Лиахона
Очих газартаа аюулгүй удирдуулж хүрсэн
2024 оны 3-р сар


“Очих газартаа аюулгүй удирдуулж хүрсэн,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

2 Нифай 25-32

Очих газартаа аюулгүй удирдуулж хүрсэн

Аврагч бидэнд аяллын маань турш гайхамшигтай арга замуудаар тусалдаг.

Зураг
Цасан дундуур алхаж буй хүний хөл

Намайг 12 настай байхад манайх халуун бүсийн Хонконгоос, миний өмнө нь үзэж байгаагүй өвөл болдог хүйтэн газарт нүүж очсон юм. Удалгүй би тойргийнхоо залуу эрэгтэйчүүдийн өвлийн явган аялалд анх удаа уригдав.

Явган аяллын тэр өдөр би чадахынхаа хэрээр дулаан хувцасласан байв. Биднийг уулын салхитай замаар өгсөх үед газарт будран унах цасыг хараад сэтгэл минь хөдөллөө. Би цаг агаарын болон явах замын нөхцөл байдалд тохиромжгүй хувцасласан байсан бөгөөд бусдаасаа хоцролгүй явахад хүндрэлтэй байлаа. Би тэдэнд түрүүлээд явж бай, араас ирж байгаа хүмүүстэй хамт явна гэж хэлэв.

Хамаг чадлаараа үргэлжлүүлэн алхах үед миний гутал, хувцас норж; гар, хөл, нүүр минь мэдээгүй боллоо. Цас ихээр орж эхлэхэд би замаа ч олж харж чадахгүй болов. Хэсэг хугацаанд бэдрэн явсны эцэст би төөрч, ганцаараа үлдсэнээ ойлгож, намайг алга болсныг хэн нэгэн мэдэж байгаа эсэхэд эргэлзэв.

Амьдралынхаа аяллын үед бид бэлтгэлгүй, төөрсөн эсвэл орхигдсон мэт мэдрэмжийг авах болно. Бид зүг чигээ алдан, өмнөө байгаа замаа харахгүй болж магадгүй. Магадгүй бидэнд урагш явахаар хичээх тусам хүрэх газраасаа улам холдож байгаа мэт санагдаж болно. Урам хугарч, бууж өгөх нь амар санагдаж болно.

Азаар Аврагч Есүс Христэд бидний алхааг чиглүүлж, бүдэрч унах үед маань түшин босгох (Дуулал 37:23–24-ийг үзнэ үү), бидэнд амралт (Матай 11:28-ийг үзнэ үү), эдгэрэл (Исаиа 53:5; Алма 15:8; Сургаал ба Гэрээ 42:48-ыг үзнэ үү), итгэлтэй байдал (Сургаал ба Гэрээ 121:45-ыг үзнэ үү), амар амгаланг (Мозая 4:3, Алма 38:8; Сургаал ба Гэрээ 19:23-ыг үзнэ үү) өгөх хүч бий. “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно” (Сургаал ба Гэрээ 88:63) гэж Тэр хэлсэн. Ирээдүйн хийх ёстой зүйлс тодорхой биш байж болох ч Бурхан биднийг очих ёстой газарт маань аюулгүй удирдаж хүргэх учир бид аялал маань сайхан хийгээд ялгууснаар төгсөх болно хэмээн Аврагчийг итгэлтэйгээр дагаж чадна.

Бид Есүс Христэд үргэлж хандаж болох бөгөөд Тэр бол “зам, үнэн, амь” (Иохан 14:6) билээ.

Бидний аяллын зөв зам

Энэ жил Мормоны Номыг судлахдаа бид Лихай гэр бүлийнхэнтэйгээ амлагдсан нутаг руу аялсан тухай уншсан. Лихайн гэр бүл аян замын туршид юу үзэж туулсныг бод.

  • Бошиглогчдыг дагаж, тэдэнд итгэснийх нь төлөө тэднийг шоолон доромжилж байсан.

  • Гэр бүлийн тав тухаа өмнө нь огт очиж үзээгүй аглаг буйд дахь амьдралаар сольсон.

  • Хэр хол явах, хаана хүрэх, хэр удаан явах нь тодорхойгүй байдлаар аялсан.

  • Өлсгөлөн, гуниг зовлон, өвчин, үхэл тохиолдсон.

  • Заримдаа шалтгааныг нь ойлгохгүй эсвэл хэрхэн гүйцэтгэхээ мэдэхгүй хүнд хэцүү даалгаврыг биелүүлж байсан.

