Лиахона
Та нэг хэсэг нь
2024 оны 3-р сар


“Та нэг хэсэг нь,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Залуучуудад зориулав

Та нэг хэсэг нь

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой утга учиртай харилцааг хөгжүүлснээр нэгэн хэсэг нь байх мэдрэмжийг олж авч чадна.

Зураг
Бурхан Эцэг, Есүс Христ хоёр гараа сунган, эргэн тойрныхоо хүмүүстэй мэндэлж буй нь

Алдар суугийн зэрэглэлүүд зургийн хэсгээс, Анний Хэнри Нэйдэр

Бидний хүн нэг бүрд аливаа зүйлийн нэгэн хэсэг байх төрөлх хэрэгцээ байдаг. Бид гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчид, тойргийн гишүүд болон амьдралдаа бусад хүнтэй үүсгэсэн холбоо хамаарлаасаа энэ хэрэгцээг хүсдэг ба энэ нь бидний төрөлхийн шинж чанар юм. Бидний зүрх сэтгэлд эдгээр гүн гүнзгий бөгөөд байнгын харьяалагдах хэрэгцээг хүссэн тэнгэрлэг хүсэл тэмүүлэл оршиж байдаг.

Та бид дэлхий дээр ирэхээсээ урт хугацааны өмнө Тэнгэрлэг Эцэгийнхээ мөнхийн гэр бүлийн нэг хэсэг байсан бөгөөд одоо ч байгаа хэвээрээ. Судрууд биднийг “дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид” (Еврей 11:13); (Сургаал ба Гэрээ 45:13) гэж тодорхойлсон байдаг. Тэнгэрлэг гэрээ орхин, төөрөгдөл, ганцаардал, өр өвтгөм зүйлсээр дүүрсэн ертөнцөд ирэхдээ бид мөнхийн гэр, холбоо хамаарлаа хүсэмжилсэн тэнүүлчин мэтээр өөрсдийгөө мэдэрч болно.

Хэрэв танд хэзээ нэгэн цагт тэнгэрлэг гэрээ санаж байгаа мэт санагдаж байсан бол магадгүй энэ нь бидний жинхэнэ гэр бөгөөд мөн чанар нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбоотой учраас юм. Тиймээс Тэдэнтэй гүнзгий харилцаатай байх нь маш чухал. Бид гэрээний харилцаагаараа дамжуулан Тэдэнтэй холбогдох үедээ сүнснийхээ хүсэмжилж буй нэгэн хэсэг гэсэн жинхэнэ мэдрэмжийг авах болно.

Бурхантай тогтоосон бидний гэрээт харилцаа

Үг, үйлдэл маань бидний эрхэмлэдэг харилцааны илрэл болж байдаг. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой гэрээний харилцаанд орохын хувьд ч мөн адил юм.

Биднийг Бурхантай харилцах харилцаагаа эрхэмлэх үед бүх зүйл өөрчлөгддөг. Дэлхийн нөлөөнд автахын оронд бид Түүний нөлөөнд автаж, Түүнтэй илүү адил болдог. Бидний амьдрал илүү утга учиртай болж, сүнслэг байдлын хувьд илүү тогтворжиж, илүү их хүч чадлыг олдог. “Нэгэн хэсэг байх” нь мөнх бус ертөнцийн “нэгэн хэсэг байх” гэдэг ойлголтын хүрээнээс огцом даван гардаг.

Бурхантай байгуулсан гэрээний харилцааг нэн тэргүүнд тавих үед дэлхийн анхаарал сарниулах хий хоосон зүйлсийн хүч суларч, бид хувийн амар амгалан, нэгэн хэсэг болсон мэдрэмжийг авах болно. Аливаа зүйлийг тэр бүр үнэгүй өгдөггүй ертөнцөд Тэнгэрлэг Эцэг маань дэлхий дээрх (2 Нифай 9:50–51-ийг үзнэ үү) бидний хэргэм зэргээс үл хамааран гэрээнийхээ адислалыг дуртайяа хүртээдэг билээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ талаар маш тодорхойгоор “Бид Бурхантай гэрээ байгуулснаар төвийг сахихаа бүрмөсөн больдог. Бурхан Өөртэй нь ийм холбоо тогтоосон хүмүүстэй харилцаагаа хэзээ ч тасалдаггүй. Үнэндээ Бурхантай гэрээ байгуулсан бүх хүн онцгой хайр, нигүүлсэл хүртэх эрхтэй”1 гэж заасан.

Бид Бурхантай ойр дотно харилцаатай байх эсэхээ өөрсдөө тодорхойлдог. Тэр бидэнтэй үргэлж хамт байх ч, бид ч бас өөрсдөө Түүний хажууд үргэлж байхыг сонгох ёстой юм. Энэхүү тэнгэрлэг сонголт нь хүч чадал, эрх чөлөө аль алиныг өгдөг. Энэ сонголт нь биднийг өөрсдийн талаарх хуурамч ойлголтоос мөн гинжлэн хязгаарладаг дэлхийн хүлээлтээс чөлөөлдөг.

Бид Тэнгэрлэг Эцэгийнх гэдгээ олж мэдэх үедээ бусдыг Түүний адилаар харж чадна. Түүнийг миний тухай юу гэж боддогийг ойлгох үедээ Тэр таны талаар юу гэж боддогийг би илүү сайн ойлгодог ба бусдад тусалж, бусдыг цуглуулах хүсэл, чадвар минь илүү ихээр нэмэгддэг.

Зураг
Нар жаргах үеийн Наувугийн ариун сүм

Нар жаргах үеийн Наувугийн ариун сүмийн зураг чимэглэл, Макс Д.Вийвэр

Гэрээнүүд адислалуудыг боломжтой болгодог

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднээс Өөрсөдтэй нь гэрээнүүд байгуулахыг хүсдэг бөгөөд ингэснээр Тэд биднийг хэрэгтэй арга замуудаар адисалж, Өөрсдийнх нь оршихуй руу эргэн очих боломжийг олгогч арга замуудаар биднийг өөрчилдөг.

Би та бүхнийг Их Эзэний өргөөнд аль болох тогтмол орохыг урьж байна. Би зорилготойгоор тогтмол орох амлалт өгөх үедээ дэлхийгээс тайтгарлыг мэдэрч; миний бодол, мөн чанар илүү дээд түвшинд очдог.

Гэрээнүүдээ сахиснаар бид амьдралдаа Аврагчийн Цагаатгалын адислалууд орж ирэх үүдийг нээх санваарын хүчийг хүлээн авдаг. Тэдгээр адислал нь эдгэрэлт, удирдамж, хамгаалалт, дэмжлэг, хүч чадал, амар амгалан, харах өнцөг, баяр баяслыг багтаадаг. Тэнгэрлэг Эцэг гэрээний харилцаагаар маань дамжуулан энэ бүх адислалыг бидэнд өгөхийг хүсдэг.

Хэрэв та ариун сүмийн адислалуудыг хараахан авч амжаагүй байгаа бол би танаас ариун сүмийн адислал, санваарын хүч, гэрээ болон Бурхан танд юу хүсдэг талаар судалж мэдээсэй гэж хүсэж байна. Түүний тайтгарал, хүч чадал, хайраар үзүүлэх тусламжийг хүлээж, зүгээр бүү суугаарай.

Ерөнхийлөгч Нэлсон:

“Би та бүхэнд Их Эзэний өргөөнд гэрлэлтийн хишиг хүртэх хүртлээ хүлээх хэрэггүй гэж уриалмаар байна. Санваарын хүчээр зэвсэглэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж мэд мөн туршлага хуримтлуул.

Ариун сүмийн гэрээ байгуулсан та бүхнээс би ариун сүмийн гэрээ, ёслолуудыг ойлгохын төлөө залбирч байгаад, тууштай эрэлхийлэхийг гуйж байна. Сүнслэг хаалганууд нээгдэх болно. Тэнгэр, газар хоёрын хооронд татсан хөшгийг хэрхэн нээхийг, Бурханы тэнгэр элч нараас тан руу ирэхийг хэрхэн гуйхыг, тэнгэрээс зааварчилгаа хэрхэн илүү сайн авахыг та сурах болно. Ийнхүү үйлдэх таны тууштай хичээл зүтгэл сүнслэг байдлын тань суурийг хүчирхэгжүүлж мөн бэхжүүлэх болно”2 гэж заасан.

Наманчлалаар дамжуулан нэгэн хэсэг болох нь

Тогтмол наманчлах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байх бас нэгэн сайхан, хүчирхэг арга зам юм. Ихэнхдээ бид хэрэв олон удаа наманчилж байгаа бол Тэднээс хол байна гэсэн үг гэж буруугаар боддог. Гэвч үнэндээ энэ нь эсрэгээрээ юм.

Наманчлал таныг Тэднээс холдуулах бус харин ойртуулдаг!

Та Тэдэнд хандаж, тусламж, өршөөл хүлээн авахын тулд хичээл зүтгэл гаргаснаар Тэдэнтэй харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, нэгэн хэсэг болсон мэдрэмжийг илүү ихээр авах болно.

Бидний хүн нэг бүрд өөрийн хүсэж байгаа төгс төгөлдөр байдлаас дэндүү хол байгаа мэт санагдаж болох ч Тэнгэрлэг Эцэг бидний дахин оролдох хүсэл, хичээл зүтгэлийг анхаарахгүй өнгөрнө гэж би бодохгүй байна. Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг хаашаа явж байгааг мэддэг учир аян замын маань туршид хайраар чиглүүлэх болно.

Өөрсдийн сул дорой байдал, алдааг ухаарах нь эмзэг зөөлөн байдлыг шаарддаг ч наманчлалаар дамжуулан бид Тэнгэрлэг Эцэгийг өөрсдийн тэрхүү эмзэг зөөлөн хэсэгт ойрхон байхад урьдаг. Ингэж ойртсоноор бид Түүнд агуу хайраа бидний зүг сунгаж, бидэнд хэрэгтэй эдгэрэл, өршөөл, аюулгүй байдлаар хангах боломжийг олгодог. Бурхантай ийм холбоо харилцаатай байснаар бид итгэлээ хөгжүүлж, урам зориг, нэг хэсэг нь гэсэн жинхэнэ мэдрэмжийг олж авдаг.

Зураг
Бүтээлт

Бүтээлт, Анни Хэнри Нэйдэр

Илүү дээд түвшний ойлголтыг эрэлхийлэх

Бидний үзэл бодол Их Эзэний Сүмийн нэгэн хэсэг гэсэн мэдрэмжийг төрүүлэхэд нэмэр болж чадна. Бид үйлдлээрээ өөрсдийн тойрог, Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын нэгэн хэсэг гэдгээ мэдэрч, хайр оршсон газар болгоход тусалж чадна гэдэг харах өнцгийг сонгож болно. Бусдад нэгэн хэсэг нь гэдгээ мэдрэхэд нь туслахыг эрэлхийлэх нь үнэндээ бидэнд ч бас нэгэн хэсэг нь гэдгээ мэдрэх боломжийг илүүтэй олгодог.

Та Бурханы хүүхэд учир бусад хүнийг эсвэл та өөрийгөө хэрхэн харахаас үл хамааран нэгэн хэсэг нь болох боломжтой. Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг танд зориулсан ба танд гүйцэтгэх чухал үүрэг оноосон. Та нарын хүн нэг бүр Бурханы хаант улсад өөрийн өвөрмөц аргаар хувь нэмрээ оруулж, нэгэн хэсэг нь болох чадамжтай бөгөөд үүнд таны гэр бүлийн байдал, боловсрол, угсаа гарал хамаагүй юм.

“Ганц бие залуучууд,” “залуучууд,” “ганц бие насанд хүрэгчид” зэрэг нэр томьёо таны мөн чанарыг тодорхойлохгүй гэсэн бодол миний оюунд дахин дахин төрдөг. Эдгээр нь нас, гэр бүлийн байдлыг тодорхойлоход туслах нийтийг хамарсан нэр томьёо хэдий ч мөнхийн үнэн мөн чанар, зорилго, чадавхыг үнэн зөвөөр тодорхойлсон үзүүлэлтүүд биш юм.

Нэр шошго, харьцуулалт нь Бурханы хаант улс дахь өөрсдийгөө болон үнэ цэн, чадамжаа харах боломжийг хязгаарлахад хүргэж болно. Та бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдэг нь бодит үнэн юм. Та Бурхантай гэрээнүүд байгуулсан. Танд Түүний санваарын хүч чадлаас хүртэх боломж бий. Та бол Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын гишүүн билээ. Ерөнхийлөгч Нэлсоны заасанчлан, та бол Бурханы хүүхэд, гэрээний хүүхэд, Есүс Христийн шавь юм. Таны энэ мөн чанар л хамгийн чухал нь бөгөөд энэ нь таныг “Бурханы селестиел хаант улсад мөнх амьдрал өөд чиглүүлнэ.”3

Сайн мэдээ залуу бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн. Энэ бол тунгаан бясалгах хүчирхэг бодол юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смит болон түүний хамтрагчдад тухайн насан дээр нь Сүмийг сэргээх итгэл хүлээлгэсэн. Бурхан мөн танд энэ хожмын өдрүүд дэх уг ажлын нэгэн хэсэг байх итгэл хүлээлгэсэн.

Хэрэв та хэн гэдгээ болон хайрлуулсан, үнэ цэнтэй эсэхээ мэдэхийг хүсвэл Тэнгэр дэх Эцэгээсээ асуугаарай. Тэр үргэлж таны талаар үнэнийг хэлэх болно. Тэр таныг хэрхэн хардгийн адил ийн өөрийгөө харахад тань асар их боломж, хайраар туслах болно. Тэрээр таныг төсөөлж ч байгаагүй агуу боломж, өсөлт хөгжил рүү чиглүүлж чадна.

Бид нэг нэгнээ нас, гэр бүлийн байдлын линзээр бус гэрээгээ сахигч, Есүс Христийн шавь, найз нөхөр, ах, эгч, дүүс, Бурханы охин, хөвгүүн гэсэн биднийг нэгтгэдэг линзээр харах нүдтэй байх болтугай. Мөн эдгээр мөнхийн үүрэг, харилцаанд бид нэгэн хэсэг гэдгээ хамгийн ихээр, бүр үнэнээр мэдрэх болно.