Лиахона
25 жилийн дараа ирсэн элбэрэлт нигүүлсэл
2024 оны 3-р сар


“25 жилийн дараа ирсэн элбэрэлт нигүүлсэл,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

25 жилийн дараа ирсэн элбэрэлт нигүүлсэл

Бурхан Өөрийн нигүүлслийн нэгээхэн хэсгийг тохиолгохын тулд нэгэн мартагдсан захидлыг ашигласанд би баяртай байна.

Зураг
Ниагара хүрхрээний дэргэд буй аав, охин хоёр

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

Би АНУ-ын Калифорниа мужийн Юрика хотод өглөөний семинар зааж байх үедээ суралцагчдаасаа өөрсдийн 10 жилийн дараахыг төсөөлөхийг хүссэн юм. Тэгээд би тэднээс сайн мэдээний тухай өөрийн гэрчлэл болон 10 жилийн дараах өөртэйгөө хуваалцахыг хүссэн өөр бусад зүйлийг агуулсан захидал бичихийг хүсэв. Би тэдэнд захидлыг нь 10 жилийн дараа шуудангаар илгээх болно гэж хэлсэн.

Хэлсэн цаг хугацаа өнгөрсөн ч би захиануудыг илгээж чадаагүй юм. 25 жилийн дараа нэг өдөр миний охин Хайди тэр захиануудыг олоод надаас асуулаа. Намайг юу төлөвлөж байснаа түүнд хэлэхэд тэр миний хуучин суралцагчдын хаягийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хайв.

Зураг
Нэг хүн өөр хүнд дугтуй дамжуулж буй нь

Зургийг Алэкс Набаум

Түүнийг захиануудыг шуудангаар илгээсний дараа бид зарим нэг гайхалтай хариуг хүлээн авлаа. Хуучин суралцагчдын маань нэг нь манай охинд ингэж бичсэн байв.

“Аав чинь тэр захиануудыг гагцхүү одоо олсон нь ямар нэг шалтгаантай гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна. Миний 18 настай охин өөрийн гэрчлэлд санаа зовниж, төгс хожмын үеийн гэгээнтэн байхад өөрийгөө тохирохгүй гэж бодсоор ирсэн. Тэр юу бодож байгаагаа бидэнтэй хуваалцдаггүй. Түүнд хэцүү байгаа” гэсэн байв.

Миний суралцагч байсан тэр хүн охиныхоо блогтоо саяхан бичсэн зүйлээс болж сэтгэлээр унасан байлаа. Тэр цааш нь:

“Би охинтойгоо ярилцах ёстойгоо мэдсэн. Биднийг энэ сэдвийн талаар ярилцах үед түүний царай ихэнхдээ гөлийж, үл тоосон шинжтэй болж, тэр юу ч ярьдаггүй. Би түүнд захиагаа өгөөд, уншихыг хүссэн.

Би түүнийг эхний догол мөрийг хэд хэдэн удаа, дахин дахин уншихыг харав. Би тэр мөрөнд гэрчлэлтэй эсэхээ мэдэхгүй мөн төгс хожмын үеийн гэгээнтэн байх нь дэндүү хэцүү, магадгүй надад тохирохгүй байх гэж бичсэн байсан юм.

Охин минь уйлж эхлэх нь тэр. Намайг бэрхшээлийг нь үнэхээр ойлгож байгаа гэдгийг түүнийг мэдээсэй гэж би хүсэж байв. Тэр захиа байгаагүй бол охин минь надад хэзээ ч итгэхгүй байх байлаа. Тэр зарим тал дээр нээлттэй болсон ба энэ захиа гарч ирсэн цаг хугацааны тохирол нь элбэрэлт нигүүлсэл байсан гэж би сэтгэлийнхээ гүнээс бодож байна. Хэрэв би энэ захиаг 10 жилийн өмнө авсан байсан бол хаяад, дахин олохгүй байсан байх. Биднээр захиа бичүүлж, энэ олон жилийн турш олдохооргүй газар хадгалсанд баярлаж байгааг минь аавдаа дамжуулаарай! Бүх зүйл учир шалтгаантай” гэсэн байв.

Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хонийг халамжилж, будилж төөрсөн тэднийг сүрэгт нь авчрахаар бидний хүн нэг бүрээр дамжуулан нигүүлсэл, гайхамшгуудыг Өөрийн ер бусын цаг хугацаанд тохиолгодог.