2023
“Түүнийг сонс”-догтоо талархдаг
2023 оны 9-р сар


“‘Түүнийг сонс’-догтоо талархдаг,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Түүнийг сонс”-догтоо талархдаг

Надад Сүм дээрх яриаг сонсоход хүндрэлтэй байсан ч Шинэ Гэрээний энэ түүх нөхцөл байдлаа өөрөөр харахад минь тусалсан.

Зураг
Индэр дээр зогсож буй эрэгтэй

Би амьдралынхаа дийлэнх хугацаанд сонсголын хүнд бэрхшээлтэй байсан ба Сүмийн ихэнх цуглааны үеэр индэр дээрээс хэлсэн зүйлийн ердөө 20 орчим хувийг л ойлгодог байв. Үг хэлэгчийн хошигнолыг сонсоогүйнхээ улмаас инээлгүй хоцрох мэтийн тохиолдлуудад сонсголын бэрхшээл маань надад ганцаардал, тусгаарлагдсан мэдрэмжийг төрүүлдэг байлаа. Гэхдээ би ганцаараа биш байсан. Тойргийн ахмад гишүүд ч бас сонсоход хүндрэлтэй байдгаа надад аминчлан хэлж байсан юм.

Ариун ёслолын цуглаан дээр үг хэлсэн намуухан дуутай хүний яриаг ойлгох гэж зүдэрснийхээ дараа эсвэл хүн бүр сонсож чадах учраас микрофон шаардлагагүй гэж Ням гаргийн ангийн багшийг хэлэхэд би өөрийгөө ийм бага сонсдог хэр нь яагаад Сүмд явдаг юм бол оо гэж боддог байлаа. Надад гэртээ Ирээд, Намайг дага-ын хичээлүүдийг уншиж, судраас судлан цаг заваа өнгөрүүлэх нь арай дээр биш гэж үү?

Гэсэн ч би дуулгавартай байхыг хүссэн ба баптисмын гэрээгээ шинэчилж, ариун ёслолоос хүртэн, Аврагчийг дурсан санахын тулд гэр бүлийнхэнтэйгээ үргэлжлүүлэн Сүмд явсан. Сүнсийг мэдрэх нь үргэлж адислал байсан бөгөөд сонссон зүйл маань намайг сэнхрүүлж буйг би дандаа мэдэрдэг байлаа.

Зураг
Есүс ба цус алддаг өвчтэй эмэгтэй

Нэгэн ням гарагт ариун ёслолын цуглаан дээр үг хэлсэн дээд зөвлөлийн гишүүнийг сонсоход хялбар, цангинасан, тод дуу хоолойтой хүн байв. Тэрээр 12 жилийн турш цус алдах өвчнөөр зовж шаналсан эмэгтэй Есүсийг хажуугаар явж өнгөрөхөд гараа сунгаж, дээлийнх нь хормойд хүрвэл эдгэрнэ гэдэгт итгэлтэй байсан тухай Шинэ Гэрээний түүхийг (Лук 8:43–48-ыг үзнэ үү) ярив.

Дараа нь тэр надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн ойлголтыг хуваалцсан ба уг эмэгтэйн нөхцөл байдлын улмаас түүнийг бузарт тооцож, сүмд явахыг нь зөвшөөрдөггүй байсан тухай тайлбарлав. Бүр 12 жилийн турш шүү!

Үүнийг сонсоод би мэл гайхав. Уг эмэгтэй өвчтэй байсан ч тийм хүнд байгаагүй тул хааяа ч болов сүмд очихыг боддог байсан байх. Гэвч тухайн үеийн нийгмийн ёс суртахууны улмаас түүнийг оролцохыг зөвшөөрдөггүй байжээ. Итгэгч хүний хувьд ямар аймшигтай сорилт вэ!

Өөрөөс нь шалтгаалаагүй зүйлээс буюу биеийнхээ нөхцөл байдлаас болоод итгэл нэгтнүүдийнхээ хамт Бурханыг шүтэн бишрэх нь хориглогдсон уг эмэгтэйн шаналлыг тунгаан бодох зуур Сүнс нүдийг минь нээж, түүний нөхцөл байдлыг өөрийнхтэйгөө харьцуулж үзэв. Хэдийгээр би бүрэн дүүрэн оролцож чаддаггүй ч ядаж сүмд очиж, чадах бүхнээ сонсох эрх дархтай гэдгээ ойлгосон. Энэ эмэгтэйд ийм сонголт байгаагүй. Би гэртээ үлдэх талаар цухас бодож байсан үеүдээсээ ичив.

Тэр даруй Бурхан миний зүрх сэтгэлд ярьж, намайг буруутай гэж мэдрээсэй гэж хүсэхгүй байгаагаа ойлгуулав. Тэр намайг Сүмд явах эрх дархтайдаа, Христийн итгэлтэй шавь нартай харилцсанаараа хүчирхэгжих боломжтой байгаадаа талархдаг байгаасай гэж хүссэн. Хэдийгээр би бүх зүйлийг сонсож чаддаггүй ч зарим зүйлийг ойлгодог ба тэр бүхэн миний амьдралыг адисалсан юм. Сонсож чадаагүй зүйлсээ ойлгоход минь Сүнс надад тусалсан онцгой мөчүүд ч бас бий.

Би Бурханыг бишрэн шүтэж, Түүний өргөөнд орохоос ирдэг адислалуудыг хүртэх эрх чөлөөнд талархаж байгаагаа мэдэрсэн. Сүмийн цуглаануудад оролцож, ариун ёслолоос хүртэн, чадах зүйлээ сурч мэдэх нь огт оролцохгүй байхаас хамаагүй дээр гэдгийг Сүнс надад гэрчилсэн билээ.

Тэр өдөр миний хандлага өөрчлөгдсөн юм. Бэрхшээлээсээ болж сэтгэлээр унахын оронд, зүрх сэтгэл маань амар амгалангаар дүүрч, би Сүмд явснаас ирдэг адислалуудад анхаарлаа хандуулахаар шийдсэн. Би сонсож чадаагүйдээ сэтгэлээр унахын оронд, сонсож чадсан зүйлдээ талархалтай байхыг чин сэтгэлээсээ хичээе гэж шийдсэн.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: “Гай зовлонгийн үед талархалтай байна гэдэг нь бид нөхцөл байдалдаа баяртай байна гэсэн үг биш. Энэ нь бид итгэлийн нүдээр өнөөдрийн бэрхшээлийн цаадхыг олж харна гэсэн утгатай1 гэж заажээ. Есүсийн дээлийн хормойд хүрэхээр гараа сунгасан эмэгтэй надад бэрхшээлийнхээ цаадхыг олж харахын тулд Их Эзэнд хангалттай итгэх, Бурхан бие махбодын хязгаартай байдлаа даван гарахаар намайг адисална гэдгийг мэдэх хангалттай найдвар тээх гайхалтай сануулга болсон юм.

Амьдрал бидний сүнслэг байдал, сэтгэл санаа, бие махбодод дарамт учруулдаг олон төрлийн сорилтоор дүүрэн байдаг ч бид гай зовлон тохиолдоход ч адислалууддаа талархдаг байх урамшууллыг хүлээн авдаг. Их Эзэн:

“Найз нар минь, бүү эмээгтүн, зүрх сэтгэл чинь тайтгаруулагдаг; тийм ээ, үргэлж баясагтун, мөн юм бүхэнд талархал илэрхийлж бай. …

… Мөн та нарын зовж зүдэрсэн бүх зүйл мөн миний нэрний алдар суутай нийлээд та нарын сайн сайхны төлөө ажиллах болно хэмээн Их Эзэн хэлж байна” (Сургаал ба Гэрээ 98:1, 3) гэж хэлсэн.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Эх сурвалж

  1. Дийтр Ф.Угдорф, “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь”, 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90.