2023
“Та нар санаасай хэмээнэ би”
2023 оны 9-р сар


“Та нар санаасай хэмээнэ би,” Лиахона, 2023 оны 9-р сар.

“Та нар санаасай хэмээнэ би”

Moзая 5:12

Бидний хүн нэг бүрд Христийн тухай хувийн дуртгал өгөгдсөн. Бид тэдгээрийг харж, Түүнийг дурсан санах ёстой.

Зураг
Есүс Христийн хөрөг

Христ ба баян залуу захирагч зургийн хэсгээс, Хайнрих Хофманн

Мөнх бус амьдралын нэг хэсэг болох марталтын хөшгөнд, цаашлаад мартамхай байдалд бид бүгд хамааралтай. Марталтын хөшгийн улмаас бид мөнх бус байдлын өмнө мэддэг байсан үзэгдэл, үнэнийг мартахад хүрдэг. Бидний мартамхай байдал биднийг энэ амьдралдаа сурсан эсвэл дахин суралцсан үнэнийг мартаж, төөрөлдөхөд хүргэдэг. Бид марталтын унасан байдлаа даван туулахгүй бол аяндаа “алдсыг үйлдэхдээ шаламгай боловч Их Эзэн Бурханаа санахдаа удаан” (1 Нифай 17:45) байх болно.

Христийн тухай дуртгал

Бурхан зарлиг бүрийг өгөхдөө, “өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг [бидэнд] зэх[нэ]” (1 Нифай 3:7) хэмээн амласан. Дурсан санах гэсэн Түүний зарлигийг дагаж болохын тулд Их Эзэн бидэнд дуртгалуудыг бэлджээ.

Үнэхээр бүх зүйл бидэнд Христийн тухай гэрчилж, сануулахаар бүтээгдсэн (Мосе 6:63; мөн Алма 30:4-ийг үзнэ үү). Жишээ нь: “Ойн цоорхой дундуур хэрэн тэнүүчлэхүйд тусах нарны туяа, модонд жингэнэн сонстох шувуудын жиргээ [бидэнд]”1 Түүнийг сануулах зорилготой юм. Бүр чулуунууд хүртэл Есүсийн тухай гэрчлэл, сануулга болгон хашхирч чадна (Лук 19:40-ийг үзнэ үү). Чухамдаа дэлхий бүхэлдээ дуу авиа болон дүр төрхөөрөө Бүтээгчийнхээ талаарх сүр жавхлант гэрчлэлийг хуваалцаж, гайхалтай дуртгалыг өгдөг.

Бүх бүтээл дэх санамсаргүй мэт дуртгалууд дээр нэмээд, ариун нандин ёслолуудаас олж хардаг илүү албан ёсны дуртгалууд бас бий. Эртний израилчуудад “Бурханыг мөн Түүний өмнө хүлээсэн өөрсдийнх нь үүргийг тэдэнд сануулж байхын тулд” (Мозая 13:30) хатуу чанд ёслолууд өгөгдсөн гэж Абинадай заасан. Орчин үеийн бошиглогчид ч мөн үүнтэй адил зүйлийг сургамжилсан. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985): “Хэрэв хүмүүс байгуулсан гэрээнүүдээ усны захад юм уу ариун ёслолын ширээн дээр мөн ариун сүм дотор санадаг бол, тийм ээ тэдгээрийг үнэхээр санадаг бол урвалт болон гэмт хэрэг хэзээ ч гарахгүй байх байсан гэж би боддог”2 хэмээн хуваалцсан.

Христийн Цагаатгал бүх хүнд төдийгүй хувь хүнд зориулагдсан юм. Түүний дуртгал ч мөн адил. Тиймээс Тэр бүх хүнд өгсөн нэг төрлийн ижил ёслолуудаас гадна Өөрийнхөө тухай янз бүрийн, хувийн дуртгалуудыг өгдөг. Тухайлбал: Жирийн нэг шавар олон хүнийг Есүсийг дурсан санахад мөн сэтгэл хөдлөн, Түүнд талархахад хүргэхгүй л болов уу. Харин Есүсийг нүдийг нь шавраар шавахад хараа нь сэргэсэн тэр хүн шавар руу харах бүрдээ Есүсийг дурсан санаж байсан нь лавтай! (Иохан 9:6–7-г үзнэ үү). Нааман ч бас Иордан голыг харах бүрдээ өөрийг нь тэнд эдгээсэн Их Эзэний тухай бодохгүй байж чадаагүй биз ээ (2 Хаад 5:1–15-ыг үзнэ үү). Бидний хүн нэг бүрд Христийн тухай нэг эсвэл түүнээс олон хувийн дуртгалууд өгөгдсөн. Бид тэдгээрийг харж, Түүнийг дурсан санах ёстой.

