2023
Их Эзэн дотор ах, эгч, дүүс
2023 оны 9-р сар


“Их Эзэн дотор ах, эгч, дүүс,” Лиахона, 2023 оны 9-р сар.

“Их Эзэн дотор ах, эгч, дүүс,” Лиахона, 2023 оны 9-р сар.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн” ба Тэр бас бидэнд нэг нэгнийг маань өгсөн.

Зураг
Христ Найны бэлэвсэн эмэгтэйн хүүг үхлээс босгож байгаа нь

Христ Найн хот дахь бэлэвсэн эмэгтэйн хүүг үхлээс босгов.

Аврагч Капернаумаас гарч Найн хэмээх хот руу явжээ. Тэрээр хотын хаалганы дэргэд оршуулгын цувааг харав. Ганц хүүгээ цаг бусаар алдаж зүдэрсэн бэлэвсэн эмэгтэй орь ганцаараа хоцорчээ.

“Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв.

Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд”

залуу босоод ярьж эхлэв. Ийнхүү Есүс “түүнийг эхэд нь эргүүлэн өгөв” (Лук 7:11–15; тодотгол нэмэгдсэн).

Бидний Аврагч тохинууллынхаа туршид ганц нэгд нь ч бай, 99-д нь ч бай1 өрөвч сэтгэл, итгэл, найдвар, энэрэл, хайр, өршөөл, нигүүлсэл, үйлчлэлийн төгс жишээг үзүүлсэн.2 Тэрээр бидний хүн нэг бүрийг “Ирээд, намайг дага” (Лук 18:22) мөн “бүр миний адил” (3 Нифай 27:27) бол хэмээн урьдаг.3

“Бүр миний адил буюу”

Бид Аврагчийнхаа төгс үлгэр жишээг дагаж, Түүнтэй адил болохын тулд Түүний гэрээний замаар Түүнтэй хамт алхах урилгыг нь хүлээн авдаг (Мосе 6:34-ийг үзнэ үү). Бид заримдаа гэрээний замыг баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж батлуулах; Мелкизедек санваарт томилогдох (ах нарт зориулсан); Их Эзэний өргөөнд хишиг хүртэх (бидний хүн нэг бүрд зориулсан); ариун сүмд лацдан холбуулах гэсэн аврал, өргөмжлөлийн илэрхийлэл болсон ёслолуудаар дамжуулан тодорхойлдог.

Аврал, өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай ёслол нь эрх бүхий санваарын эрх мэдэлтнүүд гүйцэтгэж, уг ёслолтой холбоотой гэрээг бидэнд заадаг ариун нандин үйл юм. Зарим талаар бид аврал, өргөмжлөлийн ёслолыг гэрээгээр дамжуулан Бурхантай болон Түүний ариун Хүүтэй үүсгэсэн харилцааг бидний амьдралд авчирдаг гадаад үйл гэж ойлгож болно.

Бидний хүн нэг бүр Түүний хайртай хүү, охины хувиар Түүнтэй өөрсдийн ариун гэрээнүүдийг байгуулдаг. Бид гэрээнүүдийг хувь хүний байр сууринаас, өөрийн нэрээр, нэг нэгээр нь байгуулдаг. Бурхантай байгуулсан энэхүү гэрээний холбоо нь бидний хүн нэг бүрд хүч, найдвар, амлалтыг өгдөг. Эдгээр гэрээ нь бидний мөн чанарыг өөрчилж; хүсэл, үйлүүдийг маань ариусгаж; Ариун Сүнсний таталтад автагдан, эгэл хүмүүнээ орхиход тусалдаг. Гэрээ байгуулсан бидний хүн нэг бүр Их Эзэн Христийн Цагаатгалаар “хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн” (Мозая 3:19) Бурханы хүүхэд болж чадна.

Гэрээгээр хамтдаа үйлчлэх

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн” (Иoхан 3:16) ба Тэр бас бидэнд нэг нэгнийг маань өгсөн. Гэрээнд харьяалагдах гэдэг нь Бурхантай болон бие биетэйгээ гэрээгээр холбогдохыг хэлнэ. Энэ нь нэг нэгнээ мөн эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, тэдэнд үйлчилснээр тэнгэртэй харилцан, гэгээнтнүүдийн хүрээллийг бий болгож, өргөжүүлэх замаар бурханлаг мөн чанар, зорилгоо биелүүлэхэд урьдаг. Гэрээнд нэгдэх, гэрээнд харьяалагдах боломжийг олгохдоо Бурхан нүүр тал хардаггүй. Тэрээр бидний хүн нэг бүрийг эрэгтэй, эмэгтэй, гэрлэсэн, гэрлээгүй, гарал үүсэл, амьдралын нөхцөл байдлаас үл хамааран гэрээгээр Түүнд болон нэг нэгэндээ ирэхэд урьдаг.

Их Эзэнд гэрээгээр харьяалагдах үедээ бид бас өөр хоорондоо гэрээгээр харьяалагддаг. Биднийг Их Эзэнийг хайрлаж, хамтран ажиллаж, хоорондоо зөвлөлдөж, бие биедээ үйлчлэх үед гайхалтай зүйлс тохиолддог. Гэрээний үйлчлэл нь Их Эзэнтэй болон бие биетэйгээ харилцах бидний харилцааг бэхжүүлдэг. Үүнд Тэнгэрлэг Эцэг, гэр бүл, Сүмийн цуглааныхан, хамт олон, үе удам, хойч үетэйгээ харилцах бидний хувийн харилцаа орно. Бид гэрээнүүдийнхээ дагуу амьдрахдаа амин хувиа хичээсэн өөрийгөө орхиж, Христэд төвлөрсөн хамгийн сайн өөрийгөө олж авдаг.

Бурханы аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурханы аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөөнд “Санваарын гэрээнүүдээс нь ирдэг Бурханы хүчний хишиг хүртсэн эмэгтэйчүүдэд санваар атгагч эрэгтэй хүмүүсийнхтэй адил тэнгэр нээлттэй байдаг”4 гэж тайлбарласан.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон “Бид хувийн зохистой байдлаараа дамжуулан санваарын хүчийг хүртэх эрхтэй”5 хэмээн онцолжээ. Мөн тэрээр ерөнхийлөгч Нэлсоны хэлснийг эш татан, “Гэрээгээ сахигчдад Бурханы өгдөг хүчийг хэрхэн ашиглахыг мэддэг эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй байна”6 гэсэн юм. Ерөнхийлөгч Жонсон итгэл, даруу байдал, хичээл зүтгэлийг эрэлхийлж, үүний дагуу амьдардаг гэрээ сахигчид удирдамж, сүнслэг нөлөө, Сүнсний бэлэг, илчлэлтийг мөн “Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү адилхан болох тусламж, хүчийг” хүлээн авч чадна7 гэж заажээ. Бидний хүн нэг бүр Их Эзэнтэй болон бие биетэйгээ харилцах харилцаандаа өөрсдийн өвөрмөц бэлгийг санал болгосноор, бид “нэг бие” (1 Коринт 12:13)-ийг бүтээдэг.

Бурханы төлөвлөгөөнд эцэг эх бол хамтрагчид мөн туслагчид юм. Бид бие биеэ болон гэр бүлээ тэжээн тэтгэж, хангах үүрэгтэй ижил тэгш хамтрагчдын хувьд хайр, зөвт байдлаар нэг нэгэндээ харилцан тусалдаг. Бодол санаа, зан үйлийн хувьд цэвэр ариун байх нь эрэгтэй, эмэгтэйчүүдэд хэрэгтэй илчлэлт, сүнслэг нөлөөллийг хүлээн авах урьдчилсан нөхцөл болдог. Эцгүүд болон нөхрүүд гэр орноо эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэргүүлэх ёстой бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүх харилцаанд хэрэгтэй зөвт чанарууд юм.8

Аливаа харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүчирхийлэл үйлдэж, ноёрхлоо тогтоож, албадлага хэрэглэж байвал Бурхан гунигладаг. Сэнхрүүлэл, тэсвэр тэвчээр, нинжин сэтгэл, цэвэр мэдлэг нь гэрлэсэн, гэрлээгүй, бэлэвсэн эсвэл салсан эсэхээс үл хамааран бидний эрэлхийлдэг Христийнхтэй адил чанарууд юм (Сургаал ба Гэрээ 121:41–42-ыг үзнэ үү). Учир нь Их Эзэний өмнө болон Түүний Сүмд эзлэх бидний байр суурь хувийн зан чанараар маань төдийгүй гэрээг сахих зөвт байдлаар маань тодорхойлогддог.

Зураг
Эрэгтэй, эмэгтэйчүүд зөвлөлийн хуралд оролцохоор цугласан байгаа нь

Зөвлөлөөрөө зөвлөлдөж байгаа нь

Бид Их Эзэний Сүмд хамтдаа үйлчилж байхдаа зөвлөлөөрөө үүнтэй яг ижил сүнсээр зөвлөлддөг. Манай зөвлөлүүдэд удирдагчид бүх хүний ойлголт, санааг сонсохыг эрэлхийлдэг. Миний хувьд Сүмийн гүйцэтгэх зөвлөлд хамт мөр зэрэгцэн ажиллах завшаан тохиосон ер бусын эмэгтэй, эрэгтэй хүн бүрд талархаж явдаг. Хүндлэл хүлээсэн тэдгээр ах, эгч номлолын үйлчлэлээр дамжуулан Израилыг цуглуулахад тусалж; санваарын болон гэр бүлийн үйлчлэлээр дамжуулан биднийг Бурхантай уулзахад бэлтгэж; ариун сүм, гэр бүлийн түүхийн үйлчлэлээр дамжуулан гэр бүлүүдийг үүрд мөнхөд нэгтгэж; халамж, бие даах чадвар хөгжүүлэх үйлчлэлээр дамжуулан тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулдаг.

Түүний ажлыг хийж буй ах, эгч нар бид нэг нэгнийхээ хувь нэмрийг үнэлж, хамтран ажилласнаар ямар ч тохиолдолд Их Эзэнд үйлчлэх үедээ илүү сайн шийдвэрт болон илүү агуу амжилтад хүрдэг.

Үүнтэй адилаар манай гадас, тойрог дахь эмэгтэй, эрэгтэй удирдагчид, гишүүд аврал, өргөмжлөлийн ажилд нэгдэж байгаад би талархаж байна. Сүм даяар номлолын удирдагчдын удирдлаган доор номлогчдыг маань удирддаг сургагч ахлагч болон эгч нараас бүрддэг номлолын удирдлагын зөвлөлүүд ажилладаг ба тэдний ажил, үүрэг хариуцлага үнэ цэнтэй бөгөөд чухал юм. АНУ-ын армид Сүмээс итгэмжилсэн хожмын үеийн гэгээнтэн санваартнууд болон эрэгтэй, эмэгтэй офицерууд армийн янз бүрийн салбаруудад үйлчилж буй хүмүүсийг адисалдаг.9 Манай залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн тохинуулах боломж, хэрэгцээ гардаг. Бид бүгдээрээ үйлчлэлд хамт зогсдог.

Бидний хувьд Бурханы гэрч болж зогсох нэг арга зам бол сэргээгдсэн сайн мэдээний ёслолуудын гэрчээр үйлчлэх явдал юм. Ах, эгч нар амьд болон нас барсан хүмүүсийн аль алиных нь баптисмын гэрч болдог. Ах, эгч нар Их Эзэний өргөөнд бусад олон ёслолын гэрч болж зогсдог. Тэнд ариун сүмийн ерөнхийлөгчийн түлхүүрүүдийн доор, эгч нар эгч нарын төлөө, ах нар ах нарын төлөө ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг.

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Бурханы аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөөнд санваарын хүч бид бүгдийг адисалдаг. Санваарын түлхүүрүүд эмэгтэй, эрэгтэйчүүдийг адил удирдан чиглүүлдэг ба санваарын ёслолууд болон санваарын эрх мэдэл нь эрэгтэйчүүдэд хамаатайн адил эмэгтэйчүүдэд ч мөн хамаатай. … Аливаа хүн албыг юм уу дуудлагыг санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс хүлээн авснаар томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг”10 хэмээн хэлсэн.

Уруудсан дэлхийгээс өндий

Бүр Есүс Христ Эцэгтэй нэг байдгийн адил (Иохан 17:21) бид “нэг байх” гэж хичээх үедээ “Эзэн Есүс Христийг … өмсөх” (Ром 13:14) ёстой.

Бид илүү бүрэн дүүрэн хайрладаг, илүү амархан уучилдаг, шүүхдээ удаан, илүү хүсэлтэйгээр үйлчилж, золиос гаргадаг, илүү гүн гүнзгий энэрч хайрлахыг илүү олонтоо үлгэрлэдэг Есүс Христийн чанаруудыг сурч, эзэмшсэнээр ач ивээлээс ач ивээлд ариусгагдах болно.

Бүгдээрээ хувь хүнийхээ хувьд төдийгүй Их Эзэн доторх ах, эгч, дүүсийнхээ хувьд Христийн сургаал, үлгэр жишээнд итгэж, үнэнд баясаж, Түүний даруу дагалдагчид (2 Нифай 28:14-ийг үзнэ үү) болцгооё.11

Эх сурвалж

  1. Замын хажууд суусан хоёр сохрыг (Матай 20:30–34-ийг үзнэ үү), итгэлээр дүүрэн уяман өвчтэй хүнийг (Марк 1:40–41-ийг үзнэ үү), чөтгөр шүглэсэн эрийг (Марк 5:2–19-ийг үзнэ үү) Есүс өрөвдөн, эдгээсэн. Мөн Есүс “үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн;” талх, загасаар хооллосныхоо дараа явуулсан (Матай 14:14, 23-ыг үзнэ үү). Аврагчийн маань гүн гүнзгий өрөвч сэтгэл өршөөнгүй хаан, сайн самари хүн, алдагдсан хүү зэргийн тухай сургаалт зүйрлэлүүдээс тодорхой харагддаг (Матай 18:27, 33; Лук 10:33; 15:20-ийг үзнэ үү).

  2. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2019)-д бидний Аврагчийн жишээ болгон үзүүлсэн эдгээр болон бусад тэнгэрлэг чанарыг “Христийнхтэй адил зан чанарууд” (6-р бүлгийг үзнэ үү) гэж нэрлэжээ.

  3. “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27).

  4. Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82.

  5. President Camille N. Johnson: What Must Women and Men Do to Have Access to Priesthood Power?,” Church News, Oct. 30, 2022, thechurchnews.com.

  6. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97.

  7. President Camille N. Johnson: What Must Women and Men Do to Have Access to Priesthood Power?”, thechurchnews.com.

  8. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзнэ үү.

  9. Энэ нь одоогоор АНУ-ын армийн янз бүрийн салбаруудад хэрэгжиж байгаа нь үнэн юм.

  10. Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 68–71-ийг үзнэ үү.

  11. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 96.