Лиахона
Бүгдийн Аврагч, бүгдэд зориулсан сайн мэдээ
2024 оны 3-р сар


“Бүгдийн Аврагч, бүгдэд зориулсан сайн мэдээ,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Бүгдийн Аврагч, бүгдэд зориулсан сайн мэдээ

Есүс Христийн сайн мэдээ, Цагаатгал, Амилалт Бурханы бүх хүүхдийг адисалдаг.

Зураг
Христ ба саа өвчтэй хүн

Христ ба саа өвчтэй хүн, Ж.Көрк Ричардс, хуулбарлахыг хориглоно

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ бол энэ хожмын өдрүүд дэх хүн бүрийн үүрдийн аз жаргал, үнэн амар амгалан, баяр баяслын анхдагч, хамгийн чухал, мөнхийн эх сурвалж юм. Сайн мэдээнээс мөн Христийн хязгааргүй ач ивээлээс урсан гардаг адислал нь огтхон ч эрт эдүгээгийн зөвхөн сонгогдсон цөөн хэдэн хүнд зориулагдсан байгаагүй юм.

Бид өөрсдийгөө хэчнээн хангалтгүй гэж мэдэрч байсан ч мөн Түүнээс биднийг удаан хугацааны турш холдуулсан нүглийг үл харгалзан Аврагч маань биднийг Өөр дээр нь ирж, хайрыг нь мэдрэхэд урин; “бүхэл өдрийн турш [бидэнд] мутраа сунгана” (Иаков 6:4) хэмээн амладаг.

Бүх дэлхийд зориулсан сайн мэдээний адислал

Есүс Христийн сайн мэдээ энэ хожмын өдрүүдэд дэлхийн бүх улс орон, үндэстэн ястан, хэлтэн хүмүүсийн хэрэгцээг … хангахаар сэргээгдсэн.”1 Сайн мэдээ нь “Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) гэдгийг заахаар бүх соёлын хил хязгаарыг даван түгэхийн сацуу бүх үндэстэн, угсаатанд хүрдэг.2 Мормоны Ном бол энэ үнэний гайхалтай гэрч юм.

Энэ агуу цэдэг нь Христ бүх үндэстнийг санадаг (2 Нифай 29:7-г үзнэ үү) бөгөөд “Өөрийгөө түүнд итгэх тэд бүгдэд үзүүлж, хүчит гайхамшгууд, тэмдгүүд мөн ер бусын явдлуудыг хүмүүний үрсийн дунд … [үйлдэнэ]” (2 Нифай 26:13) гэдгийг гэрчилдэг. Эдгээр хүчит гайхамшиг, тэмдэг, ер бусын үйл явдал нь сайн мэдээ түгж буйн илрэл юм. Тийм учраас бид сайн мэдээг гэрчлүүлэхээр номлогчдыг дэлхий даяар илгээдэг. Мөн бид эргэн тойрондоо байгаа хүмүүстэй сайн мэдээг хуваалцдаг. Санваарын сэргээгдсэн түлхүүрүүдийг амьд хүмүүсийн болон нас барагсдын төлөө ашиглах нь сайн мэдээний бүрэн байдал эцэстээ Тэнгэрлэг Эцэг, Эхийн маань хүү охин бүрд өнгөрсөн, одоо, ирээдүй цагт боломжтой болохыг баталдаг.

Энэ сайн мэдээний амин зүрх бол энэхүү ажилд бүхий л цаг үед дуудагдсан бошиглогч, төлөөлөгч бүрийн хуваалцдаг Есүс бол Христ, Тэрээр хүн бүрийг адислахаар ирсэн хэмээх гол захиас юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Түүний цагаатгагч золиослолыг бүх дэлхийд зориулсан гэдгийг тунхагладаг.

Хэмжээлшгүй хийгээд мөнхийн Цагаатгалын хэрэгцээ

Би дэлхийг тойрон аялах үедээ өөр өөр амьдралтай Сүмийн гишүүдтэй ярилцдаг. Би тэднийг бүр урт хугацааны өмнө үйлдсэн нүглээ хүлээх үедээ Есүс Христийн Цагаатгалаас ирэх адислалыг амьдралдаа хэрхэн мэдэрдэг тухай сонсоод, сүнслэг мэдрэмж авдаг. Түүний Цагаатгалаас ирэх сүнслэг байдлын цэвэршүүлэгч тайтгарал бид бүгдэд үргэлж боломжтой байдаг нь хэчнээн гайхамшигтай вэ!

“Цагаатгал хийгдэх ёстой, эс бөгөөс бүх хүн төрөлхтөн гарцаагүй мөхөх ёстой” гэж Амюлек тунхагласан. Бид “хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослолоор” гүйцэтгэгдэх ёстой “цагаатгалаар бус аваас үүрд унасан мөн … төөрөлдсөн …” байх байсан. Тиймээс “дэлхийн нүглүүдэд хангалттай байх тэр нь хэмжээлшгүй цагаатгалаас өөр юу ч байж эс чадах ажээ” (Алма 34:9, 10, 12).

Түүнчлэн агуу бошиглогч Иаков: “үхэл бүх хүмүүний дээр улиран ирсэнчлэн … амилуулалтын хүч байх ёстой болж” биднийг Бурханы оршихуйд аваачихаар болгосон гэж заасан (2 Нифай 9:6).

Нүгэл, үхлийн аль алиныг ялан дийлэх шаардлагатай байв. Энэ бол Аврагчийн ажил байсан бөгөөд Тэр Бурханы бүх хүүхдийн төлөө үүнийг зоригтойгоор гүйцэлдүүлсэн.

Зураг
Христ Гетсеманид

Гетсемани, Ж.Көрк Ричардс, хуулбарлахыг хориглоно

Аврагчийн маань золиослол

Мөнх бус амьдралынхаа эцсийн шөнө Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт очсон юм. Тэнд Тэр чидуны моддын дунд өвдөг сөгдөн, та бидний хэзээ ч ойлгох боломжгүй гүн шаналалд автжээ.

Тэр тэнд дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авч эхлэв. Тэрээр бүх төрлийн өвчин, шаналал, уй гашууг мэдэрч; таны төдийгүй миний мөн амьдарч байсан болон амьдрах бүх бодгалийн зовлон зүдгүүр, шаналлыг тэвчсэн. Энэ агуу бөгөөд хэмжээлшгүй шаналал нь “[Түүнийг] … өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн юм” (Сургаал ба Гэрээ 19:18). Зөвхөн Тэр л үүнийг хийж чадах байсан.

Төлөөсийг төлөх

Үүнээс илүү дээр арга гэж байсангүй.

Зөвхөн Тэр л хаалгыг нээж,

Биднийг оруулж чадах байлаа.3

Дараа нь Есүсийг Калвари руу авч явсан ба энэ ертөнцийн түүхэн дэх хамгийн эмгэнэлт шударга бус цаг үе тохиож, Түүнийг цовдолсон юм. Бурханы Цорын Ганц Хүүгийн хувьд Тэрээр бие махбодын үхлийг ялан дийлэх хүчтэй байсан учир хэн ч Түүний амийг авах боломжгүй байв. Тэр Эцэгтээ хандан залбирч, тэнгэр элч нараас бүрдсэн их цэргийг ирүүлэн, Өөрийг нь тамлан зовоогчдыг үгүй хийж, ноёрхлоо бүх зүйлийн дээр тогтоож болох байсан. “Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ?” гэж Өөрөөс нь урвах үед Есүс асуусан юм (Матай 26:54).

Өөрийн Эцэгийг дагах төгс дуулгавартай байдал, биднийг хайрлах төгс хайрын улмаас Есүс амиа Өөрийн хүслээр өгч, өнгөрсөн үед болон цаашид мөнхөд үйлчлэх хэмжээлшгүй хийгээд мөнхийн цагаатгагч золиослолоо гүйцэлдүүлжээ.

Аврагчийн маань ялалт

Өөрийг нь нас барсны дараа ажлыг нь үргэлжлүүлэхийг Есүс төлөөлөгчдөдөө үүрэг болгожээ. Тэд хэрхэн үүнийг хийх вэ? Тэдний зарим нь энгийн нэг загасчин байсан ба синагогуудад очиж тохинууллын талаар заалгаагүй байлаа. Тухайн цаг үед Христийн Сүм устан үгүй болох тавилантай мэт байв. Харин төлөөлөгчид өөрсдийн дуудлагыг биелүүлэх хүчийг олж, дэлхийн түүхэд нөлөөлсөн юм.

Тэдний илэрхий сул дорой байдлаас хүч чадал гарч ирэхэд юу нөлөөлсөн байх вэ? Англикан сүмийн удирдагч, эрдэмтэн Фрэдэрик Фаррар хэлэхдээ: “Үхэгсдийн амилалтын тухайд байж болох цор ганц хариулт бий. Энэ томоохон өөрчлөлт нь Христийн амилуулалтын хүчнээс үүдэлтэй юм”4 гэсэн байдаг. Амилсан Их Эзэний гэрчлэгчдийн хувьд төлөөлөгчид энэ ажил цааш үргэлжлэхэд юу ч саад болж чадахгүй гэдгийг мэдэж байсан юм. Тэдний гэрчлэл эрт үеийн Сүмд бүх бэрхшээлийг даван туулах хүч чадлын эх сурвалж болж байв.

Түүний томилсон гэрчлэгчдийн нэгийнх нь хувьд, Христийн амилсны энэ баяраар би тэрхүү ням гаргийн сайхан өглөө Их Эзэн Есүс Христ биднийг хүчирхэгжүүлж, хүн бүрийн төлөө үхлийн хүлээсийг тасдахаар амилсан гэдгийг тунхаглаж байна. Есүс Христ амьд! Түүний ачаар үхэл төгсгөл байхаа больсон. Амилуулалт бол Христийн үнэгүй, дэлхий дахинд өгсөн бэлэг юм.

Зураг
Христ, Магдалын Мариа хоёр бунхны дэргэд

Христ, Мариа хоёр бунхны дэргэд, Жөүсэф Брики

Христэд ирэгтүн

Есүс Христийн сайн мэдээ болон Цагаатгал бүх хүнд, өөрөөр хэлбэл хүн бүрд зориулагдсан. Аврагчийн цагаатгагч золиослолын бүрэн адислалыг мэдрэх цор ганц арга зам бол “Ирээд, Намайг дага” (Матай 11:28) хэмээх Түүний урилгыг хувьдаа хүлээн авах явдал юм.

Бид Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, наманчилснаар Түүн дээр очдог. Бид Түүний нэрээр баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар Түүнд очдог. Бид зарлигуудыг дагаж, ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдээ дээдэлж, ариун сүмийн туршлагуудаа нандигнан, Христийн шавийн амьдралаар амьдарснаар Түүн дээр очдог.

Заримдаа та гутарч, урам хугарах болно. Өөрийнхөө эсвэл хайртай хүнийхээ төлөө зүрх чинь шархалж ч магадгүй. Та бусдын нүглийн улмаас зовж ч магадгүй. Таны гаргасан алдаа, магадгүй зарим ноцтой алдаа таныг амар амгалан болон аз жаргалыг үүрд орхисон гэсэн айдаст автуулж магадгүй. Ийм үед Аврагч зөвхөн нүглийн зовлонг үгүй хийгээгүй бөгөөд “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвч[сэн]” (Алма 7:11), үүнд таных мөн багтсан гэдгийг санаарай! Таны төлөө даван туулсан зүйлсийнхээ улмаас Тэрээр таныг амьдралаа өөрчлөх “Ирээд, Намайг дага” хэмээх урилгыг нь хүлээн авах үед хэрхэн хэрэгцээ шаардлагад тань хувьчлан туслахаа мэддэг.

Бүгдэд нээлттэй

Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд Өөрийнх нь сайн мэдээний болон Цагаатгалын адислалуудыг ижил тэгш хүртэх эрхтэй гэдгийг Есүс Христ тодорхой хэлсэн байдаг. Тэрээр бид бүгдэд “нэг нь нөгөөгийнхөө адил эрх бүхий бөгөөд нэг нь ч үл хориглогдсон болой” (2 Нифай 26:28) гэдгийг сануулдаг.

“Тэрээр тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг” (2 Нифай 26:33).

“Тэрээр бүгдийг өөрт нь ирэхийг урьдаг гэдэг нь бид бүгдийг хэлж байгаа гэсэн үг! Бид өөрсдийгөө болон бусдыг өнгөц байдлаар дүгнэж, зориуд ялгаварлах ёсгүй. Бид хэзээ ч Аврагчийн хайрыг халхлах хаалт босгож эсвэл Түүнээс холдуулах өөрсдийн болон бусдын бодолд найр тавьж өгөх ёсгүй. Миний өмнө нь хэлж байсанчлан, “Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу [хэн ч] орно гэж байхгүй.”5

Харин Холланд эгчийг өөд болохоос хэдхэн сарын өмнө бид хоёрын заасанчлан, бид “энэрэл, хайр гэгдэх тэрхүү энэрлийг” (2 Нифай 26:30) тээхээр зарлигдуулсан билээ.6 Энэ бол Аврагчийн бидэнд үзүүлдэг хайр бөгөөд учир нь “Тэрээр энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг, бүр тэрээр бүх хүмүүнийг өөртөө ойртуулж болохын тулд тэр амиа өгсөн болой” (2 Нифай 26:24).

Би Есүс Христийн сайн мэдээ болон Цагаатгал бүх хүнд зориулагдсан гэдгийг гэрчилж байна. Би та бүхнийг Түүний авчирдаг адислалуудыг баяр хөөртэйгөөр хүлээн аваасай гэж залбирч байна.

Эх сурвалж

  1. Howard W. Hunter, “The Gospel—A Global Faith”, Ensign, Nov. 1991, 18.

  2. Ховард В.Хантэр, “All Are Alike unto God” (Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1979 оны 2-р сарын 4), 1–5, speeches.byu.edu-г үзнэ үү.

  3. Алс ногоон толгой,” Дуулал, д. 95.

  4. Frederic W. Farrar, The Life of Christ (1994), 656.

  5. Жэффри Р.Холланд, “Tалбайд хөдөлмөрлөгсөд.” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  6. Жэффри Р. ба Патришиа Т.Холланд, “Найдвараар дүүрэн ирээдүй” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2023 оны 1-р сарын 8), broadcasts.ChurchofJesusChrist.org.