2014
Христийн мэндэлсний баярын бодит байдал
2014 оны арванхоёрдугаар сар


Христийн мэндэлсний баярын бодит байдлыг таньж мэдэх нь

Аврагч төрөөгүй, Цагаатгал хийгдээгүй байсан бол бид Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Зууч, Өмгөөлөгчгүй байх байсан бөгөөд Хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө эргэн очиж, мөнхийн гэр бүлээрээ хамтдаа амьдрах боломжийг бидэнд олгодог Зуучгүй байх байсан.

Аав маань бага байхдаа Юта нуурын ойролцоо, төв Юта дахь нэгэн жижигхэн тосгонд амьдардаг байв. Анхдагчдыг ирэхээс өмнө уугуул америкчууд тэр хэсэгт ан хийж, загасчилдаг байжээ. Нуурын ойролцоох тодорхой хэсгүүд сумны зэв хайж байсан хүмүүст танил болсон байв.

Аавыг таван настай байхад эцэг, хөвгүүдийн үйл ажиллагаагаар тойрог нь Юта нуур руу сумны зэв хайхаар явжээ. Тэд бүхэл өдрийн турш сумыг хайсны эцэст өвөө маань ааваас сумны зэв олсон эсэхийг нь асуусан байна.

“Үгүй ээ, би юу ч олсонгүй” гэж аав хариулжээ. Тэгээд тэр халаасаа тэмтэрч, “харин би гацуур модны хэлбэртэй энэ гоё чулууг олсон” гэжээ.

Аав маань үнэндээ сумны зэв олчихсон байв. Гэвч тэр үүнийгээ мэдээгүй байлаа. Тэр гартаа жинхэнэ сумны зэв барьчихсан зогсож байсан ч үүнийг таниагүй байв.

Гэтэлгэгчийг таних нь

Зураг

Өнөөдөр олон хүний хувьд дэлхийн Аврагч Есүс Христийг харах бодитой бөгөөд хамгийн чухал хараа нь бодит бус зүйлүүдээр сарнин бүдгэрчээ.

Би саяхан Есүс Христ үнэхээр онгон Мариагаас төрсөн эсэхэд эргэлзээ төрүүлсэн Есүс Христийн талаарх телевизийн хөтөлбөр үзсэн. Нэр хүндтэй байгууллагуудаас уригдан ирсэн агуу профессорууд хүртэл энэ нь боломжтой эсэх талаар эргэлзэж байв.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) иймэрхүү эргэлзэгчдэд хариулан, хэлэхдээ: “Эрдэмтэд хэмээн нэрлэгддэг тэр хүмүүс нь Шинэ Гэрээнд тунхаглагдсан Христийн тэнгэрлэг төрөлт тэнгэрлэг төрөлт байгаагүй бөгөөд Есүсийг төрөх үед Мариа онгон байгаагүй гэдэгт биднийг итгүүлэхийг хичээдэг. Тэд Есүсийн хойд эцэг Иосеф нь Түүний маханбодын эцэг бөгөөд тиймээс Есүсийн бүх шинж чанар, хандлагууд нь хүнийх байсан гэдэгт итгүүлэхийг хүсдэг. Тэд Түүнийг ёс суртахууны хувьд агуу философич, бүр магадгүй хамгийн агуу нь байсан гэж хэлэхдээ Түүнийг магтаж байгаадаа их өгөөмөр харагддаг. Гэвч Христийн шашны бусад бүх эрх мэдэл нь оршин тогтнодог Есүс бол бурханлаг хүү хэмээх сургаалыг тэд үгүйсгэдэг юм”1 гэжээ.

Би хиймэл цасан дээр цанаар гулгаж, Христийн мэндэлсний баярын дуураймал модыг дуураймал мөсөөр чимэглэсээр ирсэн. Заримдаа бодит зүйлийг, ялангуяа цахим ертөнц хөгжсөн өнөө үед бодит байдлыг ойлгоход хэцүү байж болно. Тиймээс бид бодит зүйлийг хэрхэн ойлгодог вэ? Бид Есүс Христийн бодит байдлын талаарх гэрчлэлийг хэрхэн олж авдаг вэ?

Бид эртний болон орчин үеийн судрууд дээрх Бурханы үгийг аль алиныг нь уншсанаар бодит зүйлийн талаарх гэрчлэлийг олж авдаг. Бид амьд бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэлүүдийг сонсож, уншсанаар Аврагчийн бодит байдлын тухай мэддэг. Бид “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр” (Моронай 10:4) залбирах үед үнэнүүдийг олж мэддэг. Бид “Христэд итгэж, түүнийг үгүйсгэхгүй байж,” “түүний өмнө доош бөхийж, мөн түүнийг [өөрсдийн] бүхий л хүчин чадал, оюун, мөн чадлаараа мөн [өөрийн] бүхэл бодгалиар бишрэн шүтсэнээр” (2 Нифай 25:29) “зөв замаа” олдог.

Христийн төрөлтийн тухай бошиглолууд

Зураг
Actors depicting the Nativity.

Судрууд нь Христийн төрөлт Христийн мэндэлсний анхны баярын бошиглолуудаар дүүрэн байдаг. Бид эдгээр судрын бошиглолуудыг зөвхөн бошиглолууд байсан мэтээр унших үед тэдгээрийг мартаж болно. Тэдгээр нь юу болох гэж байгаа талаар түүнчлэн юу хараахан болоогүй байгаа талаар гайхалтай тодорхой мэдээлэл өгдөг.

Христийг мэндлэхээс 800 жилийн өмнө Исаиа хэлэхдээ: “Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” (Исаиа 9:6) гэжээ.

Аврагчийг мэндлэхээс 600 жилийн өмнө Нифай Бурханы Хүүгийн эхийг харсан нэгэн үзэгдлээ дүрслэхдээ:

“Мөн би Назар хотыг үзэв … бас Назар хот дахь онгон бүсгүйг би харав, мөн тэрбээр үлэмж хонгор мөн цагаан байлаа. …

Мөн [тэнгэр элч] надад хандан: Болгоогтун, таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодийн биеийг төрүүлэгч эх нь бөлгөө хэмээв. …

“Мөн би сайхь онгон бүсгүйг харж, гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг болгоов.

“Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг болгоогтун” (1 Нифай 11:13, 18, 20–21) гэжээ.

Аврагчийг мэндлэхээс 124 жилийн өмнө хаан Бенжамин:

“Учир нь болгоогтун, тэр цаг ирнэ, мөн энэ нь хол зайтай бус … Төгс Хүчит Их Эзэн хүмүүний үрсийн дунд тэнгэрээс хүчтэйгээр бууж ирэх болно, мөн махбодийн асарт орших болно … хүчит гайхамшгуудыг үйлдэн, хүмүүний дунд урагшлан явах болно. …

“Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг, эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч хэмээн нэрлэгдэх болно; мөн түүний эх Мариа гэгдэх болно” (Moзая 3:5, 8) хэмээн хэлсэн билээ.

Христийг төрөхөөс 83 жилийн өмнө Алма: “Мөн болгоогтун, [Бурханы Хүү] бидний эцэг өвгөдийн нутаг болох тэр Иерусалимд Мариагаас төрөх болно, тэр нь онгон бүсгүй, сонгогдсон мөн хонгорхон бүсгүй” (Алма 7:10) гэжээ.

Христийн мэндэлсний анхны баяраас зургаахан жилийн өмнө лемен үндэстэн Самуел зарлахдаа:

“Мөн болгоогтун, түүний ирэлтийн тэмдэг болгон би үүнийг та нарт өгөх болно; учир нь болгоогтун, тэнгэрт агуу гэрлүүд байх болно, үүний хэрээр түүнийг ирэхийн өмнөх шөнө харанхуй болохгүй, үүний хэрээр энэ нь хүмүүнд өдөр мэт үзэгдэх болно. …

“Мөн болгоогтун, та нарын хэзээ ч тийм нэгнийг болгоогүй тэрхүү нэгэн шинэ од гарах болно” (Хиламан 14:3, 5) гэжээ.

Иудейчүүд энэхүү агуу үйл явдлыг тэсэн ядан хүлээж байв. Тэд Мессиаг ирнэ гэдгийг мэдэж байсан ба Түүнийг алдар суундаа ирж, тэднийг чөлөөлөн, дэлхийн хаант улсыг байгуулж, тэдний Хаан болно гэдэгт итгэж байлаа.

Мессиагийн төрөлтийн талаар хэн анх мэдсэн бэ? Энэ нь ямар нэгэн зөвлөлийнхөн эсвэл хүч, нөлөө бүхий албан тушаалтнууд байсан уу?

