нар юу хийж чадах вэ

Та нар “Би юу хийж чадах вэ?” гэж өөрөөсөө асууж болно. Хэдэн сарын өмнө манай гадасны ерөнхийлөгч ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхдээ бусдыг Христэд итгэх итгэлд нь буцаан авчрахын тулд бидний хийж чадах 4 зүйлийг санал болгосон юм:

1. Өдөр бүр залбир

Ерөнхийлөгч Томас С. Монсон: “Миний дуу хоолойг сонсож байгаа болон том, жижиг ямар ч саад бэрхшээл, хэцүү хүнд зүйлтэй тулгарсан хүмүүст хандан залбирал нь сүнслэг хүчийг бий болгодог гэдгийг хэлж байна. … Залбирал нь биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах арга хэрэгсэл юм. Залбирлаар дамжуулан Түүнтэй ярь. Тэгээд хариултыг сонс. Гайхамшгууд залбирлаар дамжин ирдэг. Оргилуун хүсэл эрмэлзлээр залбирахаа санагтун”3 гэжээ.

Та өөрөө өдөр бүр залбирч мөн бусдыг өвдөг сөгдөж, Бурханд хандан залбирахад нь урамшуулан дэмжсэнээр Христэд итгэх итгэлдээ эргэж ирэхэд нь тэдэнд тусал.

2. Судруудыг өдөр бүр судал

Мормоны Номын гэрчлэлүүдээс илүү хүчтэй Есүс Христийг гэрчлэх гэрчлэл байдаг гэж үү? Энэ номын 239 бүлгээс 233-т нь Аврагчийн тухай өгүүлдэг.4 Энэ бол гайхамшигтай биш гэж үү?

Өдөр бүр судраас судлахад анхаар. Дараа нь та бусдыг өдөр бүр судраас судлахад урамшуулан дэмжсэнээр Христэд итгэх итгэлдээ эргэж ирэхэд нь тэдэнд тусал.

3. Ариун сүмд орохуйц зохистой бай

Та нарын зарим нь ариун сүмд орсон, зарим нь ороогүй байгаа. Ариун сүмийн эрхийн бичиг авахын тулд юу шаардлагатайг ойлгох нь чухал юм. Бид Израилийн шүүгчийн өмнө очиж, ариун сүмийн эрхийн бичигтэй байхуйц зохистой гэдгээ түүнд нотлон харуулж, дараа нь уг эрхийн бичигтэй байхад шаардагддаг жишгүүдийн дагуу амьдардаг байх үйл явцыг тодорхой ойлгодог.

Та нарын зөв шударга үлгэр жишээ ариун сүмийн адислалуудыг хүлээн авахуйц зохистой амьдарч буйг харуулахуйц амьдар.

4. Өдөр бүр үйлчлэл хий

Хаан Бенжамины дараах үгсийг санагтун: “Мөн болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17). Бусдын төлөө үйлчилсэн үйлчлэлээр маань дамжуулан Их Эзэн бидний залбирлуудад шууд хариулдаг.

Христийнхтэй адил, үйлчлэлийн үлгэр жишээ болж, хүмүүсийг бусдадаа үйлчлэхэд урамшуулан дэмжсэнээр Христэд итгэх итгэлдээ эргэн ирэхэд нь тэдэнд тусал.

Үүрэг хариуцлагын мэдрэмжээ шинэ түвшинд гаргагтун

Би Бурхан амьд гэдгийг мэднэ. Бид бүгд Түүний хүүхдүүд бөгөөд Тэр биднийг хайрладаг гэдгийг би мэднэ. Тэрээр Өөрийн Хүүгээ бүх хүн төрөлхтний төлөө цагаатгагч золиослол болгон дэлхий рүү илгээснийг би мэднэ. Түүний сайн мэдээг бүрэн дүүрэн хүлээн авч, Түүнийг дагадаг хүмүүс нь Бурханы бүх бэлгээс хамгийн агуу нь болох мөнх амийг хүлээн авах болно гэдгийг би мэднэ. Аврагч бошиглогч Иосеф Смитийн номлолоор дамжуулан дэлхий дээрх сайн мэдээний сэргээлтийг удирдсаныг би мэднэ. Бид Есүс Христийг болон Түүний хуулиудыг дагаж, зарлигуудыг нь сахиснаараа мөнх бус амьдралынхаа турш үргэлжлэх цорын ганц баяр баясгалан, аз жаргалыг хүлээн авах болно гэдгийг би мэднэ.

Би та бүхнээс үүрэг хариуцлагын мэдрэмжээ шинэ түвшинд гаргагтун хэмээн уриалж байна. Би энэхүү мөнх бус сорилтын өдрүүдэд оюун санааны амар амгаланд болон бодит аз жаргалд зайлшгүй шаардлагатай Христэд итгэх итгэлд мөн хүчирхэг шашны үндэс сууринд эргэн ирэхэд нь Бурханы хүүхдүүдэд туслагтун хэмээн та бүхэнд уриалж байна.

Бурхан та нарыг эр зориг, шийдвэр төгс байдал, урам зоригоор болон бидний Их Эзэний сайн мэдээгээр дамжуулан итгэлээ дахин сэргээх хүслээр адислах болтугай.

Эшлэлүүд

  1. Пап лам XVI Бенедикт, Ноуэл Нокс, “Religion Takes a Back Seat in Western Europe,” USA Today, 2005 оны 8-р сарын 10; usatoday.com/news/world/2005-08-10-europe-religion-cover_x.htm.

  2. Дэвид О. Маккэй, Gospel Ideals (1953), 5; эх текст дээр онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  3. Toмас С.Moнсон, “Чадахынхаа хэрээр сайн бай,” Лиахона, 2009 оны 5-р сар, 78.

  4. Робэрт Ж.Матай, The Book of Mormon: The Keystone Scripture, Паул Р.Чийсмэн ба бусад (1988), 33.

Мормоны Номын гэрчлэлүүдээс илүү хүчтэй Есүс Христийг гэрчлэх гэрчлэл байдаг гэж үү? Энэ номын 239 бүлгээс 233-т нь Аврагчийн тухай өгүүлдэг.

Жэрэми Винборг, Хаан Бенжамины хандаж хэлсэн үг