Лиахона
Үнэн үг
2024 оны 3-р сар


“Үнэн үг,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Итгэлийн хөрөг

Үнэн үг

Надад олон асуулт байсан ч миний сүйт залуу, Сүм хоёр надад хариултаа авахад тусалсан юм.

Зураг
Аврагчийн зургийн өмнө зогсож буй баптисмын хувцас өмссөн эрэгтэй, эмэгтэй хоёр

Гэрэл зургуудыг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Тайваньд Христийн шашингүй соёлд өссөн би шашны талаар ямар ч мэдлэггүй хүмүүжсэн. Би Бурханд итгэдэг байсан ч Есүс Христийн талаар огт мэддэггүй байлаа. Миний шашин бол миний ажил, үүнийг дагасан олон нийттэй харилцах завгүй амьдрал байлаа. Үүнд ихээр уух болон тамхи татах багтдаг байв. Мөн би цай, кофег угсруулан уудаг байлаа. Энэ бол манай бизнесийн соёлын нэг хэсэг юм.

Би өөрийн сүйт залуу болон түүний гэр бүлээр дамжуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмтэй холбогдсон. Чэйс маань америк хүн байв. Тэр Сүмийн орчинд өсөж, номлолд үйлчилсэн ч тухайн үед идэвхгүй байсан. Гэсэн ч түүний том хүү номлолд үйлчлэхээр бэлдэж байсан ба Чэйс түүний шийдвэрийг дэмжиж байв.

КОВИД-19-ийн хөл хорионы үеэр бид Чэйсийн эцэг эхийн гэрт ариун ёслолын цуглаан хийж, цуглааны байрнаас явуулж буй дамжуулалтыг үзэж байлаа. Хүмүүсийг үг хэлж дуусахад, Чэйсийн хоёр хүү талх, усыг адисалж түгээв.

Надад олон асуулт байв. Сүйт залуу маань миний асуулт бүрд тэвчээртэйгээр хариулж байсан юм. Есүс гэж хэн байсан бэ? Сүмийн цуглаанд оролцохоор цугларах бүрд миний зүрх сэтгэлд төрж байсан мэдрэмж юуных вэ? Ийм мэдрэмжийг би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй. Талх болон ус юуг төлөөлдөг вэ? Ариун ёслолоос хүртэх үед яагаад миний нулимс гарсан бэ? Миний мэдэрч буй энэ амар амгалан юуных вэ?

Нэг шөнө би Есүс гэж хэн болохыг мөн Түүний амьдралын талаар тайлбарласан өөрийн төрөлх хэл дээрх вэбсайтыг олсон юм. Дараагийн өдөр нь би сүйт залуугийнхаа ээжид Есүс гэж хэн болохыг ойлгосон мөн Түүнд итгэсэн гэж хэлэв.

Нэгэн ням гарагт Чэйсийн том хүү дүүгээ пристээр томилох гэж байсан тул бишоп тэдний гэрт ирлээ. Том хүүг нь дүүгийнхээ толгой дээр гараа тавих үед би зогсолтгүй уйлж эхлэв. Зүрх сэтгэл минь ихэд хөдөлсөн тул би нулимсаа барьж дийлэхгүй байлаа. Хожим нь сүйт залуу маань намайг Ариун Сүнсийг мэдэрсэн, тэр ч мөн мэдэрсэн гэж тайлбарласан юм.

Би сүйт залуугийнхаа сүмээ хайрлах хайр нь сэргэж байгааг харж байлаа. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч миний мэдэрч байсан бүх зүйл Бурхантай, ямар нэг үнэн зүйлтэй холбоотой байгааг би мэдэж байв. Мөн би урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй хайрыг мэдэрсэн.

“Би Бурханыг дуудсан”

Миний жуулчны виз дууссан тул би Тайвань руу буцах шаардлагатай болсон. Ганцаараа өнгөрөөсөн дараагийн хэдэн сарын турш би мэдэрсэн зүйлээ үгүйлж байв. Хэсэг хугацаанд би цөхрөл, харанхуйд автсан. Тэдгээр мэдрэмж намайг бууж өгөхөд хүргэхүйц хэцүү байлаа. Би хэрхэн залбирахаа үнэхээр мэдэхгүй байсан ч Бурханыг дуудаж; өөрийн бодож, мэдэрч байсан бүх зүйлийг Түүнд хэлэв. Гэртээ зохион байгуулсан ариун ёслолын үеэр мэдэрсэн тэр мэдрэмжийг мөн амар амгаланг би мэдэрсэн юм. Энэ нь Ариун Сүнс байсныг би мэдсэн. Тэр намайг тайвшруулсан.

Үүний дараа, сүйт залуу маань номлогчдыг надад заалгахаар явуулсан байлаа. Би тэдэнд сэргээгдсэн сайн мэдээ үнэн гэдгийг аль хэдийн мэдсэнээ, Ариун Сүнс хэрхэн мэдрэгддэг болохыг ойлгож авснаа хэлэв. Гэвч тамхи, кофе, цайнаас гарах нь хэцүү байх болно гэдэгт миний санаа зовниж байлаа.

Би сүмд явж, Мормоны Номыг уншиж, номлогч эгч нартай долоо хоногт 3-4 удаа уулзаж эхлэв. Эцэст нь Ариун Сүнс надад тамхи, кофе, цайнаас гарахад тусалсан юм.

Миний багын найз долоо хоног бүр надад өөрчлөлт гарч байгааг анзаарч эхлэв. Би номлогчидтой уулзахдаа түүнийг урив. Тэр сонсоод мөн Ариун Сүнсийг мэдэрч, гэрчлэлтэй болсон. Одоо Сүмд идэвхтэй болсон миний сүйт залуу, КОВИД-19-ийн хямрал намжих үед эцэст нь нэг юм Тайваньд хүрч ирлээ. Бид хоёр гэрлэж, тэр надад баптисм хүртээсэн юм. Би шинэ хүн болсон.

Зураг
Аврагчийн зургийн урд зогсож буй хэсэг хүн

Вэйлин Чэн Канфийлд (Винний) эгч болон номлогч эгч нар түүнд зааж, түүнтэй нөхөрлөсөн тойргийн гишүүдийн хамт. “Бид одоо ч долоо хоног бүр ярилцаж, Халамжийн нийгэмлэгт үйлчлэхээр хүлээж авсан миний шинэ дуудлагад хамт үйлчилдэг” гэж тэр хэлэв.

Миний насан туршийн найзууд, банкирууд, хөрөнгийн зах зээлийн ажилтнууд зэрэг ажлын хамтрагчид намайг өмнөхөөсөө өөр, илүү их аз жаргалтай болсныг харж байлаа. Би тэднийг баптисмдаа урьж, тэд ирсэн юм. Дараа нь тэд урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй зүйлийг мэдэрснээ надад хэлсэн.

Би Есүс Христийн талаар юу мэдэж, мэдэрч байгаагаа бусдад хэлэхээс айдаггүй. Учир нь миний мэддэг зүйлс бол үнэн. Миний гэрчлэл хүчтэй бөгөөд гуйвшгүй болсон. Намайг бүхий л амьдралын минь турш мэддэг хүмүүс үүнийг харсан. Миний итгэл үнэмшлийг хүндэтгэсэндээ тэд ажлын уулзалт, оройн зоогийн үеэр тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхээ больсон. Энэ нь манай бизнесийн соёлын онцгой нэг хэсэг болсон.

Зураг
Сүмийн барилгын өмнө зогсож буй хоёр эмэгтэй

Канфийлд эгчийн насан туршийн найз Жин Хуа, Канфийлд эгчийн хөрвөлтөөр дамжуулан Сүмийг сонирхох болжээ.

Би бусдад өөрийн гэрчлэлийг танилцуулж, сонсгож, мэдрүүлэхээс эмээдэггүй. Бурхан, Есүс Христ хоёрыг хэрхэн олохоо мэдэхгүй олон хүн үнэн үгийг сонсох үедээ миний мэдэрсэнтэй ижил зүйлийг мэдэрнэ гэдэгт би итгэдэг. Би амьдралыг минь өөрчилсөн үгсийг хуваалцахдаа үргэлж бэлэн байх болно.