Тэнгэр элчүүдийн “үлэмж баярлуулах сайн мэдээг” (Лук 2:10) тунхагласан тэр хүмүүс нь газар унтаж байсан эгэл даруу хоньчид байсныг, мөн “зүүнтэйд одыг хараад Түүнд мөргөхөөр [ирсэн]” (Матай 2:2) мэргэн хүмүүс байсныг Библи бидэнд өгүүлдэг билээ. Харах чадвар нь энэ дэлхийн гүн ухаанаар саармагтсан хүчирхэг, нөлөө бүхий хүмүүс Аврагчийн төрөлтөөр эсвэл Түүний тохинууллын турш Түүнтэй хамт байгаагүй юм. Тэдний өмнө бодит зүйл байсан хэдий ч тэд үүнийг мэдээгүй буюу хүлээн аваагүй ажээ.

Христтэй илүү адил болох нь

Зураг

Христийн мэндэлсний баярын үеийн хамгийн агуу зүйлүүдийн нэг нь Бурханы зүйлүүдэд хандах бидний мэдрэмжийг нэмэгдүүлэх явдал гэж ерөнхийлөгч Бэнсон хэлжээ:

“Энэ нь бидэнд Эцэгтэйгээ харилцах харилцаагаа болон өөрсдийгөө Бурханд хэр зэрэг зориулж байгаагаа тунгаан бодоход тусалдаг.

“Энэ нь биднийг илүү хүлцэнгүй, өглөгч, бусдыг илүү ойлгодог, илүү өгөөмөр, илэн далангүй, найдвар, энэрэл, хайраар дүүрэн болж, Христийнхтэй адил бүх зан чанарыг олж авахад өдөөдөг. Христийн мэндэлсний баярын сүнс дэлхий даяар хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч байгаад гайхах зүйлгүй билээ. … Хэсэгхэн хугацаанд ч болов, Их Эзэн болон Аврагч, Есүс Христ рүү анхаарал хандуулан, бишрэн шүтэх нь нэмэгддэг байна.”2

Энэ Христийн мэндэлсний баяраар энэхүү улирлын сүнс зүрх сэтгэлд нэвтрэн ордог учраас Бетлехемд мэндэлсэн бяцхан хүү нь жинхэнэ Гэтэлгэгч гэдгийг ойлгосноо харуулж, энэ мэдрэмжээ бодитоор илэрхийлэх ямар нэг зүйл хийцгээе. Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–95) бидэнд үүнийг хийхэд туслах аргыг заахдаа:

“Маргалдсан бол энэ Христийн мэндэлсний баяраар эвлэр. Мартагдсан найзаа эрж хай. Хардлага сэрдлэгээ итгэлээр соль. Захиа бич. Зөөлөн хариулт өг. Өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж. Үг, үйлдлээрээ үнэнч шударга байдлаа харуул. Амласандаа хүр. Хэн нэгэнд гомдсон бол март. Дайснаа уучил. Уучлалт гуй. Ойлгохыг хичээ. Бусдаас юу шаардаж байгаагаа ажигла. Өөр хэн нэгний талаар эхлээд бод. Эелдэг, зөөлөн байж, илүү их инээ. Талархлаа илэрхийл. Танихгүй хүнийг урь. Хүүхэд баярлуул. Байгалийн үзэсгэлэнт сайхан газруудаас таашаал ав. Хайраа дахин дахин илэрхийлж бай” гэсэн зөвлөгөөг өгсөн юм.3

Христгүйгээр Христийн мэндэлсний баяр байх боломжгүй юм. Христгүйгээр, бүрэн дүүрэн баяр хөөр байж чадахгүй. Аврагч төрөөгүй, Цагаатгал хийгдээгүй байсан бол бид Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Зууч, Өмгөөлөгчгүй байх байсан ба Хайрт Тэнгэрлэг Эцгийнхээ өмнө эргэн очиж, мөнхийн гэр бүлээрээ хамтдаа амьдрах боломжийг бидэнд олгодог Зуучгүй байх байсан.

Би та бүхэнтэй хамт Бурханы Хүүгийн төрөлт ба тохинууллын сүр жавхлантай бөгөөд гайхамшигт бодит байдлыг тэмдэглэж байна. Мөн би Есүс Христ бол бидний Аврагч, амлагдсан Мессиа гэдгийг гэрчилж байна.

Эшлэлүүд

  1. The Teachings of Ezra Taft Benson (1988), 128.

  2. Эзра Тафт Бэнсон, Ларри C.Портэр, “Remembering Christmas Past: Presidents of the Church Celebrate the Birth of the Son of Man and Remember His Servant Joseph Smith,” BYU Studies, vol. 40, no 3. (2001), 108.

  3. Ховард В.Хантэр, “The Gifts of Christmas,” Ensign, 2002 оны 12-р сар, 18–19.