2023
Сэтгэл шархалсны дараа: Сэтгэлийн тэнхээтэй болж, эдгэрэлтийг хүлээн авах нь
2023 оны 9-р сар


“Сэтгэл шархалсны дараа: Сэтгэлийн тэнхээтэй болж, эдгэрэлтийг хүлээн авах нь,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Сэтгэл шархалсны дараа: Сэтгэлийн тэнхээтэй болж, эдгэрэлтийг хүлээн авах нь

Бид Аврагчийн тусламжийг эрэлхийлж, сэтгэлийн тэнхээтэй болох үед эдгэрэлт тохиодог.

Зураг
Модны хар цагаан зураг дээр давхарлан зурсан ногоон дугуй дүрс

Ихэнх хүн амьдралдаа дор хаяж нэг удаа сэтгэл шархлуулсан үйл явдалтай тулгардаг. Үүнийг бид хувийн амьдралдаа төдийгүй ажил мэргэжлийн хүрээнд ч харсан байдаг. Сэтгэлийн шархыг юу үүсгэдэг вэ? Автомашины осол, ажлаа алдах, дайн, бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, ноцтой дээрэлхэлт, хайртай хүнээ алдах зэрэг хүнд туршлагууд үүнд орно.

Сэтгэлийн шарх нь шаналгаж, заримдаа арилахгүй юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч өвдөлт намддаг гэдгийг мөн өөрийн Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёрт найдвал амар амгаланг дахин олж чадна гэдгийг мэдэх нь чухал юм.

Тэнгэрлэг Эцэг бидэнд хүнд хэцүү зүйлс тохиолдохыг зөвшөөрдөг. Хэдийгээр Тэр эдгээр тохиолдлыг урьдаас төлөвлөөгүй, бүтээгээгүй эсвэл батлаагүй ч, хэрэв бид Түүнд итгэвэл Тэр “ … [бидний] сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах[ад]” тусалж чадна (Сургаал ба Гэрээ 90:24; мөн 2 Нифай 32:9-ийг үзнэ үү).

Бид Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр руу тусламж хүсэн хандах нь эдгэрэлтийн үйл явцад амин чухал гэдгийг олж мэдсэн. Тэдний өгдөг амар амгалан бидний зүрх сэтгэл, сүнсийг эдгээдэг. Тэдний хайр, нигүүлслээр та эдгээх хүчийг олж чадна гэдгийг бид мэднэ. Мөн өөрийн хүч чадалд тулгуурлан эдгэрэлт рүү хөрвөх боломжийг танд олгох зарим арга барилыг бид олсон.

Хүн бүр сэтгэл шархлуулсан үйл явдлыг өөр өөрөөр мэдэрдэг. Үнэн хэрэгтээ, зарим хүн ямар нэгэн үйл явдлыг цочирдон хүлээж авч байхад, зарим нь зөвхөн таагүй мэдрэмж авдаг. Ийм учраас өөрт тохиолдсон явдлыг бусдынхтай харьцуулах эсвэл жишиг туршлага болгон ашиглаж болохгүйг санаарай.

Үйл явдалд өөр өөр хариу үйлдэл үзүүлэх

Сэм, Лүси хоёрыг хамтдаа аялалд явж байх үед тэдний сууж явсан машины жолооч зүүрмэглэснээс болж машин нь замаасаа гаран, хэд хэдэн удаа өнхөрсөн байна. Сэм хүнд бэртээгүй ба эхэндээ энэ үйл явдлыг тийм ч ноцтой гэж үзсэнгүй. Тэр Лүсийг хугарсан гараа гипсдүүлэх үед хажууд нь байж, тайвшруулж байв.

Хэдэн долоо хоногийн дараа Сэмд дахин аялах боломж гарахад, зам дээр олон цагийг өнгөрүүлнэ гэж бодох төдийд дотор нь харанхуйлав.

Сэм ослоос болоод сэтгэл санааны ноцтой хямралд орсон байв. Тэр энэ талаар хэн нэгэнтэй ярихдаа эргэлзэж байлаа. Гэвч тэр Лүситэй ярилцах үедээ түүнийг бүр өмнө нь автомашины осолд орж байсныг төдийгүй өөрт нь ямархуу байгааг ойлгож байгааг нь мэджээ. Тэд Лүсиг өмнөх туршлагаасаа юу сурч мэдсэнийг, тухайлбал Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэн, удирдамж гуйн залбирч, хэцүү үедээ зөвлөгөө авснаар хэрхэн үр шимийг нь хүртсэн тухай ярилцав.

Зураг
Модны хар, цагаан зураг дээр давхарлан зурсан ногоон дугуй дүрс

Есүс Христээр дамжин ирдэг найдвар ба эдгэрэлт

Бидний сэтгэл яаж ч гэмтсэн бай, Аврагч Есүс Христийн ачаар эдгэрэх боломжтой. Аврагчийн хязгааргүй Цагаатгал, өрөвч нинжин сэтгэл, энэрэл нигүүлслийн ачаар энэ мөнх бус оршихуйд тохиолдсон бүх шарх Түүгээр дамжин энэ эсвэл ирэх амьдралд эдгээгдэх боломжтой. Заримдаа Аврагчийн бурханлаг дэмжлэг байсан ч гэсэн эдгэрэлт бидний бодсоноос эсвэл хүссэнээс илүү удаан хугацаа шаардах нь бий. Гэвч Тэр биднийг эдгээх чадвартай (3 Нифай 17:7-г үзнэ үү).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: “Бурханы гэрэл бол бодит. Энэ нь бүх хүнд боломжтой! Энэ нь бүх зүйлд амьдрал өгдөг. Үүнд хамгийн гүн шархыг ч илааршуулах хүч буй”1 гэж заасан.

Бидний шаналлыг Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёроос илүү мэдэх хүн гэж үгүй. Их Эзэн “бүхэнд мөн бүх зүйлээр, үнэний гэрэл байж болохын тулд Тэнгэрт дээш гарсан тэрээр мөн түүнээс гадна бүх зүйлийн доор бууж ирснээр тэрбээр бүх зүйлийг ухамсарласан билээ” (Сургаал ба Гэрээ 88:6). Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 1-р зөвлөх Эйми А.Врайт эгч ийн заасан.

“Бид бүхний амьдралд засах, засварлах эсвэл эдгээх шаардлагатай гэмтсэн ямар нэгэн зүйл байгаа. Биднийг Аврагчид хандах үед төдийгүй зүрх сэтгэл, оюунаа Түүнтэй нийцүүлэх үед мөн наманчлах үед Тэрээр “жигүүртээ анагаах чадлыг эзэмдэн” [2 Нифай 25:13], бидний байгаа тэрхүү орон зайд ирж, хайрлах сэтгэлээр тэвэрч аваад, “Зүгээр ээ. Бид хамтдаа үүнийг засаж чадна!” хэмээн хэлдэг.

Та нарын амьдрал дахь гэмтсэн юу ч бай Есүс Христийн эдгээх, гэтэлгэх, боломж олгох хүчнээс гадуур өнгөрөхгүй гэдгийг би гэрчилж байна.”2

Эдгэрэлтийн жишээ болон эдгээх арга замуудыг судруудаас; гэр бүл, найз нөхөд, өвөг дээдсийнхээ амьдралаас олж болно. Таны өвөг дээдэс ямар арга замаар даван туулсан бэ?3

Бидний мөнхийн мөн чанар

Хулио 13 настайдаа авга ахынхаа бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр гэр бүлийнхнээсээ хөндийрч, өөрийгөө тусгаарлаж эхэлсэн байна. Заримдаа тэр юу ч болоогүй юм шиг байдаг ч хааяа сэтгэл хөдлөлдөө автдаг байв. Тэр амьдралаа үргэлж сайн зохицуулж чаддаг байсан ба хүүгээ төрөх үед мэдэрсэн шиг маш их аз жаргалыг ч мэдэрдэг байлаа. Гэхдээ бас түүний сэтгэл зовуурилдаг. Хүү нь одоо Хулиогийн хүчирхийлэлд өртөж байсан үеийн настай ойролцоо очиж яваа бөгөөд хүүдээ учирч болзошгүй зүйлсийг эргэцүүлэн бодохдоо өөрийн үнэ цэн, мөнхийн мөн чанарын тухай бодол, мэдрэмжтэйгээ тэмцэлдэж байгаа юм.

Сэтгэлийн шарх нь бидний мөнх бус амьдралын нэг хэсэг боловч бидний мөнхийн мөн чанар биш. Бидний мөнхийн мөн чанар бол бид Бурханы хүүхэд гэдэгт оршино. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон:

Та хэн бэ?

Юуны түрүүнд та бол Бурханы хүүхэд.

Хоёрдугаарт, Сүмийн гишүүний хувьд та бол гэрээний хүүхэд. Гуравдугаарт, та бол Есүс Христийн шавь юм” гэж хэлсэн.4

Нэмж дурдахад, сэтгэлийн шарх нь хэзээ ч бидний үнэ цэн, зохистой байдлын тусгал биш юм. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жой Д.Жөүнс эгч дараах хоёр ойлголтыг тодруулж,

“Сүнслэг үнэ цэн гэдэг нь өөрөө өөрсдийгөө … Тэнгэрлэг Эцэгийн адил үнэлэхийг хэлнэ.

…Бид дуулгавартай байснаар зохистой болдог. Хэрэв бид гэм нүгэл үйлдсэн бол зохисгүй болж болох ч үнэ цэнээ хэзээ ч алдахгүй”5 гэж заажээ.

Авга ахынх нь үйлдсэн хүчирхийлэл Хулиогийн үнэ цэн, зохистой байдлыг өөрчлөөгүй юм. Тэр хэзээ ч нүгэл үйлдээгүй, харин нүглийн хохирогч болсон. Заримдаа хүчирхийлэлд өртсөн үед өөрийнхөө үнэ цэн, зохистой байдлыг санахад хэцүү байдаг. Та нүгэл үйлдээгүй, таны үнэ цэн огтхон ч буураагүй бөгөөд та гэрээний зам дээр үргэлжлүүлэн явах зохистой гэдгээ санаарай.

Хулиог Их Эзэнд итгэж эхлэхэд, Тэрээр түүнд мөнх бус амьдралын туршлага нь Тэнгэр дэх Эцэгийн биднийг хайрладаг хайрыг өөрчилдөггүй гэдгийг ойлгоход тусалжээ. Тэр одоо аймшигт зүйл тохиолдсон ч тэдгээр нь хэрхэн түүний анхдагч үнэ цэн, мөнхийн мөн чанар, зохистой байдлыг өөрчлөөгүй гэдгийг олж харж сурч байна.

Сэтгэл санааны бие даасан байдал

Сэтгэл санааны бие даасан байдлыг хөгжүүлэх нь сорилт бэрхшээл, хүнд хэцүү сэтгэл хөдлөлийг хувийн эрүүл нөөц боломжоо ашиглан даван туулахад тусална. Та сэтгэлийн тэнхээтэй байх, сорилтод дасан зохицох, түүний дотор сэтгэлийн шархаа удирдах чадварыг хөгжүүлж чадна.

Сэтгэлийн тэнхээтэй байх гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос дэмжлэг, удирдамж хайх; бусдад үйлчлэх; хэрэгцээтэй, тохиромжтой үед бусдаар үйлчлүүлэх явдал юм.

Мэргэшсэн зөвлөхүүдийн зөвлөсөн дараах үйлдлүүд нь сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг хөгжүүлэхэд тусална.

  1. Бусадтай харилцаа холбоо тогтоох

  2. Биеийн эрүүл мэндээ сайжруулах

  3. Амьдралаас зорилгоо олох

  4. Эрүүл бодлыг төлөвшүүлэх

  5. Хэрэгтэй үедээ тусламж эрэлхийлэх6

Зураг
Хоёр эмэгтэйн хар цагаан зураг дээр давхарлан зурсан ногоон дүрс

1. Бусадтай харилцаа холбоо тогтоох

Эрүүл харилцаа холбоо нь ихэвчлэн эдгэрэлтийг дэмждэг. Таныг хүчирхэгжүүлж, Аврагч болон Тэнгэрлэг Эцэгт хандахыг урамшуулдаг хүмүүстэй холбогдох нь танд илүү бүрэн эдгэрэхэд хэрэгтэй өөрчлөлтийг бий болгож чадна.

Сэм Лүсид хандаж; айдас, таагүй байдлаа хуваалцав. Энэ харилцаа нь түүнд илүү их ухамсартай, сэтгэлийн тэнхээтэй болоход тусалжээ. Тэр түүнд сэтгэл санааны болон сүнслэг байдлын хувьд эдгэрэх арга замуудыг олж харахад тусалсан.

