2020
Христийн мэндэлсний баярын бэлэг үү, аравны нэг үү?
2020 оны 12-р сар


Христийн мэндэлсний баярын бэлэг үү, аравны нэг үү?

Би сайн мэдээг үнэн гэдэгт итгэдэг байсан ч аравны нэгээ төлж чадах болов уу?

Зураг
a hand with an envelope that has money inside

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Номлогч эгч нар надад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг танилцуулах хүртэл би сүмийг хайж явсан юм. Би сар хагасын дараа баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан. Номлогчдын надад заасан зүйлсийн нэг бол аравны нэгийн зарчим байв.

“Хэрэв та аравны нэгээ төлбөл адислалууд хүлээн авах болно” гэж тэд надад хэлсэн.

Би өрх толгойлсон эх байсан бөгөөд олсон мөнгө маань арай гэж хоол хүнсэнд бас төлбөрөө төлөхөд хүрэлцдэг байв. Ихэнхдээ аравны нэгээ төлөх үү, хоол хүнсээ худалдаж авах уу мөн ус цахилгааныхаа мөнгийг төлөх үү эсвэл машины төлбөрөө хийх үү гэдэг асуудал гардаг байв.

Олон жилийн турш би аравны нэгээ ямар нэгэн байдлаар төлөхийг хичээсээр ирсэн. Эцэст нь би “Хэрэв чи сайн мэдээ үнэн гэдэгт итгэдэг байвал анхны алхмаа тавих хэрэгтэй. Анхны алхмаа тавьж чадах л юм бол Бурхан чамайг адисалж чадна” гэж хэлсэн юм.

Би аравны нэгд 500 доллар төлөх ёстой байсан ч зарим төлбөр тооцоогоо хийхэд дахин 503 доллар хэрэгтэй байв. Би энэ бүхэн яаж биелэгдэхийг сайн мэдэхгүй байсан ч “Оролдоод үзье” гэж шийдэв. Тэгээд би аравны нэгээ төлж билээ. 503 доллар нэмж хэрэгтэй байсныг маань хэн ч мэдээгүй байсан ч хэн нэгэн нэрээ нууцлан, надад 100 долларын таван дэвсгэрт шуудангаар илгээсэн байлаа.

Энэ нь миний хувьд бүх зүйлийг орвонгоор нь өөрчилсөн мөч байсан юм. Энэ намайг сүнслэг байдлын хувьд өөрчилсөн. Бурхан надад хайртай, надад санаа тавьдаг, намайг амжилттай байгаасай хэмээн хүсдэгийг би ухаарч билээ. Тэр цагаас хойш би аравны нэгээ төлдөг болсон. Гэхдээ энэ нь үргэлж амар байгаагүй.

Олон жилийн өмнө, Христийн мэндэлсний баяраар том охин маань намайг аравны нэгээ төлж бас охиндоо болон дүү нарт нь Христийн мэндэлсний баярын бэлэг авч өгч чадахгүй гэж хэлж байсныг санадгаа ярьж билээ.

“Бид юу ч авахгүй юм байна гэдгээ мэдэж байсан ба авахгүй байсан ч гомдохгүй байв. Бид ч бас таныг аравны нэгээ төлсөн нь дээр гэж шийдсэн” гэж охин маань дараа нь надад хэлсэн юм.

Их Эзэн үргэлж биднийг харж ханддаг байсан ба тэднийг Христийн мэндэлсний баярын бэлэггүй үлдээж байгаагүй.

Хүүхдүүдээ тэжээж, аравны нэгээ төлөх нь ганц бие эхийн хувьд том асуудал. Би аравны нэгээ төлөх шийдвэр гаргасан тэр мөчөөс эхлэн адислагдсан. Би баян биш ч Их Эзэн надад үргэлж замыг маань бэлдэж өгдөг.

Би бас өөр арга замаар адислагдсан. Сүмийн гишүүдийн болон гэр бүлийн сайн үлгэр жишээ намайг болон хүүхдүүдийг маань Сүмдээ идэвхтэй хэвээр үлдэхэд тусалсан юм. Энэ бүхэн Их Эзэний өгнө хэмээн амласан буюу тэнгэрийн цонхыг нээнэ хэмээн амласан адислалынх нь нэгэн хэсэг болохыг бид тэдэнд хэлсэн.