2014
Христийн мэндэлсний баяраар ээждээ оёж өгсөн хөнжил
2014 оны арванхоёрдугаар сар


Христийн мэндэлсний баяраар ээждээ оёж өгсөн хөнжил

Жэд Пакэр, АНУ, Юта

Зураг
drawing of a woman wrapped in quilt by Christmas tree

Зураг чимэглэлийг Брэдли Х.Кларк

10 настай охиноо тархины хавдраар нас бараад удаагүй байхад амьдралын маань хамгийн хэцүү цаг мөчүүдийн нэг тохиолдсон юм. Нэгэн бямба гаргийн үдээс хойш биднийг түүний өрөөг харж зогсох үед “Та нар үүнийг өөрсөдтэйгөө хамт аваад явж чадахгүй” гэдэг үг маш тод сонсогдов.

Кларисса байхгүй болсон ч өрөөнд нь түүнийг байсныг илэрхийлэх зүйлүүд байсан хэвээр байв. Бидэнд одоо түүний хувийн эд зүйлүүдийг яах хэрэгтэйг шийдэх хүндхэн ажил оногдоод байлаа. Нэг ч гэсэн зүйлээс салах нь, ялангуяа эхнэрт маань хэцүү байх болно гэдгийг би мэдэж байв.

Эмнэлэг, химийн эмчилгээ, цацраг идэвхт эмчилгээтэй холбоотой олон зүйлээс болж бидэнд цэвэрлэж, эмхэлж цэгцлэх цаг маш бага үлдсэн байлаа.

Биднийг түүний орны толгой дээрх эсвэл номын шүүгээн дэх түүний тавьсан зүйлүүдийг боож баглах үед олон дурсамж санаанд орж байв. Түүний дуртай хөнжил, ном эсвэл чихмэл амьтдынх нь хүзүүний зүүлт, сургуулийн номнууд, хөл бөмбөг зэрэг нь бидний хувьд тун их утга учиртай байв. Тэдгээрийг яах хэрэгтэйг эхнэрээсээ асуухад тэр цурхиран уйлж билээ.

Бид Клариссагийн олон номыг цуглуулж, бусад хүүхдэд хэрэглүүлэхээр түүний бага сургуульд аваачиж өгөв. Бид шүүгээг нь хөршийндөө, зарим хувцсыг үеэлүүдэд нь өгсөн. Бусдад анхаарлаа хандуулах нь түүний хэрэглэж байсан зүйлүүдээс салах хэцүү нөхцөл байдлыг арай амархан болгоход тусалсан юм.

Хэдэн долоо хоногийн дараа, Христийн мэндэлсний баяр ойртож байх тэр үеэр өсвөр насны 2 охин маань ээжээсээ Христийн мэндэлсний баярын онцгой бэлэг барихын тулд Клариссагийн зарим хувцсыг ашиглаж болох уу гэж асуув. Тэд гэр бүлийнхээ бодит дурсамжинд зориулан хувцасны дугаар бүрийг сонгож, түүний амьдралын үнэ цэнэтэй мөчүүдийг төлөөлүүлэхээр дөрвөлжин нүднүүдийг болгоомжтой хайчлав.

Тэд Христийн мэндэлсний баяраас хэдхэн хоногийн өмнө, энэ санааг гаргахад нь тэдэнд тусалсан Залуу эмэгтэйчүүдийн удирдагчтайгаа хамт оёж байгаа хөнжлөө надад үзүүлсэн юм. Би Клариссагийн амьдрал дахь үйл явдлыг төлөөлж буй дөрвөлжин даавуу бүрийг, тухайлбал: түүний хөл бөмбөгийн дүрэмт хувцаснаас авсан дөрвөлжин, гэр бүлийн аялалд явж байхдаа түүнд худалдан авч өгч байсан цамцнаас авсан дөрвөлжин, эмнэлэгт байхдаа түүний өмсдөг байсан унтлагын өмднөөс авсан дөрвөлжин гэх мэтийг гайхан харж байв. Хэсэг бүр нь үнэ цэнэтэй, үзэсгэлэнтэй сайхан байсан учраас түүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа бүрийг минь надад сануулж билээ. Би охиддоо үүнийг төгс болсон байна гэж хэлэв. Энэ зүйл ээжид нь таалагдах болно гэдгийг би мэдэж байлаа.

Тэр Христийн мэндэлсний баярын өглөө би чин сэтгэлээсээ өгсөн нэгэн бэлгийг олж харсан юм. Эхнэр маань бэлгээ задалж, өөрт нь зориулан охидынхоо хийсэн зүйлийг хараад, сэтгэлээ хэрхэн илэрхийлснийг би үргэлж санах болно. Үүнээс хойш тэр орой бүр дурсамжуудаа эргэн санаж, Есүс Христийн Цагаатгал болон амилалтын ачаар гэр бүл нь дахин хамтдаа байх тэр өдрийг мөрөөдөн, Христийн мэндэлсний баяраар авсан хөнжлөөрөө өөрийгөө ороож суудаг болсон юм.

Эхнэр маань бэлгээ задалж, өөрт нь зориулан охидынхоо хийсэн зүйлийг хараад, сэтгэлээ хэрхэн илэрхийлснийг би үргэлж санах болно.