Итгэдэг бусад хүнтэйгээ илүү бат бөх харилцаа холбоо тогтоох зорилго тавих талаар бодож үзээрэй. Тохинуулал бол Сүмийн бусад гишүүнтэй харилцах нэг арга зам юм.

2. Бие махбодын эрүүл мэнддээ анхаарах

Сэтгэл зүйн гэмтэл нь зөвхөн сэтгэл санаанд ч биш, бие махбодод ч мэдрэгддэг. Бид илүү их ядарч сульдах, зүрх дэлсэх, толгой өвдөх эсвэл гэдэс өвдөх, мушгирах зэрэг асуудлуудыг мэдэрч болно. Эдгээр бие махбодын шинж тэмдэг нь ямар нэг зүйл буруу байгааг, эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг бидэнд мэдээлдэг. Бид сэтгэл санааны эрүүл мэндээ илүү сайн анхаарахын тулд ямар нэг зүйлийг хийдэг шигээ сэтгэл шархалсны дараа бие махбодоо анхаарах арга замыг тунгааж үзэх хэрэгтэй.

Юуны өмнө танд тулгарч буй бие махбодын шинж тэмдгүүдийг таньж мэд. Дараа нь амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, урт амьсгаа авч, биеэ тайвшруулахыг хичээ. Өөрийнхөө тоолж болохуйц удаан амьсгалж байгаа үеийн мэдрэмжийг хурдан хурдан, тасалдсан байдалтай амьсгалж байсан үеийн мэдрэмжтэйгээ харьцуулан анзаарахыг хичээ.

Заримдаа сэтгэл зүйн гэмтэл нь биднийг хязгаарлаж болзошгүй гэмтлийг учруулж болох тул өөрийн биед тохирсон зүйлийг хий. Гэхдээ хөдөлгөөн, ялангуяа биеийн тамирын дасгал хийх нь тустай байдаг. Зарим хүн алхах, гүйх дуртай байдаг бол заримд нь ямар нэг төсөл дээр шаргуу ажиллах нь илүү тустай байж болно.

Мэргэн ухааны үгийг сана (Сургаал ба Гэрээ 89-ийг үзнэ үү). Өвдөлтийг тусгүй зан үйл эсвэл бодисоор дарах гэж оролдох нь зүгээр л “гүн шарханд боолт хийх”7-тэй адил. Стресс, өвдөлтийг дарахын оронд зохицуулж сурахад бие махбоддоо тусал.

3. Зорилго, утга учрыг олох

Бидний амьдралын гол зорилго бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрахад бэлтгэх явдал юм (Алма 12:24-ийг үзнэ үү). Сэтгэлийн шарх нь энэ зорилгыг бүдгэрүүлж, хэн гэдгээ харахад саад болдог. Өдөр тутмын үйлдлээсээ тодорхой зорилгыг олох нь биднийг урагшлахад, тэр байтугай амьдралынхаа гол зорилгоо санахад тусалдаг. Хулио хүүдээ туслахыг хүсэж байгаагаа ухаарсан үедээ урагшилж, өдөр тутмын үйлдлээсээ зорилгоо олж эхэлсэн.

Сэтгэлийн шархнаас утга учрыг олох нь өмнөх замаа харж, бидний туршлага бидэнд өсөж хөгжих, Христтэй илүү адилхан болох боломжийг олгодог гэдгийг ухаарахад тусална. Жишээлбэл: Бид өөрсдөө хүнд хэцүү явдлуудыг даван туулсан бол бусдын зовлон зүдгүүрт энэрэнгүй хандахад илүү хялбар санагдана.

Сэтгэл шархалсны дараа хүмүүс ихэвчлэн “гэмтлийн дараах өсөлт” гэж нэрлэгддэг зүйлийг мэдэрдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Гэмтлийн дараах өсөлт нь сэтгэл шархлам үйл явдлын дараа тухайн хүн илүү хүчирхэг болсноор, тухайлбал харилцаа нь сайжрах, амьдралд эсвэл амьдралын тодорхой чанаруудад илүү их талархах, эсвэл амьдралын боломжуудын талаарх илүү их мэдлэгтэй болох гэх мэтээр илэрдэг. Сэтгэл шархлуулсан үйл явдалтай тулгарсны дараа тухайн үйл явдалд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд, туршлагынхаа улмаас өсөж хөгжсөн эсвэл өсөж хөгжиж болох арга замуудыг таньж мэд.

4. Эрүүл бодлыг төлөвшүүлэх

Сэтгэл шархлуулсан туршлага нь өөрсдийн болон эргэн тойрны ертөнцийн талаарх үзэл бодолд маань нөлөөлж болно. Сэтгэл шархалсны дараа бидний бодол сөрөг болж ч магадгүй. “Би сул дорой,” “Тэнгэрлэг Эцэг намайг хайрладаггүй,” “Би зохисгүй” гэх мэт бодлууд бидний сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг бууруулдаг. Эдгээр бодол нь ихэвчлэн бидний мэдрэмжид нөлөөлдөг (Сургаалт үгс 23:7; Сургаал ба Гэрээ 6:36-г үзнэ үү).

Сөрөг бодлуудаа тодорхойлсны дараа эрүүл, бодитой бодлуудаар сольж бодон, тэдгээрийг бич. Та оюун санааныхаа сөрөг бодлуудыг илрүүлэх үедээ эдгээр эрүүл бодлыг өөртөө сануул.

Үүнийг хэрхэн хийх талаар илүү ихийг мэдэхийн тулд Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2021) номын 2-р бүлгийг уншина уу.

Та мөн залбирах, тэмдэглэл хөтлөх, судруудыг эргэцүүлэн бодох эсвэл ерөнхий чуулганы үгийг унших (Иошуа 1:8-ыг үзнэ үү) эсвэл тунгаан бодох бусад дасгалыг хийж болно.

5. Дэмжлэг хүсэх

Заримдаа өөрийн боломж бололцооноос давсан тусламжийг бусдаас авах нь зүйтэй. Лүси тусламж эрэлхийлж байсан учраас тэр нь Сэмд туслах боломжийг олгосон юм. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд, тойргийн удирдагч гэх мэт тус дэм үзүүлж болох хүмүүсийг бод. Сэтгэлийн шархнаасаа эдгэрэх нь өөрийн амьдрал дахь бүх боломжит нөөцийг ашиглах шаардлагатай үеүдийн нэг юм.

Ерөнхий гарын авлагад мэргэжлийн зөвлөхүүдээс хэзээ дэмжлэг авбал тохиромжтой талаар зааварласан байдаг.8

Сэтгэлшархлуулсан үйл явдалд анхаарахгүй байх хэцүү ч Аврагчид болон Түүний сайн мэдээнд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх бошиглогчийн зөвлөгөөг дагаснаар “эргэлзээ, айдас маань арилдаг.”9 Та хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүү, охин гэдгээ санаарай. Түүнд ойртоход анхаарлаа төвлөрүүлж, өөрт тустай боломжтой эх сурвалжуудыг ашиглах үед тань Их Эзэн аливаа зовлон зүдгүүрийг таны сайн сайхны төлөө болгон өөрчилж чадна.

Эх сурвалж

  1. Дийтр Ф.Угдорф, “Бурханы гэрлийн найдвар,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84–87.

  2. Эйми А.Врайт, “Христ гэмтсэнийг эдгээдэг,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84.

  3. Чакэлл Вордли Хэрбэрт, “Recognizing and Healing from Generational Trauma” (зөвхөн цахим хувилбараар), Liahona, 2023 оны 1-р сар, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  4. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  5. Жой Д.Жөүнс, “Хэмжээлшгүй үнэ цэн,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141.

  6. “Building Your Resilience”, Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг, 2020 оны 2-р сарын 1, apa.org-ийг үзнэ үү.

  7. “Building Your Resilience”, apa.org.

  8. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 31.3.6, ChurchofJesusChrist.org; мөн Жастин К.Макфэтэрс, Рэбэкка М.Тэйлор, “Is Therapy Right for Me?” (зөвхөн цахим хувилбараар), Ensign, 2020 оны 2-р сар, ChurchofJesusChrist.org; Кэвин Тэриот, “Finding a Mental Health Professional Who’s Right for You” (зөвхөн цахим хувилбараар), Liahona, 2019 оны 1-р сар, ChurchofJesusChrist.org-ийг тус тус үзнэ үү.

  9. Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь”, 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25.