2014
Шведийн Сүмийн өсөлт, цагаачлал, хүч чадал
2014 оны арванхоёрдугаар сар


Газар бүрийн анхдагчид

Швед дэх сүмийн өсөлт, цагаачлал ба хүч чадал

Энэ өгүүллийн зохиогч Шведэд амьдардаг.

Швед дэх Сүм нь итгэлтэй гишүүдийн цагаачлал, мэдээллийн хэрэгслийн таагүй мэдэгдлүүд өсөн нэмэгдэж буй дэлхийн хавчлагыг даван туулсан хэдий ч сонгогдсон энэ оронд Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна.

Зураг
Church members in Sweden.

1849 онд ерөнхийлөгч Бригам Янг сайн мэдээ номлох цөөн тооны эрэгтэйг дэлхийн өөр өөр хэсэгт дууджээ. АНУ-ын Массачусеттэд байхдаа Сүмд нэгдэн орсон, Солт Лэйк Валли руу аялдаг байсан Шведийн далайчин асан Жон Форсгрэн ерөнхийлөгч Янгаас өөрийг нь Швед рүү номлогчоор илгээхийг хүсжээ. Тэрээр үйлчлэхээр дуудагдаж, 1850 оны 6-р сард Шведэд иржээ.

Ахлагч Форсгрэн эхлээд Гавлид амьдардаг дүү нар дээрээ айлчлан очжээ. Түүний дүү Петр өвчтэй байсан бөгөөд эмч нар түүнийг эдгэрэх боломжгүй гэж хэлсэн байв. Ахлагч Форсгрэн дүү нартаа номлолынхоо зорилгыг тайлбарлаад, дараа нь Петрийг тосолж, адислахад тэрээр бүрэн эдгэрэв. 1850 оны 7-р сарын 19-нд ахлагч Форсгрэн Шведийн хамгийн анхны хөрвөгч болсон дүүдээ баптисм хүртээсэн ажээ.

Ахлагч Форсгрэний дүү Эрикад, түүнийг болон Петрийг сайн мэдээг хүлээн авахад нь бэлдсэн нэгэн сонирхолтой зүйл тохиолдсон байв. Ахыгаа ирэхээс хэдэн сарын өмнө тэрээр уламжлал ёсоор сүмийн цуглаан дээр сууж байв. Дуулал дуулж байх үеэр түүний өмнө зогсож байсан нэг хүн “Долоодугаар сарын 5-нд нэг эрэгтэй хүн та нар дээр гурван номтой ирэх ба эдгээр номонд бичигдсэн зүйлүүдэд итгэх тэдгээр бүгд аврагдах болно” гэж хэлэхийг тэр харжээ. Ах нь Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээг авчрахад тэрээр ямар ч эргэлзээгүй итгэсэн байна.1

Зураг
The Church in Sweden

Харамсалтай нь, ердөө гуравхан сарын дараа ахлагч Форсгрэн нутгаа орхиж явах хэрэгтэй болов. Хэдхэн жилийн дотор Швед рүү өөр номлогчдыг илгээсэн байна. Тэд Скани мужийн Сконабак хотод сайн мэдээ хүлээн авахад бэлтгэгдсэн хүмүүсийг олжээ. Маш олон хүн хөрвөгдсөн учраас тэнд 1853 онд 36 гишүүнтэй анхны салбар зохион байгуулагдсан юм. Скани дахь анхны удирдагчдын нэг нь Ланд хотын салбарын ерөнхийлөгчөөр дуудагдсан Карл Капсон байв. Хавчлага мөрдлөгөөс зугтахын тулд шөнийн цагаар Карлийн саравчинд болсон Сүмийн хамгийн анхны чуулганд 100 орчим гишүүн оролцсон байна.2

Итгэлтэй эмэгтэйчүүд

Сайн мэдээг хүлээн авсан эмэгтэйчүүд нь Швед дэх хүч чадлын тулгуурууд болсон юм. Нэг жишээ бол Вингакерт сайн мэдээг хүлээн авсан хамгийн анхны хүн нь Бритта Олсдоттэр Пэрссон юм. 1877 онд гэр бүлээ дэмжиж туслахын тулд тэрээр нэхсэн зүйлүүдээ худалдахаар Стокгольм руу аялдаг байв. Тэнд байхдаа тэр номлогчидтой уулзаж, тэдний зааж байгаа зүйлүүд үнэн болохыг ойлгоод, 50 настайдаа баптисм хүртжээ.

Түүний хөрвөлт болон Их Эзэний ажлыг хөхиүлэн дэмжсэн зоригтой хөдөлмөр нь эцэстээ илүү олон баптисм хүртээх боломжийг олгосон бөгөөд Вингакерт нэг салбар байгуулагдсан ажээ. Түүний үр удам одоо ч Сүмд идэвхтэй байдаг. Пэрссон эгчийн гуч охин Лайла Крилборн “Хүүхдүүдийнхээ болон ач зээ нарынхаа үе удамд тохиолдсон зүйлүүдийг харах нь гайхамшигтай юм. Одоо манай гэр бүлүүдэд хэд хэдэн санваартан болон номлогчид байгаа” гэж хэлжээ.

Өөр нэгэн анхдагч эмэгтэй бол Аппсалагийн Ловиса Мантэр байв. Тэр 1886 онд гишүүн болсон ба 91 настайдаа өөд болох хүртлээ итгэлтэй хэвээр байсан юм. Ням гаргуудад тэрээр цуглааны байранд очин, гэрэл асааж, бусад гишүүнийг ирэхийг хүлээдэг байв. Ихэнхдээ хэн ч ирдэггүй байлаа. 11 цаг болоход тэр өөртөө “Бурхан хүлээж болохгүй шүү дээ” гэж хэлдэг байв. Тэр дуу дуулж, залбиран, жаахан үг хэлээд, дараа нь өөр нэг дуу дуулж, залбирснаар хаадаг байв.

Мантэр эгчид галт тэргээр Стокгольм руу явах боломж олдох үед Сүмийн талаарх товхимлуудыг тараадаг байв. Түүний итгэлийн өв үргэлжилж, удмынх нь хэд хэдэн хүн Шведэд номлогчоор буцаж ирсэн юм.3

Номлогчид бас Даларна мужийн Смежбакэнд очжээ. Тэр дундаас 1886 онд Жанссоны гэр бүл Сүмийн гишүүд болжээ. Тэр гэр бүлийн үр удам нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Шведэд ирсэн номлогч, Рэйд Жонсон байсан юм. Тэр номлолынхоо дараа номлолын ерөнхийлөгч, бүсийн төлөөлөгч ба ариун сүмийн ерөнхийлөгчөөр хэд хэдэн удаа эргэн ирсэн байна. Жанссоны гэр бүл мөн бошиглогчийн эхнэр Францис Монсонг хүмүүжүүлсэн юм.

Хавчлага дарамтыг даван туулсан нь

Олон арван жилийн турш Сүмийн гишүүд хахир хатуу хавчлага дарамтан дор байв. Шведийн уугуул иргэн Майкл Жонсоноос гадна олон номлогч шоронд хоригдож байв. Түүнийг 1852 онд баривчилж, Мамо хүртэл 480 бээр (770 км) газар гинжлэн авчирсан байна. Тэнд тэр цайзын шоронд шидэгдэж, өлсгөлөн болон гачигдлаас болж эцэж туйлдсан байв. Ахлагч Жонсонг боловсролтой, ухаантай хүн гэдгийг олж мэдсэн нэгэн прист түүн дээр ирсэн байна. Тэр прист түүнийг Лютеран сүмд нэгдэж, “Мормоны үзлийг” үгүйсгэх юм бол түүнд туслахад бэлэн байгаагаа хэлж, бүр цаашдын боловсролд нь тусална гэж амлажээ. Ахлагч Жонсон өөрийн шашныг үгүйсгээгүй учраас тэр нутгаас хөөгдөн гарсан билээ.4

Өөр нэгэн итгэлтэй номлогч бол 1857 онд Ванэрсборгийн ойролцоо төрсөн Карл А.Карлкүист байсан юм. 17 настай байхад нь түүнд сайн мэдээг номлох хүчтэй мэдрэмж төрсөн бөгөөд тэр Жонкопингийн ойролцоо Сүмийн товхимлуудыг тараах ажилд дуудагдсан байна. Тэрээр маш ядуу байсан учраас салбарынх нь гишүүд болох 7 бэлэвсэн эхнэр хүүхдүүдийнхээ хамт түүнд нэг костюм мөн гутал олж өгчээ. Өвөл болоход Карлд өөрийн гэсэн пальто байгаагүй ч гишүүд өөрсдийнхийгөө хэрэглээгүй үед өдөр бүр нэгийг цөөн цагаар зээлж өмсөхийг түүнд зөвшөөрдөг байв.5

Карл хожим нь Юта руу цагаачлан, Шведийн цагаач Хулда Остэргрэнтэй гэрлэжээ. Тэрээр Скандинавын номлолын ерөнхийлөгчийг оролцуулаад номлолын ажлаар дахин хоёр удаа Шведэд эргэн ирсэн байна. Тэрээр Солт Лэйк хотод амьдарч байсан ба Швед дэх Мормоны эсрэг үзэлтнүүдийн үзэл суртлыг хөхиүлэн дэмжиж, хөлс авдаг байсан Рэвэрэнд И.Аслев хэмээх пасторын манай Сүмийн талаарх буруу ташаа мэдэгдлүүдийг засаж залруулахад сүүлчийн номлолынхоо ихэнх хэсгийг зарцуулжээ. Жишээ нь, 1912 онд Аслев Svenska Dagbladet сонинд нэгэн нийтлэл бичсэн бөгөөд тэрээр үүндээ Карлкүист ахыг олон эхнэртэй гэж худал ташаа мэдэгдэл хийжээ.6 Карл үүнтэй холбоотойгоор зарим зүйлийг хийсэн ба тухайлбал, V Густав хаантай хүртэл уулзаж мөн олон нийтийн хурал цуглаанууд дээр Аслевийн мэдэгдлүүдийг няцааж байв.7

Аслевийн мэдэгдлүүдтэй тэмцэхэд туслахын тулд орон нутгийн гишүүн Эйнар Жоханссoн Сүмийн өмнөөс үг хэлэхийг санал болгосон байна. Аслев өмнө нь бас Сүмийн номлолын алба нь “цагаан арьстан боолын худалдаа” гэсэн гүтгэлгийн чанартай мэдэгдэл хийж байсан учир тэрээр хуулийн дагуу заргын үйл явцыг эхлүүлжээ.8 Жоханссoн ах Стокгольмд салбарын ерөнхийлөгч байснаас гадна Шведийн төлөө үйлчилдэг чухал, нөлөө бүхий удирдагч болсон байна.9

Энэ цаг үед мөрдлөг хавчлага байсан хэдий ч олон хүн сайн мэдээнд хөрвөгдөж байв. Тухай үеийн байдлаар 640 хүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хамгийн амжилттай жил нь 1862 он байв. Гэвч хөрвөгчдийн ихэнх нь удалгүй Юта руу нүүжээ. Тэр үед удирдагчид тэндхийн Сүмийг хүчирхэгжүүлэхийн тулд энэ цагаачлалыг урамшуулан дэмжсэн байна. Тэр цагаачлалын үр дүн одоо харагддаг бөгөөд ютачуудын бараг тэн хагас нь скандинав өвөг дээдэстэй байдаг.

Гэсэн хэдий ч, 1910 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Стокгольмд айлчлан очиж, гишүүдийг үлдэж, Шведэд Сүмээ байгуулахад урамшуулан дэмжжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах Сүм

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд бүх америк номлогч гэртээ харихаар болов. Дараа нь орон нутгийн швед эрэгтэйчүүдээс номлогчоор үйлчлэхийг хүсжээ. 1931 онд Сүмийн гишүүн болсон С.Фриз Жоханссoн номлолын шинэ ерөнхийлөгчөөр дуудагдав. Дайн эхлэхээс нэг жилийн өмнө тэрээр хүнсний дэлгүүрээ зарж; эхнэр, 3 хүүхдийнхээ хамт номлогч болсон байна. Дайн дуусахад ерөнхийлөгч Жоханссoн болон долоон швед номлогч дайны улмаас зогсчихсон байсан Финляндын номлолын ажлыг дахин нээхээр дуудагдсан юм.

1946 онд америк номлогчид Шведэд эргэн ирээд, номлолын ажлынхаа нэг хэсэг болгон англи хэлний хичээл заадаг байсан ба олон суралцагч Сүмийн гишүүн болов. Олон швед гишүүн Юта руу цагаачилсан учраас сүмийн өсөлт удаан үргэлжлээгүй байна. 1948–1950 оны хооронд урьдын дайснуудаасаа айх айдас, номлолын ерөнхийлөгчийн уриалга болон ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах боломж нь 250 идэвхтэй гишүүнийг Шведийг орхиход хүргэсэн юм.

Ийм нэгэн гэр бүл бол 1915 онд Сүмийн гишүүд болсон Оскар Андэрсэн, Албертина Андерсон нарын гэр бүл байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Оскар, Албертина нар сүмийн гишүүдтэй гэрлэсэн 7 хүүхдийнхээ хамт байгаа бүхнээ зарж, “Сион руу аялах” маш хүнд шийдвэр гаргасан байна. 1949-1950 оны хооронд Андерсоны гэр бүлийн 29 гишүүн Шведийг орхив. Оскар, Албертина нар гэр орон, 3 хүүхэд, 4 ач зээгээ орхиж яваад тэдэнтэйгээ дахин уулзаагүй ажээ. Тэд өөрсдийнх нь ойлгодоггүй хэлээр ярьдаг хүмүүсийн дунд цөлд болон хотод ирэв. Гэвч эдгээр итгэлтэй гишүүний хувьд ариун сүмтэй ойр байх нь өөр ямар ч зүйлээс илүү чухал байсан билээ.

Андерсоны гэр бүлийн гишүүд Африк дахь нэг Бүсийн ерөнхийлөгч болон Шведийн ариун сүмийн ерөнхийлөгч гэх мэт дэлхийн бүх хэсэгт номлогчоор болон Сүмийн удирдагчдаар үйлчилсэн ажээ.

Гэсэн ч Сүмийн бусад гишүүн Шведэд үлдэхээр шийдэж, Сүмийн удирдагчид болцгоосон байна. Ийм хүн бол 1949 онд баптисм хүртсэн залуухан эцэг Бо Вэннэрланд юм. Тэрээр номлолын ерөнхийлөгч, бүсийн төлөөлөгч болон ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчлэн, Шведийн томоохон удирдагч болсон.

Швед дэх ариун сүмийн адислалууд

1955 онд Швейцарьт ариун сүм онцгойлон адислагдахад олноороо цагаачлах явдал ерөнхийдөө зогссон юм. 30 жилийн турш шведүүд галт тэрэг, автобус, машинаар; заримдаа агаараар жилд хэд хэдэн удаа, хэдэн өдрийн турш аялдаг байв.

1985 онд Стокгольмд ариун сүм баригдаж, онцгойлон адислагдах үед гишүүд хэмжээлшгүй их баяр баясгаланг мэдэрсэн байна. Вастэрханиж тойргийн гишүүн Бэрит Вэннэрхолм онцгойлон адислалтын талаар дүрслэн хэлэхдээ “их удаан хүсэн хүлээсэн, гайхамшигтай туршлага болсон. Бид бүгд цагаан алчуураар даллаж, ‘Хосанна! гэж уухайлан хашгирч байсныг би хамгийн их санадаг” гэжээ.

Зураг
Gordon B Hinckley and Thomas S Monson at the Swedish Temple cornerstone ceremony in 1985.

Ариун сүмийн газрыг сонгох явцад Их Эзэний тусламж ирдэг. Стокгольмын ойр орчимд байрладаг хэд хэдэн хотын захиргаатай хэлэлцсэний дараа тохиромжтой хоёр газрыг олжээ. Орон нутгийн Сүмийн удирдагчдын хороо тэдний нэгийг санал болгосон ч Сүмийн ерөнхийлөгч нөгөө газар нь илүү тохиромжтой гэж шийджээ. Хожим бусад газар нь ариун сүмд тохиромжгүй гэдэг нь илэрхий болсон үед энэ шийдвэр илчлэлтээр ирсэн нь нотлогдсон юм.

Сүм Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хүмүүсийн анхаарлыг нааштай болгохоор хичээж байтал 1984 онд нэг удаа ийм зүйл тохиолдсон юм. Хэрригийн гэр бүлийн хөвгүүд Европт зохиогддог хамгийн том дууны тэмцээнд ялагч болов. Телевиз, сонин хэвлэлээр тэдний талаар гарсан нь Сүмийг олон нийтэд сайнаар таниулсан ба тэр үед олон залуу хүн Сүмд нэгдэн орсон байна.

1980-аад оны сүүлээр хэвлэл мэдээллийн олон төрлийн хэрэгслээр байнга гарч, олон нийтэд сайн танигдсан өөр нэгэн гишүүн бол Швед улсад элчин сайдаар ажиллаж байсан 35 настай, Нэгдсэн Улсын иргэн Грегори Нэвэлл байсан юм. Тэрээр эхнэрийнхээ хамт 2011 онд Шведэд эргэн ирж, 2014 оны 7-р сар хүртэл Шведийн Стокгольм номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн байна.

Ерөнхийлөгч Нэвэлл тоо нь 84–205 хүртэл өсөн нэмэгдсэн номлогчдыг тэргүүлсэн юм. Шведэд байр хомс, үнэтэй учраас “шинээр ирж буй номлогчдодоо зориулан 56 байр нэмж олох боломжтой байсан нь гайхамшиг байсан” гэж тэрээр дүрслэн хэлжээ.

Бодит өсөлт

Зураг
family with parents, children, grandmother

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Швед улс шашингүй үзэл нь өсөн нэмэгдэж байгаа орон болсон. Гэвч тэнд Бурханыг эрэлхийлж буй олон цагаач байдаг. 6 швед хүн тутмын нэг нь гадаад орнуудад төрсөн байдаг. Шведэд Сүмд орсон хүмүүсийн дийлэнх нь цагаачид юм. Ерөнхийлөгч Нэвэлл зарим шинэ хөрвөгчийн талаар хэлэхдээ: “Швед дэх Сүмд 28 өөр улс орны ах, эгч нар хөрвөгдөж байна. Их Эзэн тэднийг төрөлх нутгаас нь тарааж, Израилийг цуглуулж байгааг би харж байна. Өнөө үед энэ сонгогдсон нутагт ажлыг үнэхээр яаравчлуулж байна” гэжээ.

Сүм гишүүдийн дунд өсөж байна. Олон гадасны хамтарсан чуулганууд хөрш зэргэлдээ орнуудын залуучуудын анхаарлыг татаж, шинэ гэр бүлүүдийг бий болгоход хувь нэмэр оруулж байна. Засгийн газрын өгөөмрөөр олгож буй хүүхдийн тэтгэмж болон шинэ эцэг эхчүүдэд цалинтай чөлөө авах боломжийг олгож байгаа зэрэг нь хосуудыг өнөр өтгөн гэр бүлтэй болох боломжоор хангаж буй хэрэг юм.

Өнөө үед идэвхтэй залуу гишүүдийн ихэнх нь дэлхий даяар номлолд үйлчилж байна. Оросын Екатеринабургийн анхны номлогч, буцаж ирсэн номлогч Дэвид Халлдэн өнөөдөр 6 хүүхэдтэй, гайхамшигтай гэр бүлтэй болжээ. Тэрээр гэр бүлд нь сайн мэдээ хэрхэн тусалдаг талаар хэлэхдээ: “Хүүхдүүдийг төөрөлдүүлж чадах маш олон дуу хоолой байна. Сайн мэдээ тэднийг хүчирхэгжүүлж, тэдний итгэлийг олж авахад бидэнд тусалдаг” гэжээ.

Шашингүй нийгэм болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх зарим таагүй зүйл дунд байдаг боловч олон итгэлтэй гишүүн болон хүчтэй удирдагчид Шведэд амьдарч байна. Гишүүд Сүмийн сургаал болон үйл ажиллагаанууд гэр бүл, хувь хүмүүст тусалж байгаад талархалтай байдаг ба тэд илүү олон хүн Есүс Христийн болон Түүний Цагаатгалын баяртай захиасыг хүлээн аваасай гэж чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг.

Эшлэлүүд

  1. Box Elder Lore of the Nineteenth Century (1951), 58-ыг үзнэ үү.

  2. Андрью Жэнсон, History of the Scandinavian Mission (1979), 81-ийг үзнэ үү.

  3. Ингэр Хогланд болон Каж-Аажэ Жоханссон, Steg i tro (2000), 122-ыг үзнэ үү.

  4. Жэнсон, History of the Scandinavian Mission, 53-ыг үзнэ үү.

  5. Мөртли Макдоналд, No Regrets: The Life of Carl A. Carlquist (1985), 19–21-ийг үзнэ үү.

  6. Макдоналд, No Regrets, 219-ийг үзнэ үү.

  7. Жэнсон, History of the Scandinavian Mission, 331-ийг үзнэ үү.

  8. Макдоналд, No Regrets, 239-ийг үзнэ үү.

  9. Макдоналд, No Regrets, 219-ийг үзнэ үү.

1950-иад оны үеэр Вастэрас хотын гишүүд энд уулзжээ.

1982 онд Мормон Табернеклийн найрал дуучид Стокгольмын концертын танхимд тоглолтоо хийв.

Майкл Эллэхаммэрын зураг, тэмдэглэснээс бусад нь; зүүн дээд хэсэг: зургийг PinkBadger/iStock/Thinkstock; зүүн талын голын хэсэг: Эзра Тафт Бэнсоны Стокгольмд зочилж байгаа зураг; зүүн доод хэсэгт: зургийг adisa/iStock/Thinkstock

Вастэрас салбарын цуглааны байр болон номлогчдын гэрэл зургийг Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; Сьюсан Ийстон Блакын зөвшөөрлөөр Петр Форсгэний зургийг нийтлэв.

Баруун талд: Хаанд бараалхаж байгаа ерөнхийлөгч Мормоны гэрэл зургийг Church News –ийн зөвшөөрлөөр нийтлэв