2014
Аравны нэг нь Бурханы хаант улсыг байгуулахад тусалдаг
2014 оны арванхоёрдугаар сар


Бид юунд итгэдэг вэ?

Аравны нэг нь Бурханы хаант улсыг байгуулахад тусалдаг

Бид Их Эзэний хаант улсыг байгуулахад туслахын тулд орлогынхоо аравны нэгийг Түүнд өгдөг гэдэгт итгэдэг. Аравны нэгийн хууль нь илүү агуу сүнслэг адислалуудыг авахын тулд зарим материаллаг зүйлээ золиослохыг биднээс шаарддаг.

Сайн мэдээ дэлхий дээр анх заагдаж эхэлснээс хойш аравны нэгийн зарчим хэрэгжиж байгаа билээ. Жишээ нь, Абрахам дээд тахилч Мелкизедект аравны нэгээ төлдөг байв (Эхлэл 14:18–20-ийг үзнэ үү). Их Эзэн аравны нэгийн талаар хүмүүстээ заахыг Мосед зарлиглав (Левит 27:30–34-ийг үзнэ үү). Хожим нь Аврагч нифайчууд дээр айлчилж очих үедээ аравны нэгийн хуулийг тэдэнд өгсөн байдаг (3 Нифай 24-ийг үзнэ үү). Мөн өнөө үед Тэрээр энэхүү зарлигийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан дахин сэргээсэн билээ (С ба Г 119-ийг үзнэ үү).

Бид энэхүү зарлигийг биелүүлэхийн тулд орон нутгийн удирдагчдаараа дамжуулан орлогынхоо аравны нэгийг Их Эзэнд өгдөг. Уг сан нь Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн чуулга болон Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрдсэн, энэхүү ариун нандин санг хэрхэн ашиглахыг шийддэг зөвлөл болох Сүмийн удирдах газар руу шилжин очдог (С ба Г 120-ийг үзнэ үү).

Аравны нэг нь ариун сүм болон цуглааны байруудыг барьж, засварлах, институт, семинарыг дэмжих; сүмийн гишүүдийг бараа материалуудаар хангах; номлогчийн, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг дэмжих боломжийг Сүмд олгодог.

“Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг учраас” аравны нэгээ хүсэлтэйгээр төлөхөд бид итгэдэг (2 Коринт 9:7). Аравны нэгээ төлөх нь Бурханы хаант улсыг дэлхий дээр байгуулахад тусалж, мөн байгаа бүх зүйлээр маань биднийг адисалж байгаад талархлаа илэрхийлэх нэг арга зам юм. Гэсэн хэдий ч, аравны нэгээ төлөх нь бидний амьдралд илүү их адислал авчирдаг. Малахи: “‘Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга’ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна” хэмээн заажээ (Малахи 3:10). Бага ч бай, аравны нэгээ шударгаар төлдөг бүх хүнд сүнслэг болон материаллаг адислалууд ирэх боломжтой юм.

Аравны нэг болон бусад хандив нь бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр дамжин Их Эзэнд өгөгддөг.

Аравны нэгийн сангууд нь тойрог, салбаруудаас энэхүү ариун нандин санг хэрхэн ашиглахыг шийддэг Тэргүүн Зөвлөлөөс бүрдсэн зөвлөл болох Сүмийн удирдах газар руу шилжин очдог.

Аравны нэг нь ариун сүм ба цуглааны байруудыг барих болон тэдгээрийн засварын зардалд зарцуулагддаг.

Аравны нэг нь судар болон хичээлийн материалуудыг орчуулах, хэвлэхэд зарцуулагддаг.

Аравны нэг нь Сүмийн сургууль, шашны институт, семинарт хамрагддаг залуу гишүүдийн боловсролын төлбөрт зориулагддаг.

Зураг чимэглэлийг Дэвид Хаббен