  • Бүтэлгүйтэл, саад, үл ойлголцол, урам хугарал тохиолдож байсан.

  • Залуу гэр бүлүүдийг авч явахад хүндрэлтэй нөхцөл байдал учирч байсан.

Аяллын үеэр Их Эзэн тэдэнд хэрхэн тогтмол тусалж байсныг бид харсан. Тэрээр

  • бошиглолын удирдлага, хувийн илчлэлт,

  • амлагдсан адислал болон гэрээнүүдийг агуулсан судрууд,

  • угийн бичиг, гэр бүлийн түүх,

  • хэрэгцээг нь хангах шинэ багаж, арга барил,

  • зовлон бэрхшээлийг тэсэн гарах чадвар,

  • сайн мэдэхгүй үүргээ гүйцэлдүүлэх мэргэн ухаан, зааварчилгаа,

  • Лиахона (тэдний аяллыг чиглүүлэхэд туслах багаж) болон

  • гэр бүлийг нь аюулгүй байдал, хамгаалалтаар хангасан.

Лихайн гэр бүлийн адил бидний аялал бэрхшээл, золиослолыг шаардах болно. Аврагч мөн бидэнд гайхамшигтай арга замуудаар байнга туслах болно. Нифай “зөв зам нь Христэд итгэх … өөрсдийн бүхий л хүчин чадал, оюун мөн чадлаараа, мөн өөрийн бүхэл бодгалиар бишрэн шүтэх” (2 Нифай 25:29) талаар заасан. Бид Есүс Христэд итгэх, Түүний үгийг даруухнаар хүлээн авах, үйлдэхдээ зоригтой байхыг сонговол тулгарах зовлон бэрхшээл дунд баяр баясгалан, адислалыг олох болно. Аян замдаа бид Их Эзэний биднээр хийлгэхийг хүсэж буй зүйлсийг гүйцэлдүүлж чадна гэсэн итгэлтэй байх болно (1 Нифай 3:7-г үзнэ үү).

Аврагч бидэнд үргэлжлүүлэн тусалсаар байдаг олон арга замын заримаас дурдвал:

Зураг
Есүс Христийн хөрөг

Үүр цайж, гэрэл цацарсан өдөр эхэллээ, Саймон Дюүи

Тэр бидэнд сургаалаа өгдөг

Есүс Христ “эхлэлээс төгсгөл хүртэл мэднэ” (Абрахам 2:8). Тэр түүнчлэн “замыг тавьж, зааж чиглүүлнэ.”1 Христийн сургаал хэмээн танигдсан, судрууд дахь Түүний сургаал бол аврагдаж, хамгаалагдахын тулд бид бүгдийн дагах ёстой зам юм.

Бид Есүс Христэд итгэх итгэлээ тасралтгүй хэрэгжүүлж, тогтмол наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, гэрээнд орж, тэсэж тэвчихийн тулд хамгийн сайнаараа хичээх ёстой. Хариуд нь бидэнд өршөөл, итгэл найдвар, мөнх амьдралыг амласан. (2 Нифай 31:2–20-ийг үзнэ үү.)

Салаа зам, хоорондоо харшлах үзэл бодлын ертөнцөд Христийн сургаал биднийг зөв зам руу чиглүүлж; тодорхой, явах боломжтой зүг чигээр хангадаг (2 Нифай 31:21-ийг үзнэ үү).

Тэр биднийг тайтгаруулдаг

Аврагч ганцаардах, орхигдох нь ямар байдгийг цагаатгах золиослолоороо дамжуулан мэддэг. Мөн Тэр биднийг хэрхэн тайтгаруулахаа төгс мэддэг. Тэрээр: “Зүрхээ бүү шаналга” (Иохан 14:1), “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ” (Иoхан 14:18) гэж хэлсэн.

Аврагч Өөрт нь итгэдэг хүмүүст Ариун Сүнс болох Тайтгаруулагчийг бэлэг болгон амласан. Тайтгаруулагч “та нарт бүгдийг заах бөгөөд хэлсэн бүгдийг минь сануулах болно” (Иохан 14:26) гэж Тэр хэлсэн юм.

Тэр бидэнд Бурханы үгийг өгдөг

Бидний үед Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтээр дамжуулан Их Эзэн Бурханы үгийг тээсэн эрт цагийн болон хожмын үеийн судруудыг өгсөн. “Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч … хэзээ ч эрсдэх нь үгүй” (1 Нифай 15:24) гэж Нифай заажээ.

Бурханы үг дээр өдөр бүр найрласнаар бид хамгаалагдаж, биднийг Бурханы хайраар илүү ихээр бялхахад хүргэдэг. Түүний үгс бидний замыг гэрэлтүүлж (Дуулал 119:105-ыг үзнэ үү), “[бидний] хийвэл зохих бүх зүйлийг [бидэнд] хэлэх болно” (2 Нифай 32:3).

Тэр биднийг бошиглогч, төлөөлөгчид болох Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан удирддаг

Есүс Христ бидэнд туслуулахаар бошиглогч, төлөөлөгчдийг дуудсан юм. Тэдний зөвлөгөө, сургаалууд бидэнд, энэ цаг үед зориулагдсан юм. Хэрэв та аялалдаа өөрийгөө төөрөлдсөн, будилсан гэж бодож байвал дараах гурван асуултыг тунгаан бодох нь танд тустай байж болох юм.

  1. Их Эзэн миний туулсан сорилт бэрхшээлүүдэд намайг хэрхэн бошиглогч, төлөөлөгчдийн үгсээр дамжуулан бэлтгэсэн бэ?

  2. Ирээдүйд угтах сорилт бэрхшээлүүдэд бэлэн байхад минь бошиглогч, төлөөлөгчид өнөөдөр намайг юу хийхэд урьж байна вэ?

  3. Би бошиглолын урилгад хариулахын тулд одоо юу хийж байна вэ?

Эдгээр асуултыг тунгааснаар бид бошиглогч, төлөөлөгчдийн үгийг судлахын ач холбогдлыг олж харах болно. Бид Их Эзэний дуу хоолойг илүү сайн сонсож, Түүнийг бидэнд хэр тогтмол тусалдаг болохыг анзаарч чадна. Хэрэв бид сонговол, бошиглогч, төлөөлөгчдийн үгийг сонсож, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ рүү буцаан хөтлөх зам дээр удирдамж, өсөлт хөгжил, хамгаалалтыг хүлээн авах болно.

Зураг
Ахлагч Тай уулын орой дээр зогсож байгаа нь

1988 оны үед ахлагч Тай Калифорниагийн Сиэрра Нивада ууланд. Түүний хуваалцсан түүх 1984 онд Калифорниагийн Сан Габриэл уулсын дундах Бэйдэн Пауэлл ууланд тохиолджээ.

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

Урагшлах итгэл

Олон жилийн тэртээ би цастай ууланд төөрч, даарч, ганцаардан, цөхрөнгөө барж билээ. Өөр юу хийхээ мэдэхгүй байсан тул би шинэхэн орсон цасан дээр өвдөглөн, Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсэн залбирав. Би Түүнтэй зовж, айж байгаа зүйлсээ хуваалцан, хэн нэгэн намайг олж, аврахын төлөө гуйлаа.

Намайг залбираад босох үед миний эргэн тойрон цасаар хучигдаж, моддыг үзэсгэлэнтэй нам гүм байдал нөмрөн авсан байв. Энэ нам гүм байдал ойролцоох бутны шаржигнах чимээгээр сарнив. Надаас насаар ах хоёр хүү гарч ирлээ. Тэд аль хэдийн уулын оройд гарчхаад, замаар явахын оронд уулнаас гулгаж буухаар шийдсэн нь тэр аж. Өөр олон газар байсаар атал тэд гулгасаар миний байсан газар хүрч ирсэн гээд бод доо!

Тэднийг надаас юу хийж байсныг минь асуух үед би тэдэнд төөрснөө хэлэв. Тэд намайг өөрсөдтэй нь хамт явахыг урин, бид уулын бэл дэх жим рүү аюулгүй гулган буув. Эцэст нь бид үлдсэн хүүхдүүдтэй дахин нийлсэн юм.

Бид өөрсдийн хувийн аялалд итгэл, бэлэн байдал, тэвчээртэй урагшлах үедээ Аврагчийг бидэнтэй хамт хэрхэн алхаж, бидэнд хэрхэн идэвхийлэн тусалдаг болохыг олж хардаг байгаасай. Есүс Христ бол зам, үнэн, амь мөн. Түүнд итгэх бидний итгэл оюунд маань амар амгалан, аялалд маань баяр баяслыг авчрах болтугай.