2023
Христ дотор ах, эгч, дүүс адил нэгдсэн
2023 оны 9-р сар


“Христ дотор ах, эгч, дүүс адил нэгдсэн,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Энэ дугаарт тавтай морилно уу

Христ дотор ах, эгч, дүүс адил нэгдсэн

Зураг
Эрэгтэй, эмэгтэйчүүд зөвлөлийн хуралд оролцохоор цугласан байгаа нь

Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алиных нь дуу хоолой зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр бид адилгүй ч гэлээ бие биеэ нөхөж, Христийн шавь байх нийтлэг зорилго доор нэгдсэн билээ.

Бидний ялгаатай байдал энэ зорилгод маань саад болох учиргүй. Харин авьяас чадвар, хувь нэмэр зэрэг ялгаатай байдал маань дэлхий даяарх аврал, өргөмжлөлийн ажилд үзүүлэх бидний нөлөөллийг хүчирхэгжүүлдэг. Энэ дугаарт Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг “Түүний ажлыг хийж байгаа ах, эгч нар бид нэг нэгнийхээ хувь нэмрийг үнэлж, хамтран ажиллах үедээ Их Эзэний үйлчлэлд илүү сайн шийдвэрт болон илүү агуу амжилтад хүрдэг” (4-р хуудас) гэж бичжээ. Бид яаж ийм эв нэгдэлд хүрэх вэ? Их Эзэн Өөрийн хаант улсын сайн сайхны төлөө бидний ялгаатай байдлыг ашиглан ажиллана гэдэгт бид итгэлтэй байх ёстой.

Охиноо эдгээхийн тулд Аврагчийг эрэлхийлсэн Канаан эмэгтэйн тухай Шинэ Гэрээний түүхээс би өөрийн сурсан зүйлийг 8-р хуудсан дахь нийтлэлдээ хуваалцаж байна. Тэр эмэгтэй Израилын угсааны хүн биш байв. Гэвч тэр Их Эзэний хүч охиныг нь эдгээж чадна гэж итгэсэн ба энэхүү гайхалтай итгэл нь түүнийг гэрээт хүмүүстэй нэгдмэл болгож, гайхамшгийг авчирчээ.

Бүгдээрээ өөрсдийн хийж буй бүх зүйлд “зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэн” (Мозая 18:21) Аврагч руу харцгаая. Бидэнд нэг нэгнийхээ хүчирхэг ялгаатай байдлаас суралцаж, тэдгээрийг Христийн адил хүндэтгэх онцгой боломж бий. Өөрийн хонь нэг бүрийн өвөрмөц дуу хоолойг сонсдог Хоньчинтой байгаадаа би ямар их талархдаг гээч.

Хүндэтгэсэн,

Ерөнхийлөгч Камилл Н.Жонсон

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч