Лиахона
Би хүмүүсийн дунд байхдаа ч ганцаардсан хэвээр байлаа
2024 оны 3-р сар


“Би хүмүүсийн дунд байхдаа ч ганцаардсан хэвээр байлаа,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Залуучуудад зориулав

Би хүмүүсийн дунд байхдаа ч ганцаардсан хэвээр байлаа

Намайг гэрээсээ хол газар руу нүүхэд, тэнгэртэй үүсгэсэн харилцаа маань надад ганцаардлыг даван туулахад тусалсан юм.

Зураг
Хажуугаар нь алхах олон хүний дунд өөрөөсөө гэрэл цацруулж буй эмэгтэй

Та хүмүүсийн дунд ч цор ганцаараа юм шиг байх мэдрэмжийг мэдэх үү?

Би өөрийн гэр болсон Уганда улсыг орхиж, Дубай руу нүүснээс хойш бараг л байнга ганцаардах болсон юм. Миний амьдарч байсан газарт хүмүүс гудамжинд ч хоорондоо мэндэлдэг. Бид нэг нэгнээ таньдаг бас дэмждэг байлаа. Надтай ижил зүйлд итгэдэг олон найз нөхөд бас гэр бүл минь байсан.

Гэвч энд өөр байлаа. Би өөр соёлын, зав чөлөөгүй ажилладаг хүмүүсээр дүүрэн том хотод амьдрах болов. Би тойрогтоо явж, тойргийнхоо залуучууд, гишүүдтэй танилцахыг хичээсэн ч бидний зав чөлөөгүй ажлын хуваарь сүм дээр долоо хоног бүр нэг нэгнээ хэдхэн цаг харахаас илүү ямар ч боломж олгодоггүй байлаа.

Дубай бол том, тансаг газар. Би энд байгаадаа талархаж байгаа ч, ганцаардсан мэдрэмжтэй байх маш хэцүү байв. Хүмүүсийн амьдралын түвшин нэлээн дээгүүр бөгөөд тэдний амьдрал хангалуун байгаа харагдана. Гэсэн хэдий ч энэ бүх чамин зүйлс, үзэсгэлэнтэй байшин барилгууд дунд амьдрах үедээ би заримдаа гайхдаг.

Миний амьдрал ямар байна вэ? Энэ надад тохирох газар мөн үү?

Нэгэн хэсэг байх мэдрэмжийг дахин хайх

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Нэгэн хэсэг нь гэдгээ мэдрэх нь бидний бие махбод, оюун санаа, сүнслэг сайн сайханд чухал”1 гэж тайлбарласан. Үнэхээр би сүм дээр ч, бусад газар ч нэгэн хэсэг нь гэсэн мэдрэмжийг авахаа болих хүртлээ энэ мэдрэмж үнэхээр чухал гэдгийг ухаараагүй байсан юм.

Би энэ мэдрэмжийг хэрхэн олох вэ? Хол байгаа хайртай хүмүүсээсээ юу?

Цаг хугацаа өнгөрөхөд би “нэгэн хэсэг байхад Есүс Христийн эзэлдэг байр суурь”2-ийг ойлгож эхэлсэн юм.

Гэр бүл, найз нөхдөө санахын хэрээр би нүүх үедээ өөрийнхөө амьдралд байсан бүх хүнээс тусгаарлагдаагүйгээ; надтай үргэлж харилцаатай байхыг хүсдэг Аврагч, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг байгаа гэдгийг ойлгож эхэлсэн юм.

Тиймээс би Тэдэнтэй илүү сайн холбоотой байхын тулд чадах бүхнээ өдөр бүр хийдэг болов. Би гүйж байх үедээ Ирээд, Намайг дага сургалтын подкастыг сонсдог боллоо. Би ажил дээрээ ажлаа хийж байхдаа чихэвчээ зүүгээд, судруудыг сонсдог байв.

Хамгийн чухал нь, би Тэнгэрлэг Эцэгт шууд хандан залбирах боломжтой байх нь ямар гайхалтай бэлэг болохыг мэдэж авсан юм. Би Түүнд хандан өмнөхөөсөө илүү тогтмол, бодлоо цэгцлэн ярьдаг болсон. Би ганцаардах үедээ залбирч, Түүний тайтгарлыг мэдэрдэг болов. Би э-мэйл бичин, хамтран ажиллагсадтайгаа тэвчээртэй харилцахыг хичээх үедээ Түүнд хандан залбирч, тусламж хүсдэг болсон.

Би ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) хэлсэн залбирлын талаарх дараах үгсэд дуртай. “Эдүгээ … их, бага сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүст залбирал бол сүнсний хүч чадлыг өгөгч, амар амгаланг мэдрэх арга зам мөн. Залбирал бол бид бүгдийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгтээ хандах бидний арга хэрэгсэл юм. Залбирлаар Түүнтэй ярь. Тэгээд хариултыг нь сонс. Залбирлаар дамжин гайхамшиг үйлдэгддэг.”3

Чин сэтгэлийн залбирлаар дамжуулан амьдралдаа Тэдэнд цаг гаргаснаар би ганцаараа, гэрээсээ хол байгаа ч Сүнсээр хүрээлэгдэж, Бурханы хайрыг мэдэрч чадна гэдгээ ойлгож авсан юм.

Бид үргэлж хоорондоо харилцаж чадна

Хэдий юмс хэцүү хэвээр байгаа ч би ирээдүйгээ итгэлээр харж байгаа. Би Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Милтон Камарго ахын заасан зүйлд итгэх болсон. “Их Эзэн Есүс Христ амьд. Тэр бидний амьдралд дэргэд маань өдөр бүр идэвхтэй оршин байх боломжтой. Тэр бол бидний асуудлын шийдэл юм. Гэхдээ бид Түүнийг харахын тулд нүдээ нээж, хараагаа дээшлүүлэх ёстой.”4

Би одоо ч заримдаа ганцаарддаг ч үргэлж, үргэлж Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, Есүс Христийн Цагаатгалаас хүртэх боломжтой гэдгээ мэднэ.

Зогсож эсвэл сөгдөж байхдаа ч, ганцаараа эсвэл олны дунд байхдаа ч би залбирч чадна.

Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан дуугаа өргөж чадна.

Би талархаж чадна.

Би Түүнээс удирдамж, хамгаалалт гуйж чадна.

Гэрээн дээр суурилсан харилцаагаараа дамжуулан хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн охин би үргэлж Түүний нэгэн хэсэг байх болно гэдгээ мэднэ. Түүний чиглүүлгээр дамжуулан би зөв газарт, Түүний тааллын дагуу үйлдэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чадна.