2014
Би Сүмийн жишгүүдийг дагаснаасаа болж сургууль дээр шоолуулах үед яах ёстой вэ?
2014 оны арванхоёрдугаар сар


Асуулт, хариултууд

“Би Сүмийн жишгүүдийг дагаснаасаа болж сургууль дээрээ шоолуулах үедээ би юу хийх хэрэгтэй вэ?”

Хэрэв чи Сүмийн жишгүүдийг дагаснаасаа болж шоолуулж байгаа бол үүнийг Есүс Христийг төлөөлөх боломж болгон ашиглах хэрэгтэй. Хүндэтгэлтэй, энэрэнгүй байгтун. Хэрэв Сүнсээр өдөөгдвөл, чи яагаад ийм амьдралаар амьдардгаа тайлбарлаж болно. Жишгүүдийнхээ талаар ярилцахдаа өөрт тань туслах Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг ашиглах талаар бодож үз. Сүнс үе тэнгийнхний чинь зүрх сэтгэлд хүрч болохын тулд Сүнсийг амьдралдаа урь. Сүнс чамд юу хэлэхээ мэдэхэд чинь тусалж чадна.

Мөн чи эцэг эх, Сүмийн удирдагчдаас эсвэл бүрэн цагийн номлогчдоос зөвлөгөө авч болно. Тэднийг төстэй нөхцөл байдалд юу хийдгийг асуугаарай.

Зарим үед чи итгэл үнэмшлийнхээ талаар бусадтай маргалдахаар уруу татагдаж болох юм. Гэвч “зөрчилдөөний Сүнстэй тэр нь [Христээс] бус гэдгийг санагтун” (3 Нифай 11:29).

Харин бусад үед чи бууж өгч, Сүмийн жишгүүдийг дагахаа болих дарамт шахалтыг мэдэрч болно. Хүчтэй бай. Тууштай зогсох нь таны амьдралыг амар амгалангаар адислаад зогсохгүй бас үе тэнгийнхний тань амьдралыг адисалж болно. Үлгэр жишээ тань зөв шударга шийдвэр гаргахад тэднийг урамшуулан дэмжиж чадна.

Хүч чадалтай байхын тулд Аврагчийн жишээг харагтун. Аврагч үнэний төлөө зогссоноосоо болж шоолуулав (Исаиа 53-ыг үзнэ үү). Чиний мэдэрч буй зүйлсийг Тэр маш сайн мэддэг. Тэрээр чиний төлөө Цагаатгал хийсэн бөгөөд чамд тулгарч буй сорилт бэрхшээлүүдтэй адил зүйлийг даван туулсан юм. Тэр чамтай хамт байгаа. Ийм нөхцөл байдлуудад Түүнтэй адил болж болохын тулд Түүний амьдралын талаар илүү ихийг судал.

Төмөр бариулаас зууран барь

Сургууль дээр хүмүүс намайг шоолох үед би агуу хийгээд нүсэр барилгын талаар Лихайн үзсэн үзэгдлийн тухай боддог: “Мөн энэ нь өтөл болоод залуу, эрэгтэй болоод эмэгтэй хүмүүсээр дүүрэн байв; мөн тэдний хувцасласан маяг нь үлэмж тансаг; мөн тэд, ирж бас жимснээс хүртсэн тэднийг хуруугаараа занган басхүү элэглэх байдалтай байх ажээ” (1 Нифай 8:27). Би Лихайтай адил байх болно. Мөнх амьдрал руу удирддаг энэхүү төмөр бариулаас би хэзээ ч тавихгүй.

Пиэрр С., 18 настай, Гайти

Гэрчлэлээ хуваалц

Чи нэгэнтээ жишгүүдийн дагуу амьдарснаар ирдэг адислалуудыг мэддэг болсон учир шоолуулах үедээ ичих хэрэггүй. Чи жишгүүдийг зааж, тэдгээрийн дагуу амьдарсан гэрчлэлээ хуваалцаж болно. Чи сайн мэдээний гэрчлэлээ хуваалцаж байгаа учир үе тэнгийнхэн чинь суралцаж мөн Сүнсээр дүүргэгдэж болно.

Эммануел А., 16 настай, Гана

Сайн мэдээг хуваалц

Би нэг найзтайгаа Хувийн хөгжил дэвшил номны эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө хийж байхдаа сургууль дээрээ завсарлагаанаар Мормоны Ном уншдаг байв. Багш, ангийнхан маань биднийг шоолж эхэлдэг байлаа. Надад заримдаа уншихаа болимоор санагддаг үе байсан ч би зүгээр л судруудаа гэртээ орхидоггүй байв. Бид сургууль дээрээ үргэлжлүүлэн уншихад яваандаа биднийг шоолохоо больсон. Манай найзуудын нэг нь сайн мэдээ болон Хувийн хөгжил дэвшил номыг сонирхож байв. Бид түүнд сайн мэдээний талаар хэлж байсан ч товхимлыг болон гурамсан судрыг өгсөн юм. Түүний ах бас сайн мэдээг сонирхож байгаа бөгөөд тэд хоёулаа Мормоны Номыг уншиж байгаа.

Кимбэрли А., 16 настай, Бразил

Үлгэр жишээ бол

Манай сургуулийн сурагчдын ихэнх нь сайн мэдээний талаар мэддэггүй. Миний бодлоор чиний хийж чадах хамгийн сайн зүйл бол сайн мэдээгээр амьдрах нь чамд хэрхэн эергээр нөлөөлж байгааг хүмүүст харуулах явдал юм. Тэд чамд юу хэлж байгаагаас үл хамааран эелдэг, хүндэтгэлтэй байснаар чи гайхалтай үлгэр жишээг үзүүлдэг бөгөөд тэд чамайг болон чиний итгэлийг агуу ихээр хүндэтгэх болно. Чиний үлгэр дуурайлыг санаснаар энэ хүмүүс хожим нь сайн мэдээний талаар илүү их суралцахдаа нээлттэй байж болно.

Кэлси П., 14 настай, АНУ, Флорида

Өөрийгөө хэн билээ гэдгийг сана

Сургуулийн үйл ажиллагаануудад оролцоход ангийнхан эсвэл найзууд маань хүртэл Бурханы хувьд зохисгүй хувцас өмсөхийг надад санал болгодог. Тэд “Чи хөөрхөн харагдах ёстой. Чи өөр харагдах ёстой” гэж хэлдэг. Заримдаа тэд энэ дэлхийд нийцүүлэхийн тулд намайг итгэл бишрэлээ мартах ёстой гэж хэлдэг. Харин миний хариулт үргэлж үгүй байдаг. Өөрөөрөө байх нь үнэнч байж, дэлхийгээс өөр байх явдал юм гэдгийг би мэднэ. Хэрэв өөрөөрөө байснаас болж тэдэнд таалагдахгүй байгаа бол энэ нь асуудал биш. Энэ нь бусад хүний хэлж байгааг бус; Тэнгэрлэг Эцэгийн замыг дагаж буй хэрэг юм.

Жаззи C., 19 настай, Филиппин

Номлогч бай

Надад сургууль дээрээ сайн мэдээний жишгүүдийн дагуу амьдарсантай холбоотой олон туршлага байдаг. Энэ бол бидэнд зориулсан гэрчлэлээ хүчирхэгжүүлэх, номлолын ажилд оролцох гайхалтай мөч гэдгийг би мэдэж авсан юм. Би өөрийгөө үүнтэй адил нөхцөл байдалд байгаагаа мэдэж, жишгүүдээ өндөрт сахих бүрдээ Бурханы надаар хийлгэхийг хүссэн тэр зүйлийг хийсэндээ өөртөө сэтгэл хангалуун байдаг. Хэн болох, юунд итгэдэг талаараа эргэлзэх шалтгааныг хэнд ч олгодоггүй.

Хирам Д., 18 настай, Бразил