2014
Сүмд нэгдэх нь хэцүү байж болно: Хөрвөгчдийн түүхүүд
2014 оны арванхоёрдугаар сар


Цоо шинэхэн хөрвөгч байх нь ямар байдаг вэ?

Та шинэ гишүүдэд тулгамдаж байгаа зүйлийг нь ойлгосноор тэдэнд тусалж чадна.

Зураг
Church attendance

Хэрэв та Сүмд өссөн бол Сүмийн зүйлүүд ерөнхийдөө хэвийн болсон байдаг. Та хурлуудын хуваарь, хамрагддаг цуглааныхаа байр болон хүмүүсийн Сүм дээр өмсдөг хувцсыг мэддэг болсон. Ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх, аравны нэг болон мацгийн өргөлөө төлөх, сард нэг удаа мацаг барих зэрэг нь амьдралын тань нэг хэсэг нь болсон байдаг. Мэргэн ухааны үгээр амьдрах, үйлчлэх дуудлага хүлээн авах болон ариун явдлын хуулиар амьдрах нь таны хийж сурах бүх зүйл байдаг.

Харин хөрвөгчдийн хувьд бүх зүйлд дасан зохицоход том өөрчлөлт хэрэгтэй байж болох юм. Мэдээж хэрэг, сайн мэдээ үнэний талаарх гэрчлэл олж авах нь Христийн Сүмийн гишүүн болох анхны алхам юм. Гэвч гэрчлэлтэй байснаар Сүмийн гишүүний амьдралаар амьдрах шилжилт нь амархан зүйл гэсэн үг биш юм.

Сүм үнэхээр өөр санагдаж болно

Би бол үүний нэгэн жишээ юм. Би 13-тай байхаасаа л ХҮГ найзуудтай байсан. Тэгээд 19 настайдаа Сүмд нэгдсэн билээ. Энэ олон жилийн хугацаанд Сүмийн соёлын талаар олон зүйл сурсан хэдий ч би өөртөө томхон өөрчлөлт хийх хэрэгтэй байв. Миний хувьд Сүмийн соёл, туршлагууд нь үнэхээр өөр байсан учраас тэдгээр нь хачин санагдаж байв.

Би өөр сүмд өссөн учраас олон зүйл таны мэддэг эсвэл мэдэх зүйлүүдээс тэс өөр байдаг. Сүмийн тохинуулагч болон найрал дуучид ахлах сургуулийн төгсөлтийн нөмрөгтэй адил нөмрөг өмсдөг байв. Ариун ёслолын цуглаантай дүйцэхүйц мөргөлийн үйлчлэлийн үеэр тохинуулагчид номлолоо хийж, бүхий л хэлэх үгийг тэд хэлдэг байв. Ням гараг бүр бид Эзэний залбирлаа хамт нэгэн дуугаар давтаж, үргэлж “Praise God from Whom All Blessings Flow” дууллыг дуулдаг байсан. Нялх хүүхдүүдэд толгой дээр нь ус дусаан баптисм хүртээж, 14 орчим настай байхад нь гишүүнээр баталдаг байв.

Бид ариун ёслолдоо усны оронд усан үзмийн шүүс хэрэглэдэг байлаа. Ахлах сургуулийн хүүхдүүд ням гаргийн хичээлдээ насанд хүрэгчидтэй хамт оролцож, ангидаа нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцдаг байв.

Бидний барилгууд хүртэл миний зочилж байсан ХҮГ барилгуудаас өөр байв. Бид өндөр, шовх дээвэр болон өндөр өнгөт шилэн цонхнуудтай Европ дахь Христийн сүмүүдтэй адил загвараар баригдсан том цуглааны байртай байсан. Найрал дуучдын зогсдог хэсэгт загалмай байрлуулж, нэгэн үзэсгэлэнтэй, өндөр хонхтой цамхаг урд хэсэгт байрладаг байв. Сүмийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа би тэр хонхыг дуугаргах дуртай байлаа. Энэ нь хангалттай хүнд байсан учир олс нааш цааш хөдлөх үед бага насны хүүхдийг газраас өргөдөг байж билээ.

Бидний зан заншил, нийгмийн итгэл үнэмшил бас өөр байв. Бидэнд согтууруулах ундаа уух эсвэл тамхи татах нь зүгээр гэж заадаг байв. Өсвөр насандаа найз хөвгүүн юм уу найз охинтой байх нь бас байж болох зүйл байв. Үнэндээ, бидэнд хэрэв чи хайртай гэж үздэг бол гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орсон ч болно гэж заадаг байсан. Бид хэзээ ч гэрчлэлтэй байх талаар ярилцдаггүй байсан. Мацгийн болон гэрчлэлийн цуглааныг би анх хараад гайхаж билээ. Сонин санагдсан тэр зүйлд би итгэж чадахгүй байв. Манай Сүмд явдаг ямар ч хүн ийм байдлаар итгэл үнэмшлээ хуваалцдаггүй байсан юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд ирэх нь зөвхөн мөнх бус байдлын өмнөх амьдрал ба нас барагсдын төлөөх баптисм гэх мэт шинэ сургаалд суралцах явдал биш юм. Энэ бол соёл, амьдралын хэв маяг болон хүсэн хүлээдэг зүйлсийн өөрчлөлт байв. Эдгээр ялгааг шийдвэрлэх нь их хэцүү байсан.

Миний баптисмын дараах эхний зургаан сар үнэхээр хэцүү байсан. Би Сүмдээ бараг л идэвхгүй байлаа. Ялангуяа ганцаараа сүмд явж байсан учраас бүх зүйл өөр байв. Би тодорхой сургаалын зарчмууд дээр болон өнгөрснөөсөө салах мэдрэмжтэйгээ тэмцэлдсээр байлаа.

Аз болоход Сүмийн найзууд маань тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, хувирдаггүй байсан юм. Тэд үйл ажиллагаануудад намайг авчирч, оройн хоол болон гэр бүлийн үдшээр гэртээ урьж, надтай хамт залбирдаг байв. Энэ нь намайг зөвхөн Сүмд ороход төдийгүй бас идэвхтэй үлдэж, гэрчлэл маань гуйвах үед хүч чадлыг олох том ялгааг бий болгосон. Эдгээр зүйлийг ойлгоход надад тусалсан тэдэнд би маш их өртэй хүн.

Дараах түүхүүдэд хоёр залуу гишүүн Сүмд орсон өөрсдийн туршлагыг болон Сүмд идэвхтэй үлдэхийн тулд хэрхэн хүч чадал олсон тухайгаа хуваалцжээ. Эдгээр туршлагыг уншаад шинэ хөрвөгчид эсвэл буцаад идэвхтэй болж буй хэн нэгэнд нийгэм, соёлын хувьд дасан зохицож, сүнслэгээр өсөж хөгжих хүч чадал олоход нь туслахын тулд та юу хийж чадахаа бодоорой.

Баптисм хүртэхээр хүлээсэн он жилүүд

Зураг
Portraits.Youth. Male

Би ахлах сургуульд байхдаа англи хэлний хичээл дээр номлогчидтой уулзаж, тэдэнтэй хамт суралцсаныхаа дараа Сүмд орох шийдвэрээ гаргасан юм. Эцэг эхдээ баптисм хүртэхийг хүсэж байгаагаа хэлэхэд тэд таагүй хариу үзүүлэв. Тэд Сүмийн талаар бүхэлд нь ихийг мэдэхгүй байснаас гадна намайг аюултай ямар нэгэн зүйлд орооцолдох вий гэж айж байв. Тэд намайг боловсролтой болоход Сүм саад болж, бүх дүрэм журмаас болоод намайг амьдралын сайхныг мэдрэхгүй байх вий гэж бодож байлаа. Аав, ээж хоёр намайг бүтэн хоёр жил зургаан сарын турш баптисм хүртэхийг зөвшөөрөөгүй юм.

Эхнээсээ л би соригдож байв. Баптисм хүртэхийн өмнөх хэдэн жилд би итгэлээ хадгалан үлдэх хүч чадал, шаардлагатай итгэлийн төлөө дахин дахин залбирсан. Би Сүмд явж, эсвэл гишүүд, номлогчидтой холбоо тогтоож ч чаддаггүй байлаа. Би итгэл, гэрчлэлээ залбирал, судрын уншлага болон өнөө үеийн бошиглогчдын үгсээр дамжуулан өөрөө хөгжүүлэх хэрэгтэй байв. Би олон сонирхолтой хөтөлбөр, хөгжилтэй үйл ажиллагаануудад оролцоогүй.

Намайг Ром руу шилжихэд бишоп маань манай эцэг, эхийг үнэхээр уурласан үед намайг дэмждэг жинхэнэ найз минь болсон юм. Тэр надад ямар ч байсан эцэг эхээ хайрлах нь чухал гэж заадаг байв.

Намайг баптисм хүртэх үед тойргийн олон гишүүн ирж, намайг дэмжсэн. Би найрал дуунд орж, тэнд олон найзтай болсон. Тэдний нөхөрлөл болон сайхан сэтгэл нь надад гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байлаа.

Бид Есүс Христийн сургаалуудад үнэнч байж, бусдыг хайрлаж, анхаарал халамж тавихдаа Түүний жишээг дагаснаар шинэ хөрвөгч, сонирхогчид биднийг заасан зүйлийнхээ дагуу амьдардгийг олж харах болно.

Оттавио Карусо Италийн гишүүн бөгөөд одоо бүрэн цагийн номлолд үйлчилж байна.

Дасан зохицохгүй байх нь

Зураг
Christ standing at the base of a tree with His followers. He is beckoning to Zacchaeus, a Publican of short physical stature, who kneels on a branch in the tree. The painting depicts the event wherein Zacchaeus climbed a tree in order to see Christ amidst a large throng of people.

Би 13 настай байхдаа Сүмд нэгдэн орсон. Надад сайн мэдээний гэрчлэл байсан ч Сүмд тийм ч их дасан зохицохгүй байгаа юм шиг санагдаж байв. Хүн бүр дуу болон судрын түүхүүдийг мэддэг байхад би мэддэггүй байв. Хүн бүр Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа эсвэл гэр бүлийн үдшээр заагддаг байсан хичээлүүдийг санадаг байхад би эдгээр зүйлийн алийг нь ч санадаггүй байв.

Үүнээс гадна, хүн бүр кино, улс төр, тодорхой судруудыг тайлбарлах зэрэг бүх зүйлийн талаар ижил сонирхол, санаа бодолтой заримдаа бүр минийхээс шал эсрэг санаа бодолтой юм шиг санагддаг байв. Би эргэн тойрныхоо бүх хүн рүү толгой дохин харж, “Та нар сайхан хүмүүс, би сайхан хүн. Гэвч бид дэндүү их ялгаатай байна. Би эндхийнх биш” гэж боддог байлаа.

Би ийм мэдрэмжтэйгээ нэлээд хэдэн жилийн турш тэмцэлдсэн. Тэгээд би Лук 19-р бүлгийн Закхайн талаарх нэгэн түүхийг санаж, дахин уншив. Тэрээр татвар хураагч байсан учир үзэн ядагдаж, нүгэлтэн хэмээн тооцогддог байв. Гэвч Есүс хотыг дайран өнгөрөхөд Закхай цугласан олны дээгүүр нь харахаар модон дээр авиран гарав. Бусад хүн түүний талаар юу гэж бодох бол гэж тэр санаа зовоогүй. Модон дээр авирч өөрийгөө цугласан олноос салгасан энэ үйлдэл нь Түүнд Аврагчтай маш сайхан, хувийн харилцаа үүсгэх боломжийг олгосон байна. Би уншиж байхдаа би эндхийнх биш гэсэн мэдрэмж нь Христээс ирээгүйг ойлгосон юм. Есүс ойлголтоор дүүрэн бөгөөд өршөөнгүй байв. Өөрсдийгөө шүүгдсэн мөн хаягдсан юм шиг боддог хүмүүсийг Тэр идэвхтэй эрж хайдаг байв.

Би эдгээр зүйлийг дахин мэдрээгүй гэж хэлж чадахгүй. Би мэдэрсээр байсан. Гэсэн ч би намайг өөр болгосон зүйлүүдийг өөрийнхөө хардаг хандлага, намайг хардаг бусад хүний хандлага, миний хүсэн хүлээдэг зүйлүүд, дэлхийн талаар боддог хандлага зэрэг нь унах шалтгаан биш гэдгийг мэдэж авсан юм. Эдгээр нь бид бүгд өөрсдийн авьяас чадвар, хүч чадал болон ойлголттойгоо Сүмд хэрэгтэй байдгийн шалтгаан юм.

Элэйн Викэрс АНУ-ын Ютад амьдардаг.

Ням гаргийн хичээлүүд

Энэ сарын сэдэв: Бурханы хаант улсыг байгуулах нь

Христийг хотоор дайран өнгөрөх үед Закхай цугласан олны дээрээс нь харахаар модон дээр авиран гарав.

Закхай, хурдал, бууж ир, Гари Л.Капп