2020
Тэр бол Гэрэл
2020 оны 12-р сар


Тэр бол Гэрэл

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Гэрээсээ олон мянган бээрийн цаана алс хол байхдаа би олон тэрбум бээрийн тэртээх гэрлийн туяанаас нэгэн сургамж авч билээ.

Зураг
illustration of city at nighttime

Зураг чимэглэлийг Габриэл Краколичи

Хачирхалтай сонсогдож байж болох ч гэр бүлийн асуудал, зар сурталчилгаа гэх мэт анхаарал сарниулах зүйлсгүйгээр хэдэн зуу, бүр хэдэн мянган бээрийн цаана номлолд байхад миний сэтгэл Христийн мэндэлсний баяраар үргэлж догдолдог байсансан. Христийн мэндэлсний баяр бол Христийн тухай баяр бөгөөд бусдыг Түүнд ирэхэд туслахаас өөрөөр хэрхэн сайхан тэмдэглэх билээ?

12-р сарын нэгэн орой хамтрагч бид хоёр Филиппинийн Лаоаг хотын захад байдаг Ла Паз гэгч гайхамшигт газарт номлогчийн өдрийн ажлыг дуусгаад, гэртээ харьж байв. Би гурван дугуйт дотор 183 см өндөр хамтрагчтайгаа шахцалдан сууж байсан ба амьдралаа маш ихээр таашаан хайрлаж байв. Сэрүүн агаар биднийг илбэн, гэрт болдог цас бударсан Христийн мэндэлсний баярыг бага зэрэг сануулсан ч миний дассан 12-р сарын хүйтэнтэй харьцуулахаар хүйтэн биш байв.

Хээр талаар явж байхдаа харц минь тэнгэр өөд чиглэлээ. Тэртээд хотын гэрэл, чимээ шуугианаас хол хэдэн мянган од харагдаж байв. Хотын төв рүү дөхөх тусам харагдах одод цөөрөн цөөрсөөр, зөвхөн хамгийн тод од гэрэлтэн харагдаж байлаа.

Би оддоос гарах гэрэл, Есүс Христийн талаар бодов. Би Христийн мэндэлсэн тухай болон Түүний талаар зарласан, “өглөөний гэрэлт од” (Илчлэл 22:16) болох одны тухай бодсон юм. Тэр бол хамгийн тод од, бид бүгдийн хувьд гялалзан гэрэлтэх үлгэр жишээ юм. Гэсэн хэдий ч гурван дугуйт дээр суунгаа харсан ододтой адил Түүнийг ч гэсэн хурц гэрлийн бохирдол халхалж болдог. Анхаарал сарниулах зүйлс болон хуурамч гэрэлтүүлэг хэдий чинээ их байна, байгалийн гэрэл төдий чинээ бүдгэрдэг. Филиппинийн хөдөө нутагт зарим од хотын төвөөс харагддаг бол Манила зэрэг том хотуудад та ганц ч одыг шөнийн цагаар олж харж чадахгүй. Зар сурталчилгаа, бизнес, байрны гэрлүүд бүгд алс хол байх оддын гэрлийг хаадаг.

Өөрсдийгөө анхаарал сарниулах зүйлс, хуурамч гэрлээр хүрээлүүлэх үед ийм зүйл бас болдог ба Христийн гэрлийг харахад улам бүр хэцүү болдог.

Энэ нь Христийн мэндэлсний баяраар бүр ч элбэг тохиолддог. Баярын өдрүүдэд хуанли хэт дүүрч, Манила хот оргил ачааллын цагаар оволзож байдагтай адил өөрсдийгөө завгүй байлгах амархан. Олох ёстой бэлэг, төлөвлөх ёстой үдэшлэг, бичих ёстой ил захидал, үзэж харах ёстой тоолж баршгүй олон тоглолт, арга хэмжээ гарч ирдэг. Дээшээ ч харах цаг зав гарахгүй байна гэж бодохдоо бид Христийн гэрэл бидний амьдралд ямар их бүдгэрснийг ухаарахгүй өнгөрч байж болох юм.

Бид гэр орон, моддоо гэрэлтүүлэхдээ Христийн гэрлийг зүрх сэтгэлдээ гэрэлтүүлэхээ мартаж болохгүй. Бид баяр наадмаа түр зуур хойш тавьж, юуг тэмдэглэж байгаагаа санах хэрэгтэй. Христийн мэндэлсний баяр бол Христийн тухай баяр юм. Тэр бол гэрэл бөгөөд хэрэв бид анхаарал сарниулах зүйлсээ багасгаж, дээшээ харвал Түүнийг дэлхийн бүх хүнд харагдахаар үргэлж нэгэн хэвийн, гэрэлтсээр байгааг харж чадна.