Лиахона
Сошиал медиагаас хол байснаар миний олж авсан зүйл
2024 оны 3-р сар


“Сошиал медиагаас хол байснаар миний олж авсан зүйл,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Сошиал медиагаас хол байснаар миний олж авсан зүйл

Сошиал медиаг хэрэглэхээ багасгасан маань надад хүүхдүүддээ илүү их цаг гаргаж, Аврагчтай харилцах харилцаагаа сайжруулах боломжийг олгосон юм.

Зураг
Тасарсан кабель барьж буй эмэгтэйн эргэн тойронд эргэлдэх, сошиал медиаг илэрхийлсэн дүрс зургууд

Зургийг Дэвид Грийн

Өнгөрсөн хэдэн жилийн турш Бурхан надад сошиал медиагаас хол байх өдөөлтийг өгч буйг би мэддэг байлаа. Би сошиал медиагаас завсарлага авах нь ихэд тустайг мэдэж байсан ч олж авсан хүрээлэл маань надад сайхан санагддаг байв. Би энэ хоёр байдлыг хэрхэн хослуулахаа мэдэхгүй байсан ч ямар нэг зүйл өөрчлөгдөх ёстойг ойлгож байлаа.

Би “Хүрээллээсээ ашиг тусыг хүртэнгээ, аливаа сөрөг нөлөөллөөс ангид байхын тулд сошиал медиад хэр их цаг зарцуулах нь зөв бэ?” гэсэн асуултыг бодож үзэхэд хүргэсэн нэгэн номыг уншсан юм. Миний хувьд энэ асуултын хариулт сард … 20 минут байлаа. Би үүнийг хэрэгжүүлэх зорилго тавьсан бөгөөд Их Эзэний тусламжтайгаар энэ нь миний бодсоноос илүү хялбар байсан юм. Би энэ өөрчлөлт нь Аврагчтайгаа харилцах харилцааг минь хэр их хүчирхэгжүүлэхийг төсөөлөөгүй байв. Би Аврагчийн намайг гэсэн хайрыг илүү их мэдрэх болж, Түүний надад зориулсан төлөвлөгөөг илүү тодорхой ойлгосон. Мөн би өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийн хэрэгцээг илүү сайн харах болсон юм.

Сэлфигээр өөрийн үнэ цэнийг тодорхойлуулахыг зөвшөөрөхгүй

Би Бурханы хүүхэд, Тэр надад хайртай гэдгийг би үргэлж мэддэг байсан. Би амьдралынхаа хэцүү цаг үеүдэд Аврагчийнхаа хайрыг мэдэрч байсан. Гэсэн ч би өөрийгөө хэрхэн харах, бодохыг сошиал медиа хэрэгслээр хэтэрхий их шийдүүлдэг болсон байв. Сошиал медиа дээрх, бодит байдлаас хол зургууд надад нөлөөлөхгүй гэж өөртөө итгүүлэхийг оролдох тусам тэдгээр нь нөлөөлсөөр байсан юм. Сошиал медиад зарцуулах цагаа багасгаснаар би оюун санааны амар амгалан, нам гүм байдлыг мэдэрч; Аврагч миний талаар юу гэж боддогийг мэдэх боломжтой болсон билээ. Бид Түүнд оршин байх илүү их орон зай гаргаж өгөх хүртлээ Түүний дуу хоолой хэчнээн их үгүйлэгдэж байсныг ухаараагүй байв.

Би үргэлж авралын төлөвлөгөөнд итгэсээр ирсэн. Би Есүс Христийг энэ төлөвлөгөөний төвд байдгийг мэднэ. Мөн Тэнгэрлэг Эцэгт бид бүгдэд нэг бүрчлэн зориулсан төлөвлөгөө байгаа гэдэгт би итгэдэг. Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх асан Ларри М.Гибсон: “Тэнгэрлэг Эцэг бид бүгдэд нэг бүрчлэн санаа тавьдаг бөгөөд бидэнд мөнхийн зорилгодоо хүрэхэд туслах төлөвлөгөө бэлдсэн байгаа гэдгийг би мэднэ”1 гэж заасан.

Би зорилгоо олж мэдэхийн тулд маш их цагийг сошиал медиаг ухаж өнгөрүүлсэн. Сошиал медиад цаг зарцуулах нь хүмүүсийн хийж байсан бүтээлч, гайхалтай зүйлийг хамгийн түрүүнд харах боломжийг надад олгож байв. Би энэ хүмүүсээс олон зүйл сурсан хэдий ч хийхээсээ илүүтэй эрж хайхад илүү их цаг зарцуулж байсан. Сошиал медиагаас холдсоноосоо хойш би Тэнгэрлэг Эцэг надаар юу хийлгэхийг хүсэж байгааг тодорхой мэдэхээр удирдуулж байгаагаа мэдэрсэн юм. Эдгээрийн олон нь гайхмаар, миний бодож байснаас өөр байсан төдийгүй миний амьдралыг илүү баялаг, бялхам сайхан болгосон.

Аврагч биднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ (Иoхан 10:10-ыг үзнэ үү). Бидэнд илүү бялхсан амьдралтай байхад туслахын тулд Ариун Сүнсний өгдөг намуухан өдөөлтөд би талархдаг.

Дэлгэцээс хол амьдрал

Аврагч бусдын анзаардаггүй хүмүүсийг анзаардаг. Би тэр хүмүүст үнэ цэнийг нь ойлгуулж, тохинуулж байсан Түүний түүхүүдийг унших дуртай. Сошиал медиад хэтэрхий их цаг зарцуулж байсан маань надад гэр бүлээ болон өөрийн амьдрал дахь хүмүүсийг сайн анзаарч харахад саад болдог байжээ. Хүүхдүүд маань намайг өөрсдөд нь анхаарал тавихгүй байгааг анзаарах юм бол удалгүй өөрсдийнх нь үнэ цэнийг мэдрүүлэх өөр эх сурвалжийг гаднаас хайж эхэлнэ гэдгийг би ухаарсан.

Хүүхдүүддээ илүү их анхаарал тавих тусам би тэдэнд улам их хайртай болж байгаагаа гайхмаар байсан. Өнгөрсөн жил би эх хүний үүрэг хариуцлагадаа хэзээ хэзээнээс илүү дурлах болсон юм. Би хөршүүдээ мэддэг болж, хүрээлэл дотроо илүү идэвхтэй байх болсон. Үйлчлэх боломж минь ч нэмэгдсэн. Би сошиал медиаг надад илүү их мэдээлэл өгч тусалж байна гэж боддог байсан боловч бодит байдалд эргэн тойрон дахь хүмүүсийнхээ хэрэгцээг хангалттай олж харахуйц ойр байж чадаагүй байв.

Сошиал медиагийн хэрэглээгээ бууруулсан нь өчүүхэн, энгийн зүйл мэт санагдах ч энэ нь надад итгэлээ үлэмж хэмжээгээр өсгөж, Аврагчтай харилцах харилцаагаа сайжруулах боломжийг олгосон юм. Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг, Түүнд бидэнд зориулсан төлөвлөгөө бий мөн Түүнд биднээс анхаарал халамж тавихыг хүсдэг хүүхдүүд байдаг гэдгийг би мэднэ.

Зохиогч нь АНУ-ын Нью-Йоркод амьдардаг.