2020
Нөхөрлөлийн бэлэг
2020 оны 12-р сар


Эр зоригийн үлгэр жишээ

Нөхөрлөлийн бэлэг

Энэ түүх дэлхийн II дайн дууссаны дараахан Англи улсад болсон юм.

Зураг
A Gift of Friendship

Хэрманн Мосснэр ариун ёслолын танхимд орохдоо түгшиж байлаа. Тэр өөрөө бас найзууд нь бүгд “P.O.W.” гэсэн бичигтэй дүрэмт хувцсаа өмссөн хэвээрээ байв. Хүн болгон энэ бичгийг “дайны хоригдол” гэсэн утгатайг мэддэг байлаа. Салбарын гишүүд юу гэж бодох бол? Тэд түүнийг дайснаа гэж үзэх болов уу?

Цуглааны байр Английн Лийдсийн ойролцоо байсан. Хэрманн Английнх биш байв. Харин тэр Герман улсын иргэн байв. Дэлхийн II дайнд дайчлагдсаныхаа дараа Хэрманн английн цэргүүдэд олзлогдож, Англид шоронд орсон байлаа. Тэр удаан хугацааны дараа анх удаа сүмдээ ирсэн нь энэ байв.

Хэрманн нэг сандал дээр суугаад, гүнзгий амьсгаа авлаа. Тэрээр урд сууж буй салбарын ерөнхийлөгч Жорж Каммыг харж байв. Ерөнхийлөгч Камм Хэрманны найз байлаа. Өөр рүү нь хараад инээмсэглэхэд түүнд сайхан мэдрэмж төрөв.

Хэдэн сарын өмнө ерөнхийлөгч Камм Хэрманныг тэнд байгаа цорын ганц Сүмийн гишүүн гэдгийг сонсоод, хуаранд түүнийг зорьж очсон юм. Эхэндээ Хэрманн бага зэрэг санаа зовж байв. Ерөнхийлөгч Камм түүнийг үзэн ядах болов уу? Эцсийн эцэст тэдгээр улс орон дайтахдаа бие биенийхээ эсрэг тулалдаж байсан шүү дээ.

Гэхдээ Хэрманн, ерөнхийлөгч Камм хоёр уулзахдаа хоорондоо инээмсэглэж, гар барилцав. Дараа нь тэд хамтдаа залбирчээ. Тэд дуу дуулж, сайн мэдээний талаар ярилцав. Тэр ч байтугай тэд ариун ёслолоос хамтдаа хүртсэн юм.

Ерөнхийлөгч Каммыг явах болоход Хэрманн “Ах аа, би танд хайртай” гэж хэлэв. Ерөнхийлөгч Каммд баяртай гэж гараараа даллах үед нүдэнд нь нулимс цийлэгнэхийг тэр харлаа.

Түүнээс хойш ерөнхийлөгч Камм бямба гараг бүр Хэрманн дээр ирдэг байв. Долоо хоногийн бусад өдөр Хэрманн сайн мэдээний дагуу амьдрахыг чадлаараа хичээдэг байлаа. Тэр бусад хоригдолтой хамт талбайд ажиллахдаа тэдэнтэй гэрчлэлээ хуваалцаж байв. Тэр өдөржин ажилласны дараа модоор сийлбэр хийж байхдаа тэдний асуултад хариулдаг байв. Заримдаа тэр тэдэнтэй хамт залбирч байсан.

Нэгэн орой “Хэрманн, би бямба гарагт ноён Камм та хоёртой нэгдэж болох уу? гэж хоригдлуудын нэг нь асуув.

Хэрманн сийлж байсан модноосоо өнгийв. Тэр инээмсэглэлээ. Тэгээд “Мэдээж!” гэв.

“Би ч гэсэн явж болох уу?” гэж өөр нэг хоригдол асуулаа.

Хэрманн, ерөнхийлөгч Камм хоёр олон хоригдолд заах гэж байгаадаа баяртай байв. Удалгүй тэдний зарим нь бүр баптисм хүртэхийг хүссэн гээч!

Одоо Хэрманн сүмийн үйл ажиллагаа эхлэхийг хүлээж байгаа гэр бүлүүдийг тойруулан хараад, амар амгаланг мэдрэв. Зарим гишүүн эхэндээ Хэрманнаас дөлж байсан ч удалгүй хүн бүр түүнд итгэдэг болсон юм. Сайн мэдээний талаар суралцахыг хүссэн бусад хоригдол ч гэсэн Хэрманнтай цуг ням гарагт хуарангаа орхин сүм рүү явах зөвшөөрөл авав. Хожим нь Хэрманн салбарын Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөр хүртэл дуудагджээ.

Цаг хугацаа ч өнгөрч, Христийн мэндэлсний баяр дөхөж байв. Хэрманн өөрт нь сайхан хандаж байсан гишүүдэд талархлаа илэрхийлэх ямар нэгэн зүйл хийхийг хүсжээ. Түүнд нэгэн санаа төрөв. Салбарын Христийн мэндэлсний баярын үдэшлэг болох дөхсөн байлаа. Хэрманн олон дөрвөлжин мод нэмж цуглуулаад, сийлбэр хийж эхлэв. Тэр шоо моднуудаа ээлж дараалан жижиг машин, заан, онгоц, галт тэрэг, морьд болгон хувиргаж байлаа.

Эцэст нь үдэшлэг болох өдөр ч ирэв. Хүн бүр хоол идэж, Христийн мэндэлсний баярын дууллыг хамтдаа дууллаа. Хэрманн хуарангийн найзуудтайгаа хамт Христийн мэндэлсний баярын дууг герман хэл дээр дуулав.

Үүний дараа Хэрманн том цүнх гаргаж ирлээ. Дотор нь 40 ширхэг модон тоглоом байв! Хэрманн Хүүхдийн хэсгийн хүүхэд бүрд нэгийг өгөв. Энэ бол тэдний хувьд хэзээ ч мартагдашгүй Христийн мэндэлсний баяр болсон юм.