2020
Христийн мэндэлсний баярын гэнэтийн бэлэг
2020 оны 12-р сар


Христийн мэндэлсний баярын гэнэтийн бэлэг

Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.

“Христийн мэндэлсний баярыг гэр бүлээрээ сайхан тэмдэглээрэй! … Жилийн туршид зүрх сэтгэлдээ хайраар бялхаарай” (Children’s Songbook, 51).

Зураг
A Christmas Surprise

Анна өрөөнд ороод, Христийн мэндэлсний баярын сүлд модоо харан, сэтгэл нь шимшрэв. Байшингийнх нь ус халаагч буудаж, шалаар нэг ус болсон байв. Аав нь норсон зүйлсийг цэвэрлэх гэж хичээж байлаа. Модон доорх хэдэн бэлэг усанд бүрэн норсон байв.

Анна, дүү нартайгаа алчуур шүүрч аван, бэлгүүдийг хатаах гэж оролдлоо. Гэсэн ч ямар ч үр дүн өгсөнгүй. Бэлгүүд шалба норсон байв.

Аннагийн гэр бүлд хүндхэн үе тохиолдоод байлаа. Аав нь яг одоо ажилгүй байв. Ээж нь удахгүй төрөх гэж байгаа бөгөөд үе үе өвддөг байжээ. Тэд одоо бүр Христийн мэндэлсний баярын бэлэг ч үгүй болов.

Тэр орой Анна орондоо орохоор бэлтгэхдээ, гал тогоонд аав, ээж хоёрынхоо ярилцахыг сонслоо.

“Одоо яах вэ?” гэж ээж нь асуув. Ээж нь уйлж байх шиг байв. “Байрны төлбөрөө хийх хангалттай мөнгө ч байхгүй байхад одоо бүр хүүхдүүддээ өгөх бэлэг ч үгүй боллоо.” Аннагийн дотор нэг тийм хоосон, базлах мэдрэмж төрөв.

Аав нь “Учир нь олдоно доо” гэлээ.

Анна гал тогоонд орж ирэв. Ээж нь охиноо гараа дэлгэн, тэвэрлээ. Анна ээжийнхээ гэдсийг тойруулан тэврэхдээ хүүхэд хөдлөхийг мэдрэв. Ээж нь инээмсэглэв. “Удахгүй шинэ хүүхэд төрнө. Та хүүхэд бол гайхамшиг гэж дандаа хэлдэг шүү дээ” гэж тэр хэллээ.

Ээж нь хариуд нь инээмсэглэв. “Тийм шүү. Бидэнд талархах зүйл олон бий.

Бүгдээрээ амьд сэрүүн байна шүү дээ” гэж хэлээд, аав нь Аннагийн зулай дээрээс үнсэв. Тэр “Бүх зүйл сайхан болно” гэж хэллээ.

Анна өрөөндөө очих замдаа эрэгтэй дүү нарынхаа уйлалдахыг сонсов. Түүнийг Дэвидийн орон дээр суухад

“Хүн болгон гунигтай байна” гэж Дэвид аяархан хэллээ.

“Бид одоо бэлэггүй боллоо” гэж Робби хамраа шуухитнуулсаар хэлэв.

“Бүх зүйл сайхан болно. Харж л байгаарай” гэж Анна дахин хэллээ.

Анна орондоо орохынхоо өмнө өвдөг сөгдөж, гэрийнхнийхээ төлөө юу хийхээ Тэнгэрлэг Эцэгээс асуув. Түүнд бэлэг авах мөнгө байхгүй ч зүрх сэтгэлд нь халуун дулаан, амар тайван мэдрэмж төрлөө.

Маргааш нь тэр сургуульдаа явахаар бэлтгэж эхлэхийнхээ өмнө хэсэг зуур юм бодон, орон дээрээ хэвтэв. Түүнд нэг санаа орж ирэх нь тэр! Үдээс хойш тэр гэртээ шалавхан ирээд, гэрийн ажил, даалгавраа хийв. Дараа нь тэр цаас, утас, хэдэн маркер болон төрсөн өдрөөрөө авсан наадаг цааснуудаа олж авлаа. Тэр энэ бүхнийг өрөөндөө авч орон, хаалгаа хаав.

Гэрийнхэн нь ямар их баярлах бол гэж бодоод, Анна тэсэж чадахгүй инээмсэглэлээ. Тэр эхлээд цаасыг нугалж, дөрвөн ширхэг бяцхан ном хийхийн тулд утаснуудаар бэхлэн тогтоов. Тэр ээжийнхээ номон дээр од, аавынхаа номон дээр гараг ертөнц наалаа. Харин Дэвидийн номон дээр нохой, Роббигийн номон дээр пуужин наав.

Дараа нь Анна зурж эхлэв. Тэр ээжийнхээ ном дээр өөрийгөө шалаа шүүрдэж байгаагаар зурлаа. Харин аавынх дээрээ оройн хоол хамт хийж байгаагаар, Дэвидийнх дээр хамт бөмбөг тоглож байгаагаар мөн Роббигийнх дээр ном уншиж өгч байгаагаар өөрийгөө зурав. Бяцхан ном болгоныг зургаар дүүргэхэд хэдэн өдөр зарцууллаа.

Эцэст нь Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр ч болж, Анна бяцхан номуудаа модны доор тавив.

Маргааш нь тэр гэрийнхээ бүх хүнд бяцхан номоо өгсөн юм. “Надад зургууд нь таалагдаж байна. Би бөмбөг тоглох дуртай” гэж Дэвид хэлэв.

“Наадах чинь зүгээр нэг зураг биш, эрхийн бичиг юм шүү! Зураг бүр миний та нарт хийж өгөх зүйлсийг харуулж байгаа юм” хэмээн Аннагийн нүд нь гэрэлтсээр хэлэв.

Ээж нь түүний бяцхан номын хуудсыг эргүүлэнгээ, “Энэ чиний бидэнд өгч болох хамгийн сайхан бэлэг байлаа” гэв. Тэнгэрлэг Эцэг өөрт нь Христийн мэндэлсний баярын эрхийн бичиг хийх санаа өгч тусалсанд Анна талархаж байлаа. Шинэ хүүхэд мэндэлнэ. Мөн Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар бүх зүйл сайн сайхан болно. ●