Христийн тухай цэдгийг хөтлөх

Цэдэг, түүхүүд нь санах зарлигийг дуулгавартай дагахад туслахаар Их Эзэний бэлтгэсэн нэмэлт зүйл юм. Судрууд бол Өөрийн хүүхдүүдтэй байгуулсан Бурханы үйлүүдийн цэдэг бөгөөд Түүнийг гэрчлэх, “цэдэг хөтлөх” тухай байнга дурддаг (2 Коринт 8:3; 1 Иохан 5:7; 1 Нифай 10:10; 12:7; Сургаал ба Гэрээ 109:31; 112:4-ийг үзнэ үү).

Ариун нандин цэдгүүд, тэр дундаа хувийн тэмдэглэлүүд нь бидэнд цэдэг хөтлөхөд тусалдаг. Сүнсээр дүүргэгдсэн сэтгэл хөдлөм мөчүүд бол бэлэг бөгөөд бид ийм мөчөө хэзээ ч мартахгүй гэж итгэдэг. Гэвч бидний мартамхай байдлын улмаас хамгийн гүн гүнзгий туршлагуудын маань мөр ч цаг хугацааны явцад бүдгэрдэг. Тэмдэглэлийн хэсэг, гэрэл зураг эсвэл бичлэг нь чухал мөчүүдийг эргэн санахад төдийгүй бидний мэдэрсэн сэтгэл хөдлөл, Сүнсийг сэргээн мэдрэхэд тусалдаг. Энэ эрин үед Сүмийг зохион байгуулагдсаны дараа өгсөн хамгийн анхны зарлиг “та нарын дунд цэдэг хөтлөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 21:1) гэсэн зарлиг байсанд гайхах зүйлгүй. Зохих ёсоор хөтөлсөн цэдгүүд бидний ой ухааныг тэлж, алдааг ойлгуулж, биднийг Бурханд авчирч чадна (Алма 37:8-ыг үзнэ үү).

Эцэст нь бид “тэнгэрийн цэдэг” (Мосе 6:61) болох Ариун Сүнснээс үнэний гэрчлэлийг хүлээн авсан тул үнэний цэдгийг хөтөлж чадах нь гарцаагүй. Ийм үүрэгтэй учраас Ариун Сүнс үнэнийг “махбодын [маань] зүрхэн самбар[уудад]” (2 Коринт 3:3) бичдэг. Тэр бидэнд Христийг болон Түүний заасан бүх зүйлийг санахад тусалдаг (Иохан 14:26-г үзнэ үү).

Есүс, цэдгүүд, Ариун Сүнс болон санах ойн хоорондын холбоог Моронай 10:3–5-д харуулсан байдаг. Хэрэв бид ариун нандин цэдэг болох Мормоны Номыг санан дурсах Сүнсээр уншиж, Бурханаас Христийн нэрээр итгэлтэй, чин сэтгэлтэй, үнэн хүсэлтэйгээр асуух аваас Ариун Сүнс бидэнд уг цэдгийн үнэнийг илэрхийлэх болно гэсэн амлалт бий. Хэрэв энэ тодорхой цэдэг үнэн аваас Есүс бол Христ гэдэг нь үнэн юм.

Зураг
Алма дээр болон Мозаягийн хөвгүүд дээр тэнгэр элч зочилсон нь

Алма босогтун, Волтэр Рэйн

Гэтэлгэгдэхээ сана

Есүсийг дурсан санах нь гэтэлгэл болон авралд хүргэдэг. Залуу Алмагийн гэтэлгэлд дуртгал ямар үүрэг гүйцэтгэсэн талаар авч үзье. Тэнгэр элч Алмад үзэгдэж “сүмийг устгахыг дахин бүү эрэлхийл” гэж зарлиглажээ. Гэвч уг зарлигийг өгөхөөсөө өмнө тэнгэр элч “эцэг өвгөд тань боолчлолд байсныг санагтун; … тэдний төлөө [Христ] ямар агуу зүйлүүдийг хийснийг сана; учир нь тэд боолчлолд байсан … тэрээр тэднийг чөлөөлсөн юм” (Мозая 27:16; тодотгол нэмсэн) хэмээн тунхагласан.

Энэ тэнгэр элчийн сануулга хүн бүрд зориулсан энгийн нэг мэргэн заавар биш байлаа. Энэ нь Алмад зориулсан, түүнд тохиолдох үхэх шахам туршлагыг хэрхэн даван туулах тухай тодорхой сэжүүр бүхий хайраар дүүрэн зөвлөмж байв.

Хориод жилийн дараа Алма хүү Хиламандаа гурван өдрийн турш хөдөлж мөн ярьж чадалгүй хэвтэхдээ юуг туулснаа, “үхэх дөхөн наманчилсан”(Мозая 27:28) талаараа нэгд нэгэнгүй хуваалцсан билээ. Тэнгэр элчийг явсны дараа Алма тодорхой санаж байсан боловч түүний санаж чадах зүйл зөвхөн гэм нүгэл нь байв.

“Гэвч би мөнхийн зовлонд тамлагдаж байлаа, … тийм ээ, би өөрийн бүх нүглүүд мөн алдсуудыг санаж байв, үүний учир би тамын өвдөлтөөр тарчлагдаж байлаа” (Алма 36:12–13) хэмээн тэр хожим дурсжээ. Бурханы өмнө зогсох тухай бодол нь Алмаг ийм “илэрхийлэхийн аргагүй аймшиг”-аар дүүргэсэн ба тэр зүгээр үхээд зогсохгүй, бүр “сүнсээр мөн биеэрээ ч үл орши[н]” (Алма 36:14–15) зугтахыг бодсон.

Энд бид түр азнаад, “Алма нүглийнх нь зохих үр дагавар байхаар урьдаас тогтоогдсон аймшигт гурван өдрийн шийтгэлийг зүгээр нэг төлөөгүй” гэдгийг ойлговол зохино. Үгүй ээ, тэр “үүрдийн үхлийн гинжээр ороогдсон” (Алма 36:18; тодотгол нэмсэн) гурван өдөр эхлэл байсан.

Тэр “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар” эцгийнхээ бошиглолыг хаа нэгтээ, ямар нэгэн байдлаар сонссоноо эргүүлэн санаагүй бол гурав хоногоос ч илүү, бүр тодорхойгүй хугацаагаар энэ аймшигт байдалд үлдэх байсан нь лавтай. Тэрээр:

“Эдүгээ, миний оюун энэ бодол дээр тогтож тунгаах зуур, би зүрх сэтгэлдээ хашхирч: Ай Есүс, Бурханы Хүү та, шаналлын гүнд буй, мөн үүрдийн үхлийн гинжээр ороогдсон намайг нигүүлсээч гэв.

Мөн эдүгээ, болгоогтун, би үүнийг бодмогц, би өвчнөө цаашид санаж чадсангүй; тийм ээ, би нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлагдахгүй болов” (Алма 36:17–19) хэмээн бичжээ.

Алма дурсан санах тухай тэнгэр элчийн зарлигийг дагасан. Тэр Есүсийг дурсан санасан. Есүс Алмагийн эцэг өвгөдийг боолчлолоос чөлөөлсний адил, Алмаг ч бас нүглийн хүлээсээс нь чөлөөлсөн.

Ямар өгөөмөр нигүүлсэл, хүчирхэг чөлөөлөлт вэ! Ямар гайхалтай зүрх сэтгэл, оюун санааны өөрчлөлт вэ! Хэдхэн хормын өмнө сүнс, биеэрээ ч үл оршин Бурханы өмнөөс зугтахыг бодож байсан Алма Бурханыг болон Түүний ариун тэнгэр элч нарыг үзэгдлээр харж, “тэнд байхаар тэмүүлсэн” (Алма 36:22) нь ямар гайхалтай вэ!

Энэхүү гайхамшигт өөрчлөлт нь энгийн санамжаар хөглөгдсөн юм. Алмагийн туршлага нь хаан Бенжамины сүүлчийн номлолын эцсийн үг болох “Мөн эдүгээ, Ай хүмүүн, санагтун, мөн бүү мөхөгтүн” (Мозая 4:30) гэснийг илүү утга учиртай болгож байна.

Тэр биднийг дурсан санадаг

Бид Есүсийг үргэлж дурсан санахаар хичээх үед Тэр биднийг үргэлж санадаг гэдгийг санах нь чухал. Тэр биднийг алгандаа сийлсэн (Исаиа 49:16-г үзнэ үү). Өрөвч сэтгэлээр дүүрэн Есүс Өөрийг нь өвтгөсөн бидний нүглийг маш амархан, дуртайяа мартдаг бол харин биднийг мартахгүй, мартаж чадахгүй гэдгийг бодоорой.

Үүнийг санах нь юутай чухал вэ!

Эх сурвалж

  1. How Great Thou Art” (Hymns, д. 86)

  2. The Teachings of Spencer W. Kimball, ed. Эдвард Л.Кимбалл (1982